Этгээд Үг Хэллэг Нийгэм Хэл Шинжлэлийн Судлагдахуун Болох Нь


О.Самбуудорж

Түлхүүр үгс: Нийгэм хэл шинжлэл, сленг, жаргон, арго, этгээд үг хэллэг

Нийгэм хэл шинжлэл “хэл болон нийгмийн харилцаа холбоог” голлон судалдаг. Иймээс өгүүлэгч, сонсогч хоёрын нийгмийн байр суурь (нас, хүйс, нийгмийн анги, давхарга, угсаатны бүлэг, хөршийн харилцаа гэх мэт), өгүүлэгч, сонсогч хоёрын харилцаа (сайн найз, ажил олгогч болон ажилтан, багш болон оюутан, эмээ өвөө болон ач зээ гэх мэт), харилцахуйн хүрээ хийгээд зан авир (гэр зуур, дэлгүүр, телевизийн студ, сүм, чанга сул ярих, утсаар ярих гэх мэт) зэрэг тодорхой нөхцөлд хэлний бүтэц, үүрэг хоёрын ойлголцлыг шийдвэрлэх асуудал юм. [9]

Нийгэм хэл шижлэлийн судалгааны гол арга бол өдөр тутам тодорхой нөхцөл, орчинд бичлэг бичих, ажиглалт хийх явц байдаг. Сүүлийн үед нийгэм хэл шинжлэлчид бүс нутгийн болон нийгмийн аялгууг ихээхэн сонирхон судлах болсон байна. Энэ талаас үзвэл манайд олон жил судалж, амжилттай хөгжиж ирсэн нутгийн аялгуу судлалыг нийгэм хэл шинжлэлийн судлагдахуун гэж ойлгож болно. Үүнээс үүдэн хэлний хувилбар, өөрчлөл гэсэн ойлголт нийгэм хэл шинжлэлд үүсдэг байна. Энэ нь стандарт ба стандарт бус хэл (аялгуу) гэсэн ойлголтыг бий болгоно. Стандарт хэлний судалгаа нь нийтийн боловсрол, харилцаанд суурилсан бичгийн хэлний журамласан хэлзүй, бичгийн хэлний зөв дуудахуй, зөв бичих дүрэм зэргийг анхааран судалж байхад, нийгэм хэл шинжлэл нь стандарт болон стандарт бус хэлзүйн хэлбэр, үгийн дуудлагын аль алиныг анхааран судлах шаардлагатай болдог байна. Иймээс нийгэм хэл шинжлэлчид хүмүүсийн хэл яриа ямар нэгэн хувилбартай байдаг гэж үздэг байна. Улмаар хэлний хувилбарын судалгаа нь хэлний зан авир (behawiour)-ыг судлах хэрэгцээ шаардлагыг бий болгодог байна.

Хэлний хувилбарын нэг чухал судалгаа нь хэлний өөрчлөл гэж үзэх ба хэлний өөрчлөлийг цуваа цагийн аргаар судалж буй нь түүхэн хэл шинжлэл, хам цагийн аргаар судалж буй нь нийгэм хэл шинжлэл юм гэж тодорхойлж болох ажээ. Үүнээс үзвэл нийгэм хэл шинжлэлийн судлагдахуун олон талтай бөгөөд манай улст бүх талаас нь өргөн хүрээтэй судлах боломж байна.

Нөгөө талаар өмнө өгүүлснээр нийгэм хэл шинжлэл нь нэгдүгээрт, нийгмээс хамаарах хэлний өөрчлөл, хоёрдугаарт, бүс нутгийн (нутгийн аялгууны) хэлний өөрчлөл хоёрыг гол судлагдахуун болгон судалдаг байна. Нийгмээс хамаарах хэлний судлагдахуун дотроос нийгмийн хувьсал өөрчлөлийг хамгийн ихээр тусган хувьсан өөрчлөгдөж байдаг хэлний салбар бол даруй хэлний үгийн сан юм. Өөрөөр хэлбэл, өргөн утгаар өгүүлбэл хэл нийгмийн үзэгдэл мөн боловч хэлний үгийн сан нь нийгмийн хувьсал өөрчлөлийг илүү ихээр тусгаж байдаг гэсэн үг юм. Тухайлбал, сүүлийн хорин жилийн монголын нийгмийн хувьсал өөрчлөл монгол хэлний үгийн сан, монголчуудын ярианы хэлэнд хэр их нөлөөлж хувьсал өөрчлөл оруулж байгааг судлаач төдийгүй энгийн иргэд анхаарч саналаа өгүүлж байгааг бид мэднэ. Энэ нь зарим хүний хэтрүүлэгтэй хэлж, бичиж буйгаар монгол хэл мөхөж буй хэрэг биш, монгол хэл нийгмээ даган хувьсан өөрчлөгдөж байгаагийн хэрэг гэж болох байна. Гэдхээ бид эх хэлнийхээ ирээдүйд бусдыг огт санаа зовохгүй бай гэж хэлж буй хэрэг биш бөгөөд хэлний хувьсал өөрчлөл маань хэлний байгуулал, зүй тогтлын дагуу хувьсан өөрчлөгдөж байгаа эсэхэд холбогдуулан хэлж буй үг гэдгийг ойлговол зохино.

Тэгэхээр монгол хэлний үгийн сан монголын нийгмийн хувьсал өөрчлөлийг тусган хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд түүний нэг тод жишээ нь ярианы хэлний үгийн сангийн тод жишээ болох этгээд үг хэллэг болж байна. Өгүүлэгчээс санаагаа нуух, хувийн имиж бүрдүүлэх, яриагаа хөгжүүн болгох, тохуурхах, бүдүүлэгдүү гэмээр ярьж буй үг хэллэгийг этгээд үг хэллэг гэж болно. Үүнээс үзвэл этгээд үг хэллэг нь хэл болон нийгмийн хувьсал өөрчлөлийн холбоог тусгаж нийгэм хэл шинжлэлийн судлагдахуун болох нь тодорхой болж байна. Өнгөрсөн зуунд социалист орнуудад этгээд үг хэллэгийн судалгааг үзэл сурталтай холбон нийгмийн хоцрогдсон үзэгдэл мэтээр тайлбарлаж, бараг ийм үзэгдэл нийгэмд байх ёсгүй гэж үзэж байсан билээ. Энэ нь тухайн судалгаа хоцрогдох шалтгаан болж байв. Хэдий тийм ч этгээд үг хэллэгийг нийгэмтэй холбож үзэл сурталжуулан өгүүлж байгаа нь тухайн судалгаа нийгэм хэл шинжлэлийн судлагдахуун юм гэдгийг хэлсэн ойлголт гэж болно.

Өрнө дахины хэл шинжлэлд 15-р зууны сүүл үеэс этгээд үг хэллэгийг судлах эхлэл бий болсон гэдэг байна. Гэхдээ эхний үед этгээд үг хэллэгийн судалгааны ажлын үр дүн нь бүртгэл, цуглуулга, толь бичиг зэргээр хязгаарлагдаж, онолын судалгаа нь хоцрогдож байжээ (6:12-18). Одоо үед судлаачид этгээд үг хэллэг гэсэн ойлголтод нийгмийн аялгуу (Social dialect), сленг (Slang), жаргон (Jargon), арго (Argo) зэрэг ухагдахууныг хамруулан ойлгодог байна.

Судалгааны агуулга, зорилгоос хамаарч эдгээр нэр томьёоны аль нэгээр тухайн ухагдахууныг нэрлэж, тодорхой ялгаа заагтай хэрэглэж болох ажээ. Чөлөөт бус бүлгийн этгээд үг хэллэгийг “арго буюу бүдүүлэг этгээд үг хэллэг”, мэргэжлээрээ нэгдэн тодорхой хүрээнд ажиллаж амьдарч байгаа бүлгийн этгээд үг хэллэгийг “жаргон буюу мэргэжлийн этгээд үг хэллэг”, ихэнхдээ чөлөөт бүлгийн хэрэглэж буй, сэтгэл хөдлөлийн ялгараа үүсгэж болох этгээд үг хэллэгийг “сленг буюу нийтийн этгээд үг хэллэг” гэж тус тус тодорхойлж болнох (6,8). Монгол хэлэнд утга зохиолын хэлний хэм хэмжээнээс гажсан гэмээр үг хэллэгийг нийтэд нь этгээд үг хэллэг гэж нэрлэж байгааг бид зөв нэр томьёо гэж үзэж байна. Бараг тухайн нэрлэлт нь өөрөө этгээд үг хэллэгийн тодорхойлолтын шинжтэй болсон байдаг.

Этгээд үг хэллэг үүсэх ниймийн болон хэлний нөхцөлүүд байдаг байна. Хаана ажил мэргэжил, үзэл бодлоороо нэгдсэн, тусгаарлагдсан бүлэг байна, тэнд этгээд үг хэллэг үүсэх шалтгаан бий болдог гэж болно. Иймээс мэргэжлийн бүлэг, давхарга, нийгмийн хувьсал өөрчлөл нь этгээд үг хэллэгийн үүсэх нөхцөл, хувирах шалтгаан болдог байна.

Өнгөрсөн зууны эх хүртэл монголчууд этгээд үг хэллэгийг монголын нийгмийн амьдрал, соёлоос хамаарч өргөн бус хүрээнд, ихэнхдээ уламжлалт соёл, аж ахуйн хүрээнд илүүтэй хэрэглэж байсан гэх үндэс байдаг. Иймээс бидний одоогийн хэрэглэж байгаа олон хэлц үг, хэллэгийг тухайн үеийн этгээд үг хэллэгийн утга өргөсөн тэлснээс үүссэн магадлал байгаа болно (1:3). Тухайлбал, нэлээд сүүл үед шахам үүссэн “будаа болох, шаврын хаалт, гахай зөөх, ялааны алуур” гэх мэт олон этгээд үг хэллэг одоо бараг хэлц үгийн үүрэгтэй хэрэглэгдэж буй нь үүний нотолгоо болж байна.

20-р зууны 50, 60-аад он гэхэд монголын ниймгэмд бий болсон мэргэжлийн хамт олон, сургууль, соёлын газар болон чөлөөт бус бүлгийн дунд этгээд үг хэллэгийг нэлээд хэрэглэх болов. Үүнээс үүдэн 1970-аад он гэхэд монголын уран зохиолд этгээд үг хэллэг байр суууриа эзэлж эхэлсэн байна (6:60). Гэвч уран зохиолын энэ шинэлэг арга хийгээд нийгмийн сул, өрөөсгөл талыг ёгтлон бичсэн уран бүтээлчийг тухайн үеийн үзэл сурталчид ойлголгүй шүүмжилж байсан байна.

1990 оны монголын нийгмийн өөрчлөл, сонин хэвлэл, үгийн эрх чөлөө, үүнтэй нөхцөлдөн хүмүүс сэтгэлгээ, найруулан бичих аргаа өөрчлөх гэсэн нь монголын нийгэмд этгээд үг хэллэгийг ихээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Энэ асуудлаар бид хэд хэдэн өгүүлэл бичсэн нь өөрийн орноос гадна япон, америк зэрэг оронд хэвлэгдсэн байна (4.5,10,11). Эдгээр өгүүлэлд бид монгол хэлний этгээд үг хэллэг үүсч буй шалтгаан, хэрэглээ, үүсэх арга, нийгэм, нийтийн сэтгэлзүйн асуудлыг хөндөн өгүүлсэн билээ. Саяхан бид орчин үеийн хэл шинжлэлийн арга зүйд дулдуйдан утгын зүйл хуваасан этгээд үг хэллэгийн толийг хэвлүүлснийг тэмдэглэх байна (1). Үзэл суртлын хүлээснээс чөлөөлөгдсөн урьд өмнө хэл яриандаа этгээд үг хэллэгийг бараг хэрэглэж байгаагүй манай шинэ үеийн улс төрчид 1990-ээд оны дунд үе, ялангуяа 2000 оны эхэн үеэс нийгмийн аль ч бүлэг давхаргаас илүүтэй сонин хэвлэлийнхэнтэй хүч хавсран хэрэглэх болсон байна (5,10). Ийм байдал нь монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэл хөгжлийг тодорхойлоход чухал хэрэглэгдэхүүн болж байгаа билээ.

Ажиглалтаас үзэхэд этгээд үг хэллэг нь гол төлөв ярианы хэлний үгийн сан, хэлзүйн дүрэм дээр суурилан үүсдэг байна. Гэхдээ мэргэжлийн болон нийтийн этгээд үг хэллэгийг үүсэхэд үгийн утга шилжүүлэх, харь хэлний үг зээлэх тохиолдол нэлээд байдаг байна. Бүдүүлэг этгээд үг хэллэг үүсэхэд ярианы хэлний үгийн сан болон хэлзүйн дүрэм зохион хэрэглэх тохолдол байдаг байна. Түүнчлэн ярианы хэлний найруулга, үгийн олон дуудлагад этгээд үг хэллэг ихээхэн холбоотой байдаг байна (2,3,4). Энэ нь монгол хэлний ярианы хэлэнд этгээд үг хэллэг хэрхэн үүсдэг болон тэдгээрийн эерэг сөрөг талыг анхааран судлах шаадрдлагыг бий болгож байгаа юм.

Орчин цагийн монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэх аргыг үгийн сан-утга зүйн арга (зүйрлэх, адилтгах, төлөөлөх, егөөдөх, ёгтлох, эерүүлэх, утгыг далдлах, зээлэх, орчуулах) жишээ нь, хошгируулах – хий хөөргөх, магтах, нугасгүй – ямар нэг юмд хэт дуртай гэх мэт, хэлзүй-үг бүтээх арга (авиаг өөрчлөх, товчлох, үг бүтээх, холбоо үг бүтээх) жишээ нь, еөгий – ерөнхийлөгч, саак – сагсуу, шаг – шил архи буюу үлдсэн архи гэх мэт хоёр үндсэн аргад хувааж болно (7).

Монгол хэлний этгээд үг хэллэг хувьсан өөрчлөгдөх шалтгаан нь утга зохиолын хэлний үгэнд түрэгдэн гарах, хүмүүсийн уг юмыг сонин содон байдлаар нэрлэх гэсэн эрмэлзэл буурах, этгээд үг хэллэгийн утга тэлж нийтийн хэрэглээний үг болон хувирах, ухагдахууныг тэмдэглэсэн юм үзэгдэл нь хэрэглээнээс гарах, нийгэмд шинэ бүлэг давхарга үүсч өөрийн этгээд үг хэллэгтэй болох, нийгмийн хувьсал өөрчлөлөөс хамаарч тухайн бүлгийн этгээд үг хэллэгийн хэрэглээ ихсэх багасах зэрэгтэй холбоотой байдаг байна.

Зарим этгээд үг хэллэг нийгмийн өргөн олны дунд тархаж идэвхтэй хэрэглэгдэж байхад, зарим этгээд үг хэллэг явцуу хүрээний дунд тархаж идэвхгүй хэрэглэгдэж байдаг байна. Иймд этгээд үг хэллэгийг хэрэглэж буй бүлэг, тархац, утгаар нь чөлөөт бүлгийн, чөлөөт бус бүлгийн этгээд үг хэллэг гэж хоёр айд хувааж болно. Нийгэмд эзлэх байр суурь, эрх чөлөөний хувьд хязгаарлагдмал бус, өөрийгөө нийгмээс тусгаарлах шаардлгага байдаггүй бүлгийн (жолооч, оюутан, эмч, жүжигчин гэх мэт) этгээт үг хэллэгийг чөлөөт бүлгийн этгээд үг хэллэг, нийгэмд эзлэх байр суурь, эрх чөлөөний хувьд хязгаарлагдмал, тодорхой дэглэм журамд буй бүлгийн (хоригдол, цэрэг, хулгайч гэх мэт) хэрэглэж байгаа этгээт үг хэллэгийг чөлөөт бус бүлгийн этгээд үг хэллэг гэж болно.

Үүнээс үзвэл этгээд үг хэллэг нийгэмд болж буй хувьсал өөрчлөл, нийгмийн гишүүдийн уг юм үзэгдэлд хандаж буй эрэлт хэрэгцээг биелүүлэх үүрэгтэй байдаг тул нийгэм хэл шинжлэлийн судлагдахуун болох нь тодорхой байна.

НОМЗҮЙ

О.Самбуудорж. Монгол хэлний этгээд үг хэллэгийн зүйл хуваасан толь. (Судалгааны удиртгал бүхий). Адмон. Монсудар. Уб., 2011. 167 тал
О.Самбуудорж. Монгол ярианы хэлний төвшингийн асуудалд. –“Олон Улсын Монголч эрдэмтний Х Их Хурал” Уб., 2011.08.09-14 (11)
О.Самбуудорж, Г.Даваажав. Монгол ярианы хэлний асуудалд. –“Эрдэм шинжилгээний бичиг. –“Хавсарга хэл шинжлэл”. ШУТИС, Уб., 2011. №1 (5). 122-127
О.Самбуудорж. Хэлэхүйн соёлд үгийн дуудлагыг анхаарах асуудалд. –“Хэлний соёлын тулгамдсан асуудлууд”. №3. Уб. 2010. 03. 97-103
О.Самбуудорж. Монгол хэлний улс төрийн этгээд үг хэллэг. –“Хэл зохиол судлал”. Боть 2 (34), Fasc 6. Уб. 2009. 39-49
О.Самбуудорж. Монгол хэлний этгээд үг хэллэг. Этгээд үг хэллэгийн товч толь. Редактор, академич Кара Дөрдь. Уб., 2002. 158 тал.
О.Самбуудорж. Монгол хэлний этгээд үг хэллэг үүсэх аргын асуудалд. -“МУИС-ийн Монголын Судлалын ЭШБ” Боть 18. Уб. 2001. 29-35
John Ayto and John Simpson. The Oxford Dictionary of Modern Slang. –“Oxford University Press”. 1992. VII+299 p.
Andrew Radford and Others. Linguistics an interduction, Cambridge university press, 1999. Pp. 16-18.
О.Sambuudorj. Political Slang in Mongolian. (Англи хэлээр). –“Mongolian Studies. Journal of The Mongolia Society” Vol. XXX and XXXI. 2008 and 2009 (2010). Pp. 1-17. USA.
О.Sambuudorj. The Origin and Use of Slang Expressions in Modern Mongolian. (Япон хэлээр). –“Journal of Osaka University of Foreign Studies” Оsaka. 2003. N.29. 151-163