Нэр Томьёогүй Шинжлэх Ухаан Гэж Үгүй


ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа

Хэн нэгэн эрдэмтэн ямар нэг ургамал, амьтан, эд өлгийн зүйл олж нээлээ гэхэд түүнийг хэрхэн нэрлэж шинжлэх ухаанд бүртгүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Энэ зарчмаар тухайн хэлний үгийн санд хамаарах боловч тусгай мэргэжлийн хүрээнд үйлчилдэг нэр томьёо хэмээх хэлний ойлголт бүрэлдэн бий болжээ.

Монголчуудын сэтгэлгээнд төр ёс, нүүдлийн аж ахуй, таван хошуу мал, малчны өдөр тутмын үйл ажиллагаа, цэрэг дайны холбогдолтой үг хэллэг олноор бий болж тэдгээр нь өдгөө хүртэл хадгалагдан ирсэн билээ. Энэ нь шинжлэх ухааны тогтолцоот нэр томьёо бүтээх үндэс суурь болж байдаг.
Монгол эрдэмтдийн нэр томьёо жигдрүүлэх, нэг мөр болгох үүднээс хийсэн анхны бүтээл бол бидэнд мэдэгдэж байгаагаар 1740 онд орчим Ролбийдорж тэргүүтэй гүүш нарын зохиосон “Мэргэд гарахын орон” нэрт түвд-монгол дохионы бичиг юм. Уг тольд бичгийн хэлээр дамжин монгол хэлнээ орсон олон салбар ухааны нэрсийг тайлбарласан нь улмаар дорно дахины эрдэм ухааны их өв болсон хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ы гэх хэлнээ хөрвүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
1921 оны хувьсгалын дараахан шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдан төд удалгүй 1924 онд улсын нэр томьёоны комисс байгуулах шийдвэр гаргахад “…орчуулагчийн ажил эрхлэх хүний тоо нэмэгдэж нэлээд ном зохиол орчуулж байсан боловч янз бүрийн нэр томьёо тогтоогүй” зэрэг байдал нөлөөлжээ. Ийнхүү нэр томьёоны комисс байгуулан дотроо 10 салбар бүхий байхаар тогтож даргаар нь Цэвээнийг сонгож, 10 салбарын дарга ба гишүүдийг хэлэлцэж баталсан байна.
Шинэ цагийн нэр томьёог боловсруулахад тулгамдаж байсан зүйлийн нэг нь нэр томьёог монгол хэлнээ хэрхэн буулгах тухай асуудал байжээ. Иймээс нэр томьёоны салбар комисс:
1. Хэрэв монгол хэлэнд орчуулж болох аваас монгол үгээр орчуулан бичсүгэй.
2. Хэрэв тогтсон монгол нэр ба орчуулга үгүй бөгөөд монгол хэлний үндэснээс шинэ нэр зохиоход амархан ахул даруй тийнхүү монгол шинэ нэр зохион үүсгэсүгэй.
3. Бусад орчуулга ба монгол нэр өгч үл болох нэрүүдийг анх гаргасан хэлээр нь авсугай.
4. Хэрэв түмэн бодис, чулуу, ургамал, амьтан, гурван аймаг ба жич хумхийн тоосыг шинжлэхүй физик, химийн ангид монгол хэл дээр нэр үгүй бөгөөд монгол төрөл болох түрэг, манж, фин, унгар зэргийн хэлэнд нэр буй ахул эдгээрийн дотроос монголын аялгуунд илүү нийцтэйг нь сонгон авсугай.
5. Хэрэв монголын төрөл хэлэнд нэр үгүй буюу нэр байвч хэрэглэж үл болох учир буй аваас тэр юмны утга чанарыг аль болохуйц нэвтрүүлэн чадахаар монгол нэр зориуд өгсүгэй.
6. ..тивийн тухай олон сургуульд хэрэглэх дэвтрүүдэд газар ус, уул талын нэрийг цөм уул нутгийн ардын өгсөн нэрийг илүү алдаршсаныг харж авсугай. Нэр хадмал толь бичиг ба шинжлэх ухааны зургуудад европын нэрүүдийг нэгэн зэрэг хэрэглэсүгэй гэсэн тогтоол гаргасан нь олон салбарын нэр томьёог оноох үндэс, зарчмыг тогтоосон хэрэг болжээ.
Уг комисс “Монгол хэлнээ ухаан бүхнийг бүртгэсэн нэр томьёоны зүйлийг бүрэн төгөлдөр болгохыг эрхэм чухалд үзэж, олон бичиг дэвтригй шүүрдэн, нэрсийн аймгийг хураасаар 1931 онд “Орос-латин-монгол нийцэт ургамлын аймгийн нэрс” хэмээх анхны толийг, улмаар зүйл бүрийн нэр томьёог багтаасан “Орос-монгол хадмал нэр томьёоны толь бичиг” /Уб., 1931/ боловсруулан хэвлэсэн байна. Улмаар сурах бичгийн нэр томьёог оноох ажил өрнөж тухайн үеийн багш нар, эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулж, дараагаар нь шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог оноон тогтоохоор Улсын нэр томьёоны комиссоос тусгай төлөвлөгөөгөөр 1950-аад оноос эхлэн “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” цувралыг улиралд нэг дугаар, жилд дөрвөн дугаар нийтэлж, 1989 он хүртэл 147 дугаар хэвлэжээ. Энэ цувралаар улс төр, олон улсын харилцаа, хууль цааз, цэрэг, биеийн тамир, спорт, эрдэм шинжилгээ, астрономи ба түүнтэй холбогдох нэрс, цаг уур, геологи, газарзүй, зарим амьтан, ургамал, утга зохиол урлаг, төмөр зам, техник, мал аж ахуй, сүү тосны зүйл, худалдаа, жижиг бараа, бөс бараа, нэхмэл, сүлжмэл бараа, оёмол бараа, зуушны зүйл, архи дарс, махтай хоолны зүйл, монгол үндэсний хоол, торгон савхин үйлдвэрлэл, гэрэл зураг зэрэг олон салбарын нэн тэргүүнд хэрэгтэй нэр томьёог багтаан гаргаж байв. Ийнхүү Улсын нэр томьёоны комиссоос урьд тогтоосон олон салбарын нэр томьёогоо нэгтгэн цэгцэлж “Орос-монгол нэр томьёоны толь” 3 ботиор нийтлүүлсэн нь нийт зуун мянган илүү нэр томьёо багтаасан байна. Энэ бол 1975 он хүртэлх хугацаанд манай мэргэжилтнүүдийн боловсруулсан нэр томьёо болно.
Монгол орны нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж, дэлхийн олон улстай нээлттэй харилцах болсноор шинжлэх ухаан текникийн дэвшлийг хурдацтай тусган авч, энэ хэрээр шинэ нэр томьёо олноор бий болж тэдгээрийг орчуулах, оноох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ардчиллын өмнөх жилүүдэд гадаад хэлнээс орсон нэр томьёо болгон орос хэлнээс шууд дамжин орж ирдэг байв. Гэтэл энэ байдал өөрчлөгдөн өөр өөрсдийн хэлээр түүний дотор дэлхий нийтийн нийтлэг хэл болох англи хэлээр олон шинэ үг хэллэг, нэр томьёо орж ирэх боллоо. Иймд хуучин ажиллаж байсан Улсын нэр томьёоны комисс /УНТК/-ын үйл ажиллагаа зогссоноор нэр томьёог боловсруулах, хянах, хэвшүүлэх байгууллага үгүй болж салбар салбарын нэр томьёог тогтоогчид болон хэлний мэргэжлийн хүмүүс холбоогүй болсноор дур дураар, зөв буруу нэр томьёо тогтоох, нэг ухагдахууныг өөр өөрөөр оноох болж эх хэлний хэм хэмжээг зөрчин, зарим нь нийтэд хэвших хандлагатай байна. Нөгөө талаар монгол хэлнээ оноон тогтоосон болоод тогтоох шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх, стандартыг олон улсын түвшинд тогтооход нэр томьёог текникээр боловсруулах, улмаар нэр томьёог хэрэглээнд оруулж мэдлэгийг түгээх, ашиглах зэрэг шийдвэрлэвэл зохих асуудал байсаар байна. Үүний нэг нь 1990-ээд хойш УНТК-ын үйл ажиллагаа саарч нийгэм цаг үедээ зохицсон олон түмэнд үр нөлөөтэй ажил үүрэг гүйцэтгэж чадахгүй болсонтой холбоотойгоор мэргэжлийн байгууллага үгүйлэгдэж байна. Хэдийгээр 1997, 2003 онуудад энэхүү комиссын бүрэлдэхүүнийг хоёр удаа шинэчлэн баталсан ч цаасан дээр үлдсэнээс хэтэрсэнгүй. Улс орны хэмжээнд харь үг хэрэглэх, эх хэлнийхээ утга зохиолын хэм хэмжээнд үл нийцэх олон нэр томьёог бүтээн хэрэглэх нь хэрээс хэтэрч үүнээс гарах арга замыг мэргэжлийн судлаачдаас гадна олон хүн хайх болсон юм.
Нэр томьёог оноон тогтоож, судалгаа шинжилгээ эрхлэх, олон нийтэд зөв зүйтэй нэр томьёо хэвшүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг их билээ. Даяаршиж буй энэ эрин үе дэх хэлний өв сангаа хамгаалах үлдэх, дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлэн алхахад техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хэл болсон нэр томьёоны үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал тул үүнд эдүгээ холбогдох байгууллагууд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Энэ чиглэлээр Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олны зохион байгуулсан “Монгол нэр томьёо судлал-90” олон улсын эрдэм шинжилгээний хурал өгөөжөө өгнө хэмээн найдаж байна. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж буй Монгол хэлний хууль-д нэр томьёо тогтоох, хариуцах, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ эрхлэх байгууллагын талаар тодорхой тусгах, уг хуулийг нэн даруй хэлэлцэн батлах, тухайн байгууллагын үйл ажиллагаа эрх, үүргийн талаар тусгах шаардлагатай байгаа бол хууль тогтоомжид орсон гадаад үг, шинэ үг, нэр томьёог мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор судлах хянаж байхыг хуралд оролцогчид санал болгож, мөн Шинжлэх ухаан, техник, технологийн нэр томьёог боловсруулах, судлах, нийтэд сурталчлах чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэх, тухайн салбараар нэр томьёо боловсруулах мэргэжилтэнг магистрантур, доктарантурын сургалтаар бэлтгэх, Улс орны хэмжээнд нэр томьёог оноон тогтоох үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, санхүүгийн боломжийг бүрдүүлэх, нэр томьёо тогтоон тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, Шинэ нэр томьёог хянан тогтоох үйл явцыг оновчтой уялдуулах, шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёонд тохирох журам боловсруулж, хэвшүүлэх, шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог оноон тогтоох журам гаргах, Нэр томьёог олон улсын түвшинд боловсруулж, дэлхийн стандартад нийцүүлэхийн тул олон улсын стандартын хурал, симпозиумд судлаачдыг өргөнөөр оролцуулж байхыг тус тус холбогдох байгууллагуудад уламжилсан юм. Түүнчлэн Нэр томьёоны стандартыг боловсруулж, тогтоодог эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах, тодорхой гэрээний дагуу гадаад улсаас худалдан авч байгаа бараа, үйлчилгээний дагалдах бичиг баримтыг монгол хэлээр тусгах, Нэр томьёоны үндэсний стандартыг батлах, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хувьд салбар хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, багш нараас эрхлэн гаргаж буй сурах бичиг болон нэр томьёоны толийг хянадаг болох, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, мэдээлэл холбооны технологийн боломжийг ашиглан нэр томьёоны хөмрөг бүрдүүлж, ашиглах, нэр томьёо боловсруулах ажилд олон улс орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар анхаарч ажиллахыг уриалсан нь улс орны хэмжээний нэр томьёоны олон талт асуудлыг хамтран шийдвэрлэхэд дөхөм болно хэмээн үзэж байна.