Чулуун Ганжуур Данжуурыг Малтаж Гаргахаас Болгоомжилж Байна


Хятадын Сичуань мужийн Түвд үндэстний өөртөө засах Аба жөүгийн Рантан сианы буйд хязгаар нутагт олон зууны түүхт Бантуо хийд бий. Бантуо хийдэд эртний урчууд чулуун хавтан дээр сийлж бүтээсэн ганжуур данжуур их хөлгөн судар хадгалагдаж байна. Энэхүү чулуун ганжуур данжуур бол түүхийн маш ховор нандин, хосгүй үнэт дурсгал мөн.

Бантуо хийдийн ганжуур данжуур их хөлгөн судрыг лам хуварга, чулууны дархад Юань гүрний үеэс эхлэн үе дамжин сийлбэрлэн бүтээсэн бөгөөд нийт 600 мянган чулуун хавтанг судар болгон амилуулжээ. Ороо бусгаа цагийн салхиар чулуун судрын ихэнх нь газар дор гурван давхар булагдсан гэдэг. Соёлын энэ ховор нандин өвийг эвдэж сүйдэхээс болгоомжлон малтаж гаргаагүй байна.

Бантуо хийдийн зарим сүм суварга цагийн эрхээр эвдэрч нурсан ч нэг суварганы дотор талд Юань улсын үеийн ханын зураг сайтар хадгалагдан үлджээ. Энэ зураг хэдэн зууныг элээсэн ч гэлээ өнгө будаг урьдын хэвээр тодорхой харагдана. Саяхныг болтол энэ хийдийг нутгийн ард олон сүсэг бишрэлийнхээ хүчээр сайн дураараа хамгаалж байв. Хэдэн жилийн өмнөөс сүм хийдүүдийн удирдах зөвлөл байгуулагдаж энэ мэтийн хуучин хийдийг хамгаалалтанд авчээ. Өдгөө Бантуо хийдийг сэргээн засварлах ажил ид өрнөж байна.