Хонины Шүүс Идээний Ёсон


Монголчуудын идээ ундааны бүрэлдэхүүнд махтай хоол чухал байр суурь эзэлдэг.
Хүний биед шим болдог учир махтай хоолыг шүүс гэдэг бөгөөд тэмдэглэлт баяр, хурим найрын цагт гийчин зочинд зориулж тусгайлан тавих махыг ч шүүс гэдэг байна. Шүүст зум шүүс, бүхэл хонин шүүс, шарсан шүүс, чанасан шүүс, богино ууц, дөрвөн өндөр, дал, өвчүү, толгой гэх зэргээр олон төрөл багтдаг.

Шүүс дэвшлэх ёсон:

Болгосон хонины махаа дөрвөн хөлт мөнгөн цар буюу гуулин таваг, модон тэвшинд дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ хэлбэрээр хойно өмнө, зөв буруу талыг ялгаж тавиад хоёр хааны хооронд сээр сэрвээг нь доош хандуулан гулдаар тавьж (зарим газарт хөндлөн тавих буюу ууцны дээр толгойн баруун талд гулд тавих заншил бий), дээр нь ууцыг сүүлийг нь гадагш хандуулан хөмөрч тавьдаг. Ууцны дээрээ баярын магнай ( дээш хандсан тал сар ) эсгэж, сарны дунд дугуй нар эсгэсэн (Цахар, Шилийнголд тоонолжин эсгэх буюу магнай дээр нь хурууд, цагаан тос тавьдаг) хонины толгойг урагш хандуулан голлуулж тавьдаг. Үүнийг бүхэл хонь дэвшлэх гэдэг. Зочин олон хонины мах цөөн гаргасан байдалд зарим газар дагалдах тэвш оруулдаг. Дагалдал тэвшинд таван цул, цутгасан гэдэс зэргийг оруулдаг бөгөөд дагалдал тэвшийг доод ширээнд байрлуулан тавьдаг.

Шүүс ерөөх ёсон:

Хонины шүүсээ таваглаж хурим найрын ширээнд дэвшүүлмэгц шүүсээ ерөөдөг. Монголчууд гарамгай ерөөлч олон бөгөөд шүүсний ерөөл ч олон бий. Хонины шүүсний ерөөлд: “Эсэруа тэнгэрт мөргөхөд ч /алтан сүлдээ тахидаг ч/ аян дайнд мордоход ч/ амраг төрлөө хүндлэхэд ч /амтат ирэгний шүүсийг/ ариун идээ болгодог билээ… Хог шороонд хүргэхгүй /хоолой хүзүүг таслахгүй/ тоос шороонд хүргэхгүй / толгой багалзуурыг огтлохгүй/ өрцөлж нядалсан ирэгний шүүсийг/ өндөр ширээнээ таваглан дэвшүүлж/ өлзий буян хишиг төгөлдөр /өнөр олуулаа тогтнохыг гуйнам” гэх мэтээр шүүсийг ерөөх олон янзын ондоо ерөөл байдаг. Шүүс ерөөхөд ахмад настангууд хадагтай цагаан идээ өргөн өндөр дуугаар ерөөл өргөдөг байна. Шүүсийг ерөөж дуусахад зочид: – Тэр бэлгээр болтугай! гэж баярлан хэлэлцдэг.

Шүүс хөндөх ёсон:

Шүүс хөндөхийг зарим газарт ууц зүсэх буюу ууц хаших гэдэг. Өөр өөр орон нутагт шүүс хөндөх ондоо заншил ёсон бий. Жишээлбэл, Ордост шүүс оруулах үед гэрт хүрэлцэн ирсэн зочноос эхлээд бүх хүмүүст хурим найрын хүндэт идээ цагаан идээг амсуулдаг. Энэ үеэс ерөөлч өндөр дуугаар шүүс ерөөдөг. Дараа нь дэвшүүлсэн шүүсийг хөнддөг заншилтай. Шүүсийг ширээнд суугаа хэн нэгэн хүн дураараа хөнддөггүй. Гэрийн эзэн тусгайлан урьсан шүүс хөндөгч гэж байдаг. Шүүс хөндөгч анхны тавагтай шүүсийг зочны зүг хандуулан тавимагц өөр нэг хутга авч өгнө. Хутгыг шүүстэй хамт тэвшинд авчирдаггүй. Шүүс хөндөгч шүүсний толгойноос эхлэн сээр, ууц, дөрвөн мөчөөс тус тус аваад гадна гарч тэнгэр газарт өргөн “Дээж өргөв” гэхэд хүмүүс “Дэлгэр!” гэх буюу “Бэлгэ бадар!” гэж хариулдаг. Шүүс хөндөгч орж ирсний дараа шүүсний ууцны сүүлийн үзүүрийг нэг л хутганд авч, дахин зөв талын хөлний шагайг мулталж аваад бурханы хишиг гэж тавьдаг. Үүний дараа магнай дээр нь дээш хандсан тал сарны хэлбэртэй хэрчээд айраг, шар тос зэрэг цагаан идээгээр мялааж, түүнээ хоёр гараараа барьж бүх хүмүүст амсуулдаг байна. Дараа нь шүүсийг зөв талаар эргүүлж, толгойг буулган ууцны хар нуруу ба гуяны хэсгийн тойг борвийг салгаж тавьдаг. (үүнийг шүүс хөндөгч авна). Үүний дараа хаагаас эхлүүлж ууцаар төгсгөн, дөрвөн өндөр, богт чөмөг, шаант, сүүж, хонгорцог хүртэл нэг нэгээр салган тус тус оронд нь тавьдаг. “Хонины маханд хойно өмнөтэй, хоногийн хүнд хол ойртой” хэмээн эдгээрийг тусгай шүүс хөндөгч л гүйцэтгэдэг жамтай.

Шүүс зооглох ёсон:

Шүүсний ясыг их төлөв мөлждөг. Энгийн мах идэж буйтай адил цайтал мөлждөггүй. Зочид шүүс махны толгой талаас барьж ташуулдуулан огтолж хүртэх ёстой. Хамаа намаагүй хэрчиж урж идэж болдоггүй. Малын махны толгой ( эх ) нь толгойн хошуу талыг заадаг. Толгойг идэхэд эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөнө. Дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж хүртдэг. Амны хүзүү тал, хар сээр, ууцны сүврэгтэй тал, өвчүүний бүдэрхий, далны толгой, хавирганы толгой тал, богтосны нарийн үзүүр, шаантны борви тал, дунд чөмөгний нарийн үзүүр, сүүжний далбаа, бугалаганы нарийн атгамал үзүүр нь тус тус эх болдог. Зочид түрүүлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд нь хүрч, сая сээр хүзүү болон бусад махыг зооглодог. Дотор махыг урж болдоггүй, зүсэж иддэг. Энэ нь элэг эмтрэм, элэг урагдах гэдэг зүйрлэл цээртэй холбоотой. Бас сэмжийг урж иддэггүй, сэмжийг урвал өлөн ховдог болно гэж цээрлэдэг. Энэ нь “Бүтнийг битгий ур, бүтэлгүй үйлийг битгий үйлд” гэсэн гүнзгий агуулгатай.

Тэвш буулгах ёсон:

Тэвштэй махыг буулгах заншил ёс бий. Зочид шүүсийг зооглож дуусасны дараа ахмад зочдоос бүх хэсгийн ясыг тэвшинд ёсчлон тавьж, тэвш буулгахаа мэдэгддэг. Зарим газарт хонины толгойг ууцны дээр тавьж тэвш буулгадаг. Тэвшийг гэрийн эзэнд гардуулахдаа эрхбиш нар зөвөөр эргүүлж, хоёр гараараа өргөн барьж буцаадаг. Хүлээн авагч нь ахиад зөвөөр нэг эргүүлэн “Даяараа таваараа зооглож хайрлагтун!” гэж ёс гүйцтгэн толгойг нь өөрийн биеэсээ гадагш хандуулан барьж гардаг. Шүүс буулгасны дараа зочдод шөлөнд чанасан тутарга, наримын будаа буюу хуурсан амуу бүхий шөлтэй будаа аягалж дайлдаг. Үүнийг шөл барих гэнэ .

Хишиг хүртээх ёсон:

Зочид шүүс идээ дэвшүүлэн барьж, ирсэн зочин нь тэр айлд байгаа өндөр настан ба хүүхдэд хишиг хүртээх заншил ёс бий. Энэ бол монголчуудын бусдад нөхөрсөг байх, настан буурлаа хүндэлж, хүүхэд багачуудыг хайрладаг уламжлалт сайхан зан үйлийн нэг юм. Хүүхдэд бөөр, зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмгөөр хишиг хүртээдэг. Ийнхүү хишиг хүртээх нь хүүхэд багачуудыг баярлуулахын зэрэгцээ ахас дээдсийг хүндэтгэхийн ухаанаар хүмүүжүүлэх зорилготой. Өндөр настанд хишиг хүртээх нь тэр хүний насан буяныг хүндэтгэж буйн илрэл. Хариу хишиг хүртээгч настан “Гялайлаа”, “Насан буянаа нэмээ”, “Надаас их наслаарай” гэх зэрэг бэлгэдлийн үг хэлдэг.

Шүүс хуваах ёсон:

- Бүхэл хонины шүүсийг зочдод хүртээх тохиолдолд насны сүүдэр, хүндэтгэлийн эрэмбээр нь хуваарилан дэвшүүлдэг. Хэрвээ тусгайлан зассан зоогийн ширээнд тавих гэвэл эхэлж түшсэний дараа хүртээдэг учиртай. Хоёр гар буюу баруун гарын алгыг дээш хандуулан тэнийлгэж шүүс идээний тавагт хүндэтгэлтэйгээр хүрэхийг түших гэнэ. Шүүс хуваахдаа хүндэтгэлийн эрэмбэ, махны тэнцвэрийг харгалзан хувь хүртээдэг жамтай. Гэхдээ хамгийн хүндтэй зочинд ууц тавьдаг. Дараах зочинд дал дөрвөн өндөр ба хавирганы нэгийг дагуулан барьдаг. Баруун талын харьт чөмгийг тэр талын дөрвөн өндөр хавирганы хоёр дахьтай нь хамт зүүн талын харьт чөмгийг тэр талын дөрвөн өндөр хавирганы хоёр дахьтай хамт дараах зочинд хүртээдэг. Хэрвээ зочид нь бүсгүйчүүд бол баруун сүүжийг тэр талын гурав дахь өндөр хавирганы хамт барих буюу зүүн сүүж зүүн талын гурав дахь өндөр хавирганы хамт нас, хүндэтгэлийн дараагаар барьдаг. Дунд чөмөгт сүүлийн өндөр хавиргыг дагуулж дараах зочдод барьдаг байна.

Зохиогч: Б.Наранмандлаа
Эх сурвалж: “Солонго” мэдээллийн төв