Шинэ Гэрийн Найр


Нийгмийн нэгж болсон айл өрх оршин байж жаргахын нэг нөхцөл нь орон гэр юм.

Иймээс “Утаа тавьж голомт болдог, урц барьж айл болдог” гэсэн цэцэн үг гарчээ. Гэр барих нь хуримлах ёслолын гол хэсэг байдгаас гадна зарим айл аж амьдрал нь дээшлэх хэрээр шинээр гэр төхөөрч барих явдал түгээмэл юм. Шинэ гэрийн ёслолын үед хэлэх ерөөл, бэлгийн үгийг гэрийн ерөөл, гэр мялаалгын үг гэж ялгадаг. Гэр мялаалгын үгийг гэр бүлийн найран дээр хэлдэг бол гэрийн ерөөлийг хуримын үед хэлдэг онцлогтой. Мөн хуримлах ёслолын үед хүргэний тал гэр мялаалгын үг хэлдэг бол бэрийн тал гэр доторх зүйлийг ерөөдөг.

Шинэ гэрээ барьчихаад зочдыг гэрт орохыг урин суулгасны дараа гэрийн эзэн тооноос хадаг зүүснээр гэр мялаах үг хэлж, найр эхэлнэ.

Гэр мялаалгын ерөөл хэлэх үед цацлын хувин дүүрэн сүүнээс тооно, унь, хана өөд цацал өргөх буюу эсвэл хонины толгой, дөрвөн өндөр, шаант чөмөг, уураг сүүл зэргийг урт модны үзүүрт хатган цагаан идээгээр чимээд ерөөл бэлгийн үгнээ гарч буй эд зүйлс өөд дохин ёслол үйлддэг. Ерөөл хэлж дуусаад идээний дээрх зүйлсээс дээжлэн галд өргөн толгойг тоонын гол дээр тавьж, дөрвөн чагтаганд бяслаг хавчуулан гурав хонуулна. Гэр мялаах эл зан үйл нь гал голомт тахих эртний ёслолоос үүсэлтэй гэж болно.

Гэрийн ерөөл, гэрийн мялаалгын үгэнд алив ерөөлд байдаг тогтмол эхлэлийн зэрэгцээ гэрийн хэсэг эд хогшлыг тоочин магтдаг. Тэгэхдээ хаалга, тооно хоёрын аль нэгийг эхлэн магтаж хана, унь, дээвэр, туурга, оосор, хошлон, өрх бусад тавилга хэрэглэл гэсэн нарийн тогтсон дэс дараалалтай байдаг нь гэр барих үед хийх үйл явцын дараалалтай холбоотой юм.

Гэр мялаалгын үгэнд гэрийн бүтэц хэсгээр нь задлан тоочиж магтахдаа зөвхөн тухайн зүйлсийг бус түүнийг хийж бүтээх арга туршлага, хөдөлмөрлөх үйл явцыг дүрслэн магтаж шүлэглэдэг. Эдгээрийн дотор гэрийн дээвэр, туурга тэргүүтний тухай хэлсэн нь онцгой байрыг эзлэх бөгөөд эсгийн ерөөлтэй төстэй. Тухайлбал:

Эм хонины ноосоор

Эвлүүлэн зулж хийсэн

Элст голын усаар

Шавшин усалж хийсэн

Эрчим сайн мориор

Татан чирч хийсэн

Энэтэй цагаан туурга дээврийг чинь мялаая гэж магтаж байна. Ер нь гэрийн ерөөл, мялаалгын үгээс монголчуудын эсгий хийх, оосор хошлон томох, ширдэг дэвсгэр ширж, модыг боловсруулах зэрэг ажил хөдөлмөрийн ур чадвар, арга туршлагатай танилцаж болно. Ийнхүү шинэ гэрийн ерөөл, мялаалгын үг хэлсний дараа найрын ерөнхий дэгийн дагуу найрлана.

 Найруулагч: М.Банди
Эх сурвалж: Монгол ёс заншлын тайлбар толь