“Академич Б.ринчен” Эрдэм Шинжилгээний Хурал Зохион Байгуулагдлаа


Улаанбаатар Их Сургуулийн номын санд академич Б.Ринчений ном, бүтээлүүдийг түүний зээ хүү Хасболд нь бэлэглэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар Их Сургууль “Академич Б. Ринчений нэрэмжит номын өргөө” нээж, түүний зохиол бүтээлийн үзэсгэлэнг гарган, “Академич Б.Ринчен” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Мөн 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Б.Ринчений нэрэмжит тэтгэлэгийг олгохоор болсон байна.

Хуралд монголын хэл шинжлэлийн эрдэмтэд, доктор профессорууд оролцож, академичийн бүтээл, амьдралын талаар шинэ санаа дэвшүүлэн хэрэглэгдэхүүн болох олон сайхан илтгэлүүдийг тавилаа.

Тус илтгэлүүдийг нэрлэвэл:

  •  Билгүүн номч академич Бямбын Ринчен

Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор(Sc.),проф, академич Ж.Болдбаатар

  • Орчин цагийн монгол хэлнээ тийн ялгал, тоо байхгүй тухай академич Б.Ринчений үзэл

Монгол улсын Ардын багш Доктор(Sc),проф.С.Галсан

  • Ринчен багштаны зарим гарбичмэл

Доктор(Sc.).проф.Б.Сумьяабаатар

  •  Академич Ринчен, Ш.Лувсанвандан нарын НОМЫН ГЭРЭЭ – ний тухай

Монгол улсын Төрийн шагналт, доктор (Sc.)проф. Ц.Шагдарсүрэн

  •  “Үүлэн зардас”-ын орчуулгыг англи, орос эхтэй нь тулгахад

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн проф. Г.Аким

  •  Монгол бичгийг сэргээхийн төлөө профессор Ринчений тэмцлийн тухай асуудалд

Доктор(Sc.).проф. Ч.Дашдаваа

  •  “Нангиад” гэдэг үгийн тухай

Доктор(Sc.).проф. Л.Маналжав

  •  Удам дамжсан монгол судлаач

Доктор Э.Пүрэвжав

  •  “Б.Ринчен” (дурсамж)

Ардын уран зохиолч Т.Галсан

Эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавьсан эрдэмтэд Б.Ринчен агсаны тухай олон сайхан дурдатгал дурсамжуудыг ярьж, түүний ховор нандин гар бичмэлүүдийг дэлгэн харуулсан үнэтэй сайхан цаг болж өнгөрлөө.

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэд Б.Ринчен бол үндэсний хэл соёлынхоо төлөө цогтой тэмцэгч байсан юм хэмээн дуу нэгтэй хэлж байсан юм.

Илгэлийн төгсгөлд ардын уран зохиолч Т.Галсан, УБИС-ийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч О.Жамбалдорж, академич Төмөртогоо, Буриад судлалын академийн ажилтан Оюунцэцэг нарын эрдэмтэд Б.Ринчений тухай дурсамж үг хэллээ.

Ардын уран зохиолч Т.Галсан хэлсэн үгэндээ “Энэ их агуу суут хүний амьдрал уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний хурлыг улсын сургуулиуд санаачлан хийгээгүй байхад Улаанбаатар Их Сургууль санаачлан хийж байгаа нь үнэхээр магтууштай сайн зүйл болсон байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн академичийн хүү Р.Барсболд “Улаанбаатар Их Сургууль энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь соёл шинжлэх ухаан, сургалтын хүрээнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Эрдэмтэн мэргэд эх орончдоо мартахгүй байх нь чухал” хэмээн тэмдэглэн хэлж УБИС-ийн ерөнхий захирал Чой Ги Хо болон тус сургуулийн нийт хамт олонд талархалаа илэрхийлсэн юм.

Хурлын төгсгөлд УБИС-ийн ерөнхий захирал Чой Ги Хо их зохиолчийн ар гэрийхэнд талархалын бичиг гарын бэлгийг өргөн барьсанаар хурал өндөрлөлөө.

Хуралд оролцсон хүмүүс Б.Ринчен хэмээх агуу их хүний амьдрал, бүтээл туурвилийн талаар ихийг мэдэж эх хэлээ дээдлэн шүтэж хамгаалах чин хүсэл зүрхэндээ тээн 2015 онд Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойн баяраар дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. (2013.11.06 МЭДЭЭ)