“өвөр Монголын Яруу Найргийн Дээжис” Номын Бээжин Хот Дахь Нээлтийн Ёслол Болов


CRI (GMT+08:00) 2015-03-21 18:12:30

Өнөөдөр 10 цагт Төвийн Үндэстний их сургуульд Хятадын Олон Улсын Радиогийн гадаад мэргэжилтэн, МУСТА, Болор цомын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор До.Болдхуягийн эмхэтгэсэн “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын Бээжин хот дахь нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн ёслолд Өвөр Монголын болон Монгол улсын утга зохиол судлаач, зохиолчид, ХОУР, Төвийн радио, ССТV-гийн монгол сүлжээ, Ардын сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, утга зохиол, яруу найраг сонирхогч оюутан залуус оролцсон юм.

Ёслолыг Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт нээж үг хэлсний дараа Төвийн Үндэстний Их Сургуулийн утга зохиолын салбарын багш доктор, профессор Мянгад Эрдэмт, Лаасагмаа, тус сургуульд зочин судлаачаар ажиллаж буй Монгол улсын Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн зохиолч Д.Сумъяа, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач доктор, профессор Содбаатар, ССТV-гийн монгол сүлжээний мэргэжилтэн Төмөрголт зэрэг мэргэжлийн хүмүүс үг хэлж тус бүтээлийг өндрөөр үнэлсэн юм. Мөн хоёр орны оюутан залуус тус эмхэтгэлд орсон шүлгийн дээжээс зочдын сонорыг мялааж уран уншлага сонирхууллаа.

До.Болдхуяг “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номыг 2009 оноос эмхэтгэж эхэлсэн бөгөөд Өвөр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч На.Сайнцогтоос 90-ээд онд төрсөн Дуранзул хүртэл Өвөр Монголын үе үеийн төлөөлөл болох шилдэг 70 яруу найрагчийн зохиол бүтээлийг багтаасан юм.

Энэхүү бүтээлийг Хятадын Олон Улсын Радиогийн “Чадварлаг боловсон хүчин бэлтгэх төсөл” санхүүжүүлж 2015 оны эхээр Улаанбаатар хотноо хэвлүүлжээ. Энэ оны 2 дугаар сарын 7-нд “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын Улаанбаатар дахь нээлтийг хийсэн бөгөөд Монгол улсын уран зохиол, яруу найраг сонирхогч, уншигчид талархан хүлээж авсан юм. Ирэх сард тус номын Хөх хот дахь нээлтийг хийх юм байна.