Монголчуудын Төвд Хэлээр Туурвисан Одон Зурхайн Бүтээлийн Түүхийн Судалгаа


Л.Тэрбиш
Салбар:Нийгэм
Улсын дугаар: 1062
Хамгаалсан он: 1999

Монгол зохиогчдын төвд хэлээр туурвисан зурхайн бүтээл, туурвилын түүхэн тоймыг гаргах хийгээд түүхэн он цагийг хөөн олох зурхайн аргыг бүрэн төгс боловсруулж, түүхчдийн гарын авлага болгох нь диссертацийн үндсэн зорилго болно. Уг зорилгыг бүрэн хэрэгжүүлэхийн түүнд хүрэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэх оролдлого хийсэн болно. Үүнд: -эртний номт гурван улс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол болон соёлын их уламжлалт Нангиад орноо дэлгэрсэн зурхайн ухааны нийтлэг хийгээд ялгамжтай талыг эх бичгийн харьцуулсан судалгаагаар гаргах; -монгол зохиогчдын төвд хэлт зурхайн бүтээл туурвилыг олны хүртээл болгон судалгааны хүрээнд оруулах; -монголын эрдэмтэн лам нар Бурхны шашны мэдлэг ухааны арван салбарын нэгэн болсон зурхайн ухааныг монгол хөрс шороонд хэрхэн идээшүүлэн хөгжүүлснийг тодруулан гаргах; -зурхайн олон аргаар өгөгдсөн түүхэн он цагийг үнэн зөв гаргах хялбар аргачилал боловсруулж, түүхчдийн хэрэглэгээ болгох; -аргын оныг билгийн жилд билгийн жилийг аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиох; -Энэтхэг, Төвд, Монголын одон зурхайн тооллын эх, зурхайн солигдлыг арван найман жарнаар иж бүрэн гаргаж, түүхэн он цагийг олох хялбар аргачиллыг боловсруулах зэргийг үндэс зорилго болгосон. Зохиолын эрдэм шинжилгээний шинэлэг тал: -буддын мэдлэг ухааны нэгэн болох зурхайн ухааны чиглэлээр монгол зохиогчдын бичсэн төвд хэлт ном судрын түүхэн тоймыг гаргах; -монгол зохиогч нар зурхайн ухааныг монгол газар хэрхэн идээшүүлснийг тодотгох; -одон зурхайн ном зохиолд гардаг он цаг, гариг эрхис, тоо болон түүн дээр хийх үйлдэл зэргийн ёгт нэрийг тайлан унших түлхүүр аргыг боловсруулах; -аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэх иж бүрэн аргачиллыг түүхчдийн гарт хүргэх; -олон ёсоор өгөгдсөн түүхэн он цагийг олох аргын томъёог зохиохыг оролдсон нь тухайн судалгааны шинжлэх ухаанд анх удаа хийгдэж буй шинэлэг тал болно. Дүгнэлт: Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлийн түүхийг анх удаа судлахыг оролдсон энэхүү бүтээлийг хийснээр дараах үр дүнд хүрэв.Үүнд: -буддын мэдлэг ухааны нэгэн болох зурхайн ухааны түүхийг мөшгөж, тус ухааны ерөнхий тал хийгээд монгол зурхайн онцлог талыг тогтоосон, – түүхэн он цагийг үнэн зөвөөр тогтоох иж бүрэн боломжийг түүхийн шинжлэх ухаанд оруулсан, -монголын эрдэмтэн мэргэдийн төвд хэлээр туурвисан одон зурхайн ном бүтээлийн дотроос Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан (Бүтээлийн зурхай тэргүүтэн зурхайн гарын авлага) зэрэг зохиолыг төлөөлүүлэн сонгон аваад, Төвд зэрэг өөр орны зурхайтай харьцуулан судалж, Ламын гэгээний зурхайн ухааныг монгол ахуйд идээшүүлснийг тодотгон гаргасан, зурхайн нэр, утгын тайлбар хийгээд ёгт нэр тайлан унших түлхүүр болсон аргачиллыг боловсруулсан нь судлаачдад тус дэм болох юм. -ная гаруй монгол зохиогчдын хоёр зуу гаруй ном судрыг судалгааны хүрээнд анх оруулсан, -монголын бие даасан зурхайн ухаан буй болон хөгжиж байсан нь монголын онцлогтой бурхны шашин бодитойгоор оршиж байсны нэгэн баталгаа болно.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642