Орчин Цагийн Монгол Хэлий Үйл Үгийн Захирах Тогтолцоо


Л.Жумдаан
Салбар:Нийгэм
Улсын дугаар: 1142
Хамгаалсан он: 2000

Судалгааны ажлын зорилго зорилт: Монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварыг хэлзүй /үгзүй,өгүүлбэрзүй/-н төвшинд авч судлан үйл үгийн захирах тогтолцоог гаргах, захирах айг нээн илрүүлэхийг гол зорилгоо болгосон уул ганц сэдэвт зохиолд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий дараахи зорилтуудыг шийдэхийг хичээсэн болно. Үүнд: -монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварын талаарх гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдын туурвисан судалгааны бүтээлүүдийг нэгтгэн дүгнэх, дээр дурдсан шийдвэрлэвэл зохих асуудлуудын хүрээн дэх маргаантай асуудлын талаар хэлний бодит хэрэглэгдэхүүнд тулгуурлан горилогч өөрийн саналыг дэвшүүлэх; -үйл үгийн захирах холбоог, захирах чадвар, хэлзүйн ба хэлзүйн бус холбоо, үйл үгийн тусах ба эс тусах чанар, идэвхтэй ба идэвхгүй шинж, мөн үйл үгийн захирах холбоог өөрчилдөг бүтээврүүдтэй холбон уг асуудлыг тал бүрээс нь нарийвчлан судлах; -үйл үг, үгийг захирч буй холбоо, арга хэрэглүүр, хэв маяг, бүтцийг өгүүлбэрзүйн хүрээнд мөн ийм аргачлалаар авч үзэн захирах тогтолцоог тодорхойлон гаргах; -үйл үгийн захирах тогтолцоон дээрээ тулгуурлан үйл үгийн захирах айг нээн илрүүлж, хэлзүйн шинжийг нь илрүүлэх; -үйл үгийн захирах холбоог зөрчсөн алдаанаас сэргийлэх, түүний найруулгазүйн үүргийг тодорхойлох зэрэг болно. Судалгааны ажлын шинэлэг тал: Уг зохиолд монгол хэлний үгзүйн төвшинд хийгдсэн судалгаанд тэмдэглэгдсээр ирсэн монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварын тухай асуудлыг олон талаас нь нарийвчлан судлахын хамт үйл үгийн үгийг захирч байгаа холбоо, арга хэрэглүүр, хэв маягийг өгүүлбэрзүйн хүрээнд хамтад нь анхааран судалж, захирах тогтолцоог хэлзүй /үгзүй, өгүүлбэрзүй/-н төвшинд авч үзсэн болно. Нөгөө талаас ерөнхий хэл шинжлэл болон түүний бүрэлдэхүүн хэсэг болсон салбаруудад болон монгол хэл судлалын бүтээлд хэлзүйн айг хэрхэн тодорхойлсон байдалтай уялдуулан эх хэлний баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан үйл үгийн захирах тогтолцоо, монгол хэлний үйл үгийн захирах айн талаар горилогч өөрийн санал дүгнэлт, таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд энэ бүхэнд уул судалгааны ажлын шинэлэг тал оршино. Практик ач холбогдол. Уул ганц сэдэвт зохиолд авч үзсэн судалгааны ажлын үр дүнг монгол хэлний хэлзүй /хэлбэр судлал/-н судалгаанд хамруулан их, дээд сургуулийн мэргэжлийн ангид үзэх сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэхүүнд ашиглаж болно хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ орчин цагийн монгол хэлний хэлзүйн системд үйл үгийн гүйцэтгэх үүргийг цаашид улам гүнзгийрүүлэн судлахад горилогчийн боловсруулсан аргазүй, тогтолцоотой бүрдүүлсэн хэрэглэгдэхүүн, зарим шинэлэг санал дүгнэлт, таамаглал ямар нэг хэмжээгээр тус дөхөм болно. Мөн үйл үгийн хэлзүйн ба хэлзүйн бус холбоог танин мэдэж эзэмшсэнээр үгийг зөв хэлбэржүүлэх, үйл үгийн захирах холбоог зөрчсөн аливаа алдаанаас урьдчилан сэргийлэх, утга зохиолын хэм хэмжээний дагуу зөв найруулах, эх хэлээ улам бүр гүнзгийрүүлэн судлах, манай орны нийт иргэдийн хэлзүйн сэтгэлгээг цаашид улам гүнзгийрүүлэхэд ч нэгэн адил зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Энэ бүхэнд уул ганц сэдэвт зохиолын практик ач холбогдол оршино. Дүгнэлт: Залгамал бүтэцтэй хэлний бүлэгт хамаарагдах монгол хэлний бүрэн хэлбэржсэн үгийг үгийн бүтцийн төвшинд авч үзвэл, бүтээврүүд нь тогтсон байртай байдгийн адил монгол хэлний бүтэц өгүүлбэрийн гишүүд харьцангуй тогтсон дараалалтай, дагуул, цөмийн харьцааны үүднээс авч үзвэл, үйл үг, өгүүлбэрийн төгсгөлд байрлаж, цөмийн үүрэг гүйцэтгэн өмнөх а. үг, б. өгүүлбэрээ шууд ба шууд бус /дам/ захирч, хэлний бүтэц тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг; Үйл үг, үгийг захирахдаа тухайн үйл үгийн тусах, эс тусах чанар, идэвхтэй, идэвхгүй шинж, мөн үйл үгийн захирах холбоог өөрчилдөг бүтээврүүд зэргээс шалтгаалан 1.1 үйл үг, үгийг захирах /1.1.1. үйл үг, үгийг үндсээр хамжуулан шууд захирах, 1.1.2 үйл үг, үгийг холбох нөхцөл болон холбох үгээр найруулан захирах/, 1.2. үйл үг, үгийг шууд бус захирах /1.2.1. үйл үг, үгийг холбоо үг /чөлөөт бус/-ээр дамжуулан шууд бус захирах/ гэсэн харилцан эсрэгцсэн боловч нөхөх, үл нөхөх байрлалын зарчмын үүднээс авч үзвэл, үүрэг буюу харьцаа заах шинжээрээ харилцан бие биеэ нөхсөн шинжтэй дэд тогтолцоог үүсгэж байна; Монгол хэлний үйл үгийн захирах холбоо, захирах чадварыг нарийвчлан судалснаар үг, өгүүлбэрийг зөв хэлбэржүүлж, үйл үгийн захирах холбоог зөрчсөн алдаанаас урьдчилан сэргийлж, үүгээрээ зөв найруулан бичих чадвар, дадал эзэмших боломжтой болох бөгөөд утга зохиолын хэлний хэм хэмжээг улам төгөлдөржүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642