Монгол Түүхэн Домог Дахь Бодит Үнэн, Уран Сэтгэмжийн Харьцаа


П.Хишигбаяр
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 1165
Хамгаалсан он: 2000

Судалгааны зорилго: “Монгол түүхэн домог дахь бодит үнэн, уран сэтгэмжийн харьцаа” бүтээлд түүхэн баримт, уран сэтгэмжийн харьцааны асуудлыг анхлан судлах зорилт, тэдгээрийн систем тогтолцоог тогтоох зорилго тавьсан. Түүхэн домог зөвхөн баримтаас эх авсан үнэнээсээ нэмэгдэж хасагдаж хөгжсөнгүй, уран сэтгэмжээр хөглөгдөн цогцолбор системийг бий болгож, уг сурвалж, туурвил зүйн хэв маягийг бүрэлдүүлсэн гэдгийг батлан харуулахад чиглэж: – түүхэн домог зохиогдох эхний шат, тэр үеийн нийгэм улс төрийн байдал сэтгэлгээний хэв маяг нөлөөлсөн үү, -түүх бүр баримт, баримт бүр домог болох уу?, -домог зүйн сэтгэлгээ соёлын янз бүрийн хэлбэрүүд үүсэн тогтоход нөлөөлсөн эсэх? Түүнд түүхэн домгийн эзлэх байр ямар байва вэ? -түүхэн домгийн аман ба бичгийн уламжлалын харьцаа, хувилбаруудын тухай? -бодит хүнээс домгийн дүр бүрэлдэн тогтсон болоод, ийм төрлийн дүрийн өвөрмөц онцлог? -түүхэн домог дахь цаг хугацаа ба бодит цаг хугацааны харьцааны асуудал? Домгийн орон зай хэрхэн бүрэлдэх вэ? зэрэг азнгилаа асуудлуудад хариу өгөхийн үүднээс элемент, дүрслэл, системийн түвшинд судалгаа хийх зорилго тавьсан юм. Судалгааны шинэлэг тал: Энэ ажил аман зохиолын нэг төрөл зүйлийг тухайлбал, домгийн төрлийг түүнээсээ түүхэн домгийг зүйлчлэн сонгож авснаараа аман зохиол дахь төрөл зүйлийн судалгаанд шинэ ажил болсон төдийгүй түүхэн баримтаас эхтэй хууч яриа, аман түүхээс цаг хугацааны явцад уран сэтгэмжлэгдсэн түүхэн домог бүрэлдэн тогтож, түүх уран сэтгэмжийн харьцаа үүсэн, улмаар аман зохиол соёлын нэг хэлбэр болон хөгжиж, өвөрмөц шинж бүхий домгийн дүрийг бий болгосныг нээн харуулснаараа шинэлэг юм. Судалгааны практик ач холбогдол: Монгол аман зохиолын төрөл зүйлийг сонгон бодит үнэн, уран сэтгэмж тэдгээрийн харьцаанд нь системтэй судлах болсон ажлын шинжлэх ухааны практик ач холбогдол нь: -аман зохиол судлалын цаашдын хөгжилд нэмэрлэх шинэ арга санааг дэвшүүлсэн, -аман зохиолын судалгааг баяжуулсан, -судалгааны үр дүн, дүгнэлтүүдийг цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг бий болгосон, -мэргэжлийн байгууллагын ажиллагчид, суралцагчид гарын авлага болгон ашиглаж болно. Иймээс уг ажил нь шинжлэх ухаанд сургалт судалгааны практикийн ач холбогдолтой болно. Дүгнэлт: Монголчуудын домгийн дотроос түүхэн домгийг сонгон авч судалгаа хийсэн болно. Домгийн арвин их хэрэглэгдэхүүн бидний гарт нэгэнт цугларчээ. Цаана нь бас сурвалжлан тэмдэглэх ажил эзнээ хүлээж байна. Хуримтлуулан цуглуулсан хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж, судалгаа хийх нь аман зохиол судлаачдын хувьд нэн чухал зорилт мөн. Бодит үнэн дээр үндэслэгдсэн хууч яриа уран сэтгэмжээр баяжигдан түүхэн домог үүсчээ. Түүхийн баримтат үйл явдал, баатрын тухай өгүүлэхдээ -гол зангилаа хэсэгт нь уран сэтгэмж оруулсан, бүхэлд нь хийсвэрлэн уран сэтгэмжилсэн байдлаар түүхэн домог бүрэлдэн тогтсон байна. Түүхэн домог бүр түүхэн үндэстэй ба түүнийг түүхэн хүн, газар зэргийг болон домгуудыг агуулга сэдвээр нь тухайн цаг үе, түүхийн сурвалж мэдээ сэлттэй харьцуулан жиших замаар баталж болох юм. Энэ утгаар нь авч үзвэл түүхэн домог нь аман зохиолын төдийгүй түүхийн чухал хэрэглэгдэхүүн юм. Түүхэн сурвалж зохиолуудын хэлбэр агуулгаас үзвэл XYII зууныг хүртэл түүх домог хоёр бие биеэсээ салаагүй, нэгдмэл хэлбэртэй байсан байна. Түүхэн домог бол бодит үнэн уран сэтгэмжийн нийлбэр цогц, домгийн төрөл зүйлийн биеэ даасан зүйл мөн.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642