Бээжин Их Сургуулийн Профессор Монгол Эрдэмтэн Чулуу Багшийн Судлан Бүтээсэн Бичил Цахилгаан Станц


7-8 килограмм жинтэй уг лити зайг дүүрэн цэнэглэвэл 2 хоногт нэг айлын гэрэл, телевиз, хоол унд, халаагуурыг бүрэн ажилуулж чадна.

ХОУР-гийн сурвалжлагч 2-р сарын 11-ний өдөр Бээжин хотын Чанпин дүүрэгт амьдардаг Бээжингийн Их сургуулийн профессор, монгол эрдэмтэн Чулуу багштай уулзаж ярилцсан юм. Ярилцлаганы маань гол зорилго бол түүний өөрөө судлан бүтээсэн “Лити” батарей, цахилгаан гаргагч бичил станц зэрэг сонирхолтой бүтээлүүдтэй танилцах явдал байлаа.

Чулуу багшийн монгол гэрт нь зочилж, лити зайг орчин үеийн монгол айл хэрхэн хэрэглэж байгаатай танилцав.

Чулуу багшийн бүтээсэн “лити” батарейг 2008 оны Бээжингийн Олимпын наадам, Шанхайн дэлхийн яармагийн үеэр авто машинд ашиглаж байжээ.Түүний энэ бүтээлд улсын болон Бээжин хотын зүгээс олон шагнал урамшил хүртээжээ.

“Лити” батарейг нар салхины энергиэр цэнэглэж болдог нь цахилгаан түгээгүй хөдөө хээр, өндөрлөг газарт өргөн ашиглах боломжтой гэж Чулуу багш ярьж байлаа. Уг батарей нь 7-8 кг жинтэй бөгөөд 2 хоногийн хугацаанд нэг айлын гэрэл, телевиз, хоол унданд зарцуулах цахилгаанаар бүрэн хангах чадвартай. Дөрвөн лити батарейг нийлүүлж бичил цахилгаан үүсгүүр болгосноор орчин үеийн айлын бүхий л цахилгаан хэрэгслийг ажиллуулахаас гадна ус татах, гагнах, хэрчих зэрэг цахилгаан ихээр шаардагдах ажлыг ч гүйцэтгэх хүчин чадалтай ажээ. Одоо энэ бичил цахилгаан үүсгүүрийг ӨМ-ын үзэмчин, Эрээн зэрэг газрын малчин айлууд хэрэглэж байна. Шиньжян, Хөх Нуур зэрэг газрынхан ч авч хэрэглэхийг сонирхож байгаа гэнэ. Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайд эднийд зочилж энэ бичил цахилгаан үүсгүүртэй танилцсан гэж гэрийн эзэн хуучилж байлаа.

Найруулагч: Сүлдээ

Эх сурвалж: mongol.cri.cn