Гал Голомтын Тухай


Монгол туургатан бүр маш эртнээс галыг хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.

Гал голомт бол аугаа их хүчийг өгдөг төв, гэрийн амин сүнс. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч әрчим харамгүй түгээгдэнэ.

Гал
Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ. Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл билээ. Гал бол хүн төрөлхтний амьдралын тэжээгч зүйл. Өөдлөн бадрахын билэгдлийг галаараа дүрсэлдэг. Тийм ч учраас галыг дээр үеэс эрхэмлэн дээдэлж байжээ.
Балар цагийн хүмүүс түймэр зэргээс гал авч, унтраахгүй гэж өдөр шөнөгүй сахин манаж байх үес өвөг дээдэс маань чулуу хавсарч хомоол умалган гал асаадаг байсан гэж зарим эрдэмтэд бичдэг. Эрт цагийн Монголчууд гал бол амьдрах оршихуйн заяаг тэтгэгч хэмээн дээдэлдэг байсан. Сайн сайхныг дэвжээж, муу муухайг үргээдэг ариун махбод болох галыг хүндэлнэ. Аливааг галд ариусгах нь өргән түгээмэл байв.
Эр хүн галгүй явахыг цээрлэж, хэт цахиураа анд нөхөр мэт үзнэ. Түлээ модгүй болж гал алдахыг ихэд жигшинэ. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж магтаж, гал цоггүй гэж зэмлэнэ. Гал бол өрх гэрийн нэгэн хүндэт гишүүн байдаг тул түүнд ёс төртэй ханддаг.
Галыг бузар булайг үгүй болгодог хэмээн шүтдэг байжээ. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан аж. Энэ тухай XIV зуунд Монголд аялаж явсан Францын иргэн Ви.Де.Рубрукийн тэмдэглэлд “ хаан болон бөө нартай хол ойроос түмэн хүн уулзахаар ирнэ. Хаантай уулзах ч бай, аль ч хүнийг гэрийн үүдэнд байгуулсан хоёр том ариусгах галын дундуур гаргаж оруулдаг” гэжээ. Энэ нь өдгөө ч хэвээр байгаа бөөгийн зан үйл юм. Өөрөөр хэлбэл хүнийг дагасан нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хий уухвар бузар “юм”ыг ариутгаад оруулж байна гэсэн үг. Гэр орондоо бузар дэв, хий муу “юм” орохвий гэсэн хатуу хаалтын зан үйл юм.
Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Галын эзэн онгоныг “Галайхан эх”, “Гал эх”, “Голомт эх”, гэдэг. Тэнгэрийг нь “Эх галын тэнгэр”, Галын охин тэнгэр”, “Галын хатан”, “Галын бурхан” гэх мэтээр олон янзаар нэрлэдэг.

Гал голомт
Гал голомт гэхээр зарим хүн ердөө л гэр орон гэсэн үг гэж бодох юм уу, эсвэл гал түлэхтэй холбон төсөөлдөг. Гэтэл гал голомт гэдэг нь маш өргән ойлголт юм. Тухайн хүний болон гэр орны, хамгийн ойр дотны хүмүүсийн оршихуй, хувь заяатай холбоотой ойлголт.
Монгол хүн гал голомттойгоо салшгүй шүтэн барилдана. Үүнд, гэр орны төдийгүй, улс гэрийн гал голомтыг хамруулж үзэх хэрэгтэй. Гал голомтоо бадраан явж эс чадсан монгол хүн бөхөн бүүдийдэг. Тусгаар тогтнол буюу улс гэрийн гал голомт маань доройтон байх үес монголчууд ч мөн хамтаар унтрах байдалд ордог. Түүхийн олон жишээ үүнийг нотлон харуулсан. Гал голомт бол монгол хүний хамгийн эрхэм нандин хүчин зүйлийн нэг. Түүнд гэрэл дулаан, эрч хүч,сэтгэлийн тэнхээ, хийморь золбоо, амин сүнс цогцлон оршино. Өрх гэрийн голомтод асан бадарч
буй гал нь Тэнгэр өөд тэмүүлэхүйн, эрч хүч, илч дулаантай байхуйн бэлгэдэл юм.
Монгол хүн бүрийн эрхэмээс эрхэмд үздэг хүндэтгэх ёсны нэг нь гал голомтоо хүндэтгэх явдал юм. Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлснээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг. Энэ нь эртний монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.
“Гал голомт” гэдэг үгийн эртний утгыг нягталж үзвэл гал ба голомт гэдэг хоёр үндсэн утгыг хадгалдаг нь ажиглагддаг. “Гал” гэдэг нь өвөг дээдсээс залгамжилж ирсэн гэрийнх нь гал-тулганы галыг зааж, “Голомт” гэдэг үг нь “гол мод” гэсэн утгыг агуулдаг.
Монголчууд овоохой (урц) гэр, өрх гэр, хаан гэрийн гол тулгуур мод, утга нэгтэй. Энэ нь гол /тулгуур/ модны дэргэд цаг агаар сэрүүсч хүйтэрснээс галаа түлдэг болсноос “гал голомт” гэсэн хоршоо үг гарсан гэдэг. Ер нь ч энэ байдал монголын шинэ чулуун зэвсгийн үеийн малтмал (эрүкэн) сууцны үлдэгдлээс тодорхой харагддаг. “Голомт” гэдэг үг галаа оромж сууц, гэрийн голд түлдэг болохоос өмнө гарсан байж магад.
Голомт – галыг хашлагатай тулга, зуух байж голомт болно. Монголчууд гурван хөлт тулга хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ. Битүү юманд гал түлэхийг муу гэдэг байв.
Тулга айл гэрийн аж төрлийг илтгэдэг байсан. Мал сүрэг өсөхөд том тулга тулна. Дээр үед монгол дархны ур чадварыг харуулсан, хээ угалзаар чимэглэсэн том сайхан тулгатай айл олон байжээ. Чинээлэг айл, жасууд аварга том тулга тулж, түүнд зориулж олон ханатай гэр барьдаг байв.
Гал голомтын салшгүй хэсэг нь монгол гэр билээ. Гэр бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, аж төрөл, ёс заншилд нэн нийцсэн сууц юм. Гэрийн тооноор Тэнгэрийн эрч хүч орж ирдэг. Үүд хаалга нь амьдралыг тэтгэгч Наран лугаа хандсан байдаг. Гэрийн төвд тулгат гал бадран дүрэлзэнэ. Бурхан тахил хойморт заларна.
Гал голомт монгол айлын хамгийн эрхэм газар нь байдаг. Галаа голомтны оронд байрлуулсан тул голомт нь гал шатаадаг тулга, түүнээс гарах үнс, цогийг хашсан зах мод, тулгуур багана зэргийг бүхэлд нь нэрлэсэн нэр болжээ. Голомтны зах модыг тэнцүү дөрвөн модоор зах зангидаж хийгээд дотор нь элс шавар асгаж тэгшилдэг учир галын оронд нь ам дөрвөлжин талбай эзэлдэг. Ам дөрвөлжнийг ам бүлийн бат байхын бэлгэдэл, галын бэлгэдэл гэж гойд хүндэлдэг тул голомтын зах хүрээг ирсэн зочин онцгой эрхэмлэн хүндэтгэнэ. Тэр зах дээр гишгэх байтугай, хормойгоо хурааж тунтарч өнгөрдөг.
Өрх айлыг улс гэж үзвэл гал голомт нийслэл нь гэсэн үг. Гал голомтны гол илэрхийлэл болсон тулгыг монгол айл бүр үхэр сүргийн тоогоо мянгад хүргэсэн айлд ган тулга өгдөг, XX зууны эхэн, дунд үед мал сүргээ өсгөсөн өрх аж ахуйтанд төрөөс шагнал болгон ган тулга өгдөг байжээ. Ган тулга өгдөг учир нь тухайн айл өрхөд гал голомт чинь /өнө мөнхөд/ ган болд мэт бадартугай гэсэн бэлэгдэлтэй аж.
“Голомт” гэдэг үг нь амьдрал дээр “Гал голомт” гэсэн утгыг илэрхийлдэг. Харин “гал” гэдэг үг “голомт” гэсэн утгыг багтаадаггүй. Ер нь гал голомт гэдэг нь овог юмуу нэг угсааг залгамжлахыг хэлдэг. Өөрийн голомтыг голцуу хаан эцэг, хатан эхийн голомтын нэг хэсэг гэж үздэг. Энэ нь ялангуяа улс үндэстний хувьд бид нэг гал голомттой, нэгдмэл нэг улс гэсэн санаа. Эцэг хүн хүүдээ эхнэр ав гэж хэлэхдээ “гал голомтоо асаа” гэдэг. Шинэ бэр гэртээ орж ирээд гал голомтоо анхлан асааж, цайгаа чанадаг. Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг.
Айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь эртний заншил юм. Отгон хүүгээ юмуу ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”, “голомт залгах үр”, “гал манах үр” гэхчлэн билэгшээсэн үгийг хэлдэг. “Отхан” гэдэг үгийн от нь эртний Алтай хэлний үг бөгөөд Түрэгээр гал гэсэн утгатай юм. Тиймээс гал голомтоо залгаж, төрсөн орон гэрийг сахин үлдэх хамгийн бага хүүг “отгон хүү” гэж нэрлэдэг нь учиртай юм. Гал голомтыг отгон хүү залгаж авдаг. Хүүгүй бол ач нь залгана. Ач үгүй бол гал дээр гарсан зээ нь гал голомтыг хадгалах ёстой.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж: Монгол ёс заншлын тайлбар толь