Хачин Гайхамшигт Дурсгал Хар Хотоос Илэрлээ


Р.Отгонбаатар (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан)

Сүүлийн үес буюу XX-XXI зууны заагаар бүр тодруулбал шинэ зууны эхээр монгол сурвалж бичгийн судлалаар онцгой ховор хуучин, сонин содон эрт цагийн дурсгал тодорч нэмэгдсээр л байна. Тухайлбал өнгөрсөн зууны эцсээр эртний судлалтан нарын гавъяагаар их хуурай элс манхан нутаг дахь хуучин хот балгадын туурь Дунхуан, Хар хот зэрэг газраас мянгаад жилийн өмнө бүтээсэн үлэмж хэмжээний монгол бичиг соёлын дурсгал илрэв. Үүнийг энэ зууны эхээр олон монголч эрдэмтэн нарын ач хүчээр хэвлэж эхэлсэн юм. Жишээ болгож зөвхөн эртний монгол сурвалж бичгийн холбоотой цөөн номыг дурдахад эрдэмтэн Ёшида Жүничи, Чимэддорж нар удирдан “Хар хотын монгол дурсгалын судалгаа” гэдэг сайхан номыг 2008 онд япон, хятад хэлээр Токио хотноо хэвлэн гаргав. Үүнд эрдэмтэн Ёшида гуайн авъяаслаг хөдөлмөрч шавь нар болон бусад хүмүүс хүчин зүтгэсэн нь уг ном дээр тодхон дурайн харагдана. Бас 2004 онд Бээжин хотод Дунхуаны дурсгал бичиг цувралын II-III ботид монгол дурсгалыг хэвлэн гаргажээ. Манай Монгол улсын их сургуулийн багш асан эрдэмтэн Ё.Жанчивын бүтээл “Дөрвөлжин үсгийн монгол дурсгал ” 2002 онд, “Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд” 2005 онд тус тус Улаанбаатарт хэвлэгдэв. Өвөр Монголын эрдэмтэн Хөгжилт Саруул нар бас Дөрвөлжин үсгийн монгол дурсгалын эмхтгэлийг 2004 онд хятад хэлээр орчуулан Хөх хотод гаргасан байна. Дээрх Дунхуанаас олсон монгол дурсгалт бичгийг тусгайлан судалж эрдмийн зэрэг хүртсэн Баруун хойтын үндэстний их сургуулийн багш Отгон 2010 онд нэгэн чамбай судалгааны бүтээлийг Бээжин хотод хятад хэлээр хэвлэн гаргалаа. Монголын эрдэмтэн Д.Төмөртогоо, шавь Г.Цэцэгдарийн хамт өмнө хэвлэсэн эртний монгол болон дөрвөлжин бичгийн дурсгалыг нэгтгэн Тайваньд 2006, 2010 онд хоёр номыг англи хэлээр латин галиг зурагтай хэвлүүлэв.

Эдгээр номын дотор байгаа жижиг тасархай хуудас, тамтархай хэсгүүдээс маш чухал зүйлийг бидний үеийнхэн мэддэг болж байна. Үүнд Сажа бандида Гунгаажалцаны зохиол Сайн үгт эрдэнийн санг XIII-XIV зууны үед монголчууд ахин дахин монгол хэлээр дөрвөлжин үсгээр хэвлэсэн нь тодорч байна. Учир нь урьд өмнө олдож мэдэгдсэн цөөн тасархай хуудас нь цөм уг номын дэвтэрчилсэн хэвлэлийн хэсэг байсан юм. Харин сүүлд Дунхуанаас олсон нэгэн хоёр тасархай нь сударчилсан хэлбэртэй мөн номын өөр хэвлэл болох нь нэгэнт баттай тодорчээ. Одоо энэ талаар монгол судлалын эрдэмтэд анхаарч Субашидыг тэр эрт цагт хоёр удаа хэвлэснийг мэдэж авлаа. Энэ бол эртний монгол малч нүүдэлч түмний бичиг соёл, ном хэвлэлийн бахдам сайхан түүхийн үнэт өв дурсгал мөн.

Гэтэл үүнээс дутуугүй сонин сайхан шуугиан тарихуйц шагшиж магтаад барамгүй бас нэгэн дөрвөлжин үсгээр монгол хэлээр хэвлэсэн томоохон номын жижигхэн хэсгийг Хар хотын дурсгал дотроос таньж оллоо.

Монголчууд болоод монгол төвд судлалын олон нийтэд олзын дээд болсон эрдэм номын эрхэм мэдээг хүргэн анх удаа түмэнд түгээн зарлаж байна. Тунхаглан зарлаж сүр бадруулах хэрэг юу билээ хэмээн уншигч бодож болох авч бидний мэт монгол хэл бичгийн мэргэжилтний хувьд бол чухам томоохон, ёстой чухал шинэ нээлт мөн болой. Энэ ялдар дөрвөлжин үсгийн өвийн талаар өргөн олон уншигч нартаа цухас тоймлон дурдвал Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосноос хойш 100 орчим жил Монгол их гүрний хэмжээгээр идэвхтэй хэрэглэж байсан бичиг билээ. Хэдий тийм боловч эрт цагийн энэ бичгийн дурсгал баримт эдүгээ нэн ховор хомс ялангуяа монгол хэлээр бичсэн зүйл нь бүр ч цөөн, хэдэн тамга тэмдэг, пайз гэрэг, бусад жижиг хэдхэн үг бүхүй арваад зүйл буй. Харин их монгол улсын удаа дараагийн хаадын дөч орчим чухал зарлиг бичиг нь цаасан хэлбэрээр болон хөшөө чулуунаа үлдэж хоцорсон төдий л юм. Ном судар гэвэл Субашид номын тасархай дөрөв таван ширхэг бас үл мэдэгдэх номын цөөн үгтэй үлтэрхий өнцөг булангийн өөдөс төдий зэрэг болно. Хэдий тийм боловч мянган жилийн өмнөх монгол хэл аялгууг маш сайн тэмдэглэсэн учир хэл бичиг, монгол судлалын мэргэжилтний онцгой анхааралыг татсаар байдаг.

Олз омог болсон жижиг тасархайг хоёр монгол бичмэл эхтэй тулгаж таньсан бөгөөд мөн л Сажа нутгийн эрдэмтэн Пагба лам Лодойжалцаны (1235-1280) зохиосон “Шижээ равсал шэйжайбын данжой” буюу “Мэдэгдэхүүнийг бэлгэтэйеэ гүйгүүлэгч нэрт шастир”-ыг монгол хэлээр, монголын дөрвөлжин үсгээр хэвлэсэн нь илэрхий тодорхой болов. Эл зохиолыг «монголчууд нилээд сайн мэддэг байсан хийгээд монголын түүхийн эрт цагийн зохиолуудад ихээхэн ашиглаж байсан гэж эрдэмтэн судлаач нар үздэг. Харин өмнөх үеийн номч өтгөс, эрдэмт лам нар төвд эхээр нь гол төлөв уншиж ашигладаг байсан хийгээд товч нэрээр нь “Шижээравсал буюу Мэдэгдэхүүнийг сайтар тодруулагч, Мэдэгдэхүүнийг машид гийгүүлэгч” хэмээн орчуулж хэлэлцдэг монгол нутагт ихэд алдаршсан номын нэг билээ.

Уг номын төвд эх Пагва лам Лодойжалцаны сүмбүм эмхтгэлийн эн тэргүүн номоор дэглэгдэн бар хэвд гарсан байдаг.

Энэхүү эрхэм чухал зохиолыг “Их аймаг сав” буюу “Гурван аймаг савын” номын дэлгэр цоморлигт Пагва ламын шавийн хятад орчуулгаар хэвлэсэн нь багтан оржээ. Эл чухаг номыг эрдэмтэн лам нар, үе үеийн монголын түүхчид, бичгийн хүмүүс төвд монгол хэлээр байдгийг нэлээд мэддэг ашигладаг байсан боловч эгэл жирийн бичигтэн хүмүүс, энгийн ард олон Субашид адил сайн танилцаагүй гэдэг нь тодорхой.

Одоо тулган тохируулсан хоёр монгол бичмэл орчуулгын эхийг товч танилцуулбал нэг нь миний гарт буй маш эртний бололтой эх бичиг, нөгөө нь Петербургийн их сургуулийн номын санд байгаа хожуу үеийн хуулбарыг япон улсад хэвлэсэн ном болно. Дээр дурдсан нөгөө эхийг хэвлүүлсэн оросын эрдэмтэн В. Л. Успенский хуулбараа XVIII зууны эхэн үеийнх боловч уугуул эх бичиг нь лав Юан улсын үеийн байдалтай гэж зөв таамаг дэвшүүлэн дүгнэсэн юм. Би ч өөрт байгаа гар бичмэлээ хэвлэсэн бичмэлээс илүү хуучин нэлээн эртний хуулбар гэж баттай итгэх боловч чухам яг аль үеийн бичмэл хуулбар болохыг нарийн тодорхойлоход хэцүү байв. Чингээд уул номын Чойжи-одсэр орчуулсан гэдэг мэдээг олсон хүн тул Олон сүм, Дунхуан болон Хар хот, Турфаны цуглуулгын дунд хайгуулдсаар аз амны хишиг ийнхүү ивээлээ. Миний бие 2000-2001 онд Бонн хотын их сургуульд жил гаруй хугацаанаа Хар бухын балгаснаас олсон үйсэн дурсгалын үйрмэг дээр ажилласан юм. Тэр үед хэд хэдэн номын ийм төлевийн хэсэг бусаг тасархайг Ганжуурын зарим боть, Турфан болон Олон сүм зэрэг нутгийн ном судрын үлдэцтэй тулган тодруулж зарим нэгэн номыг таньсан билээ. Түүнээс хойш эрт цагийн ховордуу гоочтой номыг хааяахан гүймэг боловч дээрх мэт ном судартай үе үе тулган харах зантай болсон минь олигтой олз омогт хүрдэггүй байлаа. Энэ удаа зол заяагаар эртний монгол ном судрын эрдэнэсийн далайгаас ихээхэн том хэмжээтэй шүр сувдыг илрүүлэн гаргав. Учир нь уул уранхай хуудас, хэдэн жилийн өмнө хөдөө нутгаас олж нандигнан хадгалсан ном хоёр маань шүр сувд адил шүтэн барилдлагатай буюу.

Одоо бол эдгээр эх бичиг бие биесээ тэтгэн дэмжсэн мэт баталгаа болж эртний орчуулга гэдэг нь илэрхий тодорхой боллоо. Бүр цаашилбал бараг богд Чойжи-одсэрийн орчуулга мөн биз гэхэд хол алдахгүй хэмээн итгэн найдаж байна. Чухам хаан хүү Чингим (1243-1286) чухалчлан дурдаж зохиолгоод даруйд нь хамгийн шилдэг орчуулагч хэлмэрчээр орчуулган хөрвүүлээд тухайн үед их гүрэн даяар хэрэглэхээр зарлиг болсон монголын дөрвөлжин үсгээр мөнхүү монгол хэлээр барлан хэвлэжээ. Энэ бол дөрвөлжин үсгийн хувьд төдийгүй монгол хэл бичиг утга зохиолын хувиасаа ч эрхэм чухаг дурсгал мөн бөгөөд эдүгээ бодтой илрэн мэдэгдсэн бүх дөрвөлжин үсгийн ном бичгээс хэмжээгээр хамгийн том Их Юан улсын бичгийн монгол дурсгал мөн болой. Ийнхүү алга дарам цааснаа үлдсэн арван хэдэн үг асар чухаг мэдээг монголын соёлд нэмэрлэж буй нь юутай ч зүйрлэж жишимгүй гайхам сайхан хэрэг билээ. Энэ номын нийт үг үсгийн тоо ширхэг, үлдэж олдсон ганц хуудсын үндсэн хэмжээгээр нарийн нягт тооцоолон үзэхэд монгол модон барын ганжуур данжуурын хэмжээтэй дармалсан лугаа адил ойролцоо буюу төө өргөн тохой урт, уламжлалаар дөрөвт барын их хөлгөн судрын жишигтэй зуу гаруй хуудас дөрвөлжин үсгийн томоохон номыг монгол хэлээр хэвлэн гаргасан нь машид тодорхой лавтайяа мэдэгдэж байна.

Хар хотоос олдсон дөрвөлжин үсгийн тасархай нь ердөө л найман мөрөөс зургаан мөрийн дээд хэсэг бүрэн, доод хэсэг алаг цоог дутуу бөгөөд бүтэн 14 буюу 15 үт уншиж болохуйц тул хэвлэсэн эрдэмтэд үсгийн галиг, үгийн орчуулга хийсэн буй. Чухам ямар номын хэсэг болохыг хараахан таньж тодорхойлж чадаагүй билээ. Одоо нэгэнт монгол эхтэй болсон учир хоёр хажуу дахь үсгийн үлдцийг ч сэргээн унших бололцоотой боллоо. Таньж олсон тасархайг тохирох хэсэгтэй тулган мөргүүлж дармал бичмэлийн ялгалаар үзүүлбээс:

 1.    … лу,-су                         (ни)…

(бо)лбасу                       нигэн бэрэ болуйу.

2. ү-ли-гэ-ри-йэр              са-ба                йэр-тин-зү ки

 үлигэр-ийэр                   саба                йиртинчү ки

3. эд а-ми-та-ну бэ-йэ-сун ча-ги гэд амитан-у бэйэс-үн чаг-и

4. чаг-лан ү-лиг-дэ-йү са-ба [йэр-тин ] чаглан үлигэртэйү. саба йиртин

5. зү бү-тү-кү-йин шил-т,а,а(н и-нү) чү бүтүкү-йин силтаган инү

6. тэн-дэ тө-рөг-чин а(-ми-та-ну хам) тэндэ төрүгчид амитан-у хам

7. ту үй-лэ-дүг-сэн ж(а-йи-ну эр-кэ) my үйлэдүгсэн ж(айиган-у эркэ)

8. бэр бү(тү-йү). б…бэр бүтүйү. бүтүкү-йин йосун … гэх мэт.

Үүнийг одоогийн бичлэгээр буулгавал: … цагт болбоос нэгэн бээр болъюу. Эд үлгэрээр сав ертөнц хийгээд амьтны биесийн цагийг цаглан үлгэртьюү. Сав ертөнц бүтэхийн шалтгаан нь тэнд төрөгчид амьтны хамт үйлдсэн заяаны эрхээр бүтъюү. Бүтэхийн ёсон нь … гэх мэт үгс бүхий өгүүлбэрүүд болой.

Ийнхүү тулгахад үгийн зөрүү байхгүй, үсгийн зөрүү цөөн байгаа нь уг дөрвөлжин бичгийн хийгээд монгол бичгийн тогтсон дүрмийн онцлогоос болсон хэрэг.

Цаашилбал Пагба лам Лодойжалцан Хубилай хааны зарлигаар 1269 онд Дөрвөлжин үсэг зохиож, мөн хааны хүү Чингим дуртгаснаар 1278 онд “Мэдэгдэхүүнийг бэлэгтэйеэ гийгүүлэгч нэрт шастир” туурвисан юм. Дахин тодруулахад энэхүү номыг туурвисан даруйд нь богд Чойжи-одсэр бандида монгол хэлээр орчуулсан бололтой. Уг номыг чингэж зохиосон даруйд нь орчуулсан төдийгүй мөнхүү орчуулгаа бас модон бараар дөрвөлжин үсгээр хэвлэжээ.

Ер нь Сажа ёсныг үндэслэгч дээд үеийн таван бандида нарын дотроос Сажа бандида Гунгаажалцан, түүний төрсөн дүүгийн хүү Пагва лам Лодойжалцан нар нь манай монголчуудтай онцгой учир холбоотой хаан хийгээд төр улсад үлэмж нөлөөтэй аж төрсөн юм. Учир нь энэ хоёр эрдэмтэй ламтныг ихэс дээдэс эзэн хаан удаа дараа багшаар залж ном номлуулан хаан хүү, хатад түшмэл олноо шавь оруулсан билээ. Иймээс ч хаан хүү Чингим онцгойлон дурдаж зохиолгосон “Мэдэгдэхүүнийг бэлгэтэйеэ гийгүүлэгч нэрт шастир” бол эртний энэтхэгийн зарим зохиолыг ашиглан уламжлалт бурханы шашны ёсоор сав ертөнц тогтсон хийгээд шим амьтан үүссэн, энэтхэг, төвд, монголын хаадын үе залгамж, зургаан зүйл амьтан түүний жаргал зовлонгийн тухай зэргийг дэлгэр номлосон багагүй хэмжээний таван бүлэгтэй ном билээ. Багцаалаан баримжаатайгаар хэлэхэд Субашидаас хувь илүү том хэмжээтэй ном юм. Энэ ном 1278 онд зохиогдсон тул Чингис хаанаас Өгөөдэй, Гүеэг, Тулуй, Мөнх, Хубилай, Чингим хүртэл монголын дээдэс хаадын удам угсаа нэрс нь номын тэг дундаас жаахан өнгөрөөд гардаг. Энэ бол төвд хэлт элдэв утга зохиолын дотор Монгол хаадын гарал нэрийн тухай багтаан бичсэн түүчээ буюу түрүүчийн зохиолын нэгэн мөн болно. Энэхүү Сажа нутгийн хоёр эрдэмт ламын хоёр чухал зохиолыг туурвисан даруйд нь шахам бололтой богд Чойжи-одсэр монгол хэлнээ орчуулсан тухай мэдээтэй Сономгарагийн төгсгөлийн үг бүхий 150 мөр шүлгийг 2008 онд Москва хотноо орос хэлээр хэвлэсэн Ц. Дамдинсүрэн багшийн 100 жилийн ойн дурсгалын номд миний бие нийтлүүлсэн билээ.

 Уул дөрвөлжин үсгийн тасархай нь хоёр монгол бичмэл эхийн хоёрдугаар хуудаснаа тохиож байна. Энэ нь уламжлал ёсоор ном зохиол туурвих дэгийн дагуу уг номын олон хэлээрх нэр, тахил мөргөл, зохиох номлохын андгай зорилго, түүний газрын хуваарь


тасалбар буюу хэсэг бүлгийн тоо хэмжээ өнгөрөөд бодит гол номлол эхлээд нилээд бичсэний дараахан гэсэн үг. Уг сэдвийг улмаар гүнзгийрүүлэн нягталж эх бичгийн зураг, латин галигтай эрдэм шинжилгээний тусгай өгүүлэл бичсэнээ ойрын үед аль нэгэн судалгааны цуврал бичигт нийтлүүлэх болно.

Их бичгийн хүн эрдэмтэн Ц.Дамдинсүрэн багшийнхаа бараг нэгэн жарны өмнө Субашид номын ийм тасархайг 1911 онд анх хэвлэсэн Рамстед, монгол эхийг нь олж 1948 онд нийтэлсэн Лигети, 1952 онд таньж судалсан Аалто зэрэг гадаадын монголч эрдэмтэн нөхдөдөө талархсан үгийн зарим хэсгийг эцсийн дүгнэлт болгоход онц тохиромжтой тул сүүлийн хоёр зүйлийг хуулж бичсүгэй.

… 4. Олон газрын эрдэмтэн нар монгол хэл бичгийг хамтран судалж байгаа ариун сайхан ажлын ач үр тодорч байна.

 5. Ганц уранхай хуудас, монгол хэл бичгийн судлалд ийм чухал ачтай болсныг бодож хуучин ном бичгийг хайрлан хамгаалахын чухлыг улам сайнаар бид ойлгож авч байна.