“Монголын Орчин Үеийн Уран Зохиолын Түүх-Iv” (1980-2000). Хамтын Бүтээл. Редактор С.байгалсайхан.


img_resizer.php

С.Байгалсайхан, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр, С.Хөвсгөл, Ш.Баттөр, Л.Хүрэлбаатар, Б.Баярмаа “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV” (1980-2000). Хамтын бүтээл. Редактор С.Байгалсайхан. Уб., ISBN-978-99929-5095-1. 2014 он

Тус бүтээлд 1980-2000 оны буюу монгол орны нийгмийн шилжилтийн үеийн гоо зүй, уран сайхны түвшин хэрхэн илэрснийг нийгмийн үзэл санааны өөрчлөл, шинэчлэлт ба өрнө хийгээд дорнын орчин үеийн үзэл ухамсрын нөлөөлөл монголын уран зохиолд хэрхэн биелэлээ олсныг нэгтгэн үнэлж дүгнэснээрээ Монгол улсын соёлын түүхэнд чухал хувь нэмэр оруулсан бүтээл болов.

 ХХ зууны уран зохиолын тухайд хамгийн бага судлагдсан 1980, 1990-ээд оны утга зохиолын онол гоо зүйн сэтгэлгээг тодруулан, шинэ урсгал чиглэл, арга, ил далд санаа бүхий бүтээлүүдийн тухай анх удаа задлан шинжилж, тайлбарласнаараа шинэлэг талтай болсон юм. Энэ үүднээсээ мэргэжлийн ангийн оюутан хийгээд багш нар, мөн утга зохиол сонирхон судлагч нарт гарын авлага болохуйц суурь бүтээл болсон гэж үзэж болно.

Эл бүтээл гарснаар XIII зуунаас ХХ зуун дуустал үеийн монголын утга соёлын түүх иж бүрэн болж байна. Тодруулбал XIII зуунаас ХIХ зуун дуусталх үеийн монгол утга зохиолын түүхийг 1957 оноос 1987 он хүртэлх хугацаанд 3 ботиор, ХХ зууны монгол утга зохиолын хөгжлийн түүхийг 1985-2014 он хүртэлх хугацаанд 4 ботиор бичиж дуусгажээ.     Үүнд энэ бүтээлийн түүхэн ач холбогдол оршино.

Тус номын “Өгүүллэг”, “Жагдалын Лхагва”, “Тууж”, “Лхамсүрэнгийн Хүрэлбаатар” сэдвүүдийг доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, “Яруу найраг”, “Дөнгөтийн Цоодол”, “Бавуугийн Лхагвасүрэн”, “Очирбатын Дашбалбар”, “Данзангийн Нямсүрэн” зэрэг сэдвүүдийг доктор (Ph.D), профессор Д.Сумъяа, “Далхаагийн Норов”, “Роман”, “Жигжидийн Бямба”, “Дамбын Төрбат” “Судлал, шүүмжлэл”, “Хорлоогийн Сампилдэндэв” сэдвүүдийг доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, “”Далантайн Цэрэнсодном-ыг Л.Хүрэлбаатар, Жүжгийн зохиол”-ыг доктор (Sc.D), профессор С.Хөвсгөл, “Монголын реалист бус чиг хандлагатай уран зохиол”-ыг доктор (Ph.D) Ш.Баттөр, “Тэмдэглэлт явдлын товчоон”-ыг Б.Баярмаа нар тус тус гүйцэтгэлээ.