“монголын Орчин Үеийн Уран Зохиолын Түүх – Iv” Номын Нээлт Боллоо


2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний танхимд “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” номын IV ботийн нээлт боллоо. Энэ үйл ажиллагаанд ШУА-ийн ХЗХ-ийн хамт олноос гадна Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Нямаа, П.Бадарч тэргүүтэн зохиолч, яруу найрагчид, утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар, С.Дулам, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Д.Цэдэв тэргүүт эрдэмтэн, судлаачид өргөнөөр ирж оролцлоо.

Нээлтийн үгийг ХЗХ-ийн захирал академич Л.Болд хэлсэн бөгөөд Монголын уран зохиолын түүх бичлэг тасалдаж буй өнөө цагийн шаардлагыг хангасан чухал бүтээл болохыг онцлон тэмдэглэж байв.

Номын танилцуулгыг ХЗХ-ийн Утга зохиолын секторын эрхлэгч профессор С.Байгалсайхан хийсэн бөгөөд “Монголын уран зохиолын түүх”-ийн өмнөх ботиуд, тэдгээрийн онцлог хийгээд уг IV ботийн агуулга, онцлогийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Үүний дараа Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Нямаа тэргүүтэн зохиолч, эрдэмтэд уг номын талаарх өөрсдийн бодлоо хэлж, улмаар уг номын талаар дэлгэрэнгүй яриаг ирсэн зочид өрнүүлсэн юм. Ямартаа ч чухам цаг үеийн шаардлагад зүй ёсоор нийцсэн Монголын орчин үеийн уран зохиолын нэгэн шинэ түүх ийн мэндэллээ.