Чингис Хааны Өв


 chingiskhaanuv

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын Үндэсний музей “Чингис хааны өв” каталогийг эрхлэн хэвлүүлсэн юм. Тус бүтээлийг зохиоход Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологи, хэл соёлын талаар олон жил судалгаа хийсэн Монголын 16 эрдэмтэн оролцож, доктор С.Чулуун, Ж.Саруулбуян, Ц.Цэрэндорж нар хянан тохиолдуулж, хэвлэлийн эхийг дизайнер Б.Эрдэнэсайхан бэлтгэж олны хүртээл болгож байна. “Чингис хааны өв” каталоги нь “Чингис хааны өвөг дээдэс”, “Чингисийн эзэнт гүрэн”, “Чингис хааны өв”, “Чингис хаан ба утга соёл”, “Чингис хаан ба өнөөгийн Монгол орон” гэсэн 5 бүлэг, 25 сэдвээс бүрдэнэ.

“Чингис хааны өвөг дээдэс” бүлэгт: Монгол төрийн үүсэл, хөгжил, уламжлал ба залгамж чанарыг Хүннүгээс Монголын үе хүртэл түүхчлэн харуулж, Чингисийн эзэнт гүрэн бол оргүй хоосноос буй болсон бус, Төв Азийн нүүдэлчдийн анхны төр улс болох Хүннү гүрнээс угшилтай бөгөөд тэрхүү төр ёсны уламжлал тасралтгүй үргэлжилсээр XIII зууны монголчуудтай холбогддог гэдгийг түүх, археологийн ухааны үүднээс нотлон харуулахыг оролдсон юм. Энэхүү бичвэрээ уншигчдад ойлгомжтой болгох үүднээс чулуун зэвсгийн үеэс эхлэн Хүннүгийн үеийг хамарсан олдвор хэрэглэгдэхүүн, малтлагын зураг, Монголын эртний улсуудын газрын зураг, бүдүүвч зураг зэргийг хавсаргажээ.

“Чингис хааны эзэнт гүрэн” бүлэгт: Чингис хаан ба Их Монгол улс, Монголын эзэнт гүрнийг бүрдүүлэгч Их Юань улс, Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улсын түүх, монгол цэргийн урлагийн талаар хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд эзэнт гүрний газрын зураг, “Монголын нууц товчоон”-д гардаг, түүхэн газар усны гэрэл зураг, Монгол төрийн зохион байгуулалтын бүдүүвч зураг, төрийн тамга, гэрэгэ, хар, цагаан сүлд, монгол хаадын угсаа залгамжлалыг харуулсан угийн бичиг, зоос мөнгөн тэмдэгт, гол түүхэн дурсгалт газар ба олдворын гэрэл зураг, перс номын чимэглэл болон бусад уран зургийг түлхүү оруулж, судлаачид төдийгүй жирийн уншигчдад ойлгомжтой болгохыг оролдсон байна.

“Чингис хааны өв” бүлэгт: Монголын эзэнт гүрний үеийн томоохон археологийн дурсгалууд болох хот суурин (Хархорум, Их Ауруг орд гэх мэт), булш оршуулга, хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар дэлгэрэнгүй өгүүлэхдээ тэдгээр дурсгалын тархац, хүн чулуу, малтлагаар илэрч олдсон ховор нандин олдворуудаас дээжлэн оруулжээ.

Түүнчлэн өгүүлэн буй үеийн монголчуудын хувцас зүүсгэл, гэзэг үсний тухай тусгайлан өгүүлж, тухайн сэдэвт холбогдох биет олдвор, хүн чулуу, уран зураг, сурвалжийн мэдээ, перс номын чимэглэл зэрэг олон зүйлийн сурвалж хэрэглэгдэхүүнд тулгуурлан тайлбарласан байна.

Мөн “Чингис хааны хүлэг морьд” сэдвийг чимэглэл зураг, морины тоног хэрэгслэл сэлтээр чимэглэж, монгол цэргийн зэр зэвсгийн тухай сэдвийг цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, хуяг дуулга, персийн миниатюр зураг зэрэг олон янзын уг сурвалжаар тодотгон харуулжээ.

“Чингис хаан ба утга соёл” бүлэгт: Монголчуудын гүн ухаан, сэтгэлгээний хөгжил, монголчуудын бичиг үсгийн товчоон, монгол бичиг түүний дурсгалууд, Монголын түүхийн тулгуур сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы талаарх сүүлийн үеийн судалгааны ололтыг түлхүү оруулж, бичгийн гол дурсгал, захидал, гэрэлт хөшөө, ном судар сэлтийн зургийг дэлгэрэнгүй тайлбар, шинэ уншилтын хамт хавсаргасан байна.

“Чингис хаан ба өнөөгийн Монгол улс” бүлэгт: Чингис хааны талаарх өнөөгийн монголчуудын үзэл бодол хийгээд үзэл суртлын хүлээсэнд байсан социалист нийгмийн үед ч монголчууд их хаанаа марталгүйгээр дээдлэн хүндэтгэж, бишрэн шүтэж байсан тухай өгүүлээд, Чингис хааны талаар сүүлийн зуун жилд монголчуудын гаргасан ном зохиол, туурвисан урлагийн бүтээл, уран зураг, хөшөө дурсгалыг мөнхүү багтаажээ.

“Чингис хааны өв” каталогид орсон 16 эрдэмтний өгүүллийг 8 газрын зураг, 36 газрын малтлагын болон дэвсгэр зураг, 25 ханын зураг, 19 уран зураг, 18 хөшөө дурсгал, 1 хадны зураг, Монголын Үндэсний Музей, МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 294 олдвор хэрэглэгдэхүүн, 9 түүхэн дурсгалт газрын гэрэл зураг болон 16 зургаар чимэглэн, 320 талтайгаар, монгол хэлээр хэвлүүлсэн байна.

Тус бүтээл нь Монголын түүх, соёлын чиглэлээр олон жил судалгаа хийсэн манай үндэсний эрдэмтдийн бие даан гаргасан Чингис хааны талаарх анхны каталоги болж байгаагаараа Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, соёлыг дэлхий дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулж, хойшид гарах ийм бүтээлийн үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Ц.Цэрэндорж