Лигдэнхутагт Хааны Намтар, Нийгэм Улс Төрийн Үйл Ажиллагаа


Ц.Энхээ
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 2276
Хамгаалсан он: 2008

Ерөнхий үндэслэл, гурван бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн бүтэцтэй 152 тал нүүр бүхий зохиол болно. Лигдэн хааны намтар, үйл ажиллагааг нэгтгэн судалсны дүнд XVII зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шашин, соёлын төлөв байдал хийгээд Монголын сүүлчийн их хааны нийгэм, улс төрийн бодлого үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэж байна. Үүнд: Нэгдүгээрт: Лигдэн хаан өөрийн шууд эзэмшлийн Цахар түмэнд засаг захиргаа, цэрэг улс төр, эдийн засгийн талаар шинэчлэлт хийж, найман отог Цахар түмнийг Баруун, Зүүн түмэнд хувааж, засаг захиргааны нарийн чанд хуваарь тогтоон, “Авга хар” нэрт ууланд Монгол улсын нийслэл Цагаан хотыг цогцлоон цэрэг зэвсгээ бататган бэхжүүлж чадсан нь монголчуудын эв нэгдэлд эерэг нөлөө үзүүлсэн байна. Хоёрдугаарт: Бурхны шашныг дэлгэрүүлж, үзэмжит гоёмсог сүм хийд байгуулан, хөлгөн судруудыг орчуулж барлан түгээсний дүнд Монголын Бурхны шашны төв Цахарт шилжин, Цахар түмэн ихээхэн хүчирхэгжиж, их хааны нэр хүнд богино хугацаанд багагүй сэргэж ирсэн. Энэ нь тархай бутархай монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гуравдугаарт: Түүний улс төрийн бодлого эхэн үедээ тайван замаар бүх монголчуудаа нэгтгэхийг хичээж байсан боловч хөрш зэргэлдээ шинээр байгуулагдсан Хойд Алтан улс Монголын зарим аймгийн ноёдыг элдвээр ятгаж өөртөө урвуулан татах болсны уршгаар Лигдэн хаан цэрэг зэвсэг агсан хүч хэрэглэж, дайчин төрөөр улс орноо нэгтгэх, тусгаар тогтнолоо хамгаалах замыг сонгон авахад хүргэжээ. Дөрөвдүгээрт: Лигдэн хаан Мин улстай холбоо тогтоож, Алтан улсын эсрэг тэмцсэн нь Мин улсыг эзэрхийлэх Нурхачийн төлөвлөгөөнд ихээхэн саад учруулж, Манж нарын цохилтын хүчийг өөртөө татах, улмаар Зүрчидүүд Монголыг хамгийн аюултай дайсан хэмээн үзэж Лигдэнгийн эсрэг тусгай төлөвлөгөө, бодлого хэрэгжүүлэхэд хүргэжээ. Тавдугаарт: Лигдэн хаан Хойд Алтан улсын аюул нэгэнт тодорхой болсон үед Мин улстай холбоо тогтоохдоо хамтын хүчээр харийн дайралтыг сэргийлэхийн оронд Мин улсаас эдийн засгийн тусламж авахыг гол болгож, зарим үед ялимгүй шалтаг шалтгаанаар холбоотноо довтлон түйвээж итгэл алдаж байв. Мөн буддын шашин Монгол оронд өргөнөөр дэлгэрэх хандлагатай болоод байсан үед Түвэдийн дотор өрнөсөн шашны дотоод дахь улаан, шарын тэмцэлд улааны шашныг дэмжих болсноор шашин төрийн зарим нэртэй зүтгэлтнүүд, ард олныг өөрөөсөө хөндийрүүлж, Зүрчидүүдэд аятай нөхцөл бий болгосон юм. Зургаадугаарт: Монголын Харчин, Түмэд болон өөрийнх нь шууд эзэмшлийн Үзэмчин, Хуучид, Сөнид зэрэг аймгууд ч Лигдэн хааны захиргаанаас гарч, Хойд Алтан улсад дагаар орж, Ар Халх руу шилжиж байсныг “Лигдэн хутагт хааны ёсгүйн учир”- аас болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг нь тэдгээр зохиол туурвигчдын ихэнх нь тухайн цагийн өнгө аяст зохицож, Чин гүрний хаадыг магтан сайшаах чиг шугамыг барьж байсантай холбоотой юм. Тэд Зүрчидийн дайсагналыг туйлаас эсэргүүцэж байсан Лигдэн хааныг эсэн бусаар өөнтөглөхийн сацуу бурхны шашны зөвхөн шарын урсгалыг дээдлэн сүслэгчид байсны улмаас түүхийн бодит үнэнийг санаатай болоод санамсаргүйгээр гажуудуулах болсон байна. Долоодугаарт: Нөгөөтэйгүүр Лигдэн хутагт хаан ширээнд заларч байх үед Монголын улс төр хямрах болсон шалтгаан нь зарим судлаачдын үзэж байгаа шиг <<Лигдэн хаан шарын шашныг дайсагнаснаас>> үүдэлтэй бус гагцхүү тухайн үеийн аргагүй байдлын улмаас улааны шашныг ашиглан төрөө төвшитгөх зорилго агуулснаас болжээ. Чухамдаа Лигдэн хааны зүгээс шар ба улааны талын алиныг нь ч чухалчлан үзээгүй бөгөөд, зөвхөн тухайн нөхцөл байдалд шарын урсгал улс орны тусгаар тогтнолд сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй байсан тул тэр Цогт хунтайжийн нөлөөгөөр улааны талыг дэмжихээс өөр аргагүй болсон гэж үзэлтэй. Наймдугаарт: Лигдэн хутагт хаан нас барснаар Монголчууд төвлөн захирах эзэнгүй болж, Монголын өмнөд хэсэг Абахайд эзлэгдэн бүх Монголын тусгаар тогтнолд бодитой аюул тулгарч эцэстээ Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигджээ. Есдүгээрт: Монголын түүхэнд Лигдэн хутагт хааны гүйцэтгэсэн үүргийг түүх бичлэгт зөвтгөх, буруутгах хоёр хандлагаар авч үзсээр ирсэн ч сайтар эргэцүүлэн нягталбал Лигдэн бол Монгол төрийн нэгдлийг задраах гэсэн дотоод, гадаадын хүчний эсрэг шийдэмгий тэмцэж, олон жилийн турш уламжилж ирсэн үндэсний соёлоо дэмжин хөгжүүлж, Хубилай хааны үеэс улбаатай хос ёсны сургаалыг үргэлжлүүлж байсан, тууштай эх оронч, улс төр, соёлын томоохон зүтгэлтэн хүн байсан нь мэдэгдэж байна. Алтан ургийн бүх хаадын дотроос Лигдэн хутагт шиг хүнд хэцүү нөхцөл байдлын дунд гуч гаруй жил төр тэргүүлсэн нь нэг ч үгүй билээ. Тэрбээр дотоодын урвагчид, харийн дайсантай тулалдан, уугуул Монголынхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг зоригтой тэмцэж байхдаа онож шийдсэн нь ч бий, алдаж гэмшсэн нь ч бий. Гэвч Монголын дорнод хязгаарын хэд хэдэн аймгийн ноёд язгууртнууд Зүрчидийн ятгалга өдөөлгөд автан урваж, Абахайн цэрэгтэй хүч хавсран Лигдэн хааныг зай завсаргүй довтолсныг тэрбээр эцсийн хүчээ шавхан эсэргүүцсэн боловч хэт давуу хүчинд мөхөсдөж, өөр арга эрэлхийлэхээр алс баруун зүг одсон боловч санаснаа хэрэгжүүлж чадаагүй билээ.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2276/index.html