Монгол Хэлний Нэр Үгийн Хамаатуулах Ай,түүний Утгыг Япон Хэлэнд Илэрхийлэх Нь


Б.Батсайхан
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 2446
Хамгаалсан он: 2009

Монгол хэлний хэлзүйг судалсан гадаад дотоодын олон эрдэмтдийн бүтээлд нэр үгийн айн хэлзүйн гол шинж болсон хамаатуулах айг судалсаар ирсэн туршлагад тулгуурлан орчин цагийн монгол хэлэнд буй хамаатуулах айн ерөнхий тогтолцоо, уг тогтолцоог үгзүйн аргаар илэрхийлж буй бүтээврүүдийн утга үүрэг, мөн холбоо үг болон хам сэдвийн хүрээнд хэрхэн илэрхийлж буй байдал, хэв маяг тэдгээрийн илэрхийлэх утгыг япон хэлэнд хэрхэн илэрхийлж буйг тодорхой баримтад түшиглэн гаргахыг хичээсэн уг ганц сэдэвт зохиолд дор дурьдсан санал, урьдчилсан шинжтэй дүгнэлтийг хийж байна. Үүнд: 1.Монгол хэлний хамаатуулах ай нь нэр үгийн өөр нэг чухал шинж болох ялгах, үл ялгах ёстой нягт холбоотой бөгөөд нийлэг, задлаг хоёр аргын аль алинаар нь илэрхийлж болж байна. Нийлэг аргаар буюу үгзүйн түвшинд хамаатуулах айг илэрхийлж буй бүтээврүүдийн утгад тулгуурлан биед хамаатуулах, ерөнхийлөн хамаатуулах гэсэн хоёр том бүлэгт хуваагдах бөгөөд биед хамаатуулах нь нэгдүгээр биеийн ганц олон тоо, хоёрдугаар биеийн ганц тоо, хүндэтгэсэн утга гэсэн эсрэгцсэн дэд тогтолцоог үүсгэдэг бол гуравдугаар биед болон ерөнхийлөн хамаатуулах бүтээвэрт ийм утгын эсрэгцэл байхгүй байна. Задлаг аргаар хамаатуулах утгыг илэрхийлэхдээ биеийн болон өөрийн төлөөний үгийг хэрэглэх бөгөөд хам сэдвийн хүрээнд зөвхөн нэг, хоёрдугаар биед хамаатуулах утга илэрхийлж байна. Харин ерөнхийлөн хамаатуулах утга задлаг аргаар илрэхгүй байна. 2.Хамаатуулах айг үгзүйн түвшинд илэрхийлж буй бүтээврүүд нь нэг, хоёрдугаар бие болон ерөнхийлөн хамаатуулах утга илтгэдэг боловч бас тодчилох, хандах үүрэгтэй. Энэ нь нэр үгийн үүргээр хэрэглэгдэж байгаа тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэрийн дараа орохдоо илүү тод илэрч байна. 3.Биед болон ерөнхийлөн хамаатуулах бүтээвэр нь тодотгон холбох (үйлт нэр), нөхцөлдүүлэн холбох (нөхцөл үйл) нөхцлийн дараа тохиолдохдоо уг үйлийг үйлийн эзэнд хамаатуулах боловч бас тодчилж болдог. Тэгэхдээ тухайн үгийг мөн тухайн үйлийн холбоог болон бүхэл өгүүлбэрийг ч тодчилж чадаж байна. 4.Хамаатуулах утга бие даасан тусгай бүтээврээр илэрдэггүй япон хэлэнд монгол хэлний хамаатуулах айн утга үгзүйн түвшинд харьцангуй цөөн, харин өгүүлбэр зүй хам сэдвийн хүрээнд түлхүү илэрхийлэгдэж байна. 5.Монгол хэлний хамаатуулах утгыг япон хэлэнд илэрхийлэхэд өвөрмөц шинж бүхий бие ялгах утга илэрхийлдэг төлөөний үг, хүндэтгэлийн үгсийн аймаг болон хүний эшийн нэр ихээхэн үүрэгтэй байгаа нь тодорхой болж байна. 6.Монгол хэлний хамаатуулах утга тухайн юмс үзэгдлийг үйлийн эзэнд хамаатуулахаас гадна онцлох, тодочлох, хандах, өгүүлэгдэхүүнийг тодочлох, өгүүлбэр холбох зэрэг нэмэлт утга үүрэгтэй байгаа бөгөөд япон хэлэнд орчуулахдаа хамаатуулах утгаас илүү нэмэлт болон дагалдах утгыг нь түлхүү илэрхийлсэн онцлогтой байна. Орчуулгын энэхүү арга нь хоёр хэлний сэтгэлгээний онцлогийг зарим талаар харуулж байна хэмээн үзэв.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2446/index.html