Монгол Хөөмэйн Утга Холбогдол Хийгээд Дуун Ухааны Харилцан Хамаарал


Л.Хэрлэн
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 2498
Хамгаалсан он: 2010

Удиртгал хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, нэр томъёоны тайлбарлал гэсэн хэсгээс бүрдэнэ. Төв Азийн нүүдэлчид тэр дундаа Монголчуудаас хүн төрөлхтөний урлагийн их өв санд оруулсан нэг өвөрмөц бөгөөд давтагдашгүй үнэт зүйл нь монгол хөөмэй болно. Монгол хөөмэй эрт үеэс үүсч түүхийн олон үеийн турш хадгалагдсаар ирсэн боловч ХХ зууны хоёрдугаар хагасаас л дэлхийн сонорт хүрч олон орны ард түмний таашаалд нийцэн тэдний сонирхолыг хүчтэй татах болсон юм. Өнөөдөр олон орны олон арван сонирхогчид, судлаачид хөөмэйлж сурах, хөөмэйг судлах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн монгол руу тэмүүлэх болсон нь хөөмэйн гайхамшгийн тод илрэл мөн. Энэ нь нэг талаас сайшаалтай боловч нөгөө талаас хөөмэйтэйгөө, хөөмэйн судлагаагаа гадагш нь алдчихвий гэдэг эмзэглэлийг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Энэ бол бид хөөмэйн судлагаагаа цаг алдалгүйгээр тэгэхдээ сайтар ул үндэслэлтэй, оновчтой, тодорхой судлах асуудал тулгараад байгааг шаардаж буй хэрэг. Эдүгээ хөөмэй нь сонирхогчдын хүрээнээс мэргэшлийн түвшинд хүртэл боловсрон урлагийн биеэ даасан төрөл болон хөгжиж байна. Докторант миний бие хөөмэйг хэдэн жил судласан судлагаагаараа дараах үр дүнд хүрлээ гэж үзэж байна. “Хөөмэй нь амьсгааны хуваарилалт, авиа бүтэх орон, хийн хүрдний хөдөлгөөн, өгүүлэх эрхтнүүдийн нарийн зохицуулалт, цуурайлуурыг зөв хэрэглэх маш нарийн зохион байгуулалттай хам үйлдлээр үйлдэгддэг урлаг юм. Иймээс дурьдагдан буй бүх зүйлийг тус бүрд нь задлан шинжилж үүргийг нь тодорхойлох шаардлагатай. “Амьсгаа нь авиа эгшиглэгээг үүтгэх суурь болно. Тэгэхдээ хөөмэй энгийн амьсгалаас өндөр түвшинд шаардагдах урлагт хэрэглэгдэх хэвлийн амьсгаатай шууд холбоотой. “Хийн хүрд амьсгаа авах, тогтоох, хуваарилах зохицуулалтаар амьсгааг эрчилсэн (эргэлдүүлсэн) хөдөлгөөнөөр авиа үүсгэгч дэг болно. Энэ бол зөвхөн өгүүлэхүйн эрхтнээр үйлдэгдэх урлагт л байдаг ойлголт бөгөөд хаана авиа үүсгэх байдлаараа урлагийн төрлүүд ялгагдах юм. “Авиа бүтэх орон-д төвөнх, хөөмэйн хөндий буюу багалзуур, ам, хамрын хөндий хамаарагдана. Авиа бүтэх аль оронд эгшиглэгээ бүтээгдэж байгаагаас шалтгаалаад хөөмэйн төрлүүд бий болдог. “Цуурайлуур төвөнхөд үүсэх хамгийн өтгөн эгшиг (хархираа), багалзуур буюу хөөмэйн хөндийд үүсэх хөөмэй төст цуурай авиа, амны хөндийд үүсэх уянгын эгшиглэгээнүүдийг гадагш түрэн гаргахад нармайн хөндий, магнайн хөндий нь цуурайтуулагчийн үүргийг гүйцэтгэнэ. Хөөмэйн урлаг нь энд онцлон авч үзсэн өгүүлэхүйн эрхтнүүдийн цогц нэгдлээр эмхлэгдэн цэгцлэгдсэн нарийн зохион байгуулалттай нарийн үйлдэл юм. Хөөмэйд суралцах болон хөөмэйг судлахад тэр бүхнийг сайтар мэддэг, эзэмшиж чадсан байх зайлшгүй шаардлагатай болно. “Хөөмэйн судлагаа диссертацид дэлгэрэнгүй өгүүлэгдсэн салбар ухаануудын тодорхой мэдлэгт аль хир гүнзгий тулгуурлан хийгдэж байгаагаас уг судлагааны шинжлэх ухааны үндэслэл, үр дүн нь шууд шалтгаална. “Хөөмэй нь хөгжмийн их октавын до, контр октавын си, сиь, ля ноот буюу 55-65 герцийн давтамжтай авиан бүдүүн эгшиглэгээг, исгэрээ хөөмэй нь хоёрдугаар октавын ля, си, сиь, ноот буюу 104,7 давтамжтай авиан нарийн эгшиглэгээг дуурьсгаж чадна. Энэ нь эрэгтэй хүний дуурьсах хамгийн бүдүүн эгшгээс өтгөн бүдүүн эгшгийг, эмэгтэйчүүдийн хамгийн нарийн хоолой буюу тунгалаг хоолойн (сопран) өнгөнөөс дээгүүр өвөрмөц нарийн өнгийг үүсгэдэг. Хөөмэй хүний дуулах үйл ажиллагааны авиан хэмжигдэхүүнээс дээш, доош давсан өнгийг дуурьсгаж, тэр дундаа хоёр авиаг нэгэн зэрэг эгшиглүүлж байгаагаараа гайхамшигтай. Энэ нь хөөмэй хүний өгүүлэхүйн эрхтнээр үйлдэгдэж болох авианы бүхий л чадамжийг гаргаж чаддаг нэн өвөрмөц урлаг болохын нотолгоо мөн. “Хөөмэйн урлаг дотроо дифференциачлагдан салбарлан хөгжиж байгаа учир түүнийг ангилах асуудал хөөмэй судлалд бас анхаарагдах асуудал болж байгаа юм. Эл учир өмнөх судлаачдын ангилалыг харгалзан үзэхийн хамт хөөмэйг урлагийн төрөл зүйлийг ангилах арга зүйн баримтлалын үүднээс, 1. хөөмэй төст 2. хархираа хөөмэй 3. уянгын хөөмэй гэж ангилах санааг диссертацидаа дэвшүүлж тавьсан.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно.Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Тус өгүүллийн агуулга,танилцуулгын хаяг:http://www.stf.mn/images/dissertations/di-2498/index.html