Эртний Энэтхэгийн Уран Зохиолын Монгол Орчуулгын Уламжлал


Д.Цэрэнсодном
Энэтхэг монголын эртний уран зохиолын харилцаа холбоо, өөрөөр хэлбэл орчуулгын түүхийг авч үзэхийн тулд Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн тухай эрхбиш сөхөж ярих хэрэгтэй болж байна.
Монгол орон дахь бурханы шашны дэлгэрэлтийн уг эхийг түүхэн сурвалж бичгүүдэд голцуу дунд үеийн дэлгэрэлтийн эхэн цагтай холбон өгүүлсэн байх нь олонтой. Тухайлбал: Снмбэ хамбын “Энэтхэг,Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном дэлгэрсэн ёс ”,Дармадала,Цэмбэл гүүш нарын хорчойнжүн, Лхүндэв бандидын “Билгийн зул ”, Жамбадоржийн “Болор толь” зэрэг зохиолд бурханы шашны дэлгэрсэн түүүхийг өгүүлэхдээ Чингис хааны үед Төвдийн Сачэн Гунгаанянбог багшид барьсан гэх домгийг товч дурдаад Өгөдэй хаан хийгээд Хубилай хааны үед шашин номын ёс түгэн дэлгэрсэн түүхийг голлон өгүүлсэн байдаг.
Энэ ойлголтыг Зава Дамдин “Алтан дэвтэр”хэмээх түүхэн зохиолдоо тогтолцоотой авч үзэж Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн түүх рүү судлагчдын анхаарлыг хандуулж чадсан юм. Зохиогч эл зохиолынхоо хоёрдугаар бүлгийг шашны түрүү үеийн дэлгэрэлтийн түүхэнд зориулсан бөгөөд үүнийхээ түүхэн улбааг гаргахдаа сурвалж бичгийн мэдээ сэлт хийгээд өөрийн биеэр үзэж шинжилсэн эртний уламжлалт бурхан шүтээний зүйлд тулгуурласан тул үнэмшилтэй бөгөөд үнэ цэнэтэй дүгнэлт гаргасныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал: Уг зохиолд “Хятад, Төвд оронд шашин дэлгэрэхээс тэртээ урьд Монгол орноо дээдийн ном дэлгэрсэн нь тодорхой агаад Чин (МЭӨ 246-207) улсын үед Хятад цэрэг Монголын орон хийд, сүм шүтээнийг эвдлэх шатаах зэрэг зохисгүй үйлс үйлдэж байсныг “Прүл жи мэлон ”(Оньсон толь )хэмээх түүх бичигт номолсон хийгээд Хан(МЭӨ206-МЭ220)улсын үед Хятадууд Монголоос булаан авсан газар нутагт Монгол хийдийн буурь туурь хэмээдэг газар орон буй гэж Хятад хүмүүс өөрсдөө ч өгүүлдэг” хэмээсэн байна.
Үүнээс гадна Зава Дамдин эл зохиолд бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн гал голомт өдгөө хаана хаана байгааг эрэлхийлж тухайлбал Ли орныг олж тогтоох хэрэгтэй хэмээгээд энэ нь одоогийн Ланжуу хавийн газар нутаг мөн болохыг оноосон нь эрдэм шинжилгээний маш үндэслэлтэй,оновчтой дүгнэлт болсон юм.
Зава Дамдин гавжийн дээрхи санааг баталж буй баттай баримтын нэг бол одоогийн ӨМ-ын Баарин зүүн хошууны нутагт орших Гилбэр зуугийн хадан сүм болно. Гилбэр зуугийн чулуун бурхадыг судлаачид Хятан улсын үеийн бүтээл хэмээн таамагладаг боловч энэ гайхамшигт цогцолбор шүтээнийг чухам хэдийд, хэн туурвисныг нарийвчлан судлаагүй өдгөөг хүрчээ.
Бидний судалгаагаар Гилбэр зуу буюу Агуйн сүм нь Хятан улсын үед байгуулагдсан гэхэд эргэлзээтэй бөгөөд харин Хятан гүрэн хойт Сүн улсад цохигдон ,их үймээн самуун болох үед энэ сүм эзгүйрч агуйн амсар нь дарагдсан бололтой байдаг. Агуйн сүмийн ам дамжсан намтар түүхээс үзвэл эл шүтээнийг бурхан багшийн мэндэлсний 1000 жилийн ойгоор бүтээсэн гэх ба хаан хүү Судадана бодь модны доор зургаан жил бясалгал үйлдэж, дөрвөн сарын арван тавнаа бурханы хутгийг олсоны учир жил бүрийн дөрвөн сарын арван таванд Гилбэр зуугийн шүтээнд ойр хавийн ардууд цуглаж, эргэл мөргөл үйлддэг өнө эртний уламжлалтай агаад энэ заншил саяхан болтол үргэлжилсээр иржээ.
Бурхан Шагжамүнийн төрсөн он цагийг дорно, өрнийн бичиг сударт нэлээд зөрүүтэй өгүүлсэн байна. Төвд, Монголын бичгийн мэргэцүүлийн туурвисан түүх шастирт өгүүлсэн цагаан бичин жил мэндэлсэн үеийг нааш нь улируулан хөөж бодвоос энэ 2004 оны хөх бичин жилд яг 3000 оны нүүр үзэж байх бололтой. Үүнээс үзвэл, Гилбэр зуугийн чулуун сүмийн цогцолборыг 2000-аас наашгүй жилийн настай гэж үзэж болохоор байгаа юм. Гэсэн ч Монголд шашин дэлгэрсэн түүхийн талаар бидний дээр өгүүлсэн олон Хорчойжунгүүдийн алинд нь ч энэ Гилбэр зуугийн агуйн сүмийн тухай огт дурдаагүй өнгөрсөн нь бас л сонин сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Гэтэл Энэтхэг, Төвд, Хятад, Монгол , Зөрчид, Солонгос үндэстнүүдэд бурханы шашин дэлгэрсэн түүхийг хураангуйлан бичсэн “Ертөнцөд амьтан буй болж үүссэний сав шим хэмээхүй ” нэрт сударт бидний өгүүлэн буй Гилбэр зуугийн байгуулагдсан үүх түүхийн талаар маш тодорхой өгүүлсэн төдийгүй, одоогийн Баарин зүүн хошууны Мөнх рашаант уул, Шилийн голын зүүн хөвөө хавийн Турахан сан зэрэг газар орноор бурхан багш морилон ирсэн хийгээд хад чулуунд нь үлдээсэн өлмийн ором нь одоо ч хүртэл тодорхой буй хэмээн барин тавин өгүүлжээ. Бурхан багшийг 500 ширвааг буюу шавь нараа дагуулан Монгол газар заларч ирсэн тухай энэ мэдээ нь зарим түүхэн сурвалжид “Бурхан багш Хүннү нарын хэлийг мэддэг ”байсан гэдэг шиг үлгэр домгийн шинжтэй ойлголт болох нь тодорхой боловч одоогоос 2000 жилитйн тэртээ бүр тодруулж хэлбэл Зава Дамдины Ли хорын газар гэж нэрлэж байсан одоогийн Ланжуу хавь газар хийгээд бидний дээр өгүүлсэн Баарин зүүн хошуу, Шилийн гол зэрэг газар нь Монгол орон дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн нэгэн гал голомт байсныг түүх соёлын бусад баримтууд бас давхар баталж байгаа юм. Тухайлбал: одоогийн Ланжуу хавийн нутагаас Хан улсын цэрэг олзлон авсан гэх Хүннүгийн алтан бурхан, Баарин Гэсэрийн үлгэр, Түүнтэй холбогдол бүхий газар усны домогууд, хятан улсын үеийн Жинчийн цагаан суварга зэргийг дурьдаж болох юм. Энэ бүх соёл түүхийн баримтууд нь Монголд эрт дээр үеэс аман болон бичгээр уламжлан ирсэн энэтхэг гаралтай домог, цадиг, намтар, тууж зэрэг уран зохиолын дурсгалуудтай ямар холбоотой вэ? гэдэг талаар тогтож цөөн үг хэлье.
Акад.Б.Я.Владимирцов, Ц.Дамдинсүрэн зэрэг эрдэмтдийн судалсан Панчатантра, Рамаяана, Бигэрмэжид хааны орчил туужууд зэрэг зохиол нь монгол хэлнээ чухам хэдүй үед орчуулагдсан, монгол ахуй нөхцөлд хэрхэн идээшин зохицож , хувьсаж өөрчлөгдсөн хийгээд Монгол уран зохиолын төрөл зүйл, урлаг уран сайханд яаж нөлөөлсөн гэх зэрэг олон асуултанд бид бүрэн дүүрэн хариулт өгч хараахан чадаагүй байна.
Тэрчлэн эртний энэтхэгийн уран зохиолтой ямар нэг хэмжээгээр холбоотой “Цагаан дарь эхийн тууж ” “Ногоон дарь эхийн тууж ” “Молон тойны намтар”, “Очироор огтлогчийн тайлбар ”,”Галандага нэрт шувууны үлгэр ” зэрэг нэг бүлэг зохиолууд нь орчуулгын зохиол уу аль эсвэл Энэтхэг Төвд зохиолын өгүүлэмжийг ашиглан Монголчууд өөрсдөө бичиж боловсруулсан уу гэдэг асуулт аяндаа гарч ирж байгаа юм. Энэ талаар оросын эрдэмтэн А.П.Бенегсен гүн “Монголчууд бол төв Азийн улс үндэстнүүдийн үлгэр домгийг өөрийнхөө тогоонд буцалгаж байдаг”хэмээн дурдсан байдаг билээ.
Эртний Энэтхэгийн уран зохиолтой холбоо бүхий дээр өгүүлсэн зохиолуудын зонхилох хэсэг нь Монгол орон дахь бурханы шашны түрүү дэлгэрэлтийн үетэй холбоотой гарсан болов уу гэдэг саналыг дэвшүүлж байна.
Учир нь бурханы шашны дунд үеийн дэлгэрэлтийн эхэнд холбогдох зарим нэгэн зохиол бүтээлийн орчуулгын жишээг бид Берлин хотын Туфаны цуглуулгын олдвороос нэлээд тодорхой ойлглц авсан учир найруулгын эрс тэрс ялгаа бүхий дээрхи дурсгалуудыг харьцуулж үзээд энэ санааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд эртний Энэтхэгийн зохиолыг Юан улсын эхэн үе хүртэл шууд самгарди хэлднээс нь орчуулж байгаад Сажын ёс буюу улааны шашны лам нар Монголд залагдаж тэдний нөлөө ихэссэн цагаас Төвд хэлнээс дамжуулан орчуулах болсон байна. Энэ санаа нь их хэлмэрч Чойжи-Одсэр бандидын 1305 онд орчуулсан Шантидэвагийн “Бодичаръя аватра” хэмээх гүн ухааны шүлэглэсэн зохиолын төгсгөлийн үгнээс мэдэгдэж байна.Уг төгсгөлийн үгийг сийрүүлбэл:
“Энэ мэт орчуулсан Төвдийн хэлнээс Монголын хэлээр урьд ном үгүйн учир өдий төдий аялгуугааар Энэтхэгээс би Чойжи-Одсэр аяга тахимлэг энэ ба номыг бусад-бэр судар шастир, номын тайлбар давтан сонсч билэгтэйеэ төдий ухаж оногсоны шалтгаанаар эсрэг тэмцэлдэн асуусан аюул үгүй хариу өгүүлэхүй билиг олсон-дороо дулдуйдаж могой жилд орчуулав” гэжээ.
Энд зохиогч нь хуучин уламжлалаа дагаж Энэтхэгийн хэлнээс орчууллаа гэдэг санааг тов тодорхой өгүүлжээ.
Харин 1929 онд Б.Я.Владимирцовын хэвлүүлсэн “Бодичаръя аватра”-ын төгсгөлийн үгэнд Энэтхэгээс гэдэг үг орхигдсон учир олонхи судлаачид уг зохиолыг Чойжи-Одсэр Төвд хэлнээс орчуулсан мэтээр ташаа ойлгоход хүрсэн байна. Үүнээс гадна Чойжи-Одсэр бандида Энэтхэгийн газар очиж зарим зохиол бүтээлээ туурвиж байсан ба эртний Энэтхэгийн дуун ухааны зохист аялгууны эрдэмд гаргууд байсан тухайгаа зарим нэг судар номдоо тэмдэглэн үлдээжээ. Жишээлбэл: Сүүлийн үед шинээр олсон “Зүрхэн тольт” хэмээх зохиолдоо “Энэ ертөнцийн хүн амьтнаа номын үсэг дутах болсон цагт Энэтхэгийн газар убадини багшийн дэргэд” сууж бүтээсэн гэх санаа гаргасан бол “Бодичаръя аватрагийн тайлбар”-*ын төгсгөлд: “ …хааны зарилгаар агам югти номууд дор сайтар дадсан би Чойжи-Одсэр аяга тахимлэг гахай жил (1311)намрын тэргүүн сарын нэгэн шинэд зохиож дуусав гэж онцлон дурдсан байна.
Монгол орон дахь буддын шашны дунд дэлгэрэлтийн эхэн үеэс гурван аймаг сав номын их цоморлиг “Ганжуур” ”Данжуур”-ын судар шастирын аймагаас олонхийг нь орчуулж байсан төдийгүй Монголын мэргэцүүл энэ үеэс номлох, бүтээх, туурвих үйлсэд гарамгай амжилтанд хүрсэн юм.
Тухайлбал XIY зууны эхэн үеэр эртний Энэтхэгийн алдарт эрдэмтэн Шантидэвагийн “Бодичаръя аватра” хэмээх гүн ухааны шүлэглэсэн зохиолд утгын “тайлбар бичиж ,улмаар бурхан багшийн намтар цадиг, түүний тайлбарыг гайхалтай яруу сайхнаар бүтээн туурвиж байсан зэрэг баримтууд нь Монголчууд бурханы шашныг зөвхөн хүлээн авсан төдийгүй түүнийг түгэн дэлгэрүүлэн, хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэрээ оруулсар ирсний нэгэн гэрч гэж хэлж болох юм.
Их хэлмэрч Чойжи-Одсэр, Шаравсэнгэ нарын орчуулах эрдмийн их үйлс бидний дээр өгүүлсэн шашны түрүү дэлгэрэлтийн олон үеийн гүүш мэргэдийн уламжлалт туршлагад тулгуурлан хөгжсөн байх учиртай билээ. Ийм учраас Энэихэг, Монголын уран зохиолын харилцаа холбоо, орчуулгын уламжлал нь даруухнаар хэлэхэд мянга гаруй жилийн баялаг түүхтэй агаад өдгөө орчин үед шинэ туршлагаар баяжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.