Цахар Гэвшийн Зохист Аялгууны Эрдэм


Монголчуудын гоо зүйн сэтгэлгээ, мэдлэг боловсролын өндөр түвшин яруу сайхнаар илэрхийлэн үгүүлэх уран сайхны ур чадварыг илэрхийлэх оюуны асар том сан хөмрөг бол XIV зууны үеийн гэгээнтэн Чойжи-Одсэр бандидагаас эхтэй монгол эрдэмт хувраг, хутагт гэгээнүүдийн яруу найргийн өв юм. Ялангуяа сүүлийн хоёр зуугаад жилд монгол төвд хоёр хэлээр эн чацуу буруу солгойгүй цэцлэн туурвисан шүлэг зохиолыг дуун ухааны их мэргэдийн сүмбүм дотроос өдий төдийгөөр нь гаргаж ирж болно. Тухайлбал: Зая Бандид Намхайжамц Говийн V Ноён хутагт Данзанравжаа хийгээд Алагшагийн Агваандандар лхарамба, их хүрээний Агваанхайдав, Цахар гэвш Лувсанчүлтэм, мэргэн гэгээн Лувсанбийжалцан, Сүмбэ хамба Ишбалжир, Эрдэнэ мэргэн бандид Ишсамбуу, Зая бандид Лувсанпэрэнлэй, Ламын гэгээн Лувсанданзанжалцан гэх зэргээр өдий төдийгөөр дурдаж болно. Эл мэргэд нар гүн ухаан, зурхай, анагаах ухаан хийгээд бага таван ухаанд өв тэгш суралцсаны дотор тэр бүгдээр дуун ухааны эрдэмийг үлэмж гаргуун эзэмшисэний тод илрэл нь тэдний сүмбүм өв доторх яруу найргийн бүтээл юм.

Монголын оюун билигт лам, гэгээнтэн, хутагт мэргэд нарын шүлэг дуулалыг өдгөөх цагийн зөвхөн авъяаст шүтсэн өнгөц ахуйгаас үүдэлтэй онгодын түвшинд ярьж судлах боломжгүй юм. Тэдний бясалгал төвлөрөлийн чадал, бурхан сахиусын хүчин оршсон оюуны дээд өндөрлөг дэх сэтгэлгээний эрдэм, дуун утгын яруу тодорхой туурвихуй нь зохист аялгуун эрдмийг илтэд эзэмшин, дотоод зүрх сэтгэлийн хөг эгшиг лүгээ зохилдуулан бийр бэхэс нийлэхийн зуур гол горхи лүгээ ундран буух яруу найргийн нэгэн өндөр ертөнцийн тухай ярих хэрэгтэй болж байна.

Монголын соёлын нэгэн их, гарамгай хүмүүн, эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цахар гэвш Лувсанчүлтэмийн яруу найргийн үлэмж их өв сан хөмрөгөөс цөөн шүлгийн тухайд хэдэн үгийг хэлэхийг хичээсү. Чингэх шалтгаан нь: Цахар гэвш Лувсанчүлтэмийн хорин есөн сүүдэртээ зөвхөн ном бясалгалаа алгасалгүй үзэхээр төрөлх нутагтаа ирж ганц хүн багтах өчүүхэн байшин бариад чанд хатуу бясалган сууж, судар номын оньсонд нэвтэрсэн тухай намтар зохиолд нь дэлгэрэнгүй үгүүлсэнтэй холбоотой. Цахар гэвш Лувсанчүлтэмийн намтар доторх олон зуун мөр шүлэг дуулал дотроос мөнөөх цам бясалгалд сууж ахуйдаа бичсэн шүлэг дуулал нь илүү их анхаарал татаж байна. Нөгөө талаар Цахар гэвшийн 10 боть сүмбүм доторх шүлэг дууллын их хүү санг уудлан шинжлэхүй нөр бүтээлийг үйлдэе гэвээс нэгэн бус хэд хэдэн сэдэвт судалгааны томоохон бүтээл хэрэгтэйг учирлахын ялдар өнгөц төдий нэгэн хоёр санаагаа тодруулан өгүүлсү.

Цахар гэвш Лувсанчүлтэмийн яруу үгсээр зохион шүлэглэн дуулсан бүтээлүүд нь бусад мэргэдийн адил олон талтай, тухайлбал тахилын шүлэг, залбиралын өчил, дууллын шүлэг, сургаалын шүлэг, зарлигийн бичиг буюу захиа бичгийн шүлэг, эхлэл төгсгөлийн шүлэг бүгд байна. Цахар гэвш Юнхэ Гүний хийдэд долоон жилийн нүүр үзэж, цанидын ном хийгээд Ажаа Гэгээнээс олон судар тарнийн увдисыг хүртэж “гол ёснуудын чинад хязгаарт хүрч” чадсан боловч, намтарт үгүүлснээр “…гүн дэлгэрэнгүй увдисын эрдэнэсээр сэтгэлийн хүү сангаа сайтар дүүргэсэн амьтны удирдагч мөнхүү тэр нь энэ зүгийн өөрийн орон дахь /Цахар нутгийг хэлжээ. Г.М/ номоор үгүйрсэн ардуудад ашдын жаргалангийн хөрөнгө үүдэж тэдгээрийг эндүүрэл үгүй сайн мөрд хөтлөхийн тэнсэл үгүй тааллаар өөрийн орны зүгт залрахын тулд хүлгийн жолоогоо урвуулахуйд илт зүглэх боллоо…” Хорин есөн сүүдэртэйдээ нутагтаа ирэхэд Цахар гэвшийг найр хөөр болон угтжээ. Энэ тухай “Цахар гэвшийн намтар”-т үгүүлсэн нь: “Богдын өөрийн ах дүү, ураг садан тэргүүтэн нутгийн зон ард бээр дээд Богд ламтан их хийдийн орноо заларч, сонсох, судлах сургуулийн зэрэг бүгд тааллын ёсоор бүтээд, жич бас өөрийн орондоо амраар өөд болж ирсний баяр хэмээлдэн тэдгээр өөр өөрийн гэртээ энэ Богдыг залж орны ёсон лугаа зохилдохын баяр хуримын хөөр найрыг үйлдсэнд Богд өөрөө ч тэдгээр тус тусын өргөл хүндлэлийг хангав. Тэр цагт энэ насны сансрын хотол төгс бүгдэд сэтгэл нутлаж үл болохын жам ёсон хийгээд хүслийн эрдэм ба үймээний гэм өргүү тэргүүтнийг айлдаж, хүчтэй гунихарах сэтгэл төрөөд, мөн тэр утгыг эгшиглэн дуулж айлдсан нь энэ мэт:

 

Аяа тааламжтай инээмсэглэн загнагч үзэсгэлэнт царай

Алимад зөв зөөлөн өгүүлэгч яруу үгс

Асар тогтуун аальтай уйлалцах явдал

Алин ч болов үхэхүйд урвах тул гунихармуй.

Үзэмжтэй гуа сайхан элдэв өнгийн чуулган

Үнэхээр нүдээр үзэхүйд сонин сайхан байвч

Үтэл хяруунд дайрагдсан цэцэг ямар мэт

Үтэр түргэнээ хувиран эвдрэхийн тул гунихармуй.

Уянгатай бөгөөд яруу олон чавхдаст дууныг

Уяран чихээр чагнах цагт сайхан байвч

Утгандаа намрын сүүлийн зөгийн дуун мэт

Удалгүй сөнөж, үгүй болох тул гунихармуй.

Сонин сэтгэл дор зохист залуусын чуулган

Сонсохуйд яруу сайхан дууныг дуулваас бээр

Соньхон зүйтэй бөгөөд жаргалтай мэт байвч

Сонирхон суутал хурднаа салахыг санаваас гунихармуй.

Сэрүүн болоод исгэлэн айргийг нь

Сэргэж нааданд уухын үед

Сэтгэл уужим бөгөөд жаргалтай мэт байвч

Сэхээрч хойтын зовлонг санаваас гунихармуй…

 

“Нялхасын наадам баярын нэгэн хурим” хэмээх эл 13 бадаг шүлгээс үзвэл энэ насны амар жаргалан бүхэн эвдэрч одох нь хялбар, харин энэ нь эцэс хойтод зовохын шалтгаан болохыг гунихран ирүүлээд дээдийн номыг л түргэнээ бүтээх нь чухлыг шүлэгтээ учирлан дуулжээ. Чухам энэ үеэс л Цахар гэвшийн зохист аялгууны эрдэм билиг жагсаж, шүлэглэн дуулах ид хавыг эзэмдэж эхэлсэн байна.

Хулгана жилийн есөн сараас эхлэн үхэр жилийн гурван сар хүртэл бүтэн зургаан сарын турш цорж Агванринчинд Их мөрийн зэргийн нягт номлолыг огоот төгсөөр хайрласан бөгөөд бус бас түүний хүссэн олон номыг хайрлаж хүслийг хангав. Тэр цагт хадгалах хэрэгтэй нэгэн хэдэн шүлгийг мутраар бичин айлдсан нь энэ мэт.

 

“Аврал лам нугууд дор мөргөмүй

Ашид зарлигчлан бүтээх болгон адистидла.

Асар шулуунаар өгүүлэхийн үгс энэ бүхнийг

Анхаарч оюундаа тогтоох хэрэгтэй буй.” хэмээн эхэлж,

 

“Үнэхээр идээ ундаа алиныг ч хийж үл болох савыг

Үзэмжтэй сайхан боловч савд тоолох хэрэггүй.

Үнэхээр эрдэм алиныг ч сурч болох тойныг

Үзэмжтэй сайхан боловч тойнд тооцох хэрэггүй.

Хэзээд үйл, үрийг бодож тоолох хэрэгтэй буй заа

Хэрэггүй мэнгэ суудлыг тоолох юуны хэрэг

Хэзээд туст үйл үйлдэх хэрэгтэй буй заа

Хэн ч болов хорт үйлийг үйлдэх хэрэг юун буй”

 

хэмээн үргэлжлүүлэн тойн хүмүүн ямар мэт байх ёстойг үгүүлээд

 

“Ахиад шар шувуу хэ хэ хэмээх нь муу ёр бус

Аливаа гэлэн, гэцэл, эрс, эмс, гэртэн сэлт чуулж

Алиалан элдэв зүйл нүгэлт үгсийг өгүүлэлдэн

Асар ха ха хэ хэ хэмээн инээлдэх нь чухам муу ёр буй.

Үүр цайхад үүдэн дэх нохой улих нь муу ёр бус

Үүр цайхад тойн хүмүүн согтоод уйлах нь чухам муу ёр буй

Үдэш эр тахиа хашгирах нь муу ёр бус

Үдэш тойн хүмүүн согтоод хашгирах нь чухам муу ёр буй.

Харанхуй шөнө агт морь янцгаах нь муу ёр бус

Харанхуй шөнө дунд тойн хүмүүн хурьцлыг эдлэх нь чухам муу ёр буй…”

 

хэмээн хувраг гэлэн хүмүүний харшлах зүйлийг нэн хатуу шударгуу үгсээр илчлэн мохоож шүлэглэжээ.

Цааш үгүүлэх нь:

 

Муу өвс, модны утаа гашуун

Муу чанарт ардын үг гашуун

Муу тойд банди нарын явдал гашуун

Муу нартай зуны нар гашуун

хэмээн нийт даяарт “гашуун” үнэнийг айлдаж

Эдгээр үгсийг өөрөө өөртөө үгүүлбэй би

Эгнэгт үл мартахын аргад бичсэн буй…

…Хойногш энэ төөрөх орчноо бүү ирэгтүн

Хожимдолгүй эдгээр захьсан үгийг бүтээн соёрх…

 

хэмээн шавь Агваанринчинд сургасан багшийн үгээр дамжуулан нийт хувраг хийгээд, ард олонд захиа сургаалиа айлджээ.

 

Хөөж одогтун, одогтун эдүгээ одогтун хэмээн

Хүмүүн бус бод нарыг юуны тул хөөмүй

Хөөж энэ ертөнцөөс үлдвээс л

Хүмүүн бус тэдгээр бод нар аль орноо одох буй

Маш дээд ариун ертөнцийн ордод

Магад чи бээр хүргэн үл чадах бөгөөд

Муу бод нар тэдгээр өөрөө ч одон үл чадьюу

Магад тиймийн тул хөөлтэй нисванисаа хөөгтүн

Маш хөөж үл болох хөөрхий амьтныг бүү үлдэгтүн…

 

Шүлгийн энэ хэсгийн хэдэн бадагт “Хөөрхий хүмүүний дүрсээс салж одсон тэр бод” нарыг энэ ертөнцөөс бүү тонилгооч, тэд чинь аль оронд одох юм бэ, “маш дээд ариун ертөнцийн ордод” чи хүргэн өгч чадахгүйгээс хойш хөөрхийг бүү хөөгөөч, харин хөөвөл зохих нисванисыг нь л хөөж арилгаач гэсэн утгыг илэрхийлээд, далайн чинадад одоод ч бас л тэнд иймэрхүү хорлол буй хэмээжээ. Эдүгээ заримууд шунах сэтгэлээсээ үл хагацахын урхинд засал хийлгэх үйлдэл дэлгэрсэн тухай үгүүлээд

“Үнэхээр буй бус, үгүй бус, хоёул бус

Үзтэл хоёулын мөн чанар бус нь ч бус

Үгүүлж үл болох хийгээд сэтгэж үл болохын

Үлэмж хэтэрхий хоосон чанар дор мөргөмүй…

хэмээн хоосон чанарт дээрх бүх санаануудыг аваачин уяж зангидсан нь маш сонин зохиомж төдийгүй шашны шастир номын дотор байх зарим үл зохилдох, хоосон чанартай харшилдах ойлголтууд, тухайлбал эрлэг номун хааны орны явдал хэмээгчтэй тэрсэлсэн хэдэн мөр шигтгэсэн нь бүүр ч сонирхолтой.

Үхлийн эзэн Эрлэг хаан тэр нь

Үхжээ хэмээхийг сонсов уу юун

Үгүй бөгөөс эдгээр амьтан бүгд

Үхэлгүй мөнхөрчээ хэмээн сонсов уу юун

Тэсэшгүй тамын сүх жад тэргүүтэн

Тэдгээрийг хулгайд автжээ хэмээн сонсов уу юун

Тэсэшгүй буцламхай хайлмал ширмэн их тогоо

Түүнийг хагарч унажээ хэмээн сонсов уу юун…

 

Бүх юмс эвдэрч одох хийгээд мөнх бусын мөн чанарт хоосон чанарын барилдагатай хэмээх Бурханы гүн ухааны үзэл онолыг, Эрлэг номун хааны үл эвдрэгч, мөнх байх номлол лугаа сөргүүлэн тавьж асуугаад,

Эрлэг нүглийн эзэн ээ, миний үгийг сонс

Энэхүү нисваанисын дайсныг түргэнээ ологтун

Хэрэв эдгээр нисваанисыг үл олох болвоос

Хэрхэвч амьтныг гутамшиг болгохуйд дамжиггүй… гэжээ.

Зовж, зүдэрч, энэ ертөнцийн хүлээсэнд буй амьтныг бус, тэдгээрийн зовлонгийн шалтгаан бологч нисваанисыг халуун хүйтэн тамд идээ тахил болгон өргөх хэрэгтэй гэсэн нь аливаа юмсын уг чанар, үндэсийг барьж үзэх Төв үзэлтэн байсан нь шүлэг дууллаас нь харагдаж байна. Ийнхүү яруу найргийн содон сонин уран санаагаар дамжуулан шавь Агваанринчинтэй санал солилцох хэлбэрийн дулдуй дор өөрийн шашны үзэл санаагаа тухайн цагийн сүм хийдийн мяндагтануудад зориулан айлдсан гэлтэй байна.

Өөдгүй нүгэлт үгсээр нөгчөөхийн ам нь

Үргэлж насад нээгдсэн энэ цөвүүн цагт

Үнэхээр зохистойгоор өгүүлэгч түүнийг

Шүтээн тэнгэр бээр нээсэн бус буюу…

Чивэлт муу үгсээр биесээ хөнөөх цөвүүн цаг дор тустай оночтой үйл үйлдвээс хүмүүн амьтан бүгдээр амгалан оршихын учрыг цааш лавшруулан сэнхрүүлээд

“Эрхин мэргэдээс ч эгэл тэнэгүүд хүндтэй болсон тул

Эгнэгт сайтар номловч туслах нь бэрх…” цаг гэдгийг эл шүлэгтээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч

…Өчүүхэн ялимгүй энэ насны үйлсэд

Өчүүхэн амьсгалаа хэзээ хаагдтал оролдмуй…”

хэмээн өөрийгөө болон шавиа омогшуулан урамшуулсан байна. Тэгээд ч үнэн гашууныг хэлснээрээ “санваараа эвдэвч огт үл айх” хийгээд “заяа буян барагдсан” ч, “эгнэгт итгэл чи дүрст биеэ хурааж”

“Эгнэгт туслагч нөхөр үгүйеэ тэнэн төөрсөн үүнийг минь

Энэрэн өршөөх мэлмийгээрээ хоромхон төдий айлдан соёрх”

хэмээн төгсөж буй эл томоохон шүлэгт хэлэх гэснээ юунаас ч үл эмээн айлдаад, үнэхээр ойлгон туслах хүн ховорын эрхээр ганцаардан цөхөрч буйгаа үл нуугаад, “энэрэн өршөөх” билгийн мэлмий хаа нэгтээ буйд итгэл одуулсан байдалтайгаар төгсгөжээ.

Цахар гэвш зохиосон Цорж Агваанринчинд зориулсан эл зарлигийн эгшиглэлээс үзвэл тэрбээр шашны тухайн цагийн хатуу тиг, гортиг дотор ч хоосон чанар лугаа илтэд үл онолдох үл хөдлөгч хөшүүн номлол байгаад шүүмжлэлтэй хандсан нь шашин дотор ардчиллын салхийг сэвэлзүүлсэн бололтой байна. Тиймээс ч намтар бичигч шавь Лувсансамдүвням нь “гэвш гэвш хэмээн хүндлэлийн дээдээр…. өөрөө нэршиж билээ” хэмээн бахархан дурсчээ.

Миний бие Цахар гэвшийн цөөн шүлгийг ажиглаж үзэхдээ “зохист аялгууны” утгын болон дуун чимэг сэлтсийн талаар төдийлөн дурдсангүй, тэртээ тэргүй тэрбээр зохист аялгуун онолын “Сайн амгалан бүхэн гарахын орон” тэргүүтэн томоохон бүтээл хийсэн, яруу өгүүлэхийн эрдмийг чухам буруу солгойгүй эзэмшсэн нэгэн бүлгээ.

ЮнХэ Гүний Данзанчойдор хэмээгч нэгэнд илгээсэн бас нэгэн захиа бичигт:

 

Маш цагаан үйлсийн Бишүгарма бээр сайтад үүдсэн

Маш үзэсгэлэнт биеийн чандманийн дээд орд харш

Маш олон эш ухааны эрднэсээр дүүрсэн тэр

Маш хөнөөлийн утгаар хүрэлцэлгүй оршиж байхад магад

Чангад би хэмээн баримтлагч галзуу их зааны ширээн дээр хүчит омог урины

Чөмгөн бүрээг үлээсэн цуурай дууг ихэд дуурсгагч маш хэрцгий буруу өгүүлэгч

муу эсэргүүлэгчний тэргүүнд

Чадал нь тэсэхүйеэ нууц тарнийн чадал төгөлдөр хорсом их гал бадарсан

Чухал эш ухааны ор билгийг сайтар залагч зарлигийн эгшиг чинь түртгэл үгүй ахуйд

лавтай буй.

хэмээн айлдсан нь зохист аялгуун үүднээс маш чадамгай шүлэглэснийг ажиглаж болох байна.

 

Академич Д.Цэрэнсодном багш Лувсансамдүвнямын туурвисан “Цахар гэвшийн намтар”-ын удиртгалдаа бичсэнээс эшилбэл:

“…Цахар гэвшийн шүлэг дуулалд хүний эрх чөлөө, ардчилал, тэгш байдлын наад захын хэв хэмжээ хэзээ нэгэн цагт биелэх болов уу хэмээн мөрөөдөж:

 

“Дээрээ ноёнгүй бөгөөд доороо боолгүй

Дэргэдээ дайсангүй тул алгасал бүхнээс ангижраад

Дээдийн номын үйлийг үргэлж өөрийн дураар үйлдэхийн

Дээд тийм нэгэн сайн цаг хэзээ нэг бүтэх болов оо

Өөрийн явах сайн нугуудаа бусдад айлтгах хэрэгтэй

Өөр бусдын элдэв үйлийг өөрөө үйлдэх хэрэгтэй

Үнэхээр номчлон оршихын эрх үгүйн зовлонт алба

Үлэмж их төвөг энэ нүгүүдээс хэзээ нэг хагацах болов оо”

хэмээжээ. Цахар гэвш хэмээх энэ монгол эрдэмтний өдгөөгөөс 240-өөд жилийн тэртээ бичиж байсан шүлэг дуулалд ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөний тухай ийнхүү тодорхой томъёолон хэлж байсан нь зүй ёсоор анхаарал татаж байгаа юм” гэжээ.

Аль орноо үзэвч зовлон гарахын орон

Аль юүг эдлэвч зовлонгийн эд агуурс

Аль хэнтэй ханилавч зовлонгийн нөхөр хэмээн мэдэж,

Ашид шуналгүйгээр хэзээ нэгэн орших болов оо”

хэмээсэн “Зарлигийн эгшиглэл” нь шашны ихэс мэргэдийн “мартуузай хэмээн, дуртган санахуйн тулд бичих” дотоод сэтгэлийн уйтгарлал санаагаа илчлэн үлдээх зохист аялгуучийн бичиглэл, дурдлын өвөрмөц тэмдэглэл, эгшиглэл дуун ажээ.

Доктор, профессор Л.Хүрэлбаатар багш бичихдээ: “Зохист аялгуу гэдэг ухаан бол өнөө зарим нэгний эдүгээчилэн ухаарч буй зөвхөн гагц шүлэг зохиолоо төдий биш, уран яруугаар найруулахын дээд эрдэм, урлаг-гоо зүйн хам цогц сургаал, уран зохиолыг туурвин бичих тогтолцоотой онол, учир зүйн гаргалга шалтгаанаар давхар сэтгэх гүн ухаан юм” хэмээжээ.

Цахар гэвш гучин нэгэн сүүдрээс дөчин долоон сүүдэр хүртэл арван долоон жил аглагийг шүтэн бясалгал бүтээлийг үйлдэх ахуйдаа эгшиглэн дуулсан өдий төдий захиа бичиг, сургааль, зарлигийн эгшиглэл тэргүүтнийг шинжиж үзвээс: Монголын сонгодог яруу найргийн өв сангийн хоёр зуу орчим жилийн бичгийн соёл доторх, эрдэмт лам нарын монгол төвд хоёр хэлээр зохион туурвисан шүлэг дуулал нь: түүний дотроос тухайлан Цахар гэвш Лувсанчүлтэмийн дуулал нь намтарт үгүүлснээр “аглагийн орноо сонссон утга нугуудаа бясалган авахын бүтээл” ажээ. Өөрөөр хэлбэл, аглагт сууж дотоод сэтгэл оюунаа чагнархан, эл ертөнцийн эрээн мярааныг шинжлэн бясалгасан билигт эрдмийн охь дээж, шим нь бүхий л шүлэг дуулалд нь шингэжээ гэж үзэж болох байна. Ер нь сэтгэгч, их билигт хүмүүс онолын ном бүтээлээс гадна олон нийтийн гэгээрэлд зориулан шүлэг дуулал өргөдөг. Жишээ нь Говийн ноён хутагт Данзанравжаа гэхэд л өөрийн үзэл бодлоо шүлэг найрагтаа тодорхой өгүүлж, дуу дуулал болгосон нь өргөн олноо түгэн дэлгэрч, улмаар түүний сургаал номлолоор тухайн цагийн иргэд төдийгүй хойч хойчийн хүн ард ухааран сэхээрч суралцан байна. Цахар гэвш мөн адил, өөрийн үзэл бодлоо шүлэг яруу найргаар уран яруу, ёгт утгаар илэрхийлэн бичиж үлдээсэн байна. Буддын гүн ухааны номын утганд гүн нэвтэрч, утга юуг аглагт бясалган цэгнэж, түүнээ зохист аялгуун эрдмийн эрхэмсэг хэл найруулгаар чадамгайяа, түвэггүйхэн эгшиглэн дуулж “мартуузай хэмээн” тэмдэглэхийн сацуу бурхан номын хойчис, нийт олноо сонордуулан хүргэх номын дуун болгон илгээсэн нь хожмоо үзэхүйд дээд номын үлэмж их сан хөмрөгийг цогцлоосон байх ажээ.

Цахар гэвшийн аглагт бясалгасан их бүтээлийнхээ төгсгөлд үгүүлсэн нэгэн шадаар энэхүү товч бичвэрээ төгсгөсү. Цахар гэвш бээр айлдахдаа:

 

Санаандаа аль орсоор үйлдэхийн хар зориг бусаар

Сайтар оньсонд мэргэшсэн чин зоригт бясалгалаар

Салгасан бус шалтгаан нөхцөл хоёул чуулсан

Сайтар нэгэн үзүүртэйеэ цулгуйдагчин эдүгээ энд чухал амуй… хэмээжээ.

 

Проф Г.МЭНД-ООЁО

 

Ном зүй:

1.Д.Цэрэнсодном “Монголын уран зохиолын товч түүх” /XIII-XX зууны эхэн/ УБ 2002
2.Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ 2005
3.О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997
4.Лувсансамдүвням “Цахар гэвшийн намтар” эрхлэн нийтлүүлсэн Д.Цэрэнсодном УБ 2010
5.Монголын уран зохиолын тойм II Ц.Дамдинсүрэн нар. УБ 1997
6.Цахар гэвш Лувсанчүлтэм “Богд Зонховагийн намтар” эрхлэн нийтлүүлсэн Д.Цэрэнсодном УБ 2007