Түүхэн Харьцуулсан Судалгааны Орчин Үеийн Ач Холбогдол


Алтай судлалын төвийн ЭША С.Энхбадрах

Abstract - The author assumes that comparative historical research methods are very important for public mother language education and real result of combining those methods with interdependence between language and thought.  Moreover, he made own proposal to identify the right form and meaning of some words which are variously used in dictionaries based on Mongolian and Turkic language materials.

Түлхүүр үг -  түүхэн харьцуулсан судалгаа, хэл сэтгэхүйн холбоо, орчин цагийн монгол хэл, бүх нийтийн хэлний боловсрол, монгол түрэг хэл 0. Хэл бол алгуурхан боловч өөрчлөгдөн хувьсаж байдаг маш нарийн тогтолцоотой нийгмийн үзэгдэл гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Хэлний хөгжлийн энэ нарийн зүй тогтлыг судлах нь нийт иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх чухал нөхцөл болно.  Ийм ч учраас гадаад, дотоодын үе үеийн олон судлаачид түүхэн харьцуулан судлах аргад ихээхэн ач холбогдол өгч арвин бүтээл туурвисан нь бүх нийтийн эх хэлний боловсролд багагүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ төрлийн судалгааг өмнөх үеийн эрдэмтдийн боловсруулсан аргад тулгуурлан улам цааш нь өргөжүүлэн судлах нь монгол хэл бусад хэлтэй ямар холбоотой, хэрхэн хөгжиж ирснийг тодруулах зэрэг онолын судалгаанд ч нэгэн адил ач холбогдолтой юм.

Бид энэ удаад өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажлынхаа зарим үр дүнд тулгуурлан түүхэн харьцуулсан судалгааны арга нийтийн эх хэлний боловсролд ямар ач холбогдолтой болох, мөн түүнчлэн хэл, сэтгэхүйн холбоо хамаарлыг энэ аргатай хослуулан авч үзэхийн учир холбогдол, орчин цагийн монгол хэлний толь бичгүүд болон хэрэглээнд хэд хэдэн хувилбараар тэмдэглэгдэж буй үгсийг хэрхэн нэг мөр болгох тухай асуудлуудад монгол, түрэг хэлний жишээ баримтад тулгуурлан тодорхой санал дэвшүүлэхийг зорилоо.

Хэл шинжлэл, тэр дундаа үгийн сангийн судлалд түгээмэл хэрэглэгддэг утгын гурвалжингаар авч үзвэл юм нь нэг талаас ухагдахуунд нөгөө талаас тэмдэгт хандсан байдаг. Тийм ч учраас орчин цагийн монгол хэлний зарим үгсийн утга, гарлын асуудлыг түүхэн харьцуулсан аргаар тодруулан судалж буй бидний энэ ажил хэл, сэтгэхүйн холбоо хамаарлын асуудалтай хүссэн хүсээгүй шууд холбогдох юм. Тухайлан хэлбэл, олон салаа утга бүхий үгийг утгын гурвалжинтай холбон үзвэл уг олон утгын зөвхөн нэг нь л заавал гол утгыг илтгэж бусад нь түүнээс салбарлан гарсан байна гэсэн үг юм. Чухам тэр анхдагч утгыг тодруулан тогтооход түүхэн харьцуулсан судалгааны арга ихээхэн чухал үүрэгтэй болно.

1. Орчин цагийн монгол хэлэнд алба ‘1. ажил үйл; 2. байгууллагын доторх ажил үүрэг гүйцэтгэх тусгай хэсэг; 3. заавал гүйцэтгэх үүрэг’ [1:63] гэдэг үг түгээмэл хэрэглэгддэг бөгөөд монгол хэлний толь бичгүүдэд дор дурдсан утга илэрхийлдэг гэж тэмдэглэсэн байна. Үүнийг үзүүлбэл:

- Улсын буюу албан газрын ажил, үйл: алба ахуй, албанд томилогдох, өртөөний алба, улсын алба, харуулын алба, цэргийн алба, алба залгуулах, албан тушаал, алба хаших г.м.

яриа. захирах тушаах журмаар заавал гүйцэтгэх үүрэг: албан журмын тээвэр, би заавал энд байх албатай биш, тэгэх нь алба уу г.м.

- нийтэд оногдуулан гаргах татвар: алба авах, алба гаргах, алба татах, алба татвар алба барих, алба гувчих, алба гувчуур, алба хугацах г.м.

- улсын хамаатай зүйл: албан мэдээ, албан баримт, албан ёсны, албан сургууль, албаны хувцас, алба өнгөрөөх г.м [2: 26].

Мөн уг үгэнд дагавар залган үүссэн албат ‘1. аливаа нэгэн захиргааны эрх мэдлийн дор захирагдагсад; 2. хаад, ноёд, язгууртны харьяат иргэд: албат ард, албат иргэн, албат хамжлага’ [2: 27], албад(ах) ‘хүчлэн тулгах, захиран тушаах: албадаж хөдөлмөр хийлгэх’ [2: 27], албадлага ‘албадал, хавчлага’ [2:27], албач ‘албан ажилд дадамгай сайн, үнэнч зүтгэлтэй шамдан ажиллагч хүн’ [2:27] гэх мэт олон үг мөн идэвхтэй хэрэглэгдэж байна.

Бидний онцлон үзэж буй үг монгол бичгийн хэлний дурсгалуудад голчлон ‘нийтэд оногдуулан гаргах татвар’ гэсэн утгаар тохиолдож буй нь анхаарал татаж байна. Жишээлбэл, уйгур үсгийн монгол дурсгалд alba ~ alban [3:293]; Хуа-и и-юй тольд alban [4:119]; дөрвөлжин үсгийн монгол дурсгалд alba ["l-b] [5:153] г.м.

Харин энэ үг нь дундад үеийн монгол хэлний гол бичгийн дурсгал болох алдарт “Монголын нууц товчоо”-нд нэг ч үл тохиолдох бөгөөд харин үүнтэй ойролцоо утга бүхий “qubčiri, qubči’ur” гэсэн үг хэд хэдэн газар орсон байна. Энэ үгийн талаар бид хойно дэлгэрүүлэн өгүүлэх тул “МНТ”-нд байхгүй ч дундад үеийн монгол хэлний дурсгалуудад тохиолдож буй, орчин цагийн монгол хэлнээ олон салаа утгатай болон хөгжсөний зэрэгцээ олон холбоо үгийн хүрээнд хэрэглэгдэж буй “алба” хэмээх үгийн анхны утга нь юу болох вэ? гэсэн асуултын хариуг олоход нэн түрүүн анхаарах нь зүйтэй байна. Нэгэнт бид түүхэн харьцуулсан судалгааны аргаар энэ асуудалд хандаж буй учраас “алба” гэсэн үгийн анхдагч утгыг тогтоож болох баримтыг төрөл хэлний үгсээс эрэлхийлэн үзье.

Эртний түрэг хэлэнд ‘al-’ гэсэн үг байх бөгөөд энэ нь “авах, авч явах, хүлээн авах, булааж авах, шилж авах” [7: 32] гэсэн утгатай байна. Мөн манж хэлнүүдэд уг үг яг энэ утгаараа хэрэглэгдэж байна. Жишээлбэл: эвенк хэлэнд ал-, солон хэлэнд али, эвен хэлэнд ал-, негидал хэлэнд ал-, ороч хэлэнд али- [9: 26-27] г.м.

Орчин цагийн монгол хэлэнд идэвхтэй хэрэглэгддэг “алба” хэмээх үгийг бид энэхүү “аl-” хэмээх үгээс үүссэн бөгөөд “авах” гэдэг нь энэ үгийн язгуур утга баттай мөн гэж үзэж байна. Улмаар “аl-” гэсэн үг нь монгол хэлний хөгжлийн дүнд “аlba” гэсэн хэлбэртэй болон хөгжихдөө утгын хувьд хэд хэд салаалж эдүгээ цагтай золгосон бөгөөд одоогийн толь бичгүүдэд буй олон салаа үгийн хүрээнд “нийтэд оногдуулан гаргах татвар” хэмээх нь анхны утга нь гэдгийг эргэлзээгүй хэлж болохоор байна. Дундад үеийн монгол хэлний баримт болж чадах  бичиг үсгийн дурсгалуудад чухам энэ утгаар л тохиолдож буй нь үүний бас нэгэн баталгаа болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

2. “Монголын нууц товчоо”-нд энэ үгтэй ойролцоо утга бүхий qubčiri хэмээх үг 3 удаа, qubči’ur гэсэн үг 1 удаа гарч байна.

taqai-ba’atur sükegei-je’ün qoyar-i elči ilē’et kelüren-ü teri’ün-eče cinggis qahan ö’esün esergü otču ölösčü turuju irebe ke’en ong-qan-a qubčiri qubčiju ökčü güre’en dotora oro’ulju teji’eba (§69) [6: 70];

…tabun ima’at sirgü’elejü sirgü’elejü sa’aju teme’en-ü cisun qanaju idejü qaqca soqor qali’un moritu yadaju temüjin kö’ün-tür ire’esü qubčiri qubčiju teji’eba-je… (§69) [3: 70];

bida cimayi yadaju ireba ke’en qubčiri qubčiju cimada ögü’et uridu ecige-tür minu anda ke’eldüksen yosu’ar tu’ula-yin qara tün-ne bida qoyar-un ečige kö’ün ke’eldüksen yosun tere ülü’ü bui (§69) [6: 70]

гэсэн жишээнүүдэд “qubčiri qubčiju” гэсэн үг нь өгүүлбэрзүйн хувьд яг нэгэн байр (хам сэдэв)-нд ижил үүргээр орсон бөгөөд орчин цагийн монгол хэлний алба хэмээх үгийн “нийтэд оногдуулан гаргах татвар” гэсэн утга буюу “татвар авах, алба гувчих” гэсэнтэй адил утгатай байна. Орчин цагийн монгол хэлний толь бичгүүдэд уг үгийг “говч-, гувч-” гэсэн хоёр хувилбараар толгой үг болгон оруулсан байна. Тухайлбал:

гувчуур ‘гувчиж авсан юм буюу говчуур’ [2: 215]

говчуур ‘олноос нийгэн тэсгэн татаж авах албан татвар, гувчуур гэх нь буй: албан говчуур, говчуур татвар’ [2: 202]

говчих ‘говчуур татвар авах, гувчих ч гэх нь буй’ [2: 202]

гувчих ‘гувчих авах буюу говчих’ [2: 215]

гэсэн байх бөгөөд ийн хоёр хувилбараар бичихийн учир юу вэ? гэсэн асуулт эндээс зүй ёсоор урган гарч байна. Уг асуултын хариуг олохын тулд нэн түрүүнд төрөл хэлний баримтыг шүүж үзвэл эртний түрэг хэлэнд qubčir- ‘всеобщий налог в пользу государства (улсад нийтээр төлөх татвар)’ [7: 462] гэсэн үг байна. Орчин цагийн монгол хэлний гувчир хэмээх үгтэй бүтэц, утгын хувьд бүрэн тохирч буй эртний түрэг хэлний уул үгийн язгуур “qub-” (qubrat-) нь ‘собирать (цугларуулах, бөөгнөрүүлэх, хураах, түүх)’ [7: 462] гэсэн утгатай байна. Чухам энэ хөдөлшгүй баримтад тулгуурлан үзвэл, бид дээрх асуултад төвөггүйхэн хариулж чадах нь хэн хүнд илэрхий байна. Өөрөөр хэлбэл, орчин цагийн монгол хэлнээ “гувч-, говч-, гувчуур, говчуур” гэхчилэн хоёр янзаар бичиж буй үг нь түрэг хэлний “qub-, qubčir” гэсэн үгтэй гарлын хувьд шууд холбоотой болох нь тодорхой бөгөөд энэхүү “гувч-” гэсэн үг монгол хэлний гуй- “бусдад хүслээ илэрхийлэн эрэх, хүсэх” хэмээх үгтэй утга, бүтцийн хувьд ихээхэн ойролцоо бөгөөд “гуйж гувших” гэсэн хоршоо үг идэвхтэй хэрэглэгддэг зэргээс үзвэл уг үг монгол хэлнээс түрэг хэлэнд орсон үг бололтой. Иймийн тул орчин цагийн монгол хэлэнд хоёр янзаар бичиж тэмдэглэж буй дээрх үгийн тэргүүн үеийн эгшгийг  “у”-аар тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин qubči’ur гэсэн хэлбэр нь “Монголын нууц товчоо”-нд нэг л удаа тохиолдохдоо дээрхээс арай өөр утгаар орсон байна.

“tarbaqan bolju kimusu’ar-iyan maltaju qajar-tur oro’asu čalir bolju čokiju erijü ülü-’ü güyicegü či jiqasun bolju tenggis dalai-tur oro’asu či sübe’etei gölmi qubči’ur bolju si’üjü qubčiju ülü-’ü abqu či… (§197) [6: 109]”.

Энд орчин цагийн монгол хэлний толь бичигт буй “1. загас хааж барих нэгэн зүйл тор, өөш, гувчуур ч гэнэ; 2. загас барих хүн сууж явдаг гуя онгоц мэт зүйл” гэсэн утгатай, мөн “гувчуур, говчуур” гэж хоёр янзаар тэмдэглэсэн үгтэй утга ижил байна. Хэлний хөгжлийн явцад ямарваа үгийн утгыг өөр нэгэн зүйлийн шинж чанартай харьцуулан зүйрлэж утгыг шилжүүлсний үр дүнд нэг үгийн олон хувилбар үүсэж, улмаар салбарлан хөгжиж байдаг билээ. Гэхдээ үгийн утга хэдий олон салбар салаа утгатай болсон ч, бүр үндсэн утгаасаа өөр утгатай болж үгийн сангийн шинэ нэгж болсон ч үндсэн утгатайгаа дам холбоотой байдаг [8: 323]. Үгийн сангийн судлалын энэ онцлогт тулгуурлан үзвэл “цугларуулах, бөөгнүүлэх, хураах” гэсэн уугуул утгаас салаалан хөгжсөн гувчуур “олноос нийгэн тэсгэн татаж авах албан татвар” гэсэн үгийн утга “загас хааж барих нэгэн зүйл тор, өөш” гэсэн утгаар салаалан хөгжсөн гэж үзэж болно.

Орчин цагийн монгол хэлний толь бичгүүдэд зарим үгийг хоёр өөр хэлбэрээр толгой үг болгон оруулсан жишээ өмнөх хэсэгт дурдсанчлан багагүй тохиолдож байгаа бөгөөд ийм үгсийн аль нь зөв болох эсэхийг мэргэжлийн бус хүмүүс төдийлөн ялгахгүйгээс нийт иргэд нэгэн үгийг өөрөөр бичих тохиолдол цөөнгүй үзэгдэж байна. Ийм үгсийн чухам аль нь зөв болохыг тодруулахад түүхэн харьцуулсан судалгаа мөн л чухал үүрэг гүйцэтгэнэ.

3. Монгол хэлний толь бичгүүдэд хөлөг “1. хүнд хүчир замд унаж эдлэх морь, хүлэг гэж бичих нь ч буй; 2. хүндэтгэвэл зохих хүний уналга”, хөлөг “баатар” [2: 973] гэсэн хоёр үгийг мөн хүлэг “хөлөг” [2: 1021] гэсэн хувилбараар толгой үг болгон оруулсан байдаг хийгээд бүх нийт энэ үгийг “ө” эгшигтэй болон “ү” эгшиг бүхий хувилбарын аль алинаар бичдэг нь монгол бичгийн тэргүүн үеийн ө, ү хоёр эгшгийг ялгах боломжгүй байсантай холбоотой гэхэд буруудахгүй.

Эртний түрэг хэлний kü- ‘алдар, цуу’ [7: 322] хэмээх үг -lüg (~ -lïk, -lik) гэсэн залгавар авснаар külüg “алдартай, цуутай, баатар” [7: 326] гэсэн утгатай болдгийг хэл шинжлэлчид нэгэнт мэддэг болсон байна. Энэ үгийн тухайд академич Л.Болд багш маань нэгэн өгүүлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд “Монголын нууц товчоо”-ны гуравдугаар зүйлд байдаг “… Torokuljin-bayan borokčin-ko’a gergeitü boroldai-suyilbai jala’utu dayir boro qoyar külü’üt aqtastu büle’e” гэсэн өгүүлбэрт гарах külü’üt aqtastu хэмээх үгийн külü’üt гэдэг нь аqtastu гэдэг үгийг тодотгож буй, өөрөөр хэлбэл, “орчин цагийн монгол хэлний толь бичгүүдэд тэмдэглэж буйчлан “унах, эдлэх морь” бус, эрхбиш сайн морь гэсэн утгатай байна” [10: 5-6] хэмээсэн байна. Мөн профессор Ш.Чоймаа “хүлүг (крил үсгээр хүлэг) хэмээх үг нь алдар, цуутай гэсэн эртний монгол үг бөгөөд дунд үеийн монгол хэлэнд тодотгуулагч нэр үг “баатар” нь хэмнэгдэж, хүлүг хэмээх нь “алдар цуутай баатар” гэсэн утгыг илтгэх болжээ. Орчин цагийн монгол хэлэнд хүлүг морь гэхийн оронд мөн “хүлүг” гэх болжээ” [11: 125] гэж тайлбарлажээ.

Өдгөө нэгэнт судлан тогтоосон уг үгийн тухайд давтан нурших нь илүүц бөгөөд энд ийн авсны учир нь түүхэн харьцуулсан судалгаанд тулгуурлан орчин цагийн монгол хэлний толь бичгүүдэд олон янзаар бичиж, тэр нь нийтийн эх хэлний боловсролд сөргөөр нөлөөж буй энэ мэт үгийг зөвөөр нь хэвшүүлэх нь чухал байна гэдгийг харуулах зорилготой минь холбоотой юм.

4. Энгийн иргэд төдийгүй эрдэмтэн судлаачдын дунд маргаантай байдаг, мөн толь бичгүүдэд хоёр янзаар бичдэг бас нэгэн үг бол өгүүлэх “хэлэх, ярих” [1: 156], үгүүлэх “яриа. өгүүлэх” [2: 845] юм. Энэ үгэнд дагавар залгаж үүссэн “өгүүлбэр (үгүүлбэр, үгэлбэр), өгүүлэл (үгүүлэл), өгүүлэгдэхүүн (үгүүлэгдэхүүн, үглэгдэхүүн), өгүүлэхүүн (үгүүлэхүүн, үглэхүүн), өгүүлэгч (үгүүлэгч), өгүүллэг (үгүүллэг)” тэргүүтэй үгс орчин цагийн монгол хэлэнд түгээмэл хэрэглэгдэж байна. Хэд хэдэн янзаар бичигдэж, хэрэглэгдэж буй уг үгийн утга, гарлыг бид мөн төрөл хэлний жишээгээр тодруулах гэж оролдъё. Эртний түрэг хэлэнд “цэцэн, мэргэн” гэсэн утгатай ögü [7: 379] гэсэн үг байх бөгөөд бид монгол хэлний “өгүүл-” хэмээх үгийг энэ үгтэй гарлын холбоотой гэж үзэж байна. Үгийн сангийн судлалын утгын гурвалжингийн үүднээс түрэг хэлний ögü хэмээх үгийн “цэцэн, мэргэн” гэсэн утгыг монгол хэлний “өгүүл-” хэмээх үгийн анхдагч утга хэмээн үзвэл орчин цагийн монгол хэлэнд түгээмэл хэрэглэгддэг энэ үг “цэцлэх, цэцлэн хэлэх” гэсэн утгаас үүсэлтэй болох төдийгүй, өгүүлбэр гэдэг нь “цэцэн үгсийн бүрдвэр”, өгүүлэгч гэдэг нь “цэцлэгч” гэх мэт анхдагч утгатай болно. Ийн үзэх бас нэгэн үндэс байж болох юм. Тэр юун хэмээвээс уг үгтэй ойролцоо утгатай монгол утга зохиолын хэлэнд идэвхтэй хэрэглэгддэг “хэлэх, ярих” гэсэн үгс байх бөгөөд эдгээр нь ярианы хэлэнд, харин “өгүүлэх” гэдэг нь зөвхөн бичгийн хэлэнд хэрэглэгдэж буй явдал юм. “Монголын нууц товчоо”-ны хэлэнд элбэг тохиолддог “ögülürün” хэмээх үг бидний таамагласан анхдагч утгад ойртон очиж тун магадгүйг бас хэлэх нь зүйтэй.

Бидний энэ таамаг ёсоор бол орчин цагийн монгол хэлэнд “өгүүл-, үгүүл-, үглэ-; өгүүлбэр, үгүүлбэр, үглэбэр” гэх мэтээр бичиж буй уг үгийг “өгүүл-” язгуурт хэлбэрээр нь бичиж хэрэглэх нь зүйтэй. Энэ мэтээр орчин цагийн монгол хэлэнд хоёр буюу түүнээс дээш хувилбараар толь бичигт тэмдэглэгдэж, олон нийтэд хэрэглэгдэж буй үгсийг нэг бүрчлэн бүртгэж, улмаар түүхэн харьцуулсан судалгааны аргаар тодруулж болох үгсийн утга, гарлыг судалж, зөв хэлбэрийг хэвшүүлэх боломж бүрэн байна.

5. Орчин цагийн монгол хэлний ацаг хэмээх үг нь “1. хүний бие, хөрөнгөөр ямар нэгэн ажилд хөдөлмөрлөсөн хүчний үнэд өгөх хөлс; 2. тэрэг тэмээ, уналга ачлага зэрэг юмыг түр хэлэлцэн хэрэглүүлсэн буюу хэрэглэсний хөлс; 3. бусдад оногдсон ажил албыг хөлсөөр хэлэлцэж гүйцэтгэх нь” [2: 68] гэсэн утгатай бөгөөд үүнтэй гарлын хувьд холбогдох ашиг хэмээх үг “1. зарлагаас илүү гарч байгаа орлогын хувь; 2. өртөггүй орох олз, юм; 3. мал мэтээс гарах хэрэгцээт зүйлс; 4. ашиг сонирхол; 5. хэрэг тус, тус дөхөм” [2: 69-70] гэсэн утгаар идэвхтэй хэрэглэгдэж байна. Уг хоёр үг тус бүртэй бүтэц болон утгын талаар харилцан тохирох мөн хоёр үг эртний түрэг хэлэнд байгаа нь бидний анхаарлыг ихээхэн татаж байна. Эдгээр нь: ačïγ “1. шагнал, шагнах, ач хариулах;  2. ашиг тус” [7: 5], asïγ “ашиг, тус, завшаан, хонжоо, цэвэр ашиг” [7: 60] гэсэн үгс болно. Монгол хэлний ačuγ, ašiγ гэсэн үгсийн харьцаа нь бүтцийн хувьд č болон š хоёр авиа сэлгэн хэлбэрийн ялгаа үүсч, утгын хувьд бага зэрэг ялгаатай болсон гэж үзэж болно. Түрэг хэлний хоёр үгийн харьцаа ч мөн үүнтэй адилаар тайлбарлагдана. Харин тус хоёр хэл хоорондын харилцааны хувьд ačuγ ~ ačïγ гэсэн хоёр үг, ašiγ ~ asïγ гэсэн хоёр үг тус тус илүү холбоотой боловч, авианзүйн хууль болон утгазүйн талаас авч үзвэл эдгээр үгс бүгд нэгэн үгээс салаалан үүссэн нь тодорхой байна. Чухам ямар утгатай, ямар үгээс салаалан хөгжсөн болохыг тодорхойлоход тус болох баримт орчин цагийн монгол хэлний ац- “бичиг. аль! өг! гэж тушаасан утганад ац!” хэмээх үг гэж бодож байна. Уг үг нь хэдийгээр орчин цагийн монгол утга зохиолын хэлэнд зөвхөн бичиг, найруулгын явцуу хүрээнд тодорхой нэг л утгаар хэрэглэгдэж буй боловч монгол хэлний эрт үед “авах (магадгүй шаардаж авах)” гэсэн утгатай байсан гэж үзэх бүрэн үндэс бий. Дээрх дөрвөн үгийн бүтэц, утгыг харгалзан анхдагч хэлбэрийг тогтоох боломжтой байгаа хэдий ч цаг хугацааны хувьд чухам хэдий үеэс салаалан хөгжсөнийг хэлэх боломжгүй ийм нөхцөлд өвөг алтай хэлэнд тодорхой утгаар хэрэглэгдэж байсан *at ~ *ač ~ *ači гэх мэт хэдэн хэдэн хувилбараар таамаглаж болох үгээс үүссэн гэж  дүгнэхэд буруудахгүй биз ээ.

Өгүүллийн төгсгөлд нэгэн зүйлийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй байна. Тэр юун хэмээвээс ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын төвөөс эрхлэн гаргахаар бэлтгэж буй “Монгол хэлний түүхэн харьцуулсан толь” бүтээлд судалгааныхаа зарим үр дүнг тайлбарын хамт харгалзах толгой үсгийн бүлэгт нэмж ирсэн бөгөөд энэ удаагийн цөөн үгээ ч тус тольд багтаах бөгөөд энэ нь бидний энэ ажлын тодорхой үр дүн болох юм. Уг толийн А толгой үсгийн бүлгийг тус Алтай судлалын төвийн эрхлэн гаргадаг олон улсын редакцийн зөвлөл бүхий “Аltaica” сэтгүүлийн энэ 2014 оны дугаарт хэвлэхээр бэлэн болгосон бөгөөд энд өмнөх оны залуу судлаачдын хуралд хэлэлцүүлсэн илтгэлд тусгасан түрэг хэлнээс монгол хэлэнд орсон “aibin, ajin” [12] гэсэн хоёр үгийн харьцууллыг, тайлбарын хамт багтаасан билээ.

Энэ удаагийн судалгаа нь түүхэн харьцуулсан судалгааны арга орчин үеийн нийтийн эх хэлний боловсролд ямар ач холбогдолтой болох, мөн түүнчлэн хэл сэтгэхүйн холбоо хамаарлыг уг аргатай хослуулан хэрэглэж үгийн утга, гарлыг тодруулах тухай асуудалд бодит хариуг өгөхийн зэрэгцээ монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааны улам өргөжин хөгжсөөр буй далай санд тус хоёр хэлний дундын шинжтэй зарим үгийн харьцаа, холбоо, утга, гарлыг тодруулахад дусал төдий нэмэр болно гэж найдаж байна.

ДҮГНЭЛТ

Энэхүү судалгаандаа тулгуурлан доорх дүгнэлтийг хийж байна.

Түүхэн харьцуулсан судалгааны аргыг хэл, сэтгэхүйн холбоо хамааралтай хослуулан авч үзсэнээр орчин цагийн монгол хэлний зарим үгсийн утга, гарлыг тодруулах бүрэн боломжтой төдийгүй монгол, түрэг хэлний харилцан нөлөөллийн асуудлыг судлахад уг зарчмыг ашиглавал ихээхэн үр дүнтэй болох нь тодорхой байна.

Орчин цагийн монгол хэлний толь бичгүүдэд нэгэн мөр болгож оруулаагүйн зэрэгцээ чухам аль нь зөв болохыг ялгахгүйгээс бүх нийтээр өөр өөрөөр бичиж, тэмдэглэж буй үгсийг зөв бичихзүйн хувьд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр жигдлэхэд түүхэн харьцуулсан судалгааны арга чухал үүрэгтэй гэдэг нь тодорхой болж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхэд уг аргыг бүтээлчээр ашиглаж, толь бичгүүдэд буй олон янз хувилбарыг нэгэн хэлбэрээр тогтоох нь бүх нийтийн хэлний боловсролд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

“Монгол хэлний түүхэн харьцуулсан толь”-д энэ чиглэлийн судалгааны үр дүнгээ тайлбарын хамт оруулах нь дээрх асуудлыг шийдэхэд багагүй нэмэр болохын зэрэгцээ ерөөс цаашид монгол хэлний тайлбар болон орчуулгын толь мөн тусгай толиудад энэ мэт судалгааны үр дүнг тусган хэрэгжүүлж байх хэрэгтэй байна.

Энэ бүхэнд түүхэн харьцуулсан судалгааны орчин үеийн ач холбогдол оршиж байна.

НОМЗҮЙ

[1] Ерөнхий редактор Л.Болд, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, I-V боть. Уб., 2008.

[2] Я.Цэвэл, “Монгол хэлний товч тайлбар толь” (Нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл),  Уб., 2013.

[3]  D.Tumurtogoo, “Mongolian Monuments in Uighur-Mongolian script (XIII-XVI centuries)”, Introduction, Transcription and Bibliography, [=Language and Linguistics Monographs Series A 11], Academia Sinica, Institute of Linguistics, Taipei, Taiwan, 2006.

[4] Ё.Жанчив, Ц.Бямбацэнд, “Нангиад монгол “Хуа-и и-юй” толь”, Уб., 2003.

[5] Mongolian Monuments in Phags-pa Script. Introduction, Texts, Transcription and Bibliography, [=Language and Linguistics Monographs Series A], Academia Sinica, Institute of Linguistics, Taipei, Taiwan, 2006.

[6] I.D.Rachewiltz, “Index to the Secret History of the Mongols”, Indiana Univercity, Bloomington, 1972.

[7] Редакторы В.М.Наделяев, Д.М.Насилов, Э.Р.Тенишев, А.М.Щербак, “Древнетюркский словарь”, Ленинград, 1969.

[8] Редактор Ц.Өнөрбаян, А.Цог-Очир, Ү.Ариунболд, “Орчин цагийн монгол хэл”, Уб., 2010.

[9] Оствественный редактор В.И.Цинциус, Сравнительный словарь тунгусо-маньчжурских языков, Ленинград, 1975.

[10] Л.Болд ““Монголын нууц товчоо”-ны зарим үгийн утгыг орхон бичгийн дурсгалаас тодруулах нь”, Хэл зохиол судлал, Боть III (35), 1-27 дэвтэр, Уб., 2010. х.5-16.

[11] Ш.Чоймаа, “Монголын нууц товчоо – эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг”, Уб., 2011.

[12] С.Энхбадрах, “Түрэг, монгол хэлний харьцуулсан судалгааны асуудалд”, Нийгэм, хүмүүнлэгийн салбарын “Хүрэлтогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал (Илтгэлүүдийн эмхтгэл). Уб., 2013, х.63-70.