Манжийн Тайзу Хааны Сургаал, Зарлиг “Субашид”-Тай Холбогдох Нь


Э.Баярчимэг

Түлхүүр үг: Манжийн Тайзу хаан, түүний сургаал, зарлиг

Тайзу хааны билиг сургаалыг чухалчилж үзэхийн ач холбогдол нь Манж, Монголын хоорондын харилцаа холбоо, Манж дахь Монголын утга зохиолын соёлын нөлөөг тодруулахад чухал ач холбогдолтой юм.

XVII зууны эхнээс XIX зууны эхэн хүртэл Азийн томоохон улсын нэг болж байсан Манж Дайчин улсын түүх шастир, хууль цааз, толь бичиг, үлгэр, шүлэглэл зэрэг утга зохиолын дурсгалт бичиг сэлтээс үзэхэд Монголчуудын аман зохиол, уран зохиолын хэлбэрийг хэрэглэж байсан нь илэрхий мэдэгдэж байна.

Угсаатны хувьд анх бүрэлдэн буй болсон өндөр дээдийн үеэсээ нутгийн хаяа залган нүүж суурьшсаар хэдэн мянганыг өнгөрөөсний нь бодсон ч, ээлж дараагаар эснин мандаж төр улсаа төвхнүүлж асан үед нь холбогдох түүхийн сурвалж баримтаас үзсэн ч монгол ба манж хамниган түмний түүхэн харилцаа холбоо өнө эртний улбаатай бөлгөө[1].

Тайзу хааны үе буюу Хойд Алтан улсын үе бол Манж Чин улсын түүхэн дэх бусад хаадын үеийг бодвол, Хятадын ахуй соёлын нөлөөнд харьцангуй бага автсан бөгөөд монголын соёлын нөлөө багагүй байсан үе юм. Иймд, энэ үед холбогдох Манжийн хааны сургаал зарлиг дахь уламжлал, монголын утга зохиолтой харилцан холбогдох байдал нь ямар байгаа зэрэг ерөнхий дүр зургийг гаргаж ирэх нь сонирхол татсан асуудал юм. Уг зохиолыг ажиглахад, “Субашид” дахь сургаал шүлгээс уламжлалтай гэж үзэж болох зүйл нэг бус байгаа нь сонирхолтой юм. Манж монголын аман болоод бичгийн зохиол нь анхнаасаа салшгүй холбоотой байсаар ирсэний хувьд түүний нөлөө монголоор дамжин манжийн утга зохиолд зохих тусгалаа олжээ. Иймээс Тайзу хааны сургаал нь “Субашид”-тай дам холбогдох өгүүлэмж байдаг нь монгол соёлын нөлөө гэж үзэх бүрэн боломжтой юм.

Тайзугийн сургаал зарлиг дахь “Субашид”-тай холбогдох зүйл:

Тайзугийн сургаал зарлигийн дотор “Субашид”-аас уг сурвалжтай гэж үзмээр зүйл цөөн бус байгаа нь сонирхолтой байна. “Субашид”-ыг эртний энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн “Рашааны дусал” хэмээх төр иргэний алдарт сургаалаас уламж үлгэр авч, Төвдийн сажа бандида Гунгаажалцан зохиосон билээ. “Субашид” нь Юань улсын үеэс эхлэн монголд хамгийн их дэлгэрсэн зохиолын нэг бөгөөд монголын бичгийн мэргэдийн зохиолд их нөлөөлсөн байдаг. тайцзу хааны сургаалд “Субашид”-аас эхтэй гэж үзэж болох зарим зүйлийг монгол түүхийн сурвалжуудаас лавлаж үзэхэд Саган Сэцэний “Эрдэнийн товч”-д буйг мэдэж болно. Тухайлбал:

                «Гайхамшиг сэцэд мэргэд хэдий доройтвоос

                Харин ухаан билиг дүлэд нэмюү.

                Гайхахуй мэт шалгамал алтан эрдэнийг

                Галд түлэхүй тутам өнгөө нэмюү» гэсэн энэ хэсэг Тайзу хааны сайд нараа сургасан сургаалын дотор,

                «Сайн хүн амь биед хүрвээс бээр

                Түүний сэтгэл нь үл хувисму

                Сайн алтыг галд түлбээс бээр

                Түүний өнгө нь үл хувилму» гэж байна. Тэгвэл “Субашид”-ын доторх шүлэглэлээс үзвэл:

                «Ариун сайхан чанартан аминдаа хүрэвч

Ахуй төрөлхийн сайнаа үл алдъюу

Алтны эрхэм шижрийг хэдий улайтгавч

Ашид сайн өнгө нь үл буурах мэт» гэж байна.

                Мөн хаан дэргэд агч [байгч] сайддаа эрдэмтэй хүн, эрдэмгүй хүний ялгаа заагийг хэлж сургахдаа:

                «Эрдэмт хүн эрдмийг хүсэхүйгээс бус

                Эрдэмгүй хүн юунай эрдмийг хүсэхийг мэдмү

                Балын зөгийс цэцгийг хүсэхүйгээс бус

                Хөхтүрүү батгана цэцгийг хүсэхүйг үл мэдэх болой» гэсэн энэ хэллэг Гунгаажалцан (1182-1251)-ы зохиосон “Эрдэнийн сан субашид” хэмээх сургаалын зохиолд,

                «Эрдэмтэн их мэргэд эрдэмд дурлана за

Эс болсон тэнэгүүд ер үл дурлаюу

Эрхэм балт цэцэгт зөгий дурлана за

Үүрд баас шимэгч батгана ер үл дурлаюу» гэж тааралдаж байна.

Мөн хаан сайддаа сургасан сургаалын дотор,

                «Сайн хүн зөвлөлдөж бүтээсэн хуувь [зөвлөл]-ийг

Муу хүн сонсвоос, нэгэн үг гаргаж эвдмү

Он зовнин үйлдсэн тарианы амууг

Мөндөр нэгэн өдөр эвдэх мэт хайран бусуу» гэсэн хэсэг “Субашид”-д

«Сайн ухаантан мэргэдийн хичээж бүтээсэн их хэргийг

Санаа муут хорт хүн нэгэн цагт эвдэх буй бөлгөө

Сар жил болтол шамдан хичээж ургуулсан тариаг

Салхит догшин мөндөр нэгэн агшинд товрог болгох мэт» гэсэн хэсэгтэй таарч байна. Мөн хаан:

«Муу хүнийг хэдий хичнээн сургаж сайнд болтугай хэмээвээс

Хэрхэвч бээр үл болох нь

Нүүрсийг угааваас бээр

Цагаан үл болохуйд адил болой» гэсэн энэ сургаал “Субашид”-ын дотор,

«Төрөлх муу хүнийг хэдий сурган засавч

Төвшин сайн чанарт болох нь үгүй

Түлсэн хар нүүрсийг хэдий шамдан угаавч

Түр зуур ч цагаан болох нь үгүй билээ» гэсэн хэсэгтэй дүйцэж байна.

Мөн хааны сургасан сургаалын дотор,

                «Сайн хүнийг түр зуур золговоос мөн тус болму

                Муу хүн лугаа амраглаваас хэдүй удваас дүлэд хор хүртүүлмү» гэсэн энэ сургамж “Субашид”-ын доторх,

                «Энэрэгч дээдэс ширүүн загнавч алсдаа тусалъюу

                Эгэл муу хүн даруй янаглагч эцэстээ хорлоюу» гэсэн хэсэгтэй таарч байна.

Дээрх бүгдээс харахад, “Тайзу хааны сургаалд “Субашид”-тай холбогдох өгүүлэмж байгаа нь төвдөөс шууд уламжлан авсан уу?, эсвэл монголоор дамжуулж дам авсан уу? гэдэг асуулт гарна. Тэгвэл Тайзу хааны сургаал “Субашид” хэмээх сургаалын зохиолтой холбогдох өгүүлэмж байгаа нь монгол соёлын нөлөө гэж үзэх бүрэн боломжтой юм. Учир нь, монголын хаад хос ёсны бодлогыг хэрэгжүүлэх эхэн цагаас аваад Гунгаажалцаны зохиосон “Субашид”-ыг олонтаа монголчлон түгээн дэлгэрүүлж байсан байна. Дээрх жишээ баримтаас үзэхэд “Субашид” манжийн аман зохиолд нөлөөлсөн нь манж нар монголтой харилцаа холбоотой байсны дээр манжийн хааны дэргэд монгол хэл, бичиг сайн мэддэг Эрдэнэ багш, Гагай заргач зэрэг хүмүүс байсан нь бас нэг нөлөөлөх боломж олгосон байж болох юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэ багш тэргүүтэй монгол хүмүүс Тайзу хаан (Нурхач баатар)-ын шадар сайд байсны хувьд “Субашид”-ын нөлөө монголоор дамжиж, манжид нөлөөлсөн хэмээн үзэж болмоор шиг байна. Мөн монгол шүлгийн толгой холбох аргыг ашигласан зэргээс тодорхой мэдэж болох юм. Тухайн сургаал зарлигаа аливаа улс үндэстнээс идэвхигүй уламжлан авдаг зүйл биш, харин бүтээлчээр хөгжүүлэн баяжуулж тухайн үеийнхээ байдалд тохируулан авч хэрэглэдэг байжээ” гэж дүгнэж болохоор байна.

Номзүй

Баярсайхан.М “Манж бичгийн хөгжлийн асуудалд” МСЭШБ XVI ботьУб., 2000

Баярсайхан.М “Монгол хэлээрхи Дайчин улсын магад хуулийн хэлний онцлогоос” Уб., 2002

“Дайчин улсын магад хууль” 1-р эмхтгэл ӨМСХХ, Хайлаар хот., 1990

Дансранжав.А “Манж сургаал үгсийн тухай” ОЭШБ Уб., 1962

Заяабаатар.Д “Монгол зүйр сэцэн үгийн 3000 дээж” Уб., 1999

Отгонтуул.Т “Монгол дахь манжийн судлал” МУИС, ЭШБ, XVI боть Уб., 2000

“Оюун түлхүүр нэрт шастир” Уб., 2002

Шаарийбуу. Я Манжийн утга зохиолын дээж” Уб., 1999

Шагдарсүрэн.Ц “Монголчуудын үсэг бичигийн товчоон” Уб., 2001

“Эрдэнийн сан субашид” Уб., 1990


[1] Т.Отгонтуул “Монгол дахь манжийн судлал” МУИС ЭШБ XVI боть, УБ., 2000 213-р тал