Монгол Яс Барих Мэргэжил


      Яс барих ба илж массажлах эмчилгээний тухай монголчууд олон зуун жилийн хатуу бэрх амьдралын явцдаа нэлээд боловсронгуй эмчилгээний мэргэжлийн талаар гүнзгий мэдлэгтэй болсон байна. Цаг үе хөгжихийн зэргээр монгол эмнэлгийн яс барих мэргэжил нь ч онол болон практикийн талаар шинэлэг зүйлтэй болжээ, Монгол эмнэлгийн яс барих эмчилгээнд голцуу атгах, базлах, татах, шувтрах зэрэг арга байдаг бөгөөд булчин зангирхаас сэргийлэхийн тулд илж массажлах аргыг ч хамтад нь хэрэглэдэг юм. Яс барихад хэрэглэдэг багаж хэрэгсэл нь тун дөхөмхөн байдаг, жирийн байдалд ерөөсөө л хөвөн болон модон чиг байвал болчихно. Шар усыг хатаах, хавдар хариулах, халууныг дарахад могойн өндгөн чулуугаар жин тавих, хүрэл толиор арчих, мөнгөн аягатай архиар шавших зэрэг аргыг хэрэгдэг. Яс барихад домнох засал нь ч гайхамшигтай үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хөдөө гадаа бэртэж доргисон хүнийг эмчлэхдээ түргэн сугсарч эмчилдэг, тархи доргисон бол мөн доргиулж байж эмчилдэг. Илж массажлах эмчилгээний төрөл зүйл олон байдаг бөгөөд монгол эмнэлэгт бүүр дээр үеэс хэрэглэсээр ирсэн эмчилгээний арга юм. Илж массажлахад олонх архи үлээх, шар тос, доргоны тос түрхэх, наранд ээх, шууд атгах, базлах, хөнгөн алгадах, илэх зэрэг аргаар олон зүйлийн өвчнийг эмчлэн анагаадаг байв. Илж массажлах эмчилгээ нь холбогдох бэлчир дээр төөнүүр тавих зэрэг хөнгөн аргаар халаах, бадайруулах зорилгодоо хүрдэг. Иймээс хүмүүс илж массажлах эмчилгээг өргөнөөр хэрэглэж, байгальд хоргүй, биед халгүй эмчилгээ гэж үзээд биеэ чийрэгжүүлэх, дархлаа нээгдүүлхэд хэрэглэж байна. Энэ бол сурч эзэмшихэд хялбар, их төлбөр шаарддаггүй гэр зуураа ч хэрэглэж болдог боловч зарим хүмүүс түүнд зохих эмчилгээний мэргэжил шаардлагатай байдаг. Яс барих ба илж массажлах нь нягт уялдаатай юм. яс бэртсэн болон үе мөчийн гэмтлийг барьсны дараа заавал тогтсон хугацаатайгаар зохих бэлчир судсыг олж эмчлэх хэрэгтэй гэж монгол анагаах ухааны олон ном сударт тэмдэглэсэн байдаг. Практик ажиллагаа ч үүний зөв болохыг гэрчилж байна. Монгол эмнэлгийн уламжлалт яс барих ба илж массажлах эмчилгээ нь амархан засал авч, түргэн эдгэдэг, сөрөг нөлөө багатай болохоор хүмүүсийн анхаарал сонирхлыг их татаж, Монгол эмнэлгийн сурч судлах тусгай төрөл зүйл болсон байна. Орон нутгийн эм эмнэлгийг анхааралдаа авч, байгаль орчин болон нутаг усандаа зохицсон нутгийн жоруудыг сэргээн хэрэглэхийн хамт монгол үндэстнийхээ язгуур соёл болох нутгийн эмчилгээний өвөрмөц арга барилаа өвлөн уламжилж, хөдөө нутагтаа нуугдаж байгаа жирийн мөртөө онц үүрэг гүйцэтгэдэг эм эмнэлгийн шилдэг мэргэжлийг шинжлэх ухаанчаар өвлөн авч даяаржуулах чиглэлээр дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.