Зүйр Цэцэн Үгийг Хэлний Соёл Судлалын Хүрээнд Судалсан Нь /үнэлэмжийн Жишээн Дээр/


Б.Мөнхцоож

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 3412

Хамгаалсан он: 2016

Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь (үнэлэмжийн жишээн дээр) диссертаци нь удиртгал, үндсэн гурван бүлэг, зургаан дэд бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт үнэлэмжийн талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж судалгааны ажлынхаа арга зүйг тодорхойлов. Үнэлэмжийг философид мөн чанар талаас нь судалдаг, харин социологид нийгмийн үзэгдэл, үүрэг талаас нь түлхүү анхаарч, өөр өөрийн онцлогтойгоор тодорхойлж байна. Бид Германы эрдэмтэн Р.Х.Лотце, Оросын эрдэмтэн В.А.Канке, Б.С.Ерасов, Америкийн эрдэмтэн Г.Ленски нарын үзэл баримтлалыг судалгааны арга зүйн үндэслэлээ болгов. Тэдний үзэж буй “үнэлэмж нь оюун санаанд бүтээгдсэн утга, үнэлж буй зүйлдээ хандах субъектив хандлага”, “үнэлэмж бол тогтсон хатуу дэг журам биш харьцангуй хувирамтгай ойлголт” гэсэн тодорхойлолтуудыг баримтлал болгов.
Монголчуудын үнэлэмжийг эдийн болон оюуны соёлын онцлог, түүний шууд тусгал хэл, хэлний баримтад тулгуурлан, нөгөө талаасаа хэл, соёлын баримт хэрэглэгдэхүүнд үндэслэн, тэдгээрийн онцлог тал, шинж чанарыг үнэлэмжээр дамжуулан гаргав.
Хоёрдугаар бүлэгт монгол зүйр цэцэн үгийн талаарх эрдэмтдийн судалгааг нэгтгэн тоймлож, өөрсдийн үзэл санааг илэрхийлэв.
“Хэлний соёл судлал нь нийгмийн амьдралаас урган гарсан соёлын үнэлэмжийн шинэ системд буюу соёлын өв, үнэт зүйл, үнэлэмжид тулгуурлаж хэлний харилцааны системд илэрдэг нийгмийн аж байдлын үндэсний хэлбэрүүд буюу ертөнцийн хэлний зураглалыг бүрдүүлэгч бүхнийг судалдаг” болох тухай Оросын эрдэмтэн В.В.Воробьев, В.Н.Телия, Л.Н.Мурзин, В.А.Маслова нарын үзэл санааг баримтлан үнэлэмжээр хэл, соёлын онцлог хэрхэн илэрч байгааг зүйр цэцэн үгийн жишээгээр тайлбарлан өгүүлэв.
Гуравдугаар бүлэгт монгол зүйр цэцэн үгэнд үнэлэмж хэрхэн илэрч буйг гаргахдаа Оросын эрдэмтэн Б.С.Ерасовын ахуй амьдралын, ёс суртахууны, шашны, нийгмийн, улс төрийн, гоо сайхны үнэлэмжийн ангиллыг баримтлав. Эдгээр ангиллыг эерэг сөрөг үнэлэмжийн хүрээнд “буян-нүгэл”, “үнэн-худал”, “сайхан-муухай” гэх эсрэгцсэн айд багцла.

Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642