“Үгийн Учир- I, Ii, Iii” Номын Хэлэлцүүлэг Боллоо


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас өнөөдөр “Үгийн учир- I, II, III” номын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга н.Нарангэрэл, доктор, профессор Р.Базаррагчаа, Боловсролын хүрээлэнгийн ЭША, доктор, профессор Д.Баттогтох, “Гурван-Эрдэнэ” багшийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Жачин, МУИС-ийн багш, доктор, профессор Д.Баасанбат, МУИС-ийн багш доктор, профессор Н.Балжинням, Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан доктор Ё.Баярсайхан, Ч.Алтанзагас, Р.Нарантуяа болон Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор, дэд профессор Г.Гэрэлмаа “Үгийн учир- I, II, III” ном хэрхэн бүтсэн тухай танилцуулсан бол доктор, дэд профессор О.Шинэбаяр, доктор Н.Мөнхцэцэг нар “Гадаад үгийн хэрэглээний тухай” сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Түүний дараагаар ирсэн хүрэлцэн ирсэн эрдэмтэд өөрсдийн санал, сэтгэгдлээ хэлсэн юм. “Үгийн учир- I, II, III” ном нь гадаад үгийг хэрхэн зөв бичих, тухайн үг ямар утгатай болохыг тодорхой жишээтэй оруулсан зэрэг нь өнөө үед хэрэгцээтэй болсныг онцлон тэмдэглэсэн бөгөөд монгол хэлний оюутан, багш, орчуулагч нарт чухал хэрэгцээтэй гарын авлага болох талаар батлан өгүүлсэн юм. Тиймээс цаашид өмнө хэвлэгдэн гарсан ботиудыг нэгтгэн хэвлүүлэх шаардлагатай гэж үзлээ. Үүний дээр цаашид “Үгийн учир” хэмээх эл цувралаа тасралтгүй гаргах нь чухал хэмээн үзэж байна. Цаашид үргэлжлүүлэн гаргахдаа ямар стандарттай гаргах талаар бас эрдэмтэд өөр өөрсдийн саналыг хэлсэн юм.