Хүүхдийн Уран Зохиолыг Үндэслэгч


Агуулгын товч: Өгүүлэлд С.Буяннэмэхийн намтрыг нэлээд бүрэн хэмжээгээр товчоолон гаргаж, түүний 1927 онд Зөвлөлт-Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар бичсэн “Багачуудын баясгалант бичиг” тухай өгүүлнэ.

Цоморлигт буй арван үлгэр-өгүүллэгийн агуулгыг дэлгэрэнгүй илэрхийлэн эдгээр нь аль ч насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, бичлэгийн хувьд энгийн, дүрслэлийн хувьд уламжлалт монгол сэтгэлгээний залгамж болсон, хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтойг харуулсан болно.

Зангилаа үг: шинэхэн намтар, өрнө дорно, үлгэр-өгүүллэг, гүүр, дуу чимээ

 

Сономбалжирын Буяннэмэхийн намтрын товчоон

 1902 – Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Арын булгийн хүрэн хошууны Хөх
хуруугийн бууцанд Цогтын их охин Думаагийн ууган хүү болон төржээ. Эцэг
Сономбалжир амьдрал тусдаа тул Буяннэмэх эх, эгч, ах, өвөө нарынхаа гар дээр
хүмүүжжээ.
1907 – Эх Думаа нас барсан учир өнчин хүүг хүргэн ах цахар Лувсан үрчлэн авчээ.
1909 – Нагац эгч Чимэд нь амьдрал ядуу учраас Тогтох тайжийнд (үрчлээгүй) өгчээ.
- Тогтох тайж хүүхдүүддээ гэрээр ном заалгаж гэрийн боловсрол олгожээ.
1918 – Нийслэл хүрээний бага сургуульд хоёр жил суралцав.
1920 – Хиагтад Буурын харуул Данзан ламынд очиж суусан нь түүний улс төрийн хувьсгалт шинэ үзэл санаа төлөвшихөд чухал нөлөө үзүүлжээ.
- Уран бүтээлээ эхэлж, анхны шүлэг “Таван мөнгө хүрэхгүйгээр түмэн ардаа худалдсан
халхын ноёд”-оо бичсэн нь Монгол даяар алдаршив.
1921 – Дээд Шивээнд байгуулсан 597 дугаар намын үүрт анх батлан даагчгүйгээр намын гишүүн (1921 оны хоёрдугаар сарын 27)-ээр элсэн оров.
- Хоршоо, МОПР, Сибирийн зохиолчдын гишүүн байжээ.
- Ардын засгийн газрыг Алтанбулагт нүүж ирсний дараа Гадаад хэлтэст бичээчээр ажиллаж
байлаа.
- Эрхүү хот дахь Коминтерны Дорнод хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газар (1921оны гуравдугаар сарын 25)-т Монгол Ардын Хувьсгалт Намын төлөөлөгчөөр томилогдон6 сар ажиллав.
- Бошгыг халах залуучуудын эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдов.
- Монголын залуучуудын анхны дуулал “Залуучуудын зорилт” дууг зохиов.
1922 – Нийслэл хүрээнд Цэрэг ардыг сурган боловсруулах газарт томилогдон Суртлын ажил
хийж байв.
- “Чигч шударгыг шүүмжилсэн шүлэглэлийн оршил” товхимол хэвлэгдэв.
- Москва хотноо Алс дорнодын хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хурал (1922 оны нэгдүгээр сарын 22-оос хоёрдугаар сарын 2 хүртэл Москва Петрбург хотыг дамжиж хуралдсан)-д оролцож В.И.Ленин багштай уулзжээ.
- Москва хотноо КИМ-ын II их хуралд төлөөлөгчөөр томилон оролцуулжээ.
- “Францус улсын хувьсгалын түүх” ном хэвлүүлэв. (Ишдоржийн хамт)
- “Ертөнцийн улирал, хувьсгал ардын намын аливаа учир засаг төрийн гол учруудын
товчилсон толь хэмээгдэх оршивой” товхимлыг хэвлүүлжээ. (Ишдоржийн хамт)
- Сүхбаатарын нэрэмжит клубын дэргэд ший жүжгийн дугуйлан байгуулан “Сандо
амбан” жүжгээр монголын шинэ цагийн жүжгийн зохиолын эхлэлийг тавьсан.
1923 – Монгол Ардын Намын II их хурал (1923 оны долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын10)-д Цэргийн яамны намын үүрээс төлөөлөгчөөр сонгогдон оролцов.
- Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв.
- МХЗЭ-ийн II их хурал (1923 оны долдугаар сарын 18-аас наймдугаар сарын 10)-д төлөөлөгчөөр оролцож, Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдов.
- “Монгол интернационал” дуу нь 1950-аад он хүртэл БНМАУ-ын төрийн сүлд дуу болон дуулагдаж байв.
1924 – Москва хотноо хуралдсан КИМ-ын IV их хурал (1924 оны зургадугаар сарын 15-25)-дтөлөөлөгчөөр оролцжээ.
- С.Буяннэмэхийн санаачлагаар эвлэлийн гишүүд, залуучууд болон намын III их хурлын төлөөлөгчдийн хамтарсан цуглаан (1924 оны наймдугаар сарын 18) хийжээ.
- Улаанбаатар хотноо МАХН-ын III их хурал (1924 оны наймдугаар сарын 15-30)-д оролцжээ.
- Монгол Ардын Намын III их хурлын үед нам, эвлэлийн удирдлагын хооронд хүчтэй зөрчил болж Нам эвлэлийн журмыг гажуудуулж явсан, Данзаны хэргийг хамгаалсан хэргээр Дотоодын хамгаалахад баригдан нэг сар гянднаа хоригдоод эцэст нь ямар ч ял шийтгэлгүй суллан тавьсан байна.
- “Монгол ардын нам” сэтгүүлийн хуудсаар “Марксын суртал” гэсэн цуврал хичээлийг(1-23) нийтлүүлжээ.
- Намын Төв хорооны тэргүүлэгч байв.
1925 – Монголоос оргон гарч Манжуур хот улмаар Хөлөнбуйрын Хайлаар хот, Хайлаараас зүүн зүгт Дагуурын нутаг Мэхээр, Мэхээрээс буцаж Хайлаарт ирж Монгол хоршооны түр сургуулийн монгол бичгийн багшаар сар гаруй ажиллаад Мэхээрт буцав.
- Бээжин хотод ажилгүй сар гаруй суусны дараа Жанчхүү хотноо Мэрсээгийн хамтаар очиж Дотоод Монголын намын хорооны анхдугаар их хурлыг бэлтгэлцэн, оролцож их хурал (1925 оны аравдугаар сарын 27)-аас Дотоод Монголын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны тэргүүлэгч, Зохиолын хэлтсийн эрхлэгчээр сонгогдов.
- “Дотоод монголын ардын нам” сэтгүүлийн найман дугаарыг эрхлэн гаргалцаж Цэцэнбилэгт нэрээр өөрийн зохиол бүтээлээ туурвиж байжээ.
- МАХН-ын Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хороонд “түмэн буруу, мянган ослоо” илтгэсэн захидал (1925 оны гуравдугаар сарын 8) илгээжээ.
1926 – Жанчхүү хотоос Улаанбаатар хотноо буцаж ирэв.
- МХЗЭ-ийн Төв Хороонд Суртлын сургагчаар ажиллаж байв
- Улаан-Үүд хотноо уригдан Буриадын Багшийн техникумд Монгол хэл, халх аялгууны хичээл заах, Буриад монголын хөгжмийн дамжаанд шанзны хичээл орох мөн Буриадын эрдмийн хүрээлэнд “Буриад монгол бичиг үсгийн залруулан бичих заавар” боловсруулж байв.
1927 – Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар “Багачуудын баясгалант бичиг” хэмээх хүүхдэд зориулсан өгүүллэгийн цоморлигоо туурвижээ (хэвлэгдээгүй)
- МАН-ын VI хурлын төлөөлөгчөөр оролцож Бүгд хурлын гишүүнээр сонгогдов.
1928 – Улаанбаатар хотын намын их хурал (1928 оны наймдугаар сар)-аас Намын Хорооныдаргаар сонгогдон ажиллаж байжээ.
- Зинатай гэр бүл болсон байна.
- “Марал шарын жүжиг” ном хэвлэгдэв.
- “Баатар хөвгүүн Тэмүжиний жүжиг” ном хэвлэгдэв.
1929 – Улаанбаатар хотын Намын Хорооны даргаас өөрчлөгдөж Монгол Ардын Намын Төв хороонд ажиллах болжээ.
- Залуучуудын уран зохиолын бүлгэм (1929 оны нэгдүгээр сарын 9)-ийг үүсгэн байгуулалцаж, зөвлөлийн тэргүүлэгчээр сонгогдов.
- Охин Грызумова Сарена Ивановна нь Улаанбаатар хот (1929 оны аравдугаар сарын 20)-ноотөржээ.
- Уран зохиолын бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, бүлгэмийн тэргүүлэгчээр сонгогдов.
- Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэмийн анхны цоморлиг “Уран үгсийн чуулган”-ыг хэвлүүлэн гаргахад манлайлан оролцжээ.
1930 – Намын VII их хурлын өмнө барууны үзэлтэн Данзангийн хэрэгт оролцож явсан, Татар эхнэр Зинатай зүй бус харьцсан, архи уудаг зэрэг шалтгааны учир намаас хөөсөн байна.
- Сүхбаатарын нэрэмжит клуб ба Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн даргыг хавсран гүйцэтгэж байв.
- Намын Төв Хороо, Эвлэлийн Төв хороо, Хэвлэлийн хороонд янз бүрийн алба хааж, Сангийн яамны нягтлан бодох мөн сургуулийн багш, Намын түүх байгуулахад оролцож шинээр байгуулагдсан Түүх зохиох газарт ажилтан (1930 оны тавдугаар сар), Дамбадоржийн байшинд музей байгуулахад ажиллаж байсан (1930 оны зургадугаар сар) төдийгүй Хотын захиргааны газар хэмжигч зэрэг ажил хийж байв.
1931 – “Ардыг мэхлэгч шар хуялч” хэмээх жүжиг хэвлэгдэв.
1932 – Хэтэртэл ууж согтуурлаа гэдгээр шалтаглан Цагдан сэргийлэхэд баривчлан (1932 оны гуравдугаар сарын 10) зургаан сар гаруй шоронд суулгаад суллажээ. (1932 оны есдүгээр сарын 24)
- Эхнэр Зинагаас салсан байна.
- Улсын төв театрыг байгуулахад анх удаа С.Буяннэмэхийн “Үнэн”, “Арван жил” жүжгийг нь А.Ефремов найруулан тоглуулсан байна.
- МАХН-ын Төв хороо тогтоолоор Театрын зохиолчоор ажиллажээ.
1933 – “Үндэсний эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Уран сайхны зөвлөлийн дарга, театрын зохиолч (1933 оны нэгдүгээр сарын 15-аас 1935 оны аравдугаар сар) зэрэг ажлуудыг хийж байжээ.
- Москва хотноо Дэлхийн хувьсгалт театрын анхдугаар их наадамд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг манай театрынхан тоглож тэргүүн байр эзлэв.
1934 – МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн VI хурал (1934 оны арван хоёрдугаар сарын 19)-аар тогтоол гарган намын гишүүнийг нь сэргээсэн.
- “Харанхуй засаг” жүжиг хэвлэгдсэн.
- “Уран зохиолчдын холбоо”-ны даргаар сонгогдов.
1935 – БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаас гаргасан 39 тоот тушаалаар Уран сайхны улс төрийн зөвлөлийн гишүүнээр томилжээ.
- “Холбоо шүлгийн цоморлиг”-оо хэвлэжээ.
- “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжгийн зохиол нь Хувьсгалын 15жилийн ойн уран зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.
- “Утга зохиолын үүд” I, II дэвтрийг бичив.
- Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын шийдвэр (1935 оны есдүгээр сарын 25)-ээр “Улсын алдарт гавьяат уран зохиолч” цол хүртсэн.
1936 – “Малчин Товуудай” зохиолыг Мал тариалангийн яамны захиалгаар бичиж хэвлүүлэв.
- Уран сайхны зөвлөлийн даргаар Амар сайдын тушаал (1936 оны тавдугаар сарын 18)-аардахин томилогдсон.
- “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн эрхлэгч, шинээр нээгдсэн багш нарынклуб, Соёлын ордны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байв.
- “Хоршоо жингийн дуу” жүжиг нь Хоршоо жингийн 15 жилийн ойд зориулсан уран
зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.
1937 – Уран сайхны дарга (1937 оны нэгдүгээр сарын 15)-аар томилогдон ажиллаж байхдаа уран зохиолчдын хоёр анги хичээлийн бүлгэм байгуулжээ.
- Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн хэмээн баривчлан шоронд хорьжээ.
- БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нарын хамтарсан хурлаас томилсон Дотоод яамны дэргэдэх онцгой бүрэн эрхт комиссын хурлаас нэг тоот тушаал (1937 оны аравдугаар сарын 25)-аар цаазаар авах ял оногдуулжээ.
1962 – С.Буяннэмэхийн хэргийг БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурал (1962 оны арван нэгдүгээр сарын 16)-ын 017-р тогтоолоор цагаатгажээ.

Хориод оны үеийн уран зохиол хуучин байгууллын харгис бурангуй мөн чанарыг илчлэн шүүмжилж хөдөлмөрчин түмний иргэний идэвх ухамсрыг сэргээж тэмцэл хөдөлмөрт хүч авьяасыг дайчлан хөдөлгөхөд чиглэгдэж байлаа.

Хувьсгалт бодит байдал шинэ хүнийг төрүүлж, тэдний дүрийг бүтээхэд үргэлжилсэн үгийн зохиол чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ үеийн үргэлжилсэн үгийн анхны зохиол бол монгол ардын уран бүтээл ялангуяа явган үлгэрийн дүрслэл, бичгийн уран зохиол түүний дотроос сургаал яруу найргийн тайлбар үлгэрийн маягийг бараг хэвээр нь хэрэглэж хэл найруулгын онцлогийг уламжилж хувьсгалын үзэл санааг сурталчилсан үлгэр-өгүүллэгүүд хөгжсөн явдал юм /8/. Энэ бол улс орны нийгмийн амьдралд гарсан түүхт их өөрчлөлтийн үр дагавар байв.

Хориод оны үеийн үлгэр-өгүүллэгийн хөгжилд С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Д.Чимэд, Занабазар, Шагдарнэрэн[1], Дэндэв, Дашдэмбэрэл, Г.Навааннамжил, Чинбат зэрэг зохиолчид ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.

Үлгэр-өгүүллэг дотор С.Буяннэмэхийн хүүхдэд зориулан бичсэн “Багачуудын баясгалант бичиг” онцгой байр эзэлдэг. Тэрээр энэхүү цоморлигоо 1927 онд Зөвлөлт-Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар бичжээ. О.Боржоон уг цоморлигийн хэвлэлийн эхийг монгол бичиг ба галиг үсгээр бэлтгэн, “Эвлүүлэгчийн үг”-ийг бичиж 1931 онд хэвлэхээр төлөвлөж байсан ч хэвлэгдэж чадаагүй байна. Харин доктор С.Лувсанвандан 1967 онд Улаанбаатар хотноо “Бор бор болжмор” нэртэйгээр хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ.

“Багачуудын баясгалант бичиг” цоморлигт “Бор болжмор”, “Цэцэн эгч, Цэцэг дүү”, “Хонин хүү, Ишгэн хүү” /1, 2/, “Бага ах нялх дүү”, “Нарс майлсны найрамдал”, “Цондуул доктор” /1, 2/, “Бүтэлгүй хөвгүүн”, “Бага балчир” /1, 2/, “Ичээний тарвага” /1, 2/, “Сайн хөвгүүн” гэсэн 10 үлгэр-өгүүлэл багтсан байна.

Энэхүү өгүүллэгүүд нийгмийн зан суртахууны асуудлыг хөндөж дэвшүүлсэн, үлгэрийн шинжтэй бичгийн зохиолын найруулгатай бөгөөд хүүхдийн хүмүүжил боловсролд чухал нөлөөтэй юм. Учир нь эдгээр үлгэр-өгүүллэг байгаль ертөнцийн үзэгдэл, амьд бодисын амьдрал, адгуусны зан араншин, малчин хүний сэтгэхүйн онцлогийг гаргаж, хүн болох багаасаа гэгчээр хүүхэд ахуй үеэс хүнлэг нинжин сэтгэлтэй, үнэнч шударга, даруу төлөв, эелдэг зөөлөн зантай, ухаан сэргэлэн, авхаалж самбаатай, зориг хатуужилтай, дотно нөхөрсөг, ажилч хичээнгүй зэрэг шинэ цагийн хүний дөмөг чанарыг эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд шилж авсан сэдвээ тухай бүр онцлог шийдэж, дэвшүүлж тавьсан асуудлаа өгүүллэг үр өвөрмөц үзүүлсэн юм. /10/

Тухайлбал ертөнцийн юмс бодисын харьцангуй чанар түүний талаарх хүүхдийн гэнэн бодлыг илэрхийлсэн “Бор болжмор” үлгэр-өгүүллэгт: Ах дүү хоёр Сэлэнгэ мөрний хөвөөнд байгалийн сайхныг бахдан суух зуурт хоёр болжмор нисэн ирж шулганалдана.

Дүү нь болжмортой ярьж, хамт наадая гэнэ. Бялзуухай та нар бие том, биднийг гэмтээнэ. Хүү бид бие бяцхан, юунд та нарыг гэмтээнэ гэхэд бялзуухай тэгвэл та хоёр модны мөчир дээр гарч ирээд бидэнтэй наад гэхэд дүү нь баярлан мөчирт авирч гарах гэхэд чадсангүй. Түүнээс хойш бялзуухайтай нөхөрлөхийг санаж модонд авирахаа больсон тухай өгүүлнэ.

Хүүхдэд ертөнцийн үзэгдэл юмс бүхэн сонин байж тэд хэний ч бодоогүйг санаж сэтгэж явдаг. Тиймээс сонирхсон зүйлээ өөрийн биеэр хийж юмсыг ойлгож, танин мэддэг онцлогийг үлгэрийн маягаар дүрсэлжээ.

Байгаль хүн хоёрын харьцаа шүтэлцээг харуулсан “Цэцэн эгч, Цэцэг дүү”-д нэгэн айлын эгч дүү хоёр цэцэрлэгт хүрээлэнд цэцэгсийг хайрлан зугаацна. Эгч нь энэ цэцгүүд бидний хамт наадан явж чаддаг аваас юутай сайхан. Дүү нь нэг хэсгийг таслаад авч явбал бидэнтэй үргэлж хамт байх биш үү, Эгч нь цэцгийг тасалбаас даруй үхнэ. Тиймээс бид хайрлахгүй буюу. Мунхаг хүмүүс цэцэг тасална. Энэрэнгүй эрдэмт хүмүүс цэцэг навчийг ихэд хайрлаж үл тасална. Тиймээс бид өөрсдөө ирж цэцэгтэй наадваас сайн хэмээнэ.

Дүү нь цэцгийн юутай адилтгах буй гэхэд эгч нь бидний эгч дүүс ямагт бие биетэйгээ эв найртай хөтлөлцөн, хайрлалцан явдагтай адил цэцэг нэгэн үндэсний дээр хэд хэдээр амраг хайртайгаар дэлгэрдэг. Харин ахан дүүс ийнхүү эв найртай явж чаддаггүй тухай шүүмжлэн үзүүлсэн байна.

“Хонин хүү, ишгэн хүү”. Баян айлын сүргээс оодон хөх ямаа, тарлан хонь нэжгээд нь зэрэг төржээ. Гэрийн эхнэр хурга ишигийг дулаан хороонд хорьж эхийг нь хонь ямааны сүрэгт хөөж орхино. Эхээс салсан хоёр майлан байтал айлын бага хөвгүүн гүйн ирж сүүгээр угжина. Тэр цагаас гурвуул гаравч оровч нөхөрлөж үргэлж хамт наадна.

Нэгэн өдөр тоглон явтал хурга ишиг нь усанд унаж, нөхдөө аврах гэсэн хүү үсрэн орж живэх шахсан ч хөвж явсан модонд зүүгдэж эрэгт гарахад айлынх нь хүн таарч тэр гурвыг гэрт нь хүргэж өгч байна.

Малчин хүүхдийн хамгийн ойр дотно нөхөр бол төл мал. Тиймээс хурга, ишиг хоёртой төрсөн ах дүү мэт ижилсэж тэдний төлөө үхэхээс буцахгүй байгаа нь монгол хүүгийн нийтлэг хэв шинжит дүр юм.

Хүүхдийн гэнэн томоогүй занг уран хошноор илтгэн гаргасан “Бага ах нялх дүү” үлгэр-өгүүллэгт нэг ба гурван настай ах дүү хоёр гарна. Ах нь дүүдээ их хайртай байнга л наадан тоглож унтах хэвтэх уйлахад нь сувилан зугаацуулна.

Нэгэн удаа унтаж байгаа дүүгийн нүүрт ялаа ирж суухад хэчнээн үргээвч хөдлөхгүй тул ялааг алгадахад ялаа нь нисэж дүүгийн хацар хавдана. Эх нь учрыг мэдэж нүүрт суусан ялааг үргээхээс бус жанчиж болдоггүйг сургаж буй тухай.

Ургамал, амьтны аймгийн онцлог ялгааг танин мэдүүлсэн, үнэнч нөхөрлөлийн тухай “Нарс майлсны найрамдал”-д нэгэн их ой цэцэрлэгт нарс майлсны зулзага ургана. Тэр хоёр ямагт бие биетэйгээ наадахыг хүснэ. Нэгэн өдөр хоёулаа уралдая гэтэл байрнаас үл хөдөлнө. Учрыг асуухад, -Ургамлын аймаг тул ямар газар төрвөөс үхтэл тэр газраас хөдөлж үл чадна гэхэд хоёр зулзага бусад амьтан дуртай газраа гүйлдэн наадан зугаацаж явдаг байхад бид хэзээ ч хөдлөн явж чадахгүй нь ямар муу заяанд төрсөн буй. Гэвч бид хоёр энэ насандаа эрхбиш харилцан учралдаж гар гараа хөтлөлцөн хамт нийлэн явсугай хэмээлцээд хэдэн жилийн дараа ургаж их болоод навч мөчир нь нийлж, ороолдон барилдан ургаад доогуур нь үндэс язгуур нь холбогдон нийлж нэгэн үндэстэй маш бат болон ургасан нь холоос харахад нэгэн хаалга мэт ойроос харахад нэгэн гэр мэт болжээ.

Зохиолч С.Буяннэмэх “Цондуул доктор”, “Ичээний тарвага” болон бусад үлгэр-өгүүллэгтээ “Амьтныг хүний адил түүхтэй болгон харилцан хэлэлцүүлж учруулж тэмцэлдүүлж хүүхдийг өөрсдийн нь амьтан лугаа харьцуулан бичсэн нь сонирхолтой болжээ. Үүнд:

“Цондуул доктор”. Шаазгай шувуу сууж байтал тог тог хэмээн чимээ гарахад цочин харвал алаг биетэй үзэсгэлэнт шувуу мод тоншиж байхтай тааралдана. Сонирхон нэрийг асуухад Цондуул /тоншуул/ доктор гэнэ. Юу хийж буйг асуухад ургамлын аймагт тусыг үйлдэж, өвчин эмгэгийг эдгээнэ гэнэ. Тэндээс шаазгай хэрээтэй таарч өвчин бүрийг анагаадаг Цондуул доктор өмнөд уулын шугуйд суудаг болохыг сонирхуулна. Хэрээ, элээ ахын дүү гэнэт өвдсөн учрыг хэлж Цондуул докторыг гэртээ урина. Цондуул элээний гэдсийг хатгаад элэг уушгийг нь энэ магад өт хэмээн идэж орхиход, элээ үхнэ. Энэ муу Цондуул өөрийгөө эмч доктор хэмээн мэхэлж, нөхрийг минь аллаа гээд элээ Цондуулыг шүүрч аваад идэж орхино.

“Ичээний тарвага” Хавар болж ичигсэд хөдөлж нэгэн тарвага гэр бүл сэрж үр хүүхдээ гадагш гаргана. Гэтэл үр хүүхэд нь буцаж ирсэнгүй. Нэг хүү нь торонд орсныг гаргаж байтал баруун айлынх нь тарвага ирж хоёр хөлт хохимой нар тор тавьж үр хүүхдүүдийг барьсан тухай өгүүлнэ. Үр хүүхэд ах дүү төрөл төрөгсдөө алдсан тарвагууд нийлэн хуралдана. Тэр дотроос хамгийн хөгшин тарвага санал гаргаж нүхнийхээ үүдэнд тахлаар үхэгсдийг торонд хийж орхиё. Тэд идсэнээр тарваган тахалд баригдаж харилцан халдварлаж үхэх болно гэхэд бүгд сайшааж уг аргыг хэрэглэснээр тарвагын аймагт урхи торны аюулгүй болж, тэрхүү уран аргыг гаргасан өвгөн тарвагыг нийтийн тэргүүлэгч болгожээ.

Ийнхүү амьтдын дүр нь “Хүмүүсийн хоорондын харилцаа, байгалийн үзэгдэл, хүрээлэн буй орчныг ухааран сэтгэхэд нь тусалж” байдаг. Ерөөс Буяннэмэхийн байгаль ан амьтдын тухай бичсэн үлгэр-өгүүллэгүүдийн нэг гол онцлог нь танин мэдүүлэхийн зэрэгцээ хүмүүжлийн тодорхой санааг агуулсан байдаг. Тухайлбал “Ичээний тарвага” өгүүллэгт “тахал” хэмээх аймшигт өвчин түүнээс гардаг болохыг анхааруулж, “Цондуул доктор” өгүүлэгт тоншуул, шаазгай, элээ шувуудын сонин онцлог байдлыг дүрслэхийн зэрэгцээ юу ч мэдэхгүй бие тоон бардамнан сагсуурахыг ёгтлон шүүмжилсэн байна. /10/ Энэ тухай Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нарын “Монгол ардын аман зохиол” бүтээлд Сономбалжирын Буяннэмэхийн “Багачуудын баясгалант бичиг” түүвэрт орсон “Цондуул доктор”, “Ичээний тарвага” зэрэг үлгэр-өгүүллэгүүд нь “…амьтдын хоорондын харилцаа, явдлыг уран сэтгэмжээр хүнчлэн дүрсэлж, үүгээрээ тэдгээрт хандах хандлага харилцаа, гаргах утга санаагаа…” илэрхийлсэн нь адгуусан амьтны үлгэрийн шинжтэй” /7/ гэж бичсэн нь бий.

Хүүхдийг зөв боловсон, үнэнч шударга, зориг самбаатай болгон хүмүүжүүлэхэд чиглэгдэж үүний эсрэг дутагдлыг шүүмжилсан үлгэр-өгүүллэгт “Сайн хүү”, “Бага балчир”, “Бүтэлгүй хөвгүүн” зэргийг нэрлэж болно.

“Сайн хүү” үлгэр-өгүүллэгт цэцэн сэргэлэн, эелдэг зөөлөн аашт Баясгалант бага сургуулийн сурагч байхын өөрийх нь бэхийн савыг хагалсан сурагчид эелдгээр хандан шаазан сав байтугай төмөр сав эвдэрдэг юм хэмээн гудамжинд өөрийг нь харалгүй дайрч унагасан хүнийг уучилаарай би л таныг харсангүй миний буруу хэмээн өөртөө бурууг хүлээж, шөнөөр ирсэн зочинд ээж ааваасаа зөрөн байж цай хоол хийж өгч гэртээ хонуулаад маргааш нь эрсэн сурсан зүйлийг заан өгч туслан явуулна. Тийнхүү хөвгүүн ямар ч хүнд эелдэг сайн, хэзээ ямагт өөрийн биеэ доош татаж, бусдыг өргөмжлөн хүнтэй хэрэлдэхгүй, ядарсан зүдэрсэн хүнд тус хүргэдэг эрдэмтэй тул бүгд түүнийг сайшааж ойр хавийн хөвүүд цөм сайн суртал болсон тул аяндаа Баясгалант хүүг хүндэтгэх болж, хүү нэр алдарт дургүй, хүн олонд тустай эрдэм номтой төлөв даруу хүн болж буй тухай өгүүлнэ.

Хүүхдийн зориг самбаа, авхаалж сэргэлэн чанарыг илтгэсэн “Бага балчир” үлгэр- өгүүллэгт: Хөдөө нутагт Бага балчир нэртэй ухаан сэргэлэн хүү байжээ. Тэрээр нэгэн өдөр айлынхаа хөвгүүнтэй наадсаар гэрээсээ холджээ. Гэтэл хадны завсраас чоно гарч ирэн идэхийг завдахад бага хөвүүн уйлан дутааж, Бага балчир хүү баатар зоригийг гарган чонын өөдөөс эсрэгцэн зогсож байхад нь айлын хөвүүний уйлан бархирах чимээгээр эцэг эх нь гүйн ирцгээж чоныг хөнөөж байна.

Бас нэг удаа хоёр хулгайч гэрт нь ирээд дээрэмдэхэд нь Бага балчир хүү цай өгч, байгаа бүх үнэт зүйлээ заан өгнө. Түүгээр ч барахгүй шуудай сав өгнө. Дээрэмчид дахин юм авахыг санаархаж буйг мэдээд манай энд бас нэгэн их баян айл бий. Тэднийхэн эзгүй байгаа хэмээн дагуулан аваачиж хот айлын хүмүүсээр хоёр дээрэмчинг бариулж байна.

Энд хүүхдийн романтик хүслийг эвлэгхэн илэрхийлж, зориг самбаатай байхыг сургаж, ухаан сийлж чадвал ямар ч их хүчийг ялан дийлж болно гэдгийг илд мэс зүүж хутга бүсэндээ хавчуулсан догшин дээрэмчинг уран нарийн аргаар бариулснаар харуулжээ.

“Сайн хүү”, “Бага балчир” үлгэр-өгүүллэг нь нэг талаас аман зохиолын эерэг талын баатрын үндсэн шинжийг сайн хүү, балчир жаалд шингээж хэнд ч дийлдэшгүй, ямар ч өөгүй, цэвэр ариун дүрийг бүтээсэн нь тухайн үедээ үзэл суртлаар ард олныг хүмүүжүүлэх үндсэн үүрэгт нийцэж байсан боловч туурвил зүйн хувьд дөчөөд оны эхэн үеэс монголын уран зохиолыг нэлдээ хамарсан зөрчилгүйн онол, тахин шүтлэгийн уран зохиол гарах анхны эх суурийг бэлдэж өгсөн байна /1/

“Бүтэлгүй хөвгүүн”. Мартамтгай хүү байжээ. Гэрт нь зочин ирж ээж нь айлаас таваг зээлээд ир гэхэд гарч яваад харцага шувуунд хөөгдсөн болжморыг аварч дараа нь огдойн хүүхдийг барих гэж хагас өдөржин болно. Эцэст нь ширүүн салхинд малгайгаа хийсгэн усанд унагаад хамаг хувцсаа норгож уйлан ирэхэд зочин хүлээж ядаад одсон, эх нь хөвгүүндээ их л хилэгнэн суугаа тухай өгүүлнэ.

С.Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгүүд хэлбэр, дүр, дүрслэлийн хувьд ардын үлгэрийг ашиглаж утга санааны хувьд шинэ цагийнхаа өнгө аясыг илэрхийлж, нэг талаас монголын шинэ цагийн үргэлжилсэн утга зохиолын анхдагч суурь болсон төдийгүй нөгөө талаар их утга зохиолын уламжлал шинэчлэлийн тод гүүр холбоос болж үлдсэн юм. /1/

Ийнхүү дүгнэхэд: 1.“Багачуудын баясгалант бичиг” цоморлиг нь хүн-байгаль, хүн-амьтны холбоог гаргаж хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой байсан нь өнөөгийн хүүхдийн уран зохиолын суурь болсон төдийгүй хүүхдийн уран зохиолд томоохон хувь нэмэр оруулжээ.

2. Амьтны амьдралыг хүнчлэн бичсэнээрээ нэгд уншигчдад өгүүлэн буй зүйлээ сонирхолтой болгож чадсан. Хоёрт ургамал, амьтны амьдралаас сургамж авч болохуйц олон зүйлийг оруулснаар хүмүүжлийн давхар ач холбогдолтой болжээ.

3. С.Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгүүд аль ч насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, бичлэгийн хувьд энгийн, уншин уншин утга гүнзгийрэх, хэнд ч ойлгомжтой товч хураангуй. Дүрслэлийн хувьд уламжлалт монгол сэтгэлгээний залгамж болсон, хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.

“Багачуудын баясгалант бичиг” цоморлиг дахь үлгэр-үгүүллэгүүд нь тухайн үедээ төдийгүй өнөөдөр ч хэн хүний хүсэл сонирхлыг татсаар байгаа нь чадалтай сайн зохиолчийн сайн бүтээл, сайн дүр хэний ч болов сэтгэлд нийцдэгийн баталгаа болж байна.

 

1931 онд Дээд-Үдэд хэвлэхээр бэлтгэсэн С.Буяннэмэхийн “Багачуудын баясгалант бичиг” цоморлигийн хэвлэлийн эх (хэвлэгдээгүй)

1931 онд Дээд-Үдэд хэвлэгдэхээр бэлтгэсэн С.Буяннэмэхийн “Багачуудын баясгалант бичиг” цоморлигт буй “Хонин хүү ба ишгэн хүү” (2) үлгэр-өгүүллэгийн хэвлэлийн эх

 

НOM ЗҮЙ

1. Байгалсайхан С. ХХ зууны монгол өгүүллэгийн туурвил зүй. Улаанбаатар, 2010 он

2. Болормаа Д. Монгол утга зохиолын судлал шүүмжлэлийн ном зүй (1970-2000). Улаанбаатар, 2010 он

3. Буяннэмэх С. Багачуудын баясгалант бичиг. Дээд –Үдэ, 1931 он /хэвлэлийн эх/

4. Ван Мандуга., Цэдэв Д. Сономбалжирын Буяннэмэх. Бээжин 2009 он, II боть

5. Ван Мандуга., Цэдэв Д. Сономбалжирын Буяннэмэх. Улаанбаатар, 2012 он, I боть

6. Ван Мандуга., Цэдэв Д. Сономбалжирын Буяннэмэх. Улаанбаатар, 2012 он, II боть

7. Гаадамба Ш., Сампилдэндэв Х. Монгол ардын аман зохиол. Улаанбаатар, 1988 он

8. Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх. Улаанбаатар, 1968 он

9. Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Улаанбаатар, 1985 он, I боть

10. Оюунбадрах Д. Монголын хүүхдийн уран зохиол. Улаанбаатар, 2007 он, I боть.

11. Оюунбадрах Д. Монголын хүүхдийн уран зохиол. Улаанбаатар, 2007 он, III боть.

12. Утга зохиол шинжлэл. Улаанбаатар, 2005 он

13. Утга зохиолын хөгжлийн асуудлууд. Улаанбаатар, 1971 он

14. Хэл зохиол. Улаанбаатар, 1967 он, 4-р боть

15. Дүйнхэржав Г. Хэлмэгдсэн билэг авьяастан. -“Цог” сэтгүүл. 1992 он, №2

 

Sammary

 

In this article, the author introduced the collection of stories “Children’s happy writing” by writer Buyannemekh Sonombaljir dedicated to children by the order of Soviet-Buriat scientific institute.

Those stories are like fairytales in writing style that raise social ethic questions and give good influence to children’s upbringing and education. Because those fairytale articles reflect natural phenomena, life of living beings, animal behaviors and thinking peculiarity of herders. Moreover the work intends to make children acquire good characteristics of human beings such as kindness, generosity, honesty, accurateness, tolerance, humbleness and companionship.

The fairytale-articles are appropriate to psychological features of all age of children, because they are simple written, understandable and short sized and significant for children’s upbringing, education and cognition

 

[1] “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” 1985 оны I ботид зохиолч Шагдарнэрэнг Шагдарсүрэн хэмээн бичжээ.

Доктор Д.Болормаа