Эрдэмтэн Халтарын Лувсанбалданы Эрдэм Судлалын Бүтээл


IMG_0072(2)

Түлхүүр үгс: Х.Лувсанбалдан, Ачлалт ном, Намхайжамц, тод үсэг, Морины шинжийн судар, үгийн сан, нутгийн аялгуу

0. Удиртгал. Монгол хэл шинжлэлийн ахмад үеийн нэртэй эрдэмтдийн нэг хэл шинжлэл, угсаатны зүй, аман зохиол судлалтан, Хэл бичгийн ухааны доктор Халтарын Лувсанбалданы мэндэлсний 90 жилийн ой 2015 онд тохиож байна. Халтарын Лувсанбалдан 1925 оны 5 сарын 14-ний өдөр одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Чулуун хороот гэдэг газар мэндэлжээ.

Тэрээр 12 насандаа сумын тэнхимийн сургуульд орж, эрдэм номд хичээн суралцаж 1951 онд Монгол улсын их сургуулийг дүүргэжээ. Сургуулиа дүүргээд 1953 оны эх хүртэл Ардын гэгээрлийн яаманд сургууль хариуцсан байцаагч, улмаар 1957 он хүртэл Ерөнхий сайдын орлогчийн нарийн бичгийн дарга, 1957 – 196О онд БНХАУ-ын Хөххотын Өвөр монголын их сургуулийн хэл бичгийн салбарт мэргэжилтэн багшаар уригдан ажиллажээ. Х.Лувсанбалдан гуай 1961 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг хийж байгаад 1988 онд тэтгэвэртээ гарчээ. 1992 онд насан өөд болжээ.

Энд өгүүлэхэд Халтарын Лувсанбалданы мэндэлсний 80 насны ойгоор Лувсанбалдан судлалд холбогдох чухал бүтээл хэвлэгдсэн бөгөөд энэ бүтээлд Х.Лувсанбалданы намтар, бүтээлийн жагсаалт, гэрэл зургийн цомог, түүний бичиж хэвлүүлээгүй байсан судалгааны зарим бүтээл, түүнчлэн түүний бичсэн уран зохиол ба орчуулга, бүтээлд нь өгсөн санал шүүмж, ойд нь зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэл, найз нөхдийнх нь дурсамж, эрдэмтдээс түүнд ирүүлсэн захидал зэргийг багтаан хэвлүүлсэн байдаг (Лувсанбалдан, 2006).

Халтарын Лувсанбалдан монгол болон тод монгол үсгийн бичгийн хэлийг гарамгай эзэмшсэн үсэг бичиг, сурвалж судлал, үгийн сан судлал, үг хэллэгийн гарал судлал, утга соёл судлал, нутгийн аялгуу судлалаар мэргэшсэн, хамт олондоо “жунжаа” (мэргэжилтэн багш) хэмээн авгайлагддаг, эелдэг зөөлөн харилцааг эрхэмлэсэн, шогч наргианч үгтэй судлаач байсан байна. Эрдэмтний судалгааны бүтээлийг агуулга, сэдвээр нь

1. Дундад үеийн монгол хэлний судлал

2. Сурвалж бичгийн судлал

3. Тод үсгийн судлал

4. Толь бичгийн судлал

5. Нутгийн аялгуу судлал

6. Үг хэллэгийн утга гарлын судлал

7. Аман зохиол судлал

8. Уран зохиол, орчуулга, шүүмж, редакторласан бүтээл хэмээн тодорхой хэсэгт хувааж болно.

1. Дундад үеийн монгол хэлний судлал

Халтарын Лувсанбалдан Хөххотод Өвөр монголын их сургуульд багшаар ажиллаж байхдаа эрдэм шинжилгээний ажилд шуударч судалгааны дорвитой бүтээлүүдийг туурвисан байна.

Х.Лувсанбалданы дундад үеийн монгол хэлний талаар туурвисан анхны томоохон бүтээл бол “Хуа-и-и-юй толь бичиг” бөгөөд Баошан багшийн хамт бэлтгэж Хөххотод “Монгол хэл зохиол түүх” сэтгүүлд үргэлжлүүлэн хэвлүүлжээ (Лувсанбалдан, 1959, 1960). Энэ толь бичлэгийн хувьд Юань болон Мин улсын үед хамаардаг, 1368-1389 онд зохиогдсон, дундад үеийн монгол хэлний онцлогийг тусгасан толь гэдэг байна. Уг толь зүйл хуваасан 4 дэвтэр толь бөгөөд 1-р дэвтэр нь 17 зүйл 845 үгтэй, 3-р дэвтэр нь 17 зүйл 314 үгтэй, 4-р дэвтэр нь 13 зүйл 402 үгтэй ажээ. 2-р дэвтэр нь уйгар хэлний үгс болдог байна.

Энэ толь эхлээд монгол үгийн дуудлагыг хятад үсгээр, улмаар хятад орчуулгыг, дахиж монгол үгээ уйгаржин монгол үсгээр бичсэн дараалалтай байдаг байна. Үүгээрээ дундад үеийн монгол хэлний судлалд үнэ цэнтэй судлагдахуун болдог байна. Жишээ нь:

安坛只哈孙

金 魚

feldee–A Jieeesoe–A

(Утга: Алтан жигасун (загасан))

Х.Лувсанбалданы энэхүү судалгаа оршил, толины үгийн жагсаалт, 4-р дэвтэрт орсон хятад тэмдгүүд, 3, 4-р дэвтэрт орсон үгсийн жагсаалтаас бүрдэнэ. Үгсийн жагсаалт нь (монгол) бичгийн хэл, хятад тэмдэг, хятад тэмдгийн галиг, хятад тэмдгийн дуудлагын галиг, хятад орчуулга, уйгаржин бичгийн галиг гэсэн дараалалтай байдаг.

Өмнө өгүүлснээр уг толийн үнэ цэнийг Х.Лувсанбалдан тэмдэглэхдээ “Хуа-и-и-юй толь бичиг нь дундад үеийн монгол хэл, ялангуяа монгол хэлний аялгууны судлалд чухал ач холбогдолтой болохыг монгол хэлийг судлагч нар юу андах аж. Бидний хэвлүүлж буй “Хуа-и-и-юй” толь бичгийн гурав, дөрөвдүгээр дэвтэрт тэмдэглэгдсэн монгол үгсийн төлөв нь дундад үеийн монгол хэлний шинж байдлыг бүрэн хадгалж байна. Жишээлэхэд, эдүгээгийн ярианы хэлэнд урт эгшиг болсон монгол бичгийн хэлний aɣu, egü зэрэг нийлбэрийн ɣ, g гийгүүлэгч гээгдсэн боловч хоёр эгшиг бүрэн нийлж нэгэн урт эгшиг болоогүй байна. Жишээлбэл:

Бичгийн хэл: ᠵᠢᠭᠠᠨ ᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠡᠭᠦᠳᠡ᠂ ᠨᠤᠭᠤᠭᠠᠨ᠂ ᠳᠡᠭᠡᠷ ᠡ

Хятад үсэг: 札安 忽剌安 额兀顚那 豁安 迭额列

Хятад үсгийн дуудлага: ǰa’an, hula’an, e’üden, noɣu’an, de’ere

(Утга: заан, улаан, үүдэн, ногоон, дээр) гэх мэт” (Лувсанбалдан, 1959:3) гэжээ.

Тэрээр “Эртний монгол хэлний үгийн эхний h-ийн тухай асуудалд” өгүүлэлдээ XIII, XIV зууны үеийн монгол бичгийн дурсгал болон одоо үеийн монгор, дагуур монгол хэлэнд уйгаржин монгол бичигт эгшгээр эхлэн бичдэг олон үгийг f болон h авиагаар үлдсэн болохыг өгүүлжээ (Лувсанбалдан, 1962а: 113-121).

“Эртний монгол хэлний тооны зохицлын ул мөр” өгүүлэлдээ урьд өмнөх үеийн эрдэмтдийн саналыг нягтлан үзээд эртний монгол хэлэнд байсан тооны зохицол дундад үеийн монгол хэлэнд чанд зарчимгүй болсон гэсэн ч Нууц товчооны 1-10, 100, 10 000 зэрэг тоонд тооны зохицлын жишээ буйг баримтаар өгүүлсэн байна. Жишээ нь: qoyar köd (хоёр хөл), beye ɣad-iyar oluɣsan (бие гараар олсон буюу өөрөө олсон), harban quqru’ud-iyan (арван хуруугаан) (Лувсанбалдан, 1962б) гэх мэт. Ийн дундад үеийн монгол хэлэнд эртний монгол хэлнээс уламжилсан тооны зохицлын ул мөр баттай байх төдийгүй, нэр үгийн олон тооны дагаврыг залгахад үгийн эцсийн “л, р, н, й” зэрэг гийгүүлэгч сугаран гээгддэг үзэгдэл бидний үе хүртэл уламжилсан байдаг.

Аруг вангийн хөшөө Хятад улсын Юнь-нань мужийн төвд Кунминь хотод байдаг байна. Х.Лувсанбалдан Өвөр монголын зохиолч Н.Сайнцогтын Балбад очих замдаа буулгаж Өвөр монголын хэл, түүх судлах газарт хадгалуулсан эхээс хөшөөний бичгийг уншиж “Аруг вангийн хөшөөний бичиг” өгүүллийг бичжээ (Лувсанбалдан, 1962в). Хөшөөний бичгийг уншихад хэв сайн байсан боловч нэлээд үгийг нангиад үсгээр галиглан бичсэн байдаг учир уншихад бэрхшээлтэй байжээ. Иймд Баошан, Ринчинмядаг зэрэг багш нөхдийн дэмжлэгтэй уншчээ. Тэгээд хөшөөний бичгийг галиглаж, 35 орчим үг, хэллэгийн тайлбар, үгийн хэлхээг хийж хэвлүүлсэн нь дундад эртний монгол хэлний судлалд ач холбогдолтой болсон байна. Тухайлбал, yadaǰu ükügsed (ядарч үхэгсэд), sükes (гулууз мөнгө хэмээх утгатай ба олон тооны “с” дагавартай сүх хэмээх үг ажээ) yorčiɣsad (зорчигсод) гэх мэт. Ийм жишээнээс үзэхэд тухайн хөшөөний бичигт одоо үеийн Ойрад аялгуу болон уйгар хэлний нөлөө байгаа мэт. Аруг ван бол Юань-тунгийн буюу Тогоонтөмөр хааны 2-р оны (1334 он) 5-р сард Юнь-нань мужийн ван болж, мөнгөн пайзаар шагнагдсан гэдэг байна.

2. Сурвалж бичгийн судлал

Эртний болон дундад үеийн монгол хэлний талаарх судалгааг сурвалж бичигт тулгуурлан хийдэг боловч тусгайлан сурвалж судлалд хамааруулан өгүүлж болох олон бүтээлийг Халтарын Лувсанбалдан бичиж хэвлүүлжээ. Түүний энэ талаар туурвисан анхны томоохон бүтээлийг “Ачлалт номын тухай” (Лувсанбалдан, 1961) гэж болно.

Энэ ном оршил (I-IV), товчилсон нэрс (2-3), галиг (4-22), дэлгэрэнгүй тайлбар (24-124), үгийн хэлхээ (125-146), орос хэлээр бичсэн дүгнэлт (148-149), эхийн зураг (1-37) хэсгээс бүрдэнэ. Зохиогч энэ номыг техникийн боломжоос шалтгаалж бусад олон бүтээлийнхээ адил гараараа хуулан бичиж хэвлүүлжээ. Иймээс Х.Лувсанбалдан гуайн зурах, бичих авьяасыг мэргэжил нэгт нөхөд нь үнэлж “Жунжаагийн хуруу” буюу “Уран гар” гэсэн утгатай хэлц үгийг үүсгэсэн байдаг байна. Тэрээр энэ авьяас чадвараа шавь нартаа ч зааж сургасан ажээ (Гантогтох, 2006: 232).

Ачлалт номыг МЭӨ 200-аад оны үед зохиогдсон гэх бөгөөд эцэг эхээ ачлах, ихсийг хүндэтгэх тухайг өгүүлдэг байна. Зохиогчийн тэмдэглэснээр Юань улсын үед орчуулсан номуудын жагсаалтаас үзвэл уг номыг 1307 онд Булутөмөр гэдэг хүн хятад хэлнээс монгол хэлэнд орчуулж дөрвөлжин үсгээр хэвлүүлжээ. Хожмын уйгаржин монгол үсгийн эхүүд Булутөмөрийн орчуулгын хуулбар уу, шинээр орчуулсан эх үү гэдэг нь тодорхойгүй байдаг байна. Бүр сүүл үед уг номыг манж хэлнээс монгол хэлэнд ч орчуулж байжээ.

Зохиогчийн энэхүү судалгаанд ашигласан монгол бичгийн “Ачлалт ном”-ыг хэдийд хэн орчуулж, хэвлүүлсэн нь тодорхойгүй байдаг байна. Гэвч “Ачлалт номын орчуулгын хэлний төлөв байдал, бичгийн хэлбэрээс үзэхэд Юань улсын эцэс, Мин улсын эхэн үед хэвлэгдэсэн бололтой” (Лувсанбалдан, 1961: 2) гэжээ. Зохиогч уг номын шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлэхдээ “Манай тооллын өмнөх үед зохиогдсон тэрхүү “Ачлах” сургаалыг хорьдугаар зууны үед шүтэх бишрэх хүмүн байх үгүй болсон нь хэнд ч мэдээж хэрэг билээ. Гэвч бид монгол хэл, монголын утга зохиолын дурсгалт бичгийн хувьд судалж үзэх нь зүй ёсны хэрэг мөн” (Лувсанбалдан, 1961: 4) гэж өгүүлсэн байна.

Х.Лувсанбалдан гуайн хэвлүүлсэн энэ бүтээлийг гадаадын эрдэмтэд ч өндрөөр үнэлсэн бөгөөд Мажарын монголч эрдэмтэн, профессор Л.Лигети “Таны хэвлүүлж гаргасан “Ачлалт” ном бол эртний монгол хэлний чухал дурсгалт бичиг мөн бөгөөд монголын уран зохиолын түүхэнд ч багагүй ач холбогдолтой юм. Та энэхүү номыг дэлхий дахинд анх удаа гаргаснаар монгол хэл зохиол судлалын шинжлэх ухаанд их гавьяа байгуулсан учир Танд баяр хүргэе” (Пүрэвжав, 2001: 11) гэж үнэлсэн байдаг байна.

Уг бүтээлийг хятад хэл болон монгол бичгийн хэлний бусад эхүүдтэй харгуулж дутуу зүйлийг нөхөж, буруу зүйлийг засаж, зөв онооход ихэд анхаарч зарим үг хэллэг, утгын тайлбарыг хоёр, гурван хуудас дамнуулж хийснийг үзвэл хэчнээн чимхлүүр ажил болсон нь тодорхой байгаа юм. Иймээс уг бүтээлд òóõàéí ¿åäýý ØÓÀ-èéí øèëäýã á¿òýýëä îëãîäîã øàãíàëûã õ¿ðòýýж байжээ.

Халтарын Лувсанбалдан сурвалж бичгийн судлалаар олон ажил хийсний өөр нэг том бүтээл бол эрдэнэт хүлгийн тухай сурвалж бичгийн судалгаа бөгөөд энэ чиглэлээр “Морины шинжийн тухай товчхон” (1978), “Адууны шүдний нэрийн учир” (1988), “Морины шинжийн нууц арван зүйл” (1988) зэрэг судалгааны өгүүлэл, анх 11 эх судрыг багтаасан “Морины шинж” (Лувсанбалдан, 1978) эх бичгийн судалгааны бүтээл, мөн уг бүтээлээ нэмэн дэлгэрүүлж 28 эх судрыг багтаасан “Хүлгийн шинж” (Лувсанбалдан, 1989), мөн уг бүтээлийн хоёр дахь хэвлэл “Хурдан хүлгийн шинж” (1997) номыг толилуулжээ. Тэрээр эдгээр бүтээлүүдийг эх бичиг, сурвалж бичгийн судалгаа хийх явцдаа өөрийн цуглуулсан болон бусад нөхдөөс өгсөн хэрэглэгдэхүүнд тулгуурлан туурвисан байна.

Түүний анх хэвлүүлсэн “Морины шинж” (Лувсанбалдан, 1978) бүтээл бол монгол судлалд тухайн сэдвээр бичсэн суурь судалгааны гол бүтээл болсон юм. Улмаар Х.Лувсанбалдан их бага 28 судрыг эмхэтгэн нэгтгэсэн “Хүлгийн шинж” (Лувсанбалдан, 1989) бүтээлийг 1989 онд хэвлүүлсэн билээ. Зохиогчийн тэмдэглэснээр “Монголчууд олон үеийн турш хүлэг сайн морио ав хоморго, аян дайнд эдлэх, өртөө албаа залгуулах, найр наадамд уралдуулах зэрэг чухал чухал хэрэгцээнд эдэлсээр иржээ. Тийм ч учраас морины сайн мууг шинжин үзэж, ямар морийг хуяглах буюу дайн байлдаанд сайн, ямар морь бартаатай газар унаж болох, ямар морь хэдэн хар цагааны газарт хурдлах зэргийг тодорхойлсон судар зохиолуудыг туурвин бидэнд үлдээсэн байна. Өвөг дээдсийн үлдээсэн энэхүү уламжлалын заримаас уншигч та бүхэнд танилцуулах зорилт тавилаа” (Лувсанбалдан, 1989: 4) гэж тухайн бүтээлүүдийнхээ зорилтыг тодорхойлжээ.

Үнэхээр эдгээр бүтээл уяачид, хурдан морь сонирхогчдод төдийгүй, нийт малчин ард, өргөн олон уншигчдын хүсэл сонирхолд нийцэж, тэдний хүсэн хүлээсэн бүтээл болсон юм. Түүний их бага 28 судрыг эмхэтгэн хэвлүүлсэн “Хүлгийн шинж” (Лувсанбалдан, 1989) бүтээл оршил (3-9), хурдан морины эмээл хазаар, тоноглол зэрэг холбогдох зураг чимэг, тайлбар бүхий 28 судрын эх (10-159), судруудаас түүвэрлэн авсан зүйлийн хэлхээ (160-165), судруудын агуулгыг товчлон бичсэн “судрын хэсгүүдийн товчоо” (166-176), хурдан хүлгийн цол, магтаалын тухай (177-192) хэсгээс бүрддэг.

Тэрээр судар бүрийн өмнө уг судрын байдлыг тодорхойлон бичиж, дараа нь судрын агуулгыг хэсгүүдэд хувааж гол агуулгыг тайлбарлаж, үндсэн хэсгийг оруулсан нь судалгаанд болон уншигчдад ач холбогдолтой болсон юм. Жишээ нь, морины шинжийн 3-р судар буюу “Эрдэнэт хүлгийг шинжлэх ба уях, засах судар оршив” хэмээх судрын агуулгыг 18 хэсэгт хувааж, “Нэгдүгээр хэсэгт – уралдах морийг барих, морь засахад үсэргэх, хөлслөх, идүүлэх, моринд гэм суух, эмээл ташуур тохируулах зэргийг өгүүлсэн байна” (Лувсанбалдан, 1989: 27) гэх мэтээр тайлбарлажээ. Үүний дараа судрын үндсэн хэсгийг оруулсан байна.

Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл төгсгөлд нь судар бүрийн агуулгыг гарчигласан нь холбогдох сэдвийг бусад судруудаас олж харахад тустай болсон байдаг. Жишээ нь, Морины шинжийн 28-р судрын агуулгыг

1. Таван цул, савын шинж гадар эрхтэнд нөлөөлөх тухай

2. Толгойн зургаан шинж

3. Туурайн зургаан шинж

4. Морины хурдныг мөрөөр нь шинжих тухай

5. Шандас шөрмөсний тухай

6. Эр бэлгийн шинж

7. Үсний шинж

8. Сүүлний шинж

9. Дууны шинж

10. Морины идэх баах шинж

11. Морины уух шинж” (Лувсанбалдан, 1989: 176) гэж өгүүлжээ.

 

“Хүлгийн шинж” энэ номыг 1997 онд академич Б.Ширэндэндэвийн бичсэн өмнөх өгүүллэг үгтэйгээр “Хурдан хүлгийн шинж” нэрээр дахин хэвлүүлсэн байдаг. Энэ бүхнээс үзвэл Халтарын Лувсанбалданы бэлтгэж хэвлүүлсэн эрдэнэт хүлгийн элдэв шинжийг өгүүлсэн бүтээл нь моринд хайртай монгол хүний номын хүлэг нь болж жигүүрлэсээр байгаа юм.

3. Тод үсгийн судлал

Монголчууд түүхэндээ янз бүрийн бичиг үсгийг зохион хэрэглэж ирснээс хэн дурдатгаж, ямар зорилгоор хэзээ, хаана, хэн зохиосныг өгүүлсэн үсэг бичгийн нэг нь тод монгол үсэг билээ. Ойрадын нэртэй лам, соён гэгээрүүлэгч, төр шашны зүтгэлтэн Заяа бандида Намхайжамцын 1648 онд зохиосон энэ үсэг монголчуудын өв соёлд асар их үүргийг гүйцэтгэжээ. Одоо ч Шинжааны Ойрад монголчууд хэрэглэсээр байгаа билээ.

Тод үсгийн бичгийн хэлний судлал өрнө дахинд аль эрт 19-р зуунд эхэлсэн боловч, энэ үсгийн ховор номыг цуглуулах, бүртгэх, судлах ажил монгол улст 20-р зууны 30, 40-өөд он, ялангуяа 1960-аад оны дунд үеэс эхэлж, энэ ажилд багш нарынхаа хамт гарамгай гавьяа байгуулсан эрдэмтэн бол Х.Лувсанбалдан юм. Тэрээр дэлхийд алдартай, одоогоор өөр хаана ч байхгүй, тод үсгийн 1200 гаруй ховор номын сан хөмрөгийг Хэл зохиолын хүрээлэнгийн номын санд байгуулж, катологжуулах ажлыг хийж, энэ их ажлынхаа үр дүнд “Тод монгол барын номын тухай” (1968), “Ойрадын Зая бандидын орчуулгын тухай мэдээ” (1969), “Тод үсгийн барын ном болон Зая бандидын орчуулгын тухай дахин мэдээлэх нь” (1970), “Тод үсгийн үлгэрийн далайн оршил” (1970), “Тод үсэг ба Намхайжамцын орчуулга” (1968) зэрэг судалгааны өгүүллүүд, “Тод үсэг, түүний дурсгалууд” (1975), “Тод үсгийн дурсгалууд” (1976) зэрэг номыг хэвлүүлжээ.

Түүний хэвлүүлсэн “Тод үсэг, түүний дурсгалууд” (Лувсанбалдан, 1975а) ганц сэдэвт зохиол удиртгал (3-6) ба дөрвөн бүлгээс бүрддэг. Нэгдүгээр бүлэгт, тод үсгийг зохиосон Ойрадын бандида Намхайжамцын намтарт холбогдох сурвалж бичиг болон Заяа бандидын хийсэн ажил үйлсийн тухай (7-18), хоёрдугаар бүлэгт, тод үсэг зохиох болсон шалтгаан, тод үсгийн үсэг зүй, авиа зүй, үг зүй, үгийн сан, тод үсгийн хувь заяаны (тархцын) тухай (19-78), гуравдугаар бүлэгт, манай улсын сан хөмрөгүүдэд байгаа тод үсгийн ном зохиолын ангилал, бар хэвлэлийн тухай (79-122), дөрөвдүгээр бүлэгт, Заяа бандида болон түүний шавь нарын орчуулга, мөн орчуулгыг дурдагсад, бичээч нар, орчуулгын хэлний байдлын тухай (123-160) өгүүлжээ. Түүнчлэн хавсралт хэсэгт тод номын бүртгэл, Заяа бандидын орчуулсан номуудын төгсгөлийн үгийг оруулжээ.

Х.Лувсанбалдан тухайн бүтээлийг бичихдээ тод үсгээр буй бүх номыг шүүрдэн уншиж, түүхийн болон хэлний шинжлэлийн дүгнэлтийг хийсэн байна.

Түүний өгүүлж буйгаар “Ер нь тод үсгийг зохиох болсон шалтгааныг нэгдүгээрт, улс төрийн бодлогын үүднээс, нөгөө талаар шарын шашныг дэлгэрүүлэх зорилгын үүднээс уялдуулан авч үзэх нь зүйтэй юм” (Лувсанбалдан, 1975: 23) гэсэн байна. Тод үсгийн цагаан толгой болох “Үсгийн найрлага”-ын төгсгөлийн үгээс үзвэл “Омог улсын хувьтанд хялбар болгохын тул” зохиосон боловч хэтэрхий тод болсон учир нийт монголчуудын дунд тархаж чадаагүй ажээ (Лувсанбалдан, 1975: 19-25, Самбуудорж, 2005: 50-58).

Иймээс “Ойрдын Зая бандида уйгаржин монгол үсгийг тодорхой болгож тод үсгийг зохиосноор энэ үсэг нийт монголын үсэг болсонгүй, харин хэрэглэх хүрээ нь явцууран Ойрдын үсэг, улмаар Халимагийн үсэг, Шинжааны Ойрдын үсэг болон хувирсан байна” (Лувсанбалдан, 1975: 78).

Х.Лувсанбалданы туурвисан энэ бүтээлийн гол амжилт бол шинэ мэдээ, баримтыг судалгааны эргэлтэд оруулсан төдийгүй, шинэ саналуудыг дэвшүүлсэнд оршдог. Тэрээр тод үсгийн урт эгшгийг тэмдэглэх аргыг бусад эрдэмтдээс ялгаатай ou, öü нь эртний монгол хэлний байдлыг тусгасан бус, урт u, ü-г тэмдэглэсэн арга, мөн – тэмдгийг урт а, e эгшиг бус, тухайн эгшгийн уртыг тэмдэглэсэн гэж үзсэн билээ (Лувсанбалдан, 1975: 41, 43).

Х.Лувсанбалданы тод үсгийн судлалаар хийсэн бас нэг гол ажил бол тод үсгээр буй номуудыг хэвлэн нийтлэхэд анхаарсан юм. Тэрээр “Дурсгалт бичгийн чуулган” цувралын 1976 оны 19-р ботийг “Тод үсгийн дурсгалууд” (Лувсанбалдан, 1976) нэртэй хэвлэлд бэлтгэж, энэ бүтээлд Зая бандида Намхайжамцын орчуулсан “Субашид”, “Субашидийн тайлбар”, “Бодичарьяа Авадарагийн төгсгөлийн шүлэг” болон Баатар Увш түмний зохиосон “Дөрвөн Ойрадын түүх”, нэр нь үл мэдэгдэх хүний зохиосон “Дөрвөн Ойрадын түүх” зэрэг түүх, уран зохиолын бүтээлийг оруулан хэвлэжээ.

Түүнчлэн Х.Лувсанбалдан тод үсгийг зохиож, олон ном бүтээлийг төвд хэлнээс монгол хэлэнд орчуулан хэвлэсэн Зая бандида Намхайжамцын намтар, хийсэн бүтээл туурвилыг нь тодруулахад ихээхэн анхаарсан байдаг. Тэрээр Зая бандида Намхайжамцын орчуулгыг үнэлэн бичихдээ “Үүгээрээ тэр үеийн халх долоон хошуу, ялангуяа Дөрвөн Ойрадыг орон нутгийн чанартай бөө мөргөлийн явцуу хүрээнээс татан гаргаж Энэтхэг, Төвдийн соёлын өргөн хүрээнд оруулсан учраас Зая бандидыг XVII зууны үеийн монгол дахины соёлын зүтгэлтэн гэж зохих ёсоор үнэлж байгаа юм” (Лувсанбалдан, 1988: 42) гэж тэмдэглэсэн юм.

Халтарын Лувсанбалданы тод үсгийн талаар хийсэн энэ бүх судалгааны ажлыг тод үсгийн сан хөмрөгийг байгуулсан, судалгааны эргэлтэд оруулсан, өөрийн дэг сургуулийг бий болгосон гэж товчоор дүгнэж болно.

4. Толь бичгийн судлал

Халтарын Лувсанбалдан бие дааж тусгайлан толь зохион хэвлүүлээгүй боловч толь хамтран зохиох, редакторлах, аргазүйг боловсруулах, эх хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд их хувь нэмэр оруулжээ. Тухайлбал Я.Цэвэл абугайн зохиож хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) -ийн өмнөх үгэнд “Манай оронд хөгжсөн шинжлэх ухааны чухал салбар болсон хэл, утга зохиолын сан жилээс жилд арвижин хөгжиж байна. Энэ санд одоо нэмэгдэн орж байгаа томоохон бүтээлийн нэг бол тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Я.Цэвэл зохиож, Х.Лувсанбалдан редаторласан 30 мянган үгтэй монгол хэлний товч талбар толь юм” (Цэвэл, 1966: 3) хэмээн тэмдэглэсэн байдаг.

Түүнчлэн Я.Цэвэл абугай уг толийг зохиоход тусласан хүмүүст талархал илэрхийлэхдээ “…мөн толь бичигт орсон бүх үгсийн тайлбарыг нягтлан үзэж, нэн ялангуяа нэр томьёог оноож тайлбарлах ажилд их хүч хөдөлмөр гаргаж чин санаанаас тусласан хариуцлагатай редактор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Лувсанбалдан, …нарт халуун талархлаа илэрхийлнэ” (Цэвэл, 1966: 6) гэж Х.Лувсанбалдан уг толийг зохиоход ямар үүрэгтэй оролцсоныг өндрөөр үнэлэн бичсэн байдаг байна. Энэ тухай Я.Цэвэл абугайн хүү манай нэртэй эрдэмтэн Ц.Шагдарсүрэн “Миний санаанд үлдсэн Лувсанбалдан гуай” хэмээх дурсамжийн өгүүлэлдээ “Лувсанбалдан гуай аавын маань “Монгол хэлний товч тайлбар толь”-ийн редактор нь байсан бөгөөд нэгэн зууны турш уг толийн боолтыг Зүүн богинын аманд, Лувсанбалдан гуайн зуслангийн дүнзэн байшинд хоёулаа өглөөнөөс орой хүртэл суун засаж байсан нь санаанаас гардаггүй юм” (Шагдарсүрэн, 2006: 217) гэж өгүүлсэн нь бий.

Хэл зохиолын хүрээлэн анхны товч толийг хэвлүүлснээс хойш монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийг зохиох ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний тул монгол хэлний эрт эдүгээгийн үгийн санг хамарсан таван сая орчим үгийн сангийн карт хөтлөх, уг толийн арга зүйг боловсруулахад Х.Лувсанбалдан чухал үүргийг гүйцэтгэжээ.

Энэ тухай 2008 онд хэвлүүлсэн 5 боть “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийн өмнөх үгэнд академич Л.Болд “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд эрдэмтэн Х.Лувсанбалдан (1925-1992) “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зохиох арга зүйг өмнөх үеийн толь бичгүүдийг боловсруулсан туршлага, тухайн үеийнхээ монгол судлалын ололтод нийцүүлэн боловсруулж, уул дэлгэрэнгүй тайлбар толийг зохиох ажлыг удирдан эхлүүлсэн байна” (Болд, 2008: XVI) гэж өгүүлсэн нь бий. Миний бие 1987 онд Хэл зохиолын хүрээлэнд ажилд ороход Х.Лувсанбалданы боловсруулсан аргазүйн дагуу түүний зохиож байгаад эрүүл мэндийн улмаас дутуу орхиод байсан “А” толгойт үсэг бүхий үгийг “арзгар”-аас хойш дуусга гэсэн даалгаврыг секторын эрхлэгчээс хүлээн авч байсан юм. Тэгээд үгийн утга гэж юу болох, түүнийг тайлбарлах гэж амаргүй ажил болохыг эхний өдрөөс мэдэрч, “арзгар” хэмээх үгийг “аржгар” хэмээх үгээс яаж ялгаж тайлбарлах талаар олон хоног бодож байсныг өнөөдөр бодоход сонин байна. Бодвол толины аргазүйд ойролцоо утгатай үгийг яг адил тайлбарлаж болохгүй гэсэн байсан байх. Тэгээд ийм ойролцоо дуудлага болон утгатай (дүрслэх) үгийг авианы бүтэх аргад үндэслэн тайлбарлах нь зөв юм байна гэсэн дүгнэлтийг арайхийн бодож олоод “аржгар” нь өтгөн, бүдүүндүү ширхэгтэй юмыг, “арзгар” нь нарийн, шингэндүү ширхэгтэй юмыг хэлдэг гэсэн утгаар тайлбарлах нь зөв юм гэж бодсон билээ.

Түүнчлэн Х.Лувсанбалдан гуай академич Б.Ринчений ерөнхийлөн эрхэлсэн “Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэл атлас” (Ринчен, 1979) хэмээх томоохон хамтын бүтээлд зохиогчоор оролцож, уг бүтээлд 244 зураг атлас орсны 70-аад зураг атлас буюу 30 шахам хувийг нь бэлтгэн боловсруулсан байдаг байна (Пүрэвжав, 2001: 8).

5. Нутгийн аялгуу судлал.

1960-1970-аад оны үед Хэл зохиолын хүрээлэнгээс нутгийн аялгуу судлал, ховор ном судар цуглуулах эрдэм шинжилгээний ажлыг жил бүр хөдөө орон нутагт зохион явуулж энэ талаар ихээхэн амжилтыг олсон байдаг. Чухамдаа энэ ажлыг санаачлан зохион байгуулагчдийн нэг нь Х.Лувсанбалдан гуай байсан бөгөөд “Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас” (1979) –ыг зохиоход гол үүрэгтэй оролцсоныг өмнө бид тэмдэглэсэн билээ. Х.Лувсанбалдан ялангуяа баруун монголчуудын дунд биечлэн ажиллаж, тод үсгийн ховор олон номыг цуглуулж, судалгааны эргэлтэд оруулсан шигээ Ойрадын нутгийн аялгуу судлалаар ч сонирхолтой бүтээлүүдийг туурвисан байна. Тэрээр Ойрадын нутгийн аялгуу судлалаар “Корни местоимений minu, činu, inu в торгутском и урянхайском говорах (Торгууд болон урианхай аман аялгуун дахь minu, činu, inu төлөөний үгийн язгуур)” (1967) эрдэм шинжилгээний өгүүлэл, “Торгууд аман аялгууны онцлог” (1975) ганц сэдэвт зохиол, мөн халх аялгууны талаар “Регрессивная ассимиляция некоторых гласных в халхаском диалекте (Халх аялгууны зарим эгшгийн ухран ижилсэл)” (1982) өгүүллийг бичжээ.

Тэрээр “Торгууд болон урианхай аман аялгуун дахь minu, činu, inu төлөөний үгийн язгуур” (1967) өгүүлэлдээ тодорхой жишээ баримтад үндэслэн ойрдын зарим аман аялгуунд minu гэдэг төлөөний үгийн язгуур m хэлбэрээр, činu гэдэг төлөөний үгийн язгуур tšị хэлбэрээр, inu гэдэг төлөөний үгийн язгуур yi хэлбэрээр үлдсэн гэж үзсэн байна (Лувсанбалдан, 1967).

Түүний “Хэл зохиол судлал” цувралаар хэвлүүлсэн “Торгууд аман аялгууны онцлог” (Лувсанбалдан, 1975б: 40-65) бүтээлийг ганц сэдэвт зохиол хэмээн тодорхойлж болно. Уг бүтээл нь удиртгал (40-48), авиа зүй (48-58), (үг зүй (58-60), үгийн сан (60-62) хэсгүүдээс бүрдэнэ. Зохиогч уг бүтээлдээ торгууд аялгууг судалсан байдал, торгуудын гарал угсаа, торгууд аялгуу болон монгол бичгийн хэлний холбооны талаар өөрийн саналыг өгүүлсэн байна.

Түүнчлэн тухайн бүтээлд “Торгууд аман аялгуунд хос эгшиг байхгүй гэж үзэж болох бөгөөд ганц “үгүй” гэдэг үгэнд ṳа-гийн хос эгшиг тохиолдож байна” (Лувсанбалдан, 1975б: 51), “Үгийн эхэнд ялангуяа tš, dž болон бусад зарим гийгүүлэгчийн дараа орсон i эгшиг нугараагүй байна” (Лувсанбалдан, 1975б: 53), “Торгууд аялгуунд –n дагавартай үгэнд харьяалахын тийн ялгалын дагавар, хамаатуулах дагавар залгахад –n жийрэглэж байгаа талаар онцгой байна. …Жишээ: Mo. morin-u-ban, T. mᴏ̤rnǟnǟn (мориныхоо)” (Лувсанбалдан, 1975б: 59) гэх мэт олон ажиглалт дүгнэлтийг хийсэн байдаг.

Түүнчлэн “Халх аялгууны зарим эгшгийн ухран ижилсэл” (1982) өгүүлэлдээ халх аялгууны зарим эгшгийн ухран ижилсэх ёсыг бичгийн хэл болон аман аялгууны баримтаар харьцуулан өгүүлээд энэ нь бичгийн хэлэнд ч нөлөөлж янз бүрээр бичиж буй учир цаашид зөв бичих дүрэмд ийм үгсийн бичлэгийг нэг мөр болгох саналыг дэвшүүлжээ (Лувсанбалдан, 1982).

6. Үг хэллэгийн утга гарлын судлал

Монгол хэлнийхээ үг хэллэгийн хэрэглээ, найруулгын талаар “Хэл зүгшрүүлэх үгс, түүний авиан зүйн зарим онцлог” (1963), “Монгол хэлний үгсийн сан заахад өчүүхэн тусламж” (1963), “Яаж бичих нь зөв бэ?” (1977), “Лекторын хэлний соёлын асуудал” (1979), “Үвтэгш хэмээх үгийг зөв бичих асуудалд” (1983) зэрэг өгүүллийг бичжээ.

Х.Лувсанбалданы туурвиж бичсэн “Монголчуудын үг хэллэгийн түүх гарлаас” (Лувсанбалдан, 1975в), түүнчлэн профессор Ц.Шагдарсүрэнгийн хамт бичиж хэвлүүлсэн “Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас” (Лувсанбалдан 1971, 1986) бүтээлүүдийг монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг юм уу хэдэн үгийн утга гарлыг товч өгүүлсэн бүтээл гэж ойлгож болохгүй бөгөөд эх хэлнийхээ үүх түүхийг олон нийтэд таниулах, эх хэл, соёлоороо бахархах бахархлыг бий болгох, хүүхэд багачуудад төрөлх хэлнийх нь үг хэллэгээр дамжуулан аливаа зүйлийн учир утгыг ойлгуулах, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой болсон юм. Тухайлбал, “Аягагүй бол амгүй” гэдэг хэллэгийн учрыг тайлбарлахдаа “Монголчуудын зан заншлын нэгэн тэмдэглэлд өгүүлсэн нь: алс газар аялан явах монгол хүн цөм өөрийн аяга, хэт хутга, савхтай явах ажээ. Хоол цай болмогц өөрийн аяга, савх, хутгыг гарган цай хоол ууж идэх ажээ. Цай хоолыг ууж идсэний дараа аяга, савх, хутгыг хувьдаа хураан авна гэжээ.

Ийм учраас аяга, хэт хутга, савхыг мөнгөлөн чимдэг ажээ. Хэрэв алс хол яваа хүн аягагүй бол хүнээс аяга гуйж идэхэд хүрнэ. Ийм учраас аягагүй бол амгүй гэдэг хэллэг үүсэн гарчээ.” (Лувсанбалдан, 1986: 136) гэж аян жинд явахад хүнд юу хэрэгтэй байж болохыг аяга халбагаар төлөөлүүлэн тун энгийнээр тайлбарлан өгүүлсэн байна. Иймээс тухайн бүтээлүүдийг зөвхөн хүүхэд багачууд бус өргөн олон уншигчид амтархан уншдаг байна.

7. Аман зохиол судлал

Х.Лувсанбалдан гуай нутгийн аялгуу судлал, ховор хуучин ном судар цуглуулах хээрийн шинжилгээний ажлаар хөдөө орон нутагт болон ОХУ, БНХАУ, Унгар зэрэг орны монгол судлалын төвүүдэд ажиллахдаа аман зохиолын баялаг хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсаар байдаг.

Тэрээр “Эрийн сайн Хан харанхуй” туулийг Увс аймгийн Тэс сумын туульч Зундуйгаас 1969 онд, “Агар Улаан хаан” туулийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Лхамхүүгээс 1961 онд тус тус тэмдэглэн авсан нь Хэл зохиолын сан хөмрөгт байдаг байна.

Х.Лувсанбалдан гуайн аман зохиол судлалын гол ажил нь тууль судлалд, ялангуяа Хан харангуйн туулийн эх бичвэрийн судалгаанд зориулагджээ. Тэрээр Хан харангуйн эх бичвэрийн судалгаагаар “Тод Үсгийн Хан харангуйн тухай(д)” цуврал өгүүллийг “Аман зохиол” сэтгүүлд 1977, “Монголын судлал” сэтгүүлд 1978 онд хэвлүүлж, тод үсгийн “Хан харангуй” (1976) номыг хэвлүүлсэн байна.

Нэрт туульч М.Парчин Баядын чуулганы дарга Чагдаржавын өргөөнд өвөлжиж байхдаа тэднийд байсан бичмэл номуудаас Хан харангуй туулийг сурсан байна. Гэтэл уг ном 1911 онд алдагдсан байсныг монголч эрдэмтэн А.Бурдуков 1913-1914 оны үед олж Орос руу илгээсэн байжээ. Х.Лувсанбалдан энэ номыг эдүгээгийн Санкт-Петербург хотноо буй 45 хуудас Хан харангуйн гар бичмэл мөн гэдгийг тогтоож, улмаар 1937 онд профессор Г.Д.Санжеев буриад нутгаас олж эх бичиг, орос орчуулга, тайлбар судалгааны хамт хэвлүүлсэн “Окины Хан харангуй” гэж монголч эрдэмтдийн дунд алдаршсан хувилбар, хожим Тувагаас олж мөн эх бичиг, орчуулгын хамт 1960 онд хэвлүүлсэн “Кызылийн Хан харангуй” гэж нэрлэгдэх бичмэл, академич Б.Ринчен Төв аймгийн Баянзүрх сумаас олсон бичмэл, түүнчлэн бусад аман хувилбаруудтай харьцуулан эх бичгийн судалгаа хийж, анхны бичмэл эх нь тод үсгээр тэмдэглэгдсэн хувилбар болохыг олж тогтоожээ. Түүний энэ судалгааг академич Х.Сампилдэндэв “…эрдэм шинжилгээний нээлтийн чанартай судалгаа болсон гэж хэлж болно” (Сампилдэндэв, 2006: 146) гэж өндрөөр үнэлсэн байдаг байна.

Тэрээр тод үсгийн Хан харангуй, Окины Хан харангуй хоёрыг харьцуулан үзэхдээ тод үсгийн Хан харангуй Окины Хан харангуйгаас дэлгэрэнгүй байгааг тод үсгийн эх ерийн чимэг үгээр дэлгэрэнгүй байгаа бус учир зүйн утгаараа байвал зохих зүйл байна гэж үзээд энэ тухай,

1. Тод үсгийн Хан харангуй, Окины Хан харангуйгаас зарим газраа яг таг нийлж байгаагийн учир бол энэ хоёр эхийн гарал нэг байсны гэрч мөн юм.

2. Тод үсгийн Хан харангуй нь Окины Хан харангуйгаас зарим талаар дэлгэрэнгүй байна. Ялангуяа тод үсгийн эхэд логик утгаараа байвал зохих зүйл байгаа нь ойрдын эх анхдагч болов уу гэсэн санааг дэвшүүлж байна.

3. Окины Хан харангуйн алдаатай зарим зүйлийг нягтлан үзвэл тод үсгийн ямар нэгэн эхээс буулган бичихдээ гаргасан алдаа болов уу гэж үзэж болмоор байна.

4. Хэрэв Окины Хан харангуйг тод үсгийн ямар нэгэн эхээс (ойрдын туульчийн амнаас бус) буулган бичсэн гэдэг санаа зөв бол нутгийн аялгууны явцуу хүрээний үгсийг халхын аялгууны үгсээр сольж бичсэн гэж үзэж болох юм. Ингэхлээр Окины эхийг Хан харангуйн туулийн халх хувилбар гэж үзэх бүрэн үндэстэй юм” (Лувсанбалдан, 1978: 118) гэсэн дүгнэлтийг хийжээ.

Х.Лувсанбалдан гуайн Бум-Эрдэнэ туулийн төгсгөлд бичсэнээс үзвэл “Миний бие өөд болсон багш нарынхаа хэлж захиж байснаас заримыг ч болов биелүүлье гэж Хан харангуй, Бум-Эрдэнэ, Данихүрэл, Хийгийн хүйтэн төмөр зэв туулиудыг буулган бичсэнээсээ залуучуудад үлдээе гэж санасан минь энэ. Энэ туулиудыг буулган бичихэд надад үнэхээр бэрхшээлтэй байв.

1. Эх бичиг балархай (Би хэвлэгдсэн эхийг хэлж байна).

2. Мажир бичээч монгол үсгийн дүрмээр бичээгүй. Ойрд аялгууны үгээр, монгол бичгээр бичсэн юм. Жишээ нь, ”цагасу” гэж бичсэнийг ойрдын аялгуунд “tsaаgaas” буюу “цаанаас” гэж уншина. “Наран” гэж бичсэнийг “наран” гэж уншиж болохгүй, ойрд аялгууны “naaraan” гэхийг “наашаа” гэж текстийн утгыг харгалзан анхааран унших хэрэгтэй байлаа. Энэ мэт бэрхшээл тохиолдож байсан ч 90 хувийг зөв уншсан гэж би үзэж байна” (Лувсанбалдан, 1997:114) гэж өөрийн хийсэн ажил хэчнээн хэцүү байсныг өгүүлсэн байдаг.

Бум-Эрдэнэ хэмээх алдарт туулийг 1983 оны 11 сарын 14-нд шинэ бичгээр найруулан бичиж дуусгасныг 1997 онд хэвлүүлжээ. Уг туулийн өмнөх үгэнд түүний шавь Г.Гантогтох бичихдээ “Ха. Лувсанбалдан багш монгол ардын баатарлаг туулийг цувруулан бэлтгэж, эх бичгийн сонгомол сайхан эх бэлтгэж үлдээсэн юм. Монгол ардынхаа баатарлаг туулийн баялаг санд гүүр тавьсан гөлмийн эзэн хойч үеийн хонгор үр ач нартаа бэлтгэж үлдээсэн буянт үйлсийг уншигч олноо толилуулан барьж байна” (Лувсанбалдан, 1997: 2) гэсэн байна.

Х.Лувсанбалдан гуайг монгол тууль судлалд бэлгэдэл зүйг анх анхааран судалсан эрдэмтэн гэж болно. Тэрээр “Жангар тууль дахь ертөнцийн зүг чигийг тэмдэглэсэн үгсийн утга ба бэлгэдэл зүй” гэдэг өгүүлэлдээ ертөнцийн зүг чигийг заасан үгсийн утга, бэлгэдлийн үүрэг, мөн өнгөтэй хэрхэн холбоотой болохыг өгүүлж, энэ нь тусгай судлагдахуун болно гэдгийг тэмдэглэсэн байна (Лувсанбалдан, 1985: 35-42).

Түүнчлэн “Х.Лувсанбалдан гуай монголын аман ба бичгийн зохиолын дурсгал, түүний судалгааг гүнзгий судалсан эрдэмтний хувьд зарим нэгний олж ажиглаагүй баримт хэрэглэгдэхүүнийг гярхай ажиглан сонгож, оновчтой сонин тайлбарлаж дүгнэдэг судлаач байлаа” (Сампилдэндэв, 2006: 148) гэж болно. Үнэхэээр Х.Лувсанбалдан гуай “Зарааны тухай домог” (Лувсанбалдан, 1990: 99-103) өгүүлэлдээ Торгууд ардын хуримын ерөөлд “Замба тивийг үүссэнээс нааш, Зараа цэцэн дэлгэрснээс нааш, Огторгуйн наран саран хоёр Холбоотой болсон асанж” гэж гардаг цөөн мөр шүлэгт “Зараа цэцэн” хэмээх хэллэгийг Буриадын “Зараа азарга” гэж өгүүлэх домгоор баяжуулан эртний бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой ийм заншил байсныг батлан өгүүлсэн байдаг байна.

8. Уран зохиол, орчуулга, шүүмж, редакторласан бүтээл

Х.Лувсанбалдан эрдэм шинжилгээний их ажлынхаа хажуугаар “Бүрээч хүү” хэмээх кино зохиол бичсэнээс гадна, К.Высоковскийгийн “Бөжин”, “Хандгайн тугал”, “Хээр үрээ” зэрэг шүлгийг монгол хэлнээ яруу сайхнаар орчуулжээ (Лувсанбалдан, 2006: 73-98). Мөн нэрт монголч эрдэмтэн Н.Н.Поппегийн “Квадратная письменость (1931) бүтээлийг монголчлон Хөххотод “Дөрвөлжин үсэг” (Дотооддоо хяналт хийх материал) нэрээр 1960 онд хэвлүүлжээ. Дөрвөлжин үсэг бол “Хубилай сэцэн хаан тэр үеийн монгол язгууртны үг хэлийг үндэслэн Пагба ламаар зохиолгосон Дундад эртний үед Алтан ураг гэж төрийн эрх барьж байсан хамаг монгол гэдэг боржигин овгийн аялгуу бөгөөд тэр үеийн нутгийн аялгууг тусгасан авианы үсэг билээ” (Мөөмөө, 2006: 150). Иймд тэр үеийн монгол хэл аялгууны онцлогийг танин мэдэхэд үнэт хэрэглэгдэхүүн болж байдаг.

Тэрээр үзэг нэгт эрдэм номын нөхөд болох Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966), Д.Чойжилсүрэнгийн “Монголын хуучин бичгийн цагаан толгой, зөв бичих дүрэм” (1975), П.Бямбасаны “Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц , нэр үгсийн аймаг” (1975), Ш.Лувсанванданы “Монгол хэл шинжлэлийн асуудлууд” (1981), Ц.Шагдарсүрэнгийн “Монгол үсэг зүй. Тэргүүн дэвтэр” (1981), Д.Отгонсүрэнгийн “Орчин цагийн Монгол хэлний үйл үгийн хэв байдлын дагаврын найруулгын үүрэг” (1982), С.Мөөмөө, Ю.Мөнх-Амгалан нарын “Орчин үеийн монгол хэл, аялгуу” (1984), Ж.Цолоогийн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг, II боть: Ойрд аялгуу” (1988) зэрэг олон бүтээлийг хүч хөдөлмөр гарган редакторласан байдаг.

9. Дүгнэлт.

Өмнө өгүүлсэн баримтаас үзвэл нэрт эрдэмтэн Халтарын Лувсанбалдан монгол хэл шинжлэл, утга соёл, аман зохиол судлалын гарамгай эрдэмтэн мөн. Тэрээр дундад үеийн монгол хэлний бичгийн дурсгалуудын судалгааг хийж, монгол хэлний үг хэллэгийн утга гарлыг тайлбарлахад болон толь бичгийн судлалд чухал хувь нэмрийг оруулжээ.

Х.Лувсанбалдан тод үсэг болон тод үсгийн дурсгалуудын суурь судалгааг хийж өөрийн дэг сургуулийг бий болгосон байна. Түүнчлэн Ойрдын нутгийн аялгууны судлалаар чухал бүтээлүүдийг туурвижээ.

Сурвалж бичгийн судалгааныхаа явцад моринд хайртай монгол хүний хувьд морины шинжийн судруудыг цуглуулан, эх бичгийн судалгаа хийж чухал хувь нэмрийг оруулсан байна.

Монгол аман зохиол судлал, ялангуяа туулийн бичвэр судлалын суурь үндсийг тавьж, судалгааны нээлтийн чанартай бүтээлүүдийг туурвижээ.

 

НОМ ЗҮЙ

1. (Болд, 2006). –Л.Болд. Х.Лувсанбалдангийн эрдэм шинжилгээний бүтээл. –“Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 2006. 136-144

2. (Болд, 2008). –Хамтын бүтээл. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. 1-5 боть. Ерөнхий редактор. Л.Болд.

3. (Гантогтох, 2006). –Г.Гантогтох. Лувсанбалдан багшийн тухай дурсамж. –“Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 1961. 228-236.

4. (Лувсалбалдан, 1959). –Х.Лувсанбалдан (Баошаны хамт). Хуа И И-Юй толь бичиг. Нэгдүгээр хэсэг –“Монгол хэл зохиол түүх” сэтгүүл. 1959. №7. Хөххот. 17-28-р тал; Хоёрдугаар хэсэг –“Монгол хэл зохиол түүх” сэтгүүл. 1959. №12. Хөххот. 24-34-р тал; Гуравдугаар хэсэг –“Монгол хэл зохиол түүх” сэтгүүл. 1960. №1. Хөххот. 40-48-р тал. –“Хэл бичгийн эрдэм шинжилгээний өгүүлллийн түүвэр”. II дэвтэр. Хөххот.1986. 125-158-р тал.

5. (Лувсалбалдан, 1961). –Х.Лувсанбалдан. Ачлалт номын тухай. Уб., 1961. III + 149 + 38a

6. (Лувсалбалдан, 1962а). –Х.Лувсанбалдан. Эртний монгол хэлний үгийн эхний h-гийн тухай асуудалд. –“Studia Mongolica”. Tomus. IV. Fasc. 4. Уб., 1962. 113-121.

7. (Лувсалбалдан, 1962б). –Х.Лувсанбалдан. Эртний монгол хэлний тооны зохицлын ул мөр. –“Studia Mongolica”. Tomus. IV. Fasc. 6. Уб., 1962. 137-157.

8. (Лувсалбалдан, 1962в). –Х.Лувсанбалдан. Аруг вангийн хөшөөний бичиг –“Монголын судлал”, Tom. IV, Fasc. 5, Уб., 1962, 123-136.

9. (Лувсалбалдан, 1967). –Х.Лувсанбалдан. Корни местоимений ‘minu, činu, inu’ в торгутском и урянхайском говорах –“Монголын судлал”, Tom. VI, Fasc. 21, Уб., 1967. 54-56.

10. (Лувсалбалдан, 1971). –Х.Лувсанбалдан. Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас (Ц.Шагдарсүрэнгийн хамт), Уб., 1971, 72 тал.

11. (Лувсалбалдан, 1975а). –Х.Лувсанбалдан. Тод үсэг, түүний дурсгалууд. Уб., 1975. 356 тал.

12. (Лувсалбалдан, 1975б). –Х.Лувсанбалдан. Торгууд аман аялгууны онцлог. –“Хэл зохиол судлал”. Уб., 1975. XI боть. V дэвтэр. 40-66.

13. (Лувсалбалдан, 1975в). –Х.Лувсанбалдан. Монголчуудын үг хэллэгийн түүх гарлаас, Уб., 1975, 56 тал.

14. (Лувсалбалдан, 1976). –Х.Лувсанбалдан. Тод үсгийн дурсгалууд. Уб., 1976. 435 тал.

15. (Лувсанбалдан, 1978) –Х.Лувсанбалдан. Морины шинж. –“Дурсгалт бичгийн чуулган”. XX боть. XV дэвтэр. Уб., 1978. 260 тал.

16. (Лувсанбалдан, 1978) –Х.Лувсанбалдан. Тод үсгийн Хан харангуйн тухайд. –“Studia Mongolica”. VI боть. 12 дэвтэр. Уб., 1978. 102-121.

17. (Лувсанбалдан, 1982) –Х.Лувсанбалдан. Регрессивная ассимиляция некоторых гласных в халхаском диалекте –“Монголын судлал”, Tom. XVII, Fasc., Уб., 1982, 168-170.

18. (Лувсанбалдан, 1985). –Х.Лувсанбалдан. Слова, обозначающие стороны света в “Джангаре”, их семантика и символика. –“Исследования по грамматике и лексике монгольских языков”. Элиста., 1985. 35-42

19. (Лувсанбалдан, 1986). –Х.Лувсанбалдан. Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас (Ц.Шагдарсүрэнгийн хамт), Уб., 1986, 168 тал.

20. (Лувсанбалдан, 1988) –Х.Лувсанбалдан. Тод үсэг ба Намхайжамцын орчуулга. –“Дорно дахины судлал”. № 2. 19. 1988. 39-42

21. (Лувсанбалдан, 1989) –Х.Лувсанбалдан. Хүлгийн шинж. Уб., 1989. 192 тал.

22. (Лувсанбалдан, 1990) –Х.Лувсанбалдан. Зарааны тухай домог. –“Хэл зохиол судлал”. Уб., 1990. Tom XXIV. 99-103

23. (Лувсалбалдан, 1997). –Х.Лувсанбалдан. Бурхан хаан аавтай Бурам хатан ээжтэй Эрийн сайн Бум-Эрдэнэ –ийн есөн бөлөг оршив. Уб., 1997. 114 тал.

24. (Лувсанбалдан, 2006). “Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 2006.

25. (Мөөмөө, 2006). –С.Мөөмөө. Эрдэмтэн Х.Лувсанбалдан монгол хэл, аялгуу судлагч мөн. –“Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 1961. 149-152

26. (Пүрэвжав, 2001). –Э.Пүрэвжав. Халтарын Лувсанбалдан. –“Монгол хэл бичгийн судлал”. IV боть. Уб., 2001. 4-32.

27. (Ринчен, 1979). –Б.Ринчен. Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас. Ерөнхийлөн редакторласан. Б.Ринчен. 1,2-р боть. Уб., 1979.

28. (Самбуудорж, 1966). –О.Самбуудорж, Х.Хашимото. Тод үсгийн бичгийн хэл. Осака., 2005. Осака., 2005. XI+241 тал.

29. (Сампилдэндэв, 2006). –Х.Сампилдэндэв. Аман зохиол судлалд эрдэмтэн Х.Лувсанбалдангийн оруулсан хувь нэмэр. –“Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 2006. 145-149

30. (Цэвэл, 1966). –Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Уб., 1966. 911 тал.

31. (Шагдарсүрэн, 2006). –Ц.Шагдарсүрэн. Миний санаанд үлдсэн Лувсанбалдан гуай. –“Халтарын Лувсанбалдан”. Эрхэлсэн Л.Энхбаатар нар. Уб., 1961. 213-222.

 

Доктор О.Самбуудорж