Б.я.владимирцов Ба Монгол Орон (Б.я.владимирцовын Мэндэлсний 130 Жилийн Ойд)


vladimircov

Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов нь Монголын түүх, хэл, утга зохиол, бичгийн дурсгал, угсаатны зүйг тусгайлан судалсан төдийгүй өргөн хүрээтэй эрдэм шинжилгээний бүтээлүүдээрээ түрэг судлал, буддын судлалд ч дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн байсныг түүний бүтээл туурвилууд гэрчлэн харуулж байна. Мөн их сургуулиа төгссөнөөсөө хойш насан эцэслэх хүртлээ төрөлх сургуульдаа багшилж хожмын нэр хүнд бүхий олон монголч эрдэмтнийг сурган хүмүүжүүлсэн билээ.

Б.Я.Владимирцов төдий л урт биш буюу 20 гаруй жилийн бүтээлч амьдралын хугацаанд бичиж туурвисан бөгөөд түүний эрдэм шинжилгээний өв 69 бүтээлээс бүрдэж байна. Тэдгээрийн нэгээс бусад нь зохиогчоо амьд ахуйд нь хэвлэгдсэн баОбщественный строй монголов: Монгольский кочевой феодализм бүтээл нь нас барсных нь хойно 3 жилийн дараа нийтийн хүртээл болсон[1] юм. Гэвч тухайн цагтаа ямар нэг шалтгааны улмаас хэвлүүлээгүй хэд хэдэн гар бичмэл, мөн архивын баримтууд буйг эрдэмтдийн судалгаа хийгээд захидал харилцааны бичгүүдээс үзэж болно (Михайлов, 1986; Слесарчук, 1995). Тухайлбал, Б.Я.Владимирцов 1905-1906 онд Парист байхдаа Несколько слов о преподавании восточных языков в Париже хэмээх анхны эрдэм шинжилгээний бүтээлээ туурвисан бөгөөд хэвлэлд бэлдсэн эх нь үлдсэн боловч олон нийтийн хүртээл болоогүй байна. Ийм хувь заяа бүхий О монгольских сказаниях об Арджи-Бурджи, Три дня в Улясутае, Монгольская литературе при Юаньской династии и ее традициях зэрэг бүтээл Оросын ШУА-ийн архивын Санкт-Петербургийн салбарт хадгалагдаж буй бөгөөд харин 1925-1926 онд Монгол оронд ажилласан талаарх өдрийн тэмдэглэл хийгээд XVIII зууны үеийн Монголын хууль цаазын дурсгалын нэг “Халх журам”-ын орос орчуулга зэрэг нь үрэгджээ. Б.Я.Владимирцов “Халх журам” хэмээх сурвалжийг хэвлэлд бэлдсэн тухайгаа Оросын газарзүйн нийгэмлэгт мэдээлэл хийсэн (Слесарчук, 1995: 23), мөн түүний орчуулгын талаар Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Амар эрдэмтэн Ж.Цэвээнд хэлж байсан мэдээ бий. Тодруулбал, 1931 оны 12 сарын 22-ны өдөр Ж.Цэвээнээс Б.Я.Владимирцовын бэлэвсэн эхнэр Лидия Николаевна Владимирцовад бичсэн захидалд: …Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Амар надад хэлэхдээ Борис Яковлевич [Владимирцов] “Халх журам”-ыг орчуулж байгаа гэсэн юм. Би монгол аймгийнхны хууль цаазыг судалсан, тухайлбал “Халх журам”-ыг нухсаар хорин жил болж буй тул Борис Яковлевичийн хийсэн “Халх журам”-ын орчуулгыг олж авч, уг дурсгалын талаарх түүний саналтай танилцах нь надад тун ашигтай юм. Би бүтээлдээ Борис Яковлевичийн зааврыг удирдлага болгож түүний орчуулга, тайлбарыг эш татаж байх болно. Тэр тусмаа миний орос орчуулга болхи толхи, Борис Яковлевичийн орчуулгатай тохирохгүй болох нь мэдээж шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн сонирхсон бүтээлүүдийн хуулбарыг хийлгэх талаар тантай ярьж тохироорой гэж би Нина Аркадьевна [Тубянская]-г гуйсан юм. Хэрэв зөвшөөрвөл та “Халх журам”-ыг мөн хуулж Нина Аркадьевнагаар эхлээд илгээвэл сайн байна” (Жамсраны Цэвээн, 1997: 133) хэмээн бичжээ. Ж.Цэвээн бээр энэхүү эрхзүйн сурвалжийг үнэндээ олон жилийн өмнөөс судалж байсан (Жамсарано, Турунов, 1923) ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдсанаар орос хэлээрх орчуулга, эрдэм шинжилгээний тайлбараа хэвлүүлж чадаагүй юм. Харин түүний энэ бүтээлийг хожим Б.Ринчен (1959), С.Д.Дылыков (1965) нар хэвлэн нийтлүүлсэн билээ. Түүнчлэн Б.Я.Владимирцовын шавь асан, академич Б.Ринчен тэмдэглэхдээ “Субашидын бас нэг хуучин бичмэл судар Ленинградын Их сургуулийн номын санд байсныг Владимирцов гуай их л сонирхож, XVII зууны орчуулга болов уу? гэж үсгээр нь магадлан шинжилж судалгаанд оруулахаар бэлдээд хэвлэхийг завдаж байсан…” (Ринчен, 1964: 215) хэмээсэн нь бий. Энэ талаар мөн Ж.Цэвээн “Скоро ли появятся приготовленные Вами к печати и указанные в Вашем труде Bodhicaryavatara, Subhasitarathanithi?” хэмээн Б.Я.Владимирцовт бичсэн захиандаа асуужээ (Решетов, 1998: 87).

Б.Я.Владимирцов нь 1884 оны долдугаар сарын 20-д Орос улсын Калуга хотноо инженер технологичийн гэр бүлд мэндэлсэн ба Калуга, Владимир, Каменец-Подольск хотуудад гимназид суралцан 1904 онд төгсөөд мөн ондоо Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетын хятад-манж хэлний салбарт элсэн оржээ. Улмаар 1905/06 оны хичээлийн жилд Парис хотноо Сорбоны Дорно дахины амьд хэлний сургууль болон Франц коллеж (Colléde de France)-д хичээллэсэн ба 1906 оны намар төрөлх их сургуульдаа буцаж ирээд тус сургуульд шинээр нээгдээд байсан монгол-манж хэлний салбарт орж суралцан 1909 онд I зэргийн дипломтой төгссөн байна. Угтаа Б.Я.Владимирцовын эрдэм шинжилгээний ажлын сонирхол оюутан ахуйд нь төлөвшиж, тухайлбал 1907 онд Астрахань мужийн халимаг болон 1908 онд баруун монголчуудын хэл, аман зохиолыг судлахаар ажиллажээ. Түүний эрдэм шинжилгээний ажлыг В.Л.Котвич удирдан чиглүүлж байсан бөгөөд нэрт түрэг судлаач В.В.Радлов ч их нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, 1908 онд буюу Б.Я.Владимирцовыг оюутан байхад тухайн үед Хутагт Петрийн нэрэмжит хүн судлал болон угсаатны зүйн музейн захирал, Дундад ба Дорнод Азийн түүх, археологи, хэл, угсаатны зүйг судлах Оросын хорооны даргаар ажиллаж байсан В.В.Радловын гэрт[2] долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 10-12 цагт А.Н.Саймолович[3], С.Е.Малов[4], В.Л.Котвич[5], А.Д.Руднев[6] нар тогтмол цугладаг байсан бөгөөд тэрхүү уулзалтад Б.Я.Владимирцов ч мөн оролцдог байжээ. Тэрбээр энэ үед их сургуулийн оюутан байсан ч тухайн үеийн нэрд гарсан дээрх эрдэмтдэд үнэлэгдсэн, биеэ даасан, өргөн мэдлэгтэй байсныг баримтаас харж болно. Тухайлбал, А.Д.Руднев Материалы по говорам Восточной Монголиибүтээлийнхээ өмнөх үгэнд “Надад байнгын найрсгаар тусалж байдаг шавь, алтай судлаач, миний тэнхимдээ авч үлдсэн Б.Я.Владимирцовт гар бичмэлүүдийг минь уншиж нягталж ямагт үнэт санал зөвлөгөө өгч, тэр бүхнийг нь би дандаа анхааран бүтээлдээ тусгадагтаа талархал илэрхийлье” (Руднев, 1911: XII) гэсэн нь бий. Их сургууль төгсөхдөө Б.Я.Владимирцов эрдэм шинжилгээний ажлын суурь бэлтгэлийг сайтар хангасан судлаач болсныг энэхүү үнэлэлт тодорхой харуулна.

Б.Я.Владимирцов Монгол оронд урт, богино хугацаагаар нийтдээ 5 удаа буюу анх оюутан байхдаа 1908 онд улмаар 1911, 1913-1915, 1925, 1926 онуудад ирж ажилласан байна. Тэрбээр “би оюун бодлоороо Монгол оронд байнга очиж байна. Намайг ч тийш нь маш их татах юм”, “Тэнд дахин очих аз завшааныг хувь заяа олгоно хэмээн би найдаж байна”, “…Монгол орон, Ховдын тойрог миний хоёрдахь эх орон юм”, “…би тэдний дунд байсан шиг тийм сайхан хүлээн авалт дайллагатай хаана ч таараагүй шиг санагдана”, “Хөвсгөл бол нэгэн гайхамшиг юм, энэ бол үзэсгэлэн гоогоороо дэлхийд ховорхон нутаг орон юм. Ер нь Монголын энэ бүх хэсэг язгуураасаа дэндүү сайхан орон болох нь надад бүрнээ мэдрэгдлээ”[7] хэмээн Монгол орон хийгээд монголчуудын талаар гүн талархалтайгаар тэмдэглэн үлдээсэн нь бий. Тэр ч атугай 1909 онд Монголд судалгааны ажил хийж байхдаа монгол бүсгүйд сэтгэлтэй болж гэрлэхийг хүссэн байна. Харин тэр үед Монголд ажиллаж байсан А.В.Бурдуков гэрт амьдардаг нүүдэлчин монгол бүсгүй Орос профессортой гэрлэвэл Петроградын давхар байшингаас цардмал зам ширтэхээс өөр хийх зүйлгүй, хэнтэй ч ярьж чадахгүй, их л гунигтай байх болно гэдгийг ойлгуулж болиулсан гэдэг (Поппе, 2008: 40).

Б.Я.Владимирцов Монгол оронд ажилласан удаа дараагийнхаа томилолт бүрд монголчуудын хэл бичиг, түүх соёл, зан үйлд холбогдох олон тооны ховор хэрэглэгдэхүүүн цуглуулж байсныг тухай бүрийнх нь тайлан тодорхой харуулдаг. Тухайлбал, Ховдын тойргийн баядууд дунд ажилласан томилолтын тухай түүний тайланд “Би VII сарын 2-оос IX сарын 9 хүртэл ноён Мокины худалдааны сууринд [Дундад болон Дорнод Азийн түүх, археологи, хэл, угсаатны зүйг судлах Б.Т.] хороонд хэдийнээ танил болсон худалдааны сууринг эрхлэн хөтлөгч А.В.Бурдуковын найрсаг зочломтгой байдалд аж төрлөө. Түүнээс гадна янз бүрийн хүмүүстэй уулзах, харилцах гэх мэтэд туслан, хэл шинжлэлийн болон угсаатны зүйн материал цуглуулахад А.В.Бурдуков надад тун их ач тус үзүүллээ. Мөн түүнчлэн монгол хэлний талаарх түүний практик мэдлэгийг ч ашиглах шаардлага надад байнга тулгарч байлаа” (Владимирцов, 1912) хэмээн тэмдэглэсэн ба Парчин туульчийн хайлсан 3 тууль, Жангарын тухай домог, 15 үлгэр, 30 дуу, 1000 гаруй зүйр цэцэн үг тэмдэглэж авсан ба 35 бичмэл судар цуглуулж мөн тод бичгийн Гэсэрийн тууж бэлгэнд авчээ. Түүнчлэн цам, хуримын зан үйл зэргийн олон тооны гэрэл зураг авсан байна.

Түүний эрхэмлэн цуглуулж хадгалуулсан монгол судрууд эдүгээ Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн номын хөмрөгт бий. Тодруулбал тус хөмрөгт Б.Я.Владимирцовын бүрдүүлсэн 128 хадгаламжийн нэгж бүхий 5 цуглуулга байдаг. Тэдгээрийн 88 нь тод бичгийн судар ном бөгөөд 1955 оны байдлаар уг хүрээлэнд 398 ш тод бичгийн дурсгал байсан ба түүний ¼% нь Б.Я.Владимирцовын цуглуулсан судрууд байжээ. Энэ бол түүний цуглуулгын үнэ цэнэ, ач холбогдлыг шууд тодорхойлох нэг тал нь юм (Сазыкин, 1986: 267). Нөгөөтэйгүүр тэрбээр цуглуулсан ном бүрээ нэг бүрчлэн уншиж судалдаг байсан бөгөөд Единственный полный экз.[емпляр], Единственный известный образец, В особой редакции, сильно отличающейся от тех, которые были раньше известный, В совершенно особой редакции, бывшей до сих пор неизвестной гэх зэргээр тэмдэглэсэн нь түүний цуглуулга хэчнээн нарийн нандин, ховор чухаг болохыг харуулж байна. Ер нь Б.Я.Владимирцов тухайн үед монгол ном судар хадгалж байсан томоохон хөмрөгүүдийн цуглуулгатай биечлэн танилцсан байсны хувьд түүний үнэлэлт, тэмдэглэгээ үнэ цэнэтэй юм. Тухайлбал тэрбээр 1925 онд Улаанбаатар явж ирснийхээ дараа бичихдээ “Номын хүрээлэнгийн хөмрөгт өөр хаана ч байхгүй бөгөөд монгол бичиг үсгийн талаархи бидний ойлголтыг өөрчилж чадахуйц тийм ховор зүйлс хадгалагдаж байна. Иймд Өргөө нь монгол гар бичмэл болон барын ном судрын төв болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Энэ салбарт ажиллаж байгаа хэн боловч эдгээртэй танилцахгүйгээр маш их бэрхшээлтэй тулгарах болно” (Владимирцов, 1927: 11) гэж дүгнэж байв. Мөн тэрбээр Петроградын Их сургууль болон Азийн музейд (одоогийн Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн) хавсран ажиллаж байсны хувьд уг байгууллагуудын хөмрөг, номын санд хуримтлагдсан монгол ном судрыг бүртгэх, эмхлэх ажлыг хийж байсан бөгөөд тэр тухайгаа 1915 оны 12 сарын 15-д А.В.Бурдуковд бичсэн захиандаа “Ингэхэд, Азийн музей дэх монгол болон ойрадын гар бичмэлүүдийн тайлбаруудыг бас хийлээ. Бүх цуглуулгыг, мэдээж хэрэг түүний дотор Таныхыг, эрэмбэ журамд оруулж, шошго тавих зэрэг ажлыг хийлээ. Одоо үзүүлж харуулахад ядаж л ичихээргүй болно, харин урьд өмнө бол монгол номууд яг л Батбуянгийн (Хангилцагт байсан Оросын худалдааны газрын тогоочийн туслах монгол эр Б.Т.) түлээний мод шиг бутран хэвтэж байлаа” (Бурдуков, 2013: 283) хэмээн тэмдэглэсэн нь бий. Б.Я.Владимирцов Монголд ажилласан тайлангийнхаа ихэнхэд нь өөрийн цуглуулсан ном судрын бүрэн бүртгэлийг хавсаргасан байдаг нь “Хүрээлэнгийн (одоогийн Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнг хэлж байна Б.Т.) монгол хөмрөгийг бүрдүүлсэн түүхийг тодруулахад маш тустайгаар барахгүй монгол бичгийн зохиолууд ямар ямар газар нутагт байсан талаар найдвартай (заримдаа бүр хэрэгтэй) мэдээнүүдийг өгдөг” (Сазыкин, 1986: 265).

Б.Я.Владимирцовын Монголд ажилласан нэг удаагийнх нь судалгааны ажлын талаар тухайн үед Улсын төв музейн захирлаар ажиллаж байсан Н.Дэндэв дурсан өгүүлэхдээ: Владимирцов гуай маш сайхан зантай, хүнтэй их нөхөрсөг хүн байсан. Махлаг биетэй, нүд нь ойрын хараатай, халхын хэлний аялгаар ярьдаг, монгол бичиг сайн мэддэг хүн байсан. Ер нь хэлний талаар их сайн, ялимгүй нарийн үгийг хүртэл ойлгон чаддаг байсан юм. 1926 онд Владимирцов Монголд анх ирэхдээ монгол Данжуур унших, монгол хэл, зан суртахуун судлах, мөн эртний дурсгалт зүйлүүдтэй танилцах, Чингис хааны хүүрийг олох зорилготой Буриадын Бараадын Базартай хамт гарсан байлаа.

Ингээд эртний судлал хийх, гол зорилго нь Чингисийн хүүрийг олохоор алс замын аялалд бэлтгэсэн юм. Юм хүмээ авч яв цав бэлтгээд Орос нөхдөө хүндэтгэн, сайн дагаж, замчлан нутаг усны нэрийг сайн хэлж, тусалж, эд нөхдөөс эрдэм сурч ир гэж Хүрээлэн намайг хамт явуулав.

Бид 10 морь, 4 дугуйтай тэрэг, эрээн майхан хоёрыг авч явах болов. Энэ аялалын бүрэлдэхүүн гэвэл Владимирцов (шинжилгээний ангийн дарга), буриад Даш, Бараадын Базар, мөн малч, галч, морьч, тэрэгний эрхлэгч гэх мэт хүмүүс үүнд: Жамсран, Цэдэв, морь маллагч Цэрэндорж (Монтоорой), буриад Чоймбол, Дэндэв (аж ахуйн эрхлэгч) байв.

Бидний аялал Улаанбаатараас зүүн тийш яван Туулын дээд гүүрээр гараад Хөлийн модчин дайран, Налайхын зүг явлаа. Энэ чиглэлээр явсан явдал Налайхын Баянцогтын хонхорт байдаг эртний Тюркийн нэг мэргэн сайд Тоньюкукийн бичээст хөшөө үзэх байлаа. Ийнхүү явж байхад Владимирцов гуай туйлын баяртай орос дуу дуулан бид аяллынхаа хамгийн эхэнд алдарт мэргэн Тоньюкукийн хөшөөнд ёсорхон очно гэж ёжирхуу ярьж байсан.

<…> Бид мэргэн сайд Тоньюкукийн хөшөөний дэргэд очлоо. Зургийг авч, ойр хавийн газраар явлаа. Энд ирээдүйд малталт явуулан үзэх хэрэгтэй юм байна гэж Владимирцов гуай хэлж байв.

<…> Ажиг тэмдэг баймаар газар даанч олдоогүй юм. Хүн хараас ч их сурагласан мэдэх хүн ч гараагүй. Гарах ёсгүй ч үгүй юм гэж бид бодож байсан. Харин үе дамжин ирсэн домог яриа байж болох юм. Тийм олигтой домог ч бид олж сонсоогүй. Харин нэг настай буриад ярихдаа Чингисийн хүүрийг дээд зэргийн ёслолоор төрсөн нутагт нь авчирч оршуулсан юм гэнэ билээ. Одоо хүн олох аргагүй нууцлагдсан байх. Модгүй газар оршуулсан бол одоо мод ургаж огт мэдэхийн аргагүй болох тийм урт хугацаа өнгөрлөө гэж байсан. Тэгээд хамгийн сүүлд бид Гомбо бөө гэдгийг залж авчран бөөлүүлсэн юм. Тэр уншлагаа уншин онгод нь орж Чингис хааны хүүрийг Хэнтий уулын ар оройд оршуулсан байна. Одоо тэнд нуур тогтсон байна гэв. Владимирцов гуай бөөг огт худал хэлэв гэсэн. Тэгээд тэр бөө явах гэснээ буцаж ирээд би үнэхээр огт худал хэлсэн юм гээд үүнээс хойш би бөөлөхөө болино гэж бөө хувцсаа бидэнд өгсөн. Ийнхүү оргой, онгод, хэц, хэнгэрэг зэрэг зүйлүүдийг аваад ирсэн юм. Тэр хувцсыг музейдээ тавьсан болно. Бид ингээд Чингисийн хүүрийг олохгүй юм байна гэж цөхрөөд буцах боллоо.

Одоо эрдэм чадал их болж, машин техник өндөр хөгжсөн болохоор газрын хөрсөнд булагдан нуугдсан эртний булш бунхныг олох нь дамжиггүй билээ.

Зорьсон хэрэг маань бүтээгүй боловч явдал замдаа түүхт дурсгалын олон газруудыг үзэж бичиг тэмдэглэл хийж, ялангуяа хөдөө нутгийн ардуудтай уулзан ярилцаж, нутгийн хэлний аялгыг судалж, ардуудын зан авир, эртнээс уламжлан ирсэн дадал заншлыг их сонирхож үлгэр домог хүртэл бичиж тэмдэглэж авсан.

Энэ явалтынхаа тухай ном бичнэ гэж Владимирцов хэлж байсан. “Хэнтий уул, Улаанбаатар болон түүний хавь орчимд хэлний шинжилгээ явуулсан нь” гэдэг номыг Б.Я.Владимирцов бичиж “Умарт монгол” гэдэг цувралын хоёрт 1927 онд Ленинград хотноо хэвлүүлсэн ажээ[8]. Хэнтий ууланд байгаа Баатарсүүж гэдэг уулыг Бурхан Халдун мөн байх гэж Владимирцов гуай ярьж байсан. Бид ингэж явахдаа Гүн нуурын эрэг дээр бууж хоёр хоносон тэнд дэрс ургасан жаахан овгортой газар байсан түүнийг ухсан, удалгүй том дөрвөлжин тоосго гарсан. Паалантай ваар гарч байсан. Энд дөрвөн талдаа хаалгатай хэрэм бүхий жижиг хот байсан юм байна гэж Владимирцов гуай ярьж байлаа. Ингээд бид Улаанбаатарт буцаж ирсэн юм.

Владимирцов гуайтай Хэнтий уулын чиглэлд явж маш олон зүйл сурч мэдсэн. Үүнд: уулзсан учирсан хүмүүстэй харилцан угсаатны зүйд холбогдох зүйлүүдийг асуух тэмдэглэн бичих журам ардын ахуй амьдралаас алга болж байгаа эд өлгийн зүйлүүдийг олох, зураг авах, дээл хувцасны хэв маягийг бичих, нэр томьёог нарийн тэмдэглэн авах эртний судлалын дурсгалт зүйлүүдийг бүртгэн авах мэдээ цуглуулах, чулууг таних аргыг хүртэл мэддэг болсон юм” (Наваан, 1961) хэмээсэн нь бий.

 Б.Я.Владимирцовыг их сургууль төгсөн байх үед тус сургуулийн монгол, халимаг хэлний салбарыг алтай судлаач нэрт эрдэмтэн В.Л.Котвич, монголч эрдэмтэн А.Д.Руднев нар удирдаж байсан ба тэд Б.Я.Владимирцовыг тэнхимдээ үлдэн ажиллах боломж олгожээ. Ийнхүү тэд ирээдүйн эрдэмтний шинжлэх ухааны сонирхлыг чадварлагаар залан чиглүүлж байсан ба тэрбээр эрдэм шинжилгээний ажилд нэлээд гаршсан хойноо буюу 1915 онд тэнхимдээ Состояние письменности и литературы у ойратских племен Северо-Западной Монголии [Баруун хойд Монголын ойрад овгуудын бичиг үсэг, утга зохиолын байдал], Обзор племен и наречий Северо-Западной Монголии [Баруун хойд Монголын овог ястан хийгээд аман аялгууны тойм] гэсэн сэдвээр тухайн үеийн журмын дагуу туршилтын хоёр лекц уншиж доцент болжээ. Ийнхүү түүний их сургуульд багшлах ажил эхэлсэн бөгөөд 1915 оны 12 сарын 15-д А.В.Бурдуковт бичсэн захидалдаа “Би туршилтын лекцүүдээ уншлаа, орон тооны бус (цагийн) багшаар ажиллахаар батлагдлаа. Монгол хэл өөрчлөгдөж буй шалтгаануудын тухай удиртгал лекц уншлаа, ингээд хичээл эхэллээ” (Бурдуков, 2013, 283) хэмээн бичсэн ба тэрбээр насан эцэслэтлээ багшлах ажлаа орхиогүй юм. Тэрбээр ийнхүү багшлах хугацаандаа хожим нэрт эрдэмтэн болсон Г.Д.Санжеев, Б.Ринчен, Н.Поппе нар хийгээд 1930-аад онд тохиосон улс төрийн хэлмэгдүүлэлтэд амь насаа алдсан олон залуу монголчдыг сурган хүмүүжүүлсэн байна.

  Б.Я.Владимирцов Оросын монгол судлалын нэрт төлөөлөгч байсан төдийгүй шинэ цагийн Монгол оронд шинжлэх ухааны байгууллага, ялангуяа хэл бичгийн шинжлэх ухаан бие даан төлөвшин хөгжихөд хувь нэмрээ оруулж байжээ. Тухайлбал, 1920-оод оны эхээр манай эрдэмтэн сэхээтэн ахмадууд бусад улс орны жишгээр эрдэм шинжилгээний газар байгуулах сайхан санаачилга гаргаж түүнийгээ тухайн үеийн Зөвлөлт улсын Шинжлэх Ухааны Академитэй дүйсэн байхаар бодож төвөвлөхдөө Академия наук гэсэн нэрийг нь монголоор хэрхэн орчуулах талаар нухацтай оролдож байсныг Б.Ринчен гуай дурсан тэмдэглэж үлдээсэн байдаг. Уг дурсамжид Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн буюу одооныхоор Эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан Ж.Цэвээн монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовоос уг байгууллагыг оросоор хэрхэн нэрлэх вэ гэж асуусанд “…судар бичгийн зүйлийг эрхэлдэг газар тул эрдэмтэн хуралдсан газар байх ёстой. Тэр учраас эрдэмтний хороо гэсэн утгатай Ученый комитет гэж нэрлэвэл яана даа” гэсэн санал өгснөөр Судар бичгийн хүрээлэнг оросоор Ученый комитет буюу хураангуйлж Учком гэж нэрлэх болсон (Ринчен, 1964: 141-142) түүхийг өгүүлсэн байдаг. Ийнхүү Б.Я.Владимирцов Судар бичгийн хүрээлэн буюу Монгол улс дахь орчин үеийн шинжлэх ухааны байгууллагатай үүсэн бий болсон цагаас нь харилцаа холбоотой ажиллаж ирсэн байна. Тиймээс түүний монгол судлал хийгээд Монголын шинжлэх ухааны байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлэн Судар бичгийн хүрээлэнгийн гадаад гишүүнээр сонгож Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгээс

“Эрхэм гишүүн, их эрдэмт түшмэл Владимирцов Танд мэдэгдэн илгээх учир:

Эдүгээ манай хүрээлэнд Монголын арван дөрөвдүгээр он дөрвөн сарын шинийн таван бөгөөд аргын улирлын таван сарын есөнд дөрөвдүгээр удаа хуралдаж хэлэлцсэн хурлын тогтоолын хоёрдугаарт харъяат хүрээлэнгийн дүрмийн дөрөвдүгээр зүйлийн ёсоор Орос улсын Владимирцовын их эрдэм дэлхий дээр нар мэт гийгүүлж, яруу алдар түгээмэл дэлгэрсэн нь бөгөөд эдүгээ саяхан тулгар үүдэж байгуулсан манай Монгол улсын Судар бичгийн хүрээлэн арван зүгийн олон эрдэмтэн нөхдийг нааш хандуулахыг эрмэлзэн бүхий тул эрхэм Таны биеийн эрдэм тусламжийг хүсэн санаж машид тоомжлон харъяат хүрээлэнгийн гишүүнд сонгон авахаар хэлэлцэн тогтсон явдлыг эрхэм эрдэмтэн түшмэл Владимирцов Танд мэдэгдэн явуулсугай. Үүний тул илгээв” (ҮТА) гэсэн өргөмжлөл олгосон байна.

Б.Я.Владимирцовын эрдэм шинжилгээний ажилд шамдаж эхэлсэн XX зууны эхээрх энэ үед Хельсинкийн Их сургуулийн профессор Г.И.Рамстедт улмаар А.Д.Руднев, В.Л.Котвич нарын эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй холбоотойгоор монгол судлалд түүхэн-харьцуулсан судалгааны шинэ чиглэл бий болоод байсан юм. Ялангуяа А.Д.Рудневыг багшилж эхэлж байсан 1903 оны үед Г.И.Рамстедт ч мөн эрдэм шинжилгээний ажлаа эхэлж байв. Тэр ч атугай удалгүй энэ хоёр эрдэмтэн дотно нөхөрлөж А.Д.Руднев Г.И.Рамстедтын шинжлэх ухааны үзэл санааг Орос оронд сурталчлан таниулагч болж, түүний хүчин чармайлтаар Г.И.Рамстедтийн бүтээлүүд хэвлэгдсэн даруйдаа орос хэлээр орчуулагдан, Петербургийн монголч эрдэмтэд түүний үзэл бодлоор замнах болжээ. Чухам ийм нөхцөлд Б.Я.Владимирцовын алтай овгийн хэлнүүдийн талаарх үзэл бодол төлөвшин тогтсон байна. Гэхдээ тэрбээр эрдэм шинжилгээний ажлынхаа эхний үед Алтай овгийн хэлэнд хамаарах монгол, түрэг хэлнүүдэд байгаа төсөөтэй зүйлсийн талаар болгоомжтой байр суурь баримталж, эдгээр хэлний гарлын талаар өөрөөр хэлбэл нэг өвөг хэл байсан тухай өгүүлэхээс зайлсхийж олон тооны дундын шинжтэй махбодыг бие биеэсээ харилцан зээлсний үр дүн хэмээн үзэж байсан юм. Түүний энэ үзэл Турецкие элементы в монгольском языке (Владимирцов, 1911) хэмээх бүтээлд нь тодорхой туссан нь бий. Харин монгол хэлний харьцуулсан судалгааг шинэ шатаар урагшлуулсан бүтээл болох Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия [Монгол бичгийн хэл ба халхын аялгууны харьцуулсан хэлзүй] хэмээх бүтээлдээ “Монгол хэл нь түрэг хэл аялгуунууд болон манж-түнгүс хэл аялгуунуудын хамтаар алтай овгийн хэлэнд хамаардаг буюу тэдгээртэй төрөл гэж тооцогддог. Яагаад гэвэл энэ гурван хэл нь хэзээ нэгтээ хэлэлцэж асан нэг хэлний янз бүрийн хувьслын үр дүн учраас монгол хэл нь түрэг, түнгүс хэлний хамтаар Алтайн хэл гэж болзмолоор нэрлэж болох нэг ерөнхий овогт хамаарагдана. Алтайн хэл нь тодорхой биш боловч алтайн хэлнүүд нь ө.х. алтайн хэлний хөгжлийн явцад бий болсон монгол, түрэг, түнгүс хэл нь тодорхой юм. Иймд монгол хэл болбоос алтай овгийн хэл болно. Яагаад гэвэл энэ хэл алтайн хэлний хөгжлийн хэлбэрийн нэг болж байгаа билээ. Хэдийгээр энэхүү алтайн хэл тодорхой биш боловч алтайн төрөл хэлнүүдэд ө.х. монгол, түрэг, түнгүс хэлнүүдэд ижил махбодуудын харилцаа байдаг нь тодорхой юм. Алтайн хэлнүүдийн харьцуулсан хэлзүй зөвхөн эдгээр монгол, түрэг, түнгүс гэсэн алтайн хэлнүүдийн дунд ажиглагдсан боломжит баримт, харилцан зохицолд үндэслэж байгаа юм. Хэрвээ алтайн хэлнээс гаралтай ба түүний хөгжлийн шинэ хэлбэрийг харуулсан өөр хэл(нүүд) нэмж тогтоогдвол тэдгээр нь алтайн төрөл хэлэнд байр эзлэх ёстой бөгөөд хэрэвзээ хэзээ нэгтээ алтайн ба ямар нэгэн өөр бүлгийн хэлнүүдийн хоорондын харилцан зохицлыг олж чадвал тэр нь алтайн бүлгийн хэлний харьцуулсан хэлзүй дээр нэмэн шинэ харьцуулсан хэлзүйг бий болгоно” (Владимирцов, 1929: 45) хэмээн тэмдэглэж Алтай овгийн хэлнүүдийн гарлын холбоо хамааралтай болохыг дэмждэгээ илэрхийлсэн байна. Хэдийгээр Б.Я.Владимирцов энэхүү бүтээлээ монгол бичгийн хэлийг халхын аман аялгуутай харьцуулан судлахад зориулсан боловч агуулгын хувьд алтай хэлнүүдийн баримтыг өргөнөөр ашигласан, алтайн хэлнүүдийн гарлын холбооны асуудалд шууд холбогдох бүтээл болсон байна. Түүнээс өмнөх үеийн монгол хэлзүйн бүтээлүүд зөвхөн уг хэлний өөрийнх нь баримтад тулгуурласан байсан бол Б.Я.Владимирцов энэхүү бүтээлээрээ “эдгээр [монгол, түрэг, манж-түнгүс Б.Т.] хэлний түүхэн хөгжил болон тэдгээрийн өөр хоорондын харилцаа, тэрчлэн Евразийн бусад хэлтэй холбогдох харилцааг гүн гүнзгий судлах найдвартай арга замыг зааж өгсөн юм” (Санжеев, 1958: 14).

Монгол хэлнүүдийн хамгийн анхны харьцуулсан хэлзүйн бүтээлд тооцогддог уг номдоо судлаач монгол хэлүүдээр зогсохгүй Алтай овгийн хэлэнд хамаарагдах түрэг хийгээд манж-түнгүс хэлнүүдийн баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан монгол бичгийн хэлний бичлэгийн байдал нь амьд ярианы хэлтэйгээ дүйж байсан цагаас хойш авиазүйн хувьд ихээхэн өөрчлөгдөж улмаар огт өөр байдалтай болсныг харьцуулан гаргажээ. Тэрбээр монгол бичгийн хэл ийнхүү өөрчлөгдөхдөө ойролцоогоор үл мэдэгдэх үеэс XIV зууны эх хүртэлх нэгдүгээр үе, XIV зууны эхээс XVI зууны дунд хүртэлх хоёрдугаар үе, XVI зууны эцсээс XVII зууны эх хүртэл үргэлжилсэн гуравдугаар үеийг туулж XVII зууны сүүлээс эдүгээ хүртэл үргэлжилсэн шинэ үед орсон (Владимирцов, 1929: 33) гэж тэмдэглэсэн нь угтаа олон жилийн өмнө томьёолсон (Владимирцов, 1922) санаагаа улам нарийвчлан авч үзсэн явдал байв. Түүний үзэж байгаагаар “ерөнхий монгол хэл гэж ер нь байхгүй” бөгөөд монгол хэлээр ярина гэдэг нь монгол хэлний олон нутгийн аялгууны аль нэгээр л ярина гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, “Монголчууд гэж хэн билээ? Халимагууд ч, оросууд ч түүнчлэн Европынхон ч тэр Монгол улсад оршин суугч ард түмнийг монголчууд хэмээн ойлгоцгоодог. Харин тэрхүү улсад очиж үзвэл бие биеэсээ ялгаа бүхий овог аймагт хамаарагдах хүмүүстэй учран золгоно. Байдал Монгол улсын хилийн гадна ч мөн нэгэн адил. Ямар нэгэн шинж байдлаараа, ялангуяа хэлний шинжээрээ өөрсдийгөө монгол хэмээн үздэг хүмүүстэй тааралдана. Халх, харчин, цахар гэцгээдэг тэд, өөрсдийгөө. Тэгвэл жинхэнэ монгол хүн хаана байна? Тэмдэглэх нь, жинхэнэ монголчууд гэж хаана ч байхгүй. Учир нь халх, харчин, буриад, цахар зэрэг овог аймгийнхан л байна. Тиймээс халхчуудыг монгол гэж үзэх юм бол Халимагийн ард түмнийг ч мөн монголчууд хэмээх нь зүйтэй. Эд бүгд өөрсдийгөө монголчууд хэмээн үзэх бүрэн эрхтэй хүмүүс. Нэг угсаатанд хамааруулан үзэх гол шалгуурын нэг нь хэл юм. Тэгвэл монгол хэлээр ярина гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл? халх, буриад, харчин, дөрвөдүүд өөр өөрсдийн аялгуу буюу монгол хэлний олон аман аялгууны аль нэгээр ярихыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ерөнхий монгол хэл гэж байхгүй, харин бие биеэсээ ямар нэг байдлаар ялгарах аялгуунууд л байна. Тийм учраас тэдгээр бүх овог аймгуудынхан өөрсдийгөө монголчууд хэмээн тооцох боломжтой”[9] хэмээн үзэж байсан билээ. Монгол хэлний нутгийн аялгуу болон аман аялгууг танин мэдэх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан үзэхийн ач холбогдол угтаа эндээс урган гарч байгаа юм.

Зохиогч өмнөх үгэндээ тэмдэглэхдээ тухайн үеийн монгол хэлзүйн бүтээлүүдийн талаарх бодит байдлыг дүгнээд удахгүй энэхүү бүтээлийнхээ удаах дэвтэр бүтээвэрзүй, өгүүлбэрзүй болон утга судлалд зориулсан ботиудыг нийтлүүлнэ гэдэгтээ найдаж байгаагаа өгүүлсэн нь бий (Владимирцов, 1929: IX). Гэвч харамсалтай нь ийм боломж тохиогоогүй юм.

Ер нь Б.Я.Владимирцовын бүтээл туурвилуудтай монголчууд бид хэвлэгдсэн тухай бүр нь танилцаж ирсэн бөгөөд сүүлд олон тооны бүтээлийг нь эх хэлээрээ орчуулан олон нийтийн хүртээл болгосон билээ. Тухайлбал тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнгийн хамт олон түүний Монгол бичгийн хэл ба халхын аялгууны харьцуулсан хэлзүй хэмээх бүтээлийнх нь эхний ботийг хэвлэгдсэн даруй хүлээн авч монгол хэлний бүтээвэр, монгол үгийн утга судлалд хамаарах дараагийн боть нь хэвлэгдэн гарахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байсан юм (Решетов, 1998: 87). Тиймээс уг бүтээлээс орчуулан Шинэ толь сэтгүүлд цувралаар нийтлүүлж байв (Владимирцов, 1937а; 1938). Мөн Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс эрхлэн Б.Я.Владимирцовын нас барсны хойно хэвлэгдсэн Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм бүтээлийг хэсэглэн орчуулж олон нийтэд танилцуулсан билээ. Уг орчуулгын оршилд “Зөвлөлийн засагт, нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын ШУА-ийн гишүүн, наснаас нөхчсөн Б.Я.Владимирцовын бичсэнМонголын нийгмийн байгуулал хэмээх орчуулан толилуулсан энэхүү зохиол аваас Монголыг судлах шинжлэх ухааны зохиол дотор аугаа гайхамшигт зүйл болно. Академийн гишүүн Б.Я.Владимирцовын мэргэжил нь дуун ухааны судлал боловч энэ зохиолыг бичихдээ өөрийн мэргэжлийн хязгаарыг шууд алслан давж, монголчуудын нийгмийн түүхийг боловсруулахад нийгмийг судлах уудам шинжилгээний төлөвлөгөөндөө ардын аман зохиол, дуун ухааны судлал, судар түүхийн тулгуур бичиг зэрэг хэрэглэгдэхүүнийг багтаан боловсруулжээ. <…> Б.Я.Владимирцов Монголын судар түүхийн судлалд хамаарах Европ дахины шинжээний утга зохиолуудыг бүрнээ хэрэглэсэн ба монгол хэлээр бичсэн тулгуур бичгүүдийг ч улируулан үзэж хятад хэлээр бичсэн зүйлээс заримыг хэрэглэн Монголын түүхийг судлах ажлын үндсэн дүнг гаргасан бөгөөд Монголын нийгмийн байгуулал хэмээх энэхүү зохиол нь Монголын өнгөрсөн цагийн түүх ба ялангуяа Монголын нүүдлийн феодлын ёсыг судлах шинжээнд гүйцэд лут үндэс баримттай зүйл мөн болох тул манай Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс энэ удаа түүний зөвхөн удиртгалын бүлгийг оршлын хамт хэвлэн нийтэлсэн бөгөөд дараагаар уул зохиолыг үргэлжлэн нийтлэх болно” (Владимирцов, 1937б: III-IV) хэмээн мэдэгджээ. Гэвч харамсалтай нь уг бүтээлийн энд хэвлэгдсэнээс хойшхи хэсгийг эдүгээ хүртэл нийтлүүлээгүй байгаа билээ. Б.Я.Владимирцовын энэхүү бүтээлийн хэвлэгдээгүй үлдсэн хэсгийг тухайн үедээ Гонгоржав орчуулсан боловч МУИС-ын номын санд хадгалагдаж байсан түүний орчуулга түймэрт өртөж устсан ба уг орчуулгын цохимол эхээс 1962 онд А.Чимид гэдэг хүний хуулж машиндсан хувилбар л үлдэж хоцорсон байна.

Б.Я.Владимирцов бол дээр нэгэнт өгүүлснээр монгол хэл шинжлэл, монгол аман зохиол судлал, Монголын түүхийн судалгаа хийгээд угсаатны зүйн талаар эн тэнцүү үнэлэгдэхүйц бүтээл туурвисан учраас Монгол судлалын эдгээр салбарын эрдэмтэд бүгд өөр өөрийн судалгааны тэргүүлэх эрдэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн салбартаа түлхүү хамаатуулахыг оролддог билээ. Энэ удаад бид түүний олон талт үйл ажиллагаанаас зөвхөн монгол хэл хийгээд Монгол орон, Монголын монгол судлалтай холбогдох зарим талыг нь тодруулан өгүүлэхээр хязгаарласан тул дэлгэрүүлэн үзэх ном бүтээлийн заримыг бүртгэн толилуулж байна. Мөн түүний туурвисан Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. Введение и фонетика бүтээл хэвлэгдсэний 40 жилийн ойд зориулж шавь Н.Поппегийн бичсэн өгүүллийг хавсралт болгон орууллаа.

Б.Я.Владимирцовын амьдрал, эрдэм шинжилгээний олон талт үйл ажиллагааны талаар монгол хэлээр буй дараах бүтээлүүдээс дэлгэрүүлэн үзнэ үү:

Барайшир Ш. 1960. Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов. SLL [Хэл зохиол судлал]. Т-I, fasc. 4. Уб., х.3-17.

Баянсан Ж., Одонтөр Ш. 1995. Хэл шинжлэлийн нэр товъёоны товч тайлбар толь. Уб., х.108-112.

Бурдуков А.В 2013. Хуучин ба шинэ Монголд (Бүрэн орчуулга). Орч. Э.Базаржав, Ж.Отгонбаяр [Bibliotheca Oiratica-XXXIII. Цув. ред. Б.Түвшинтөгс]. Уб., 310 х.

Владимирцов Б.Я. 1935. Чингис хаан. Орч. Б.Ринчен. Sin-e toli. №1. Уб., х.7-14.

Владимирцов Б.Я. 1936. Чингис хаан (үргэлжлэл). Орч. Б.Ринчен. Sin-e toli. №2, Уб., х.3-8.

Владимирцов Б.Я. 1937a. Монгол хэл. Лувсанвандан монголчлов //Sin-e toli. Уб., №4, х.32-46; Ш.Лувсанвандан. Хэл, харьцаа, тэмдэг. Эрх. өмнөх үг бичсэн Ж.Баясан. Уб., 2005, х.15-21; Ш.Лувсанвандан. Бүтээлийн чуулган-Х. Орчуулга, нийтлэл, тэмдэглэл. Эрх. Ж.Баясан, Д.Заяабаатар. Уб., 2010, х.18-27.

Владимирцов Б.Я. 1937б. Монголын нийгмийн байгуулалт хэмээх бичиг. Монголын нүүдлийн феодлын ёс. Удиртгалын бичиг. Орч. Б.Ринчен. Уб., XXVI+45 x.

Владимирцов Б.Я. 1937в. Эргэл түргэл (тууль). Sin-e toli. №2. Уб., х.78-106.

Владимирцов Б.Я. 1938. Монгол хэл (үргэлжлэл). Лувсанвандан монголчлов //Sin-e toli. №5. Уб., х.20-24; Ш.Лувсанвандан. Бүтээлийн чуулган-Х. Орчуулга, нийтлэл, тэмдэглэл. Эрх. Ж.Баясан, Д.Заяабаатар. Уб., 2010, х.31-33.

Владимирцов Б.Я. 1960. Монголч эрдэмтэн А.Кастрен. Орч. Ж.Цолоо. Шинжлэх ухаан амьдрал. №5,Уб., х.68-70.

Владимирцов Б.Я. 1964. Монголын зарим цолын тухай. Орч. Г.Ринченсамбуу. SLL [Хэл зохиол судлал]. Т-II, fasc. 18. Уб., х.213-224.

Владимирцов Б.Я. 1966. Ойрад монголын баатарлаг туульс. Орч. С.Бадраа. Монгол aрдын баатарлаг туульсын учир.Эмх. У.Загдсүрэн. Ред. С.Лувсанвандан. Уб., 1966, х.30-79; SF [Аман зохиол судлал]. Т-ХХ, fasc. 11. Уб., 1997, х.97-139; Парчин судлал. Уб., 2015, х.7-48.

Владимирцов Б.Я. 1996. Чингис хаан. Орч. Б.Дашцэрэн [Дэлхийн монгол судлалын дээжээс №1]. Уб., 1996, 86 х.; Владимирцов Б.Я. Чингис хаан. Орч. Б.Дашцэрэн. Хоёр дахь хэвлэл. Уб., 2001, 104 х.; Владимирцов Б.Я. Чингис хаан. Орч. Б.Дашцэрэн, хян. Т.Эрдэнэбилэг. Гурав дахь удаагийн хэвлэл //Дэлхийн монгол судлалын дээжээс №5. Уб., 2013, 407 х.

Владимирцов Б.Я. 2006. Монгол болон ойрд овог аймгуудын утга зохиол ба хэлний эдүгээгийн байдал. Орч. Б.Даваасүрэн. Acta Mongolica. T-6 (267), Уб., х.553-562; Халимаг болон Монголын ойрдуудын хэл аялгуу, соёлын түүхэн хэлхээ холбооны асуудалд. Эрх. Ц.Шагдарсүрэн. Уб., 2009, х.195-207.

Владимирцов Б.Я. 2014. Монгол хэлэн дэх түрэг хэлний элементүүд. Хэл бичиг, утга соёл ЭШБ. Боть 10 (9), дэв. Х. Уб., х.88-115. Орч. Э.Батжавхлан.

Гүрбазар Р. 1987. Борис Яковлевич Владимирцов. SLL [Хэл зохиол судлал]. Т-ХХ, fasc. 1. Уб., х.5-29.

Заяабаатар Д. 2002. “Дуутын хар чулуу”-ы монгол бичээсийн хэлний онцлог. Acta Mongolica. T-1 (182). Уб., х.107-116.

Лувсанбалдан Х. 1970. Нэрт монголч эрдэмтэн Борис Яковлевич Владимирцов. SLL [Хэл зохиол судлал]. Т-Х, fasc. 1. Уб., х.5-13; Х.Лувсанбалдан. Сурвалж бичиг, нутгийн аялгуу судлал. Хариуц. ред. О.Самбуудорж //Хэл зохиолын хүрээлэнгийн “Эрдмийн өв” цуврал. Уб., 2015, х.309-316.

Лувсанбалдан Х. 1975. Борис Яковлевич Владимирцов (1884-1931). Монголыг судалсан гадаадын эрдэмтэд. Ред. Б.Өлзийсүрэн. Уб., х.12-21.

Лувсанвандан С. 2000. Туульч, шинжээч хоёр. SF [Аман зохиол судлал]. Т-ХХ, fasc. 13. Уб., х.150-152.

Лувсандэндэв А. 1988. Алдарт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов. SLL [Хэл зохиол судлал]. Т-ХХI, fasc. 1. Уб., х.3-6; А.Лувсандэндэв. Монгол үндэстний утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь. Эмх. ред. Л.Болд. Уб., 2002, х.374-377.

Лувсандэндэв А. 1988. Б.Я.Владимирцов Монголын утга зохиолыг судалсан нь. SLL [Хэл зохиол судлал]. Т-ХХI, fasc. 2. Уб., х.7-14; А.Лувсандэндэв. Монгол үндэстний утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь. Эмх. ред. Л.Болд. Уб., 2002, х.378-385.

Михайлов Г.И. 2007. Академич Б.Я.Владимирцовын өвөөс //Монгол хэл бичиг-V. Уб., х.103-107.

Өвгөн Дэндэвийн дурдатгал. Д.Наваан тэмдэглэн бичив. Уб., 1961, х.24-27.

Поппе Н. 1999. Алтай хэл шинжлэлийн удиртгал. Орч. В.Энхболд, Л.Жумдаан. Уб., х.112-113, 167-168.

Поппе Н. 2008. Дуртгал. Орч. М.Саруул-Эрдэнэ. Уб., 288 х.

Төмөрцэрэн Ж. 1974. Борис Яковлевич Владимирцов. ШУА. №4. Уб., х.50-53.

Түвшинтөгс Б., Шинэбаяр О. 2012. Хэл шинжлэл: Соёмбо нэвтэрхий толь. Уб., х.324.

Улымжиев Д.Б. 1998. Академич Б.Я.Владимирцов монгол судлалын дэлхийн хэмжигдэхүүн мөн. Д.Б.Улымжиев.Оросын монгол судлал: ХХ зууны хоёрдугаар хагас – ХХ зууны эхэн үе. Монголч эрдэмтдийн Петербургийн дэг сургууль. Орч. Н.Пүрэвжав. Уб., х.182-210.

Хүрэлбаатар Л. 1988. Б.Я.Владимирцовын судалгаа Энэтхэг, Төвдийн утга зохиолтой холбогдол бүхий монгол зохиол. SLL [Хэл зохиол судлал]. Т-ХХI, fasc. 4. Уб., х.21-25.

Цэрэнсодном Д. 1984. Б.Я.Владимирцов ба монгол аман зохиол, уран зохиолын судлалын зарим асуудал. ШУАМ.№4. Уб., 1984, х.51-56.

Номзүй

Бурдуков, А.В. 2013. Хуучин ба шинэ Монголд (Бүрэн орчуулга). Орч. Э.Базаржав, Ж.Отгонбаяр [Bibliotheca Oiratica-XXXIII. Цув. ред. Б.Түвшинтөгс]. Уб., 310 х.

Владимирцов, Б.Я. 1911. Турецкие элементы в монгольском языке. Записки Восточного отделения Русского археологического общества. Т-ХХ, вып. 2-3. СПб., стр.153-184.

Владимирцов, Б.Я. 1912. Отчет о командировке к баитам Кобдоского округа. Известия Русского комитета для изучения Средней и Восточной Азии в историческом, археологическом, лингвистическом и этнографическом отношениях. Сер. 2. СПб., х.100-104.

Владимирцов, Б.Я. 1922. К изданию текста (О трех периодах монгольского письменного языка). Б.Я.Владимирцов.Монгольский сборник рассказов из Pancatantra. М., стр.42-54.

Владимирцов, Б.Я. 1927. Предварительный отчет лингвистической и археологической экспедиции о работах произведенный в 1925 г. Этнолого-лингвистические исследования в Урге, Ургинском и Кентейском районах.Северная Монголия-II. Предварительные отчеты лингвистической и археологической экспедиции о работах, произведенных в 1925 году. Л., 1927, стр.1-42.

Владимирцов, Б.Я. 1929. Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. Введение и фонетика. Л., XII+436 х.

Владимирцов, Б.Я. 1937a. Монгол хэл. Лувсанвандан монголчлов. Sin-e toli. №4. Уб., х.32-46.

Владимирцов Б.Я. 1937б. Монголын нийгмийн байгуулалт хэмээх бичиг. Монголын нүүдлийн феодлын ёс. Удиртгалын бичиг. Орч. Б.Ринчен. Уб., XXVI+45 x.

Владимирцов, Б.Я. 1938. Монгол хэл (үргэлжлэл). Лувсанвандан монголчлов. Sin-e toli. №5. Уб., х.20-24.

Дылыков, С.Д. 1965. Халха Джирум. Памятник монгольского феодального права XVIII в. Сводный текст и перевод Ц.Ж.Жамцарано. Подготовка текста к изд., редакция пер., введ. и примеч. С.Д.Дылыкова. М., 340 стр.

Жамсарано, Ц.Ж., Турунов, А.Н. 1923. Халха джиром (описание памятника) //Сборник трудов профессоров и преподавателей Государственного Иркутского университета. Фак-т общ. наук. Вып. IV. Иркутск, стр.1-20.

Жамсраны Цэвээн. 1997. Жамсраны Цэвээн. Түүвэр зохиолууд-1. Эмх. С.Идшинноров. Уб., 2014 х.

Михайлов, Г.И. 1986. Из наследия академика Б.Я.Владимирцова. Mongolica. Памяти академика Б.Я.Владимирцова(1884-1931). М., с.10-21.

Наваан, Д. 1961. Өвгөн Дэндэвийн дурдатгал. Д.Наваан тэмдэглэн бичив. Уб., х.24-27.

Поппе, Н. 2008. Дуртгал. Орч. М.Саруул-Эрдэнэ. Уб., 288 x.

Решетов, А.М. 1998. О переписке Ц.Ж.Жамцарано с С.Ольденбургом и Б.Я.Владимирцовым. Orient. Вып. 2-3. СПб., х.56-90.

Ринчен, 1959. Qalq-a jirum. Traduit en Russe par Dr. Zamcarano [SM. T-1, fasc. 1. Redibit prof. Dr. Rinchen]. Уб., 70 х.

Ринчен. 1964. Монгол бичгийн хэлний зүй. Тэргүүн дэвтэр: Удиртгал. Эрх. А.Лувсандэндэв. Уб., 1964, 248 х.

Руднев, А.Д. 1911. Материалын по говорам Восточной Монголии (с рисунками и нотами в тексте). СПб.

Сазыкин, А.Г. 1986. Монгольские рукописи и ксилографы, поступившие в Азиатский Музей Российской Академии Наук от Б.Я.Владимирцова. Mongolica. Памяти академика Бориса Яковлевича Владимирцова (1884-1931). М., 1986, стр.265-297.

Санжеев, Г.Д. 1958. Б.Я.Владимирцов – исследователь монгольских языков. Филология и истории Монгольских народов. М., стр.12-40.

Слесарчук, Г.И. 1995. О некоторых неопубликованных работах академика Б.Я.Владимирцова. Владимирцовские чтения-III. Доклады и тезисы Всероссийской научной конференции (Москва, 25-26 октября 1993 г.). М., стр.19-24.

ҮТА, ф-23, т. 1, хн. 51, х.38-39.


[1] Эдүгээ хүртэл Б.Я.Владимирцовын бүтээлүүд дахин дахин хэвлэгдсээр буй бөгөөд олон хэлээр орчуулагджээ. Түүний бичсэн нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, замын тэмдэглэл, тайлан зэрэг нийт бүтээлийг Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс эрхлэн 3 ботиор хэвлүүлсэн бөгөөд тэндээс дэлгэрэнгүй номзүй, бүтээлийн жагсаалттай танилцана уу. Үз: Владимирцов Б.Я. Работы по истории и этнографии монгольских народов. Редкол. В.М.Алпатов (пред.) и др. Сост. Г.И.Слесарчук. М., 2002, 557 стр.; Владимирцов Б.Я.Работы по литературе монгольских народов. Редкол. В.М.Алпатов (пред.) и др. Сост. Г.И.Слесарчук, А.Д.Цендина. М., 2003, 608 стр.; Владимирцов Б.Я. Работы по монгольскому языкознанию. Редкол. В.М.Алпатов (пред.) и др. Сост. Г.И.Слесарчук. М., 2005, 951 стр.

[2] Нэрт түрэг судлаач эрдэмтэн В.В.Радловоор удирдуулсан дугуйлангийнхан тогтмол хугацаанд цуглан түрэг, монгол, манж-түнгүс хэлнүүдийн асуудал хийгээд тэдгээр хэлт ард түмний утга зохиолын талаар хэлэлцэн ярилцдаг, өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулдаг байжээ. Энэ цуглаанд тухайн үеийн нэлээн боловсролтой хүмүүс очдог байсан бөгөөд хожим “Радловын дугуйлан” хэмээн алдаршсан юм. Тухайн үед оюутан байсан Б.Я.Владимирцов ч мөн энэ дугуйлангийн идэвхтэй гишүүн байсан ба уг дугуйлан хэчнээн нэр хүнд бүхий байсныг тодруулах үүднээс зарим гишүүдийг нь хойно товч танилцуулъя.

[3] А.Н.Саймолович (1880-1938) – Санкт-Петербургийн Их сургуульд түрэг, араб, перс хэл судалсан тэрбээр Турк, Крым, Туркестаны нутгаар олонтоо хээрийн шинжилгээ хийсэн ба туркмен хэлийг анх удаа судалсан эрдэмтэнд тооцогддог. Гэвч хэл шинжлэлээс илүүтэйгээр уран зохиол, аман зохиол, түүх-угсаатны зүйг түлхүү сонирхон энэ чиглэлээр олон тооны бүтээл туурвисан байна. Түүний Түрэг хэлний ангилал бүтээл бага зэргийн өөрчлөлт орсноос бус өнөөг хүртэл уг хэлний ангиллын үндэс болсоор буй. Мөн түрэг хэлний тооны нэр хийгээд өдрүүдийн нэрийн талаарх бүтээлүүд нь судлаачдаас маш сайн хэмээн үнэлэгддэг. Харамсалтай нь тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1938 онд бөөнөөр хорих лагерьт нас баржээ.

[4] С.Е.Малов (1880-1957) – Казанийн Шашны академи болон Их сургуульд түрэг, араб хэл судалж байгаад чиглэлийн дагуу Санкт-Петербургийн Их сургуульд шилжин суралцсан. Нэрт эрдэмтэн Н.Ф.Катановын шавь байсан тэрбээр шилжин ирээд В.В.Радловоор Сибирийн амьд түрэг хэлнүүд хийгээд Эртний Түрэг бичгийн хэл, уйгур хэл заалгасан байна. Тэрбээр В.В.Радловын шавь байгаад зогсохгүй эрдэм шинжилгээний ажлынх нь туслагч, хамтран зүтгэгч нь байжээ. Тэд хамтдаа уйгур хэлээрх Алтангэрэл судрыг хэвлүүлсэн юм.

[5] В.Л.Котвич (1872-1944) – Польш гаралтай монголч эрдэмтэн. Санкт-Петербургийн Их сургуульд монгол, манж хэл сурч улмаар тус сургуульдаа уг хэлнүүдийн багшаар ажиллах болсон. “Радловын дугуйлан”-ын идэвхтэй гишүүний нэг тэрбээр тэнд Санкт-Петербургийн Их сургуульд алтай хэлний судалгаа, монгол хэлний харьцуулсан судлалын талаар лекц уншихаар ирээд байсан Финландын эрдэмтэн (тухайн үед тус улс Оросын харьяанд байсан)  Г.И.Рамстедттэй дотно танилцсан гэдэг. Энэхүү уулзалт түүний хожмын судалгаанд нөлөө үзүүлсэн бөгөөд Алтай хэлнүүдийн харьцуулсан судалгааны хувьд түүнийг Г.И.Рамстедтын шавь байсан хэмээн судлаачид үздэг. В.Л.Котвич 1923 онд ЗХУ-аас явж төрөлх Польш нутагтаа амьдрах болжээ.

[6] А.Д.Руднев (1878-1958) – Санкт-Петербургийн Их сургуулийн профессор А.Д.Позднеев, К.Ф.Голстунский зэрэг сонгодог монгол судлалын төлөөлөгчдийн шавь тэрбээр Г.И.Рамстедтын дотнын нөхөр, түүний үзэл бодлыг Орос оронд түгээн дэлгэрүүлэгч нь байсан юм. Тэрбээр Г.И.Рамстедтын монгол хэл шинжлэлд шинэ үеийг нээсэн хэмээн үнэлэгддэг Das shriftmongolische und die Urgamundart phonetisch verglichen бүтээлийг Орос хэлээр орчуулах ажлыг зохион байгуулсан төдийгүй түүний судалгааны аргазүйг шавь нартаа болон хожмын судлаачдад эзэмшүүлсэн гавьяатай билээ. А.Д.Руднев нь монгол хэл аялгуунуудыг анхлан ангилж, Дорнод Монголын амaн аялгуунуудын талаар бүтээл туурвисан ба хорь буриад аялгууг орчин үеийн хэлшинжлэлийн онол-аргазүйн үүднээс анх удаа тусгайлан судалсан байна. Авьяаслаг судлаач төдийгүй гайхамшигтай багш-сурган хүмүүжүүлэгч хэмээн үнэлэгдэж байсан тэрбээр 1918 онд одоогийн Выборг хот дахь гэр бүл дээрээ очоод байхад нь Маннерхаймын арми төмөр замыг тасалснаар Орос оронд буцаж ирж чадаагүй бөгөөд Финландад үлдэн тэндээ хөгжмийн багш хийн амьдрах болжээ.

[7] Б.Я.Владимирцоваас Баруун Монголд сууж байсан худалдаачин, хожим монголч эрдэмтэн болсон А.В.Бурдуковт 1912-1924 онд бичсэн захидлуудаас авав (Бурдуков, 2013: 271, 275, 278, 281).

[8] Владимирцов Б.Я. 1927. Этнолого-лингвистические исследования в Урге, Ургинском и Кентейском раойнах.Северная Монголия-II. Предварительные отчеты лингвистической и археологической экспедиции о работах, произведенных в 1925 году. Л., стр.1-42.

[9] Б.Я.Владимирцов. Монгол болон ойрд овог аймгуудын утга зохиол ба хэлний эдүгээгийн байдал. Орч. Б.Даваасүрэн //Acta Mongolica. T-6 (267), Уб., 2006, х.553-562-д хавсаргасан орос эхээс орчуулсан Б.Түвшинтөгс.

Доктор Б.Түвшинтөгс