Академич Бямбын Ринчений Нэр Томьёо Судлалд Оруулсан Хувь Нэмэр


Академич Б.Ринчений ажил амьдрал 1924 онд байгуулагдсан “Улсын нэр томьёоны комисс”-той салшгүй холбоотой явж иржээ.

Тэрээр 1927 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины судлалын инстутыг төгсч ирээд Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт оюутнаар / эрдэм шинжилгээний ажилтан/ орж ажиллан “Монгол шунхан Ганжуур”- ын бүрэн гарчиг хийж эхэлсэн цаг үеэс дорно дахины нэр томьёо, мэдлэг ухааны нэрийг галиглан буулгах, өрнө дахины шинэ үг хэллэг, нэр томьёог монголчлох, сурах бичгийн үг хэллэг, нэр томьёог цэгцлэх ажлыг салбар бүрийн мэргэжилтэнтэй хамтран хийж гүйцэтгэж байсан юм.
1937 он хүртэл тэрээр өөрийн багш улсын нэр томьёоны комиссын дарга Жамсраны Цэвээний удирдлаган доор нэр томьёо боловсруулахад идэвхтэй оролцож салбар бүхний нэр томьёог тогтолцоотой бүрэн төгөлдөр болгохыг зорин ажиллаж байлаа.

Хэдийгээр орчин цагийн шинжлэх ухааны нэр томьёог эх хэлээрээ оноож ирсэн уламжлал, дадлага туршлага хомс, олон чухал мэргэжлийн сэхээтэн хүрэлцээгүй зэрэг бодит бэрхшээл байсан ч тухайн үеийн Улсын нэр томьёоны комисс өөрийн цөөн хэдэн шилдэг мэргэжилтэнүүдийн хүчин зүтгэлээр нэр томьёог амжилттай орчуулж, шинэ нэр томьёогоор баяжуулж байсан юм.

Б.Ринчений эрдэм судлалын ажлын анхны бүтээл нь 1932 онд хэвлэгдсэн “Орос, латин, монгол гурван нийцэт утгын ургамлын аймгийн нэрс” нэр томьёоны толь бичиг юм.
“Анхны нэртомьёоны толь болох уг толины өмнөх үгэнд “Энэ дэвтэр дор харин дан ганц ургамлын зүйлд холбогдох нэрсийг олон бичиг толь дэвтэр харыг шүүрдэн үзэж жич хүрээлэн ба Холбоот улсын шинжлэх ухааны академиас орчин үеэс тус улсын дотор явуулсан экспедицийн шинжилгээгээр танин магадласан ургамлын нэрс хийгээд нэр томьёоны байнгын комиссын материалууд лугаа харшуулан үзэж онцгой сэжиг бүхүйг нь магадлаар хоцоргон лавтайг нь сонгож бичээд олон шинжааны газрууд дээд, дунд сургуульд ба ургамлын шинжлэлийн бичгийг орчуулагчдын гарын дор хэрэглэхүй дор тусгайлан бэлтгээд анхны туршлага болгон цөөхөн хувийг дарамлуулвай.

Нэрсийн зүйлийг анхандаа цөм орос үсгийн цагаан толгойгоор дэслэн бичээд, доор нь латин ба монгол нэрсийг хадаж эцэст нь монгол латин хоёр хэлний нэрсийг тус тусын үсгийн цагаан толгойгоор дэслэн жагсааж дэвтрийн нүүр хуудсыг зааснаар орос, монгол латин 3 утгын нийцэт нэгэн зүйлийн дэвтэрт орос-монгол, монгол-орос, латин-монгол, монгол-латин, орос-латин, латин-орос зургаан толийг нэгтгэсэн мэт болгосон нь нэрсийг эрэгчдийн олохуй дор эрхгүй дөхөм болгожээ”гэж нэртомьёог хэрхэн бүрдүүлсэн тухайгаа тайлбарласан байдаг.

Нэр томьёоны толийг гаргах гэж тухайн үедээ нарийн нягт олон талт үйл ажиллагаа шаардсан ажил байжээ. Лавшруулан үзвэл, мод сөөг, жимс жимсгэнэ гээд ургамлын бүх төрөл зүйлийг хамарсан 656 нэртомьёог багтааж латин, монгол нэрний хэлхээг хавсаргажээ. Бүтцийн хувьд орос, латин, монгол гэсэн дэс дарааллаар жагсааж монгол нэртомьёоны байдлыг үзвэл голдуу уламжлалт монгол нэртомьёог хэрэглэснийг харж болно. Толийн үгийн толгойг монгол бичгээр хадаж харин латин, монгол хэлхээсийг латин үсгээр бичсэн байгаа нь тухайн үед хэрэглэж байсан бичиг үсгийг хадгалан үлджээ. Тэр үед шинэ үсэгт шилжээгүй, латин үсгийг албан ёсоор хэрэглэж байсан юм. Толийн аргазүйн хувьд үйл үгээр толгойлсон нэртомьёо огт байхгүй, дан ганц ургамлын нэрээр буюу нэр үгээр толгойлсон байдаг. Энэ толийн дараа

• Нэр томъёоны бичиг, тэргүүн дэвтэр. Орос монгол хадмал тооны ухааны нэрс. УБ.,1935,
• Нэр томъёоны бичиг. Хоёрдугаар дэвтэр. Орос монгол хадмал газрын зүй ба цаг уурын нэрс., УБ.,1935,
• Нэр томъёоны бичиг, гуравдугаар дэвтэр. Орос монгол хадмал хувилахуй ухааны нэрс. – УБ., 1937,
• Нэр томьёоны бичиг. Дөрөвдүгээр дэвтэр. Орос монгол хадмал бодис зүйн нэр томьёоны нэрс. – УБ., 1937

зэрэг нэр томьёоны цуврал дөрвөн толь бичиг гаргаснаар салбар бүхний нэр томьёог тольчлон цувралаар гаргах болсон юм.

Харамсалтай нь нэг хүнийг тахин шүтэх хэлмэгдлийн хүнд үед хилс хэрэгт гүтгэгдэн баривчлагдаж хорих газрын хүндийг туулсан хэцүү бэрх цаг үед эрдмийн ажил нь зогссон юм. 1942 онд шоронгоос суллагдсан хэдий ч түүний эрдмийн ажил, нэр томьёо судлах их ажлыг завсарлуулж “Үнэн”сонины газарт ажиллахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн юм.Харин МУИС-д 1946 оноос эхлэн багшлах болсон нь эх хэлнийхээ судлалыг цаашид хөгжүүлэх боломж бололцоо олгосон гэж үзэж болно. Үүнээс хойно нэр томьёо судлалын ажлаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн юм.

1957 оноос нэр томьёоны ажлыг төлөвлөгөөтэйгээр хийж комиссын гишүүдээр батлуулахаар заахад УНТК-ийн даргаар Жагваралыг, гишүүдээр Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Содном, Я.Цэвэл, Ш.Лувсанвандан нарыг томилон ажиллуулж байв. Ингэж Бямбын Ринчен Улсын нэр томьёоны комисс хэмээх байгууллагтай хоёрдахь удаагаа буюу үргэлжлүүлэн ажиллах болсон юм.Тэрээр Химийн ухааны нэр томъёо (Б.Содномын хамт. – Уб., 1953он), Тооны ухааны нэр томъёо (Б.Содномын хамт. – Уб., 1953он) бүтээл гаргасны дээр ургамал, биологи, төмөрлөг, геологи, малын бие бүтцийн эмгэг судлал, хүний биеийн анатоми, барилга зам гүүр, хөдөө аж иахуйн машин механизм, ус газар судлалын гидрологийн нэр томьёоны олон бүтээлийг эрхлэн найруулж, хянасан юм.

Б.Ринчен олон нэр томьёог оновчтой орчуулан оноон ард түмэнд хүргэж чадсан нь он цагийн уртыг давж өнөө ч бид бүхэн тэрхүү нэрийг хэрэглэсээр байгаа билээ.

Түүний бичсэн сэтгүүлзүй, уран зохиолын бүтээл дотор нэр томьёог тайлбарласан олон оруулбар тайлбар байдаг нь зохиогчийн ур чадвартай холбоотой юм.

Б.Ринчен академич “Улсын нэр томъёоны комисс байдаг юм шүү”, “Нэр томьёо, жирийн үг хоёрын ялгаа”,” Хоёр нэр томъёо”, “Латин, грек, орос хэлний гаралтай үгийн угтвар, дагаврыг дүйлгэн орчуулах тухай”, “Монгол ардын аман бичгийн хэл”, “Ураг төрлийн монгол нэр”, “Бурхан халдун гэгч үгний тайлбар” зэрэг нэр томьёоны холбоотой эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичсэн юм.

О.Шинэбаяр. Доктор (Ph.D)