Соёлын Жинчин, Билиг Танхай Дуун Хөрвүүлэгч, Гүүш Б.ринчен


Нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен “Орчуулга бол нэг хэлнээс нөгөө хэлнээ буулгаж буй механик ажил биш. Орчуулга бол бүтээлч хөдөлмөр, агуу их мэдлэг, хүч хөдөлмөр шаарддаг юм” гэж хэлсэн байдаг. Б.Ринчен нь “орчуулга” хэмээх энэ адармаатай атлаа буянтай үйлээр монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой танилцуулж, басхүү өөрийн орны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулж, монгол орчуулгын онол, шүүмжлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан цагийг эзэлсэн агуу их дуун хөрвүүлэгч, гүүш байжээ.

Тэрээр бүр багаасаа төвд цагаан толгой үзэж, долоон настайдаа Н.Билигсайхан (1866-1923) гүнд шавь орон монгол, манж бичиг үсэг заалгаж, 1915 оноос Дээд Шивээний орос дунд сургуульд суралцаж байхдаа Орос улсын хязгаарын комиссарын манж, монгол хэлний орчуулагч Калёнов гэдэг хүнээр гэрээрээ орос бичгийн хэл заалгаж байжээ.

Нэрт орчуулагч, сэтгүүлч Г.Акимийн тооцсоноор, академич Б.Ринчен орос, чех, словак, польш, болгар, эртний слав, украйн, англи, франц, герман, эсперанто, латин, манж, хятад, төвд, түрэг, мажар зэрэг арван долоон хэл мэддэг байжээ. Ялангуяа Өрнө дахины орос, мажар, герман, латин, англи, польш хэлийг гарамгай эзэмшиж, дэлхийн сонгодог зохиолчдын олон арван бүтээл туурвилаас орчуулсан боловч ороо бусгаа цаг үед нэлээд хэдэн орчуулгын зохиол нь түүнтэй хамт хэлмэгдсэн хэдий ч “даравч дардайж, булавч бултайж” түүний орчуулсан М.Шолоховын “Хүний хувь заяа”, А.С.Пушкины “Тариачин авхай”, И.Г.Эренбургийн “Дайсан нөхөр хоёр”, Данийн зохиолч Х.К.Андерсений “Үлгэрүүд”, А.К,Толстойн “Мөнгөн ноён”, Н.С.Лесковын “Зовлонгийн далай”, “Тэнгэрийн бошигт цаг”, Галидасын “Үүлэн зардас”, М.Горькийн “Салхич шувууны дуун”, Н.В.Гоголийн “Тарас Бульба” гэх мэт бүтээл одоог хүртэл монгол уншигч түмний сэтгэлийг баясгаж, оюуныг тэтгэсээр байна. Түүнээс гадна Ганжуур Данжуурын гарчгийг төвд хэлнээс орчуулсан, манж хэлийг үг, үсэг тайлбарлахдаа хэрэглэдэг байсан, хятад хэл дээрх комиксийг хүүхдүүддээ шууд орчуулан уншиж өгч байсан гэх мэтчилэн Дорно дахины хэлийг судалгаа шинжилгээний ажил болон амьдрал ахуйдаа хэрэглэдэг байжээ.

Тэрээр уран зохиолын төдийгүй эрдэм шинжилгээний, сонин нийтлэлийн гээд ер нь найруулгын бүх төрлөөр орчуулга хийдэг байжээ. Тухайлбал, УНТК-ын гишүүн байхдаа шинжлэх ухааны нэр томьёог монголчлох адармаатай атлаа нэр хүндтэй ажлыг гүйцэтгэж хувилахуйн ухаан, тооны ухаан, утга зохиол, газар зүйн нэр томьёог монголчлон толилсноос гадна орос хэлний сурах бичиг зохиож, бусад шинжлэх ухааны ном, сурах бичгийг орчуулахад биечлэн оролцдог байсныг түүний бүтээлүүдээс бэлхнээ харж болно. Түүнчлэн, тэр үеийн “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Цог” сэтгүүл зэрэгт тухайн цаг үеийн дэлхий нийтийн шинэ сонин мэдээ, мэдээллийг гадаад хэлнээс орчуулан уншигч олондоо өргөн барьж, хүн төрөлхтний хөгжил, дэвшлээс хоцрохгүй байхад нь ихээхэн хувь нэмэр болдог байв. Түүнээс гадна К.Маркс, Ф.Энгельс нарын “Эв хамт намын тунхаг”, НҮБ-ын хүний эрхийн тунхаглал гэх мэт нийгэм улс төрийн зохиолууд олныг орчуулсан байна.

Гадаад хэлнээс ном зохиол орчуулахын зэрэгцээ монгол хэл шинжлэл, түүх, шашин, утга зохиол, өв соёл, урлаг, ёс заншлын талаар гадаад орнуудад сурталчлан таниулж байсныг орос, унгар, польш, герман, англи зэрэг хэлээр гадаадад хэвлэгдсэн түүний олон арван бүтээлээс үзэж болно. Тухайлбал, Энэтхэгийн Дэли хотод хэвлүүлсэн “Four Mongolian historical records”, Францад хэвлэгдсэн монгол бөөгийн шашны тухай 4 дэвтэр ном, Унгарын Будапешт хотноо хэвлүүлсэн “A Mongol Nyelv Grammatikaja” (Монгол хэлний зүй) гэх мэт олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлжээ. Үнэн (Правда) сониныг орос хэлээр орчуулан гаргаж монголын ард түмний амьдрал ахуй, түүх соёл, хөгжил дэвшлийг Оросын ард түмэнд таниулдаг байжээ.

Нэрт гүүш Б.Ринчен орчуулгын онолч, шүүмжлэгч байсан бөгөөд “Орчуулгын чанарыг дээшлүүлэх тухай” (1934), “Орчуулсан сурах бичгийн үг найруулга даанч тусгүй болж байна” (1948), “Стабильные учебники, их переводчики и редактора” (1952), “За грамотный и общедоступный язык научно-популярных брошюр”(1953), “Хэлээ хайрлан энхрийлж, үгний боловсролыг эрхэмлэе” (1956), СССР, Ардын ардчилсан орны хийгээд дэлхий дахины утга зохиолын орчуулгын тухай” (1957), “Марк Твений минь махыг идэж дээ”(1958), “Тариг”(1961), “Зохиолч биш, орчуулга ч биш”(1965)“ “Зохиолч, орчуулагч болоход юу хэрэгтэй вэ?” (1965), “Шүлэг орчуулах эрдэм” (1966), “Сондгойруулахгүйг эрхэм болгохуй” (1967) “Горькийн зохиол монгол хэлээр анх орчуулагдсан нь”(1968), “Орчуулгад дутагдал их байна” (1970), “Адуунд хатирч, жороо гэж бийн адил… ”(1972) гэх мэт монгол орчуулгын онол, арга зүйн гол гол зарчим болон орчуулгын зохиолуудын алдаа завхрал, тэдгээрийг хэрхэн засч залруулах талаар олон арван өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Энэ бүхэн нь одоог хүртэл үнэ цэнэтэй хэвээр байгаа төдийгүй үе үеийн орчуулагчдыг сурган хүмүүжүүлж “Оюуны талх үйлдвэрлэгч” дэлхийн агуу их зохиолч, эрдэмтдийн хүн төрөлхтөнд илгээсэн тэр сайхан амттай бүтээгдэхүүнийг амт чанары нь алдагдагдуулахгүйгээр өртөөлөн хүргэх хариуцлагатай бөгөөд ариун үүргийг хатуухан сануулж үлдээснийг залуу үеийн орчуулагч бид мартахын аргагүй юм.

Энэ цагийн шилдэг орчуулагчид, орчуулгын онолчид нэрт гүүш Б.Ринченгийн төрөлх хэлний болон гадаадын олон хэлийг сайн мэддэг, орчуулах эрдмийг төгс эзэмшсэн хийгээд орчуулгын онол, шүүмжлэлд оруулсан хувь нэмрийг ийн дурссан байдаг.

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор О.Адьяа: “Улс орондоо төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгасан суут эрдэмтэн, их бичгийн хүн Бямбын Ринчений эрдэм судлалын олон талт үйл ажиллагааны нэгэн томоохон чиглэл бол орчуулгын дадлага, онол-арга зүйн асуудал байв” хэмээсэн бол

Нэрт сэтгүүлч, орчуулагч Г.Аким: “Манай Бямбын Ренчин гуай орчуулагч хүнийг “Соёлын жинчин” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол түүхэнд орчуулагчийн гүйцэтгэж буй үүрэг хэлжээлшгүй. Б.Ринчен багш, дэлхийн соёлын жинчин, билиг танхай дуун хөрвүүлэгч, гүүш хүн байв. Тэрээр дэлхийн наран гархуйн зүгээс наран шингэхүйн зүгийн 20 гаруй орны 70-д зохиолчийн 240 орчим нэр төрлийн бүтээлийг орос, англи, франц, польш, чех, мажар хэлнээс орчуулж монгол уншигчиддаа шинэ ертөнцийг нээх буянт үйлс бүтээсэн бөгөөд орчуулгын онол, арга зүй шүүмжлэлийг хөгжүүлэх талаар үлэмж чармайлт гаргажээ. Гадаадын зохиолчийн зохиолын эрдэнийн утгыг зүрх догдлон танихын зэрэгцээгээр монгол хэлнийхээ яндашгүй далайд дураар сэлж, гүнд нь өнгө бүрээр солонгорох үгийн нь сувдын тансгийг сэтгэлээрээ мэдэрч байдаг билээ” гэжээ.

Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Галсан: Манай олонх орчуулга доголон болдог. Учир нь доголон бус байхын тулд гадаад болон эх хэлний мэдлэг нь тэгш байх ёстой. Чухам ийм тэгш мэдлэг “Рэ” багшид л байсан. “Рэ” багшийн орчуулах арга барилд өөр өвөрмөц сонин зүйл их бий хэмээсэн байна.

Энэ бүхнээс үзэхэд их дуун хөрвүүлэгч, гүүш Б.Ринчен эх хэлээ эрхэмлэн дээдэлж монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой танилцуулсан төдийгүй монгол түмний утга соёлыг дэлхийд сурталчлан таниулсан “соёлын жинчин” байжээ. Түүний орчуулгын зохиолууд, орчуулгын онол, шүүмжлэлийн бүтээлүүдээс бид орчуулж буй зүйлээ нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрслэх орчуулгын бүтээлч чанар, орчуулгын нөлөөгөөр аялгуу сайхан монгол хэлнийхээ зүй тогтол, хэм хэмжээг эвдэхгүй байх, орчуулагч хүний тал бүрийн мэдлэгтэй байх шаардлага зэрэг олон зүйлийг мэдэж болно.

Н.Мөнхцэцэг. Доктор (Ph.D)