Монгол Шүлгийн Онол Судлаач, Зохист Аялгууг Эрхэмлэгч, Яруу Найрагч, Түмэн Шүлгийн Нэрт Төлөөлөгч Мөн


Б.Ринчен бол Монголын орчин үеийнуран зохиолыг үндэслэгчдийн нэг, “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм”-ийн анхны гишүүдийн нэг юм.

Монголын уран зохиолын түүхэнд Б.Ринчен нь зохиолч, яруу найрагч, кино зохиолч, шүүмжлэгч, сэтгүүлч, орчуулагч, судлаач зэрэг олон талын баялаг өвийг үлдээжээ.

Б.Ринчен нь уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн төдийгүй, ерөөсөө монгол хэлний зүй судалж байх үеэсээ монгол шүлгийн онцлогийг анхааран ажиглаж иржээ. Тиймээс 1964 онд “Монгол бичгийн хэлний зүй”-н удиртгалдаа монгол бичгийн шүлэгт толгой холбох, авиа давтах, сүүл холбох зэргээс гадна, бас шад дотроо өлмий хэмжээг чанд нарийн баримталж, нэгэн шүлэглэлд тогтмол өлмийн сүүлээр заавал цэглэл байдаг зэрэг сонин онцлог байна гэж дурдаж байжээ.

Улмаар 1969 онд “Монгол шүлгийн учир” гэсэн томоохон өгүүлэл бичжээ. Энэ өгүүлэлдээ монгол шүлгийн систем бүтцийн тухай сонин ажиглалт хийсэн Ковалевский, Владимирцов, Поппе, Хениш, Пеллью, Мостаэр, Крюгер, Туденов тэргүүтэй гадаадын монголч эрдэмтдийн бүтээлтэй танилцсан мөн өөрийнхөө монгол хэлний зүйн судлал шинжлэлийн явцдаа хуримтлуулсан туршлага нь зайлгүй ийм өгүүлэл бичихэд хүргэжээ. Энэ өгүүлэлдээ тэрээр монгол шүлгийн бүтэц зүйд герег-латин соёлын хүрээний олон улсын шүлэглэл нийтэд үзэгдэн буй зүйл юу байгааг өгүүлж, санаа нь олон улсын, үг нь монгол хэлний үг болох, шүлгийн мэдэгдэхүүнийг монгол шүлгийн бүтэцтэй холбон өгүүлжээ. Үүнээ монгол бичгийн болон аман шүлгийн ёс, бүтцээр задлан үзжээ.

Монгол хэлний болон шүлгийн дотоод хэмнэлийг тэрээр авиа, үсэг хоёрын учир, монгол хэлний үеийн бүтэц, монгол шүлгийн хоёр ёсны учир, холбоц гэж авианаас үсэг, үсгээс үе, үеэс өлмийд, өлмийгөөс холбоцод хүрч, монгол шүлгийн дотоод холбоц хэмнэлийг шинжлэн гаргахыг зорьжээ. Мөн дотоод холбоц хэмнэлээс гадна чөлөөт шүлэг, холбоцгүй шүлэг зэрэг өдий төдий өгүүлж болох сонин зүйл байгааг тэмдэглэсэн байдаг.

Б.Ринчин нь мөн монгол яруу найргийн онолыг сонирхон судалж, мөн олон зуун жил монгол яруу найргийн онол болж ирсэн “Дандины Зохист аялгууны толь” хэмээх дорно дахины яруу туурвин бүтээх онолыг эрхэмлэн дээдлэгч байжээ.

Тиймээс 1972 онд “Дурсгалт бичгийн чуулган” цувралаар гаргасанДандины “Зохист аялгууны толь”-ийн редактор төдийгүй өмнөх үгийг бичсэн байдаг. Энэ ном нь “Зохист аялгууны толь”-ийн тухай дэлгэрэнгүй удиртгал, “Монгол Данжурын “Зохист аялгууны толь”-ийн гэрэл зураг эх, зохист аялгууч Иштавхай хийсэн “Хуучин орчуулгын шинэ засвар” гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ номын чухал ач холбогдол нь“Зохист аялгууны толь”-ийн монгол орчуулгыг маш ховор болсон монгол “Данжур”-ын 205 дугаар ботиос гэрэл зургаар буулгаж, дэлхийн санскрит, төвд, монголыг судлаачдын судалгаанд хүргэсэн юм. Мөн төвдөч эрдэмтэн Х.Гаадангийн “Зохист аялгууны толин дахь адилтгал зүйрлэл” хэмээхдэд эрдэмтний зэрэг горилсон зохиолын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажилласан байдаг.

 

Б.Ринчен нь уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн бөгөөд энэ үеийн бүтээл нь “Үнэн голоос гарсан үгсийн бичиг”, “Миний шүлгүүд” нэртэй хоёр бичил дэвтэр гарчээ. Түүний шүлэг найраг нь дайн дажинг эсэргүүцсэн, энхийг эрхэмлэсэн санаатай “Бэр цэцэг” найраглал зэрэг олон шүлэг байдаг. Мөн түүний “Монгол хэл” шүлэг нь монгол яруу найргийн хуудаснаа мөнхөд үлдэх монгол яруу найргийн нэг билээ. Энэ шүлгийн агуулга, бүтэц нь шүлгийг утга санаа тэгш, бодлого бүтэцтэй зохиохын үлгэр болсон зохиол байдаг билээ. “Монгол хэл” шүлгийн эхний энэ бадагт монгол хэлний бүх үсгийг багтаасан ийм шүлэг. Тэгэхлээр монгол хэлний бүх эгшиг болоод гийгүүлэгч үсгийг нэг бадаг шүлэгт багтааж, багтаасан хэрнээ уг бадгийн маань утга нь гүн мэргэн, ур хийц яруу тансаг, сонсголонтой, үг хэллэг нь оновчтой цэцэн байгаа нь уг шүлгийг зохиогчийн билиг авъяас чадвар юм.

Үүнээс гадна ардын аман зохиол дорно дахины яруу найргийн уламжлал дээр, заримдаа шүлэг үргэлжилсэн үгийг хольж бичих өвөрмөц хэлбэрийг туршсан онцлогтой. Байгалын байдлыг амьдчилах болон зураглах бичлэгийг ашиглан уламжлалыг хүндэтгэн барьсан шинжтэй бичсэн байдаг. Тухайлбал, “Сар” шүлэгтээ

Цоохор шар саран чувганц

Цоорхой үүлэн дээлээ хэдрээд

Туяан цагаан таягаа тулан

Тугал олон сүргээ туув

Үүлэн цоорхой дээлийг нь ноолоод

Уяхан хөвгүүн салхи үлээн наадвай – гэж амьдчилах аргаар бичсэн байна.

Энэ шүлэг нь 1929 онд анх “Уран үгсийн чуулган” хэмээх алдарт цоморлигт анх 1929 онд хэвлэгдсэн. Тэр үеийн монгол яруу найргийн нэг төлөөлөл болдог.

Ер нь Ринчен гуай монгол яруу найргийн арга хэлбэрийн уламжлалт өв соёл арвин байсанг, түүнийг хойч үеийнхэндээ тайлбарлан, таниулах үүднээс судалгааны бүтээлээ, шүлэг зохиолоо зориулж байсныг Д.Галбаатар, Р.Нарантуяа зэрэг судлаачид нэлээд тодорхой жишээлэн үзүүлсэн байдаг. Түүний нэг жишээ нь ТҮМЭН ШҮЛЭГ гэж нэрлэдэг “Гүнж”-ийн шүлэг юм. Энэ шүлэг нь арагшаа туушаар нь, доош нь чигт нь, хоёр хоёр мөрөөр солбин, олон аргаар эргүүлэн яаж ч уншихад уул утга нь алдагдахгүй байх тийм шүлэг юм. Б.Ринчен “Бэр цэцэг” шүлгийн номд орсон бүх шүлгээ өөрөө орчуулж, орос монгол хоёр хэлээр гаргасан байдаг.

Доктор, дэд профессор Д.Сумъяа