Монгол Ард Улсын Угсаатны Судлал-Хэл Шинжлэлийн Атлас


Монгол улсад анх удаа 1979 онд Шинжлэх ухааны Академиас эрхлэн Монголын угсаатны судлал-хэл шинжлэлийн атласыг хэвлүүлжээ. Энэхүү тэргүүн, дэд боть буюу I, II ботийн ерөнхий редактор нь доктор, профессор академич Б.Ринчен байлаа.

Атласын эхийг түүхийн ухааны доктор Д.Майдар боловсруулж хэл шинжлэлийн ухааны доктор Х.Лувсанбалдан, Э.Вандуй, Ц.Шүгэр, хүмүүнлэгийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн, философийн ухааны доктор Х.Нямбуу, газарзүйн шинжлэх ухааны доктор Х.Цэрэнсодном, ЭШ-ний ахлах ажилтан Ц.Насанбалжир, Я.Цэвэл, ЭША Л.Дарьсүрэн, Л.Пүрэв, У.Загдсүрэн нар болон инженер, хэвлэлийн чадварлаг бүрэлдэхүүнтэй гүйцэтгэжээ. Гэхдээ энэ хэдэн хүмүүсийн оюун санаанаас бүтсэн зүйл бус түүний суурь нь гүн гүнзгий, бат бөх байсныг Ерөнхий редактор Б.Ринчений бичсэн“…эл ботийг боловсруулахад манай улсын аймаг сум, нутаг бүрийн ард түмэн, малчин ажилчин, сэхээтэн багш, албан хаагч, пионер сурагч нар халуун сэтгэлийн үгаас гүн их туслалцаа үзүүлж нэн олон чухал мэдээ ирүүлж энэ ботийг босгоход хэлж баршгүй их тус болсон” гэснээс олж харж болно. Тус атласын байнгын сурвалжлагчаар 225 хүн ажиллажээ. Тус бүрэлдэхүүнийг нарийсган авч үзвэл сурагч 4%, армийн байлдагч 2%, оюутан 3%, олон нийтийн байгууллагын ажилтан 2%, эмч болон урлагийн ажилтан тус бүр 3%, ня-бо, санхүүгийн ажилтан 5%, малчид 7%, жирийн иргэд 9%, ажилчин 14%, захиргааны ажилтан 20%, багш нар дийлэнх буюу 23 хувийг тус тус эзэлж байна. Үлдэх 4-5 хувь ньанги хамт олон, сурвалжлагч зэрэг хүмүүс ажээ. Тухайлбал, дунд сургуулийн сурагч Цэнд-Аюуш (Сүхбаатар аймаг, Наран), Ц.Баярсайхан (Хэнтий аймгийн 10 жил), Д.Оросоо (Зүүнхараa), оюутан Цэвээнжав (УБИС), П.Жиндэг (Анагаах ухааны дээд сургууль), С.Пүрэв (ХАА-н дээд сургууль), А.Цоож (Санхүүгийн техникум), Ц.Янжив (Москвагийн Гадаад хэлний сургууль) байлдагч Отгондаваа, Б.Довуучий, Ц.Төмөр, жолооч Д.Самбуу (Дорноговь аймгийн Үйлдвэр хоршоо), Д.Нанжид (5-р бааз), тракторчин Ж.Дорлиг (Увсын Баруунтуруун), артелийн ажилчин Лхамжав (Хэнтий. Биндэр), Г.Дорж (Завхан. Идэр), Д.Довдон(Дорнод. Чойбалсан), галч Д.Дашдэлэг (Архангай аймгийн Чулуут сум), яамны ажилтан (Б.Цэнд. Түлш эрчим хүчний яам) гэх мэт олон ажил мэргэжлийн, эгэл жирийн иргэд оролцжээ. Үүнээс үзвэл аль ч ажил мэргэжлийн хүмүүс нийгмийнхээ оюун санааны амьдралд идэвхийлэн оролцож тэднийг ялгаварлалгүйгээр, үг саналыг нь үнэ цэнтэй хэмээн үзэж байсныг харж болохоор бөгөөд энэхүү нүсэр ажлыг голлон зохион байгуулагч нь академич Б.Ринчен байсан. Тэрээр 1967 оны 1 сарын 9-нд “Үнэн” сонинд “Олны тусламжаар бүтэх атлас” гэсэн нийтлэл бичиж олон түмнийг уриалан бүтээлийн явц дунд хэд хэдэн нийтлэл бичиж хүмүүсийг урамшуулан зоригжуулж байлаа. Академич Б.Ринчентэй ямар ч насны, аль ч ажил мэргэжлийн хүмүүс бичиг захидлаар харилцдаг, бичлэн уулздаг байсан гэдэг.

Угсаатны зүй-хэл шинжлэлийн атласыг Ерөнхий зүйлээс гадна Түүх, Угсаатны судлал, Хэлний шинжлэл, Аман зохиол гэсэн хэсгүүдэд хуваан үзэж болох байна.

Академич Б.Ринчен энэхүү олон талт, үнэ цэнтэй бүтээлийнхээ оршилд “…Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулж эрхлэх үйлдвэрийн товчоод нь монгол ардын угсаатны зүй судлал, хэл соёлын судалгааны асуудал оруулсан билээ. Тэр үеэс судалгаа үргэлжилснийг үндэслэж өдгөө энэхүү Монгол Ард Улсын угсаатны судлал-хэлний шинжлэлийн атласын тэргүүн, дэд ботийг боловсруулж, үзэгч эрдэмтэн сэхээтэнд толилуулав” хэмээн бичсэн байдаг.

Тус атласын тэргүүн, дэд ботид 1921 оноос тус улсын дотор угсаатны судлал, хэлний шинжлэлийн сэдвээр явуулсан дотоод, гадаадын шинжилгээний ангийн зорчсон замын зураг оруулж, хэдий хэмжээнд судласан төлөвийг үзүүлжээ. Монгол орны нутаг дэвсгэрт ажилласан шинжилгээний ангийг 1921-1930, 1931-1960, 1961-1970 хэмээн хувааж, ямар эрдэмтэд, хаашаа, аль чиглэлд явж ажилласныг тэмдэглэсэн бий. Тэдгээрээс академич Б.Ринчен өөрөө монгол орны бүхий л нутаг дэвсгэрээр аялан явж хэл шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн биечилсэн судалгаа хийж байсныг мэдэж болно. Тухайлбал, 1920-иод оны дундаас 1930 он хүртэл Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл, Булган аймагт, 1960-аад он хүртэл баруун, зүүн аймгаар монголч эрдэмтэдтэй хамтран ажиллаж байжээ.

Атласаас монгол хэлтэн угсаатан дэлхийн хаа хаа оршин байдаг, тус улсын нутаг дэвсгэрт улиран оршсоор ирсэн улс, угсаатны эрт өдгөөгийн тархац, овгийн байдал, угсаатны бүрэлдэхүүнийг харуулсан нь түүх, угсаатны судлал, хэлний шинжлэлд үнэт баримт болжээ. Тус картад 850 шахам ураг удмын овгийг бүртгэн газрын зурагт тэмдэглэсэн нь угийн бичгийг сэргээн хөтөлж байгаа өнөө цагт ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байна. Мөн хэл, соёл, угсаатны судалгаанд засаг захиргааны хуваарийн мэдлэг тун чухал байдаг бол эндээс нэгдмэл, товч, цэгцтэй ойлголтыг одоо ч хялбар олж чадна.

Утга соёлын хэсэгт тус улсын доторх бичиг үсгийн дурсгалт хөшөө, сүм хийдийн тоймыг багтаажээ. Тухайлбал, монгол орны нутаг дэвсгэрт байсан нийт 941 сүм хийдийг бүртгэн зургаар харуулсан нь тухайн цагт зоригтой алхам байсан бизээ. Атласаас Их хүрээ, Ялгуугсан гэгээний хүрээ, Номын ханы хүрээ, Дайчин вангийн хүрээ, Ламын гэгээний хүрээ, Хутагт ламын хийд, Түшээт чин вангийн хошуу хийд, Говь сангийн далай зэрэг хийд тийз хэмээн мөнгөн тэмдэгттэй байсныг тэмдэглэжээ.

Атласт агуулагдаж байгаа чухал мэдээлэл монгол туульсын тархац юм. Б.Ринчен өөрөө тархацын ерөнхий төлөвийг гаргаснаас үзвэл Баян-Өлгийн хасгуудаас бусад нутагт тууль тархсан байсны зэрэгцээ баруун хэсэгт товшууртай, Дорнодын Чойбалсан хот, Улиастай, Сэлэнгийн орчим хуучиртай хамсран хайлдаг байсныг мэдэж болох байна. Хэнтий аймгийн хойд хэсэгт туулийг түрлэгтэй хайлдаг гэж тэмдэглэжээ. “Гэсэр”, “Жангар”, “Хан харангуй”, “Шилэн галзуу баатар”, “Алтай сүмбэн хүү”, “Эрийн сайн Ринчэн мэргэн”, “Дан цагаан морьтой Дансран гуйлгачин өвгөн” гэсэн томоохон туулийн тархацыг харуулснаас жишээ нь “Шилэн галзуу баатар” тууль боржигины нутаг Дорноговь, Дундговь, Төв аймгийн нийлсэн заагт өргөн дэлгэр байсан нь чухал баримт болж байна.

Атласт монголчуудын эдийн соёлоос сүү цагаан идээний зүйл, хүнсэндээ хэрэглэдэг гурил, цайны ургамал, үр жимс,газар тариалан, унаа хөсөг, гэрийн тоононы хэдэн янз хэлбэрийн тархац зэргийг угсаатны судлал, ялангуяа хэл аялгуутай холбон үзүүлжээ. Тухайлбал монголчуудын цайны ургамал хөвөн оройт, цээнэ, торлог эвсээ, тавилгана, боролз, бадан, хонгор зул, туйплин, дугархорлоог хаана, хаана боловсруулан хэрэглэж байсныг тодорхой харуулсан бий.

Атласын дөрөвний нэгийг хэлний шинжлэлд хамааруулж болно. Монгол хэл аялгууны тархацын байдал, авианы үндсэн онцлогийг харуулсан нь тун чимхлүүр, хэлний баримтыг өндөр түвшинд боловсруулж ойлгомжтой байдлаар тэмдэглэхийг эрмэлзжээ. Монгол хэлний бүрэн зүй буюу авиазүй, үг зүй, өгүүлбэр зүйн чиглэлээр цогц бүтээл туурвисан нэрт эрдэмтэн Б.Ринчен л чухамхүү ийм ажлыг хариуцлагатай гүйцэтгэж чадах билээ.

Уг атласыг гурван ботиор хэвлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд дараагийн ботиудаа нутгийн аялгууны атлас зохиохын суурь болон хийхээр зорьж байв. Хэдийгээр атлас хэлбэрээр хэвлэгдээгүй боловч ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон эрхэм эрдэмтнийхээ мөрөөдлийг биелүүлэн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг”-ийг Халх аялгуу, Ойрад, Буриад гэсэн гурван ботиор хэвлэн гаргасан билээ. Тиймээс “Халх аялгуу” I ботийн оршилд “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн сектор монгол хэлний нутгийн аялгуу судлахад үлэмжхэн хүч, хөрөнгө зарцуулж бүр 1950-иад оноос эхлэн тус улсын бүх аймаг, сум, сангийн аж ахуй, нэгдэл бригадад нутгийн аялгуу судлах шинжилгээний анги явуулж судалгаа хийж байна. Үүний үр дүнд аялгуу судлал, аман зохиолын ховор чухал бичвэр бүрдүүлж халх, дариганга, захчин, дөрвөд, торгууд, хамниган, дархад, зэрэг аялгууны тухай олон арван өгүүлэл, ганц сэдэвт зохиолууд хэвлэгдэн гарч улмаар Монгол Ард Улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атласыг зохион гаргалаа” гэсэн байдаг.

Монгол хэл аялгуу, аман зохиолын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид олон жилийн турш тодорхой бодлого, тогтолцоо, үе шаттай цуглуулж боловсруулан шинжлэх ухааны суурь болсон, олон нийт, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүсэлтэнд нийцтэй энэхүү бүтээлийг бэлтгэхэд нэрт эрдэмтэн Б.Ринчен гар бие оролцсоны зэрэгцээ аргазүй, удирдлагаар чадварлаг ханган ажиллаж монгол, орос, франц хэлээр хэвлүүлсэн нь өдгөө олдохуйяа бэрх, ховор чухаг бүтээл болсноор үнэлэгдэж байна.

Тухайн үеийн геодези зурагзүйн газрын газарт 2500 ширхэг хэвлэгдсэн Түүх-Угсаатан-утга соёл-хэл шинжлэлийн энэхүү атлас харамсалтай нь эрхэм эрдэмтнийг нас барсных нь дараа олны хүртээл болжээ.

Доктор. А.Алимаа