Монгол Тууль Судлалд Шинэ Хуудас Нээсэн Эрдэмтэн


ХХ зуун бол монгол тууль судлалд эргэлтийн үе байлаа. Дорно дахиныг судлагчид монголчууд туулиа хэдэн зууны өмнө мартсан гэж баттай итгэж байсан нь 1910 оны орчмоос өөрчлөгдөж, Ижил мөрний Халимагийн нутгаар хязгаарлагдаж байсан монгол туулийн тархацын хүрээ 1950-иад он болоход зүүн тийш Хянганы нуруу хүртэл тэлэн өргөжиж, дотроо хэдэн салбар уламжлалтай ойрад, халх туулийн шинэ мужлалууд шинжлэх ухаанд шинээр нээгдсэн түүхтэй. Оросын (хуучнаар Зөвлөлт) эрдэмтдийн эхлүүлсэн уг ажлыг монголын үндэсний сэхээтнүүд амжилттай өргөжүүлсний нэг нь академич, еншөөбү цонгоол Ринчен байсан юм.

            Түүний онцлон тэмдэглэх гавьяа бол, монгол туулийн өвөг хэлбэрийг хадгалсан халх, халх, буриадын гуч шахам туулийг эрдэм шинжилгээний галиг үсгээр тэмдэглэн авч, нийтлүүлснээс гадна халх монголчуудын туулийн тархац, уламжлал, алдартай туульчдын талаар олон нийтэд мэдээлж, шинжлэх ухаанд ихээхэн үнэ цэнтэй эх хэрэглэгдэхүүнийг цуглуулж, баримтдаа тулгуурлан бичсэн «Манай ардын туульс» (1965) хэмээх өгүүлэлдээ: «Монгол оронд ардын их хувьсгал мандаж, ардын эрхт төрийн үес өөрийнхөө ард түмний соёлын өвийг судлах эрдэмтэн сэхээтэн бий болж ирсний ачаар бид одоо Оросын болон бусад улсын монголч эрдэмтний яваагүй газраар нь явж, судлан гүйцээгүй юмы нь сулаж, мэдээ бүрэн гүйцэд бүртгэж чадаагүйгий нь нөхөн цуглуулж, ардын аман зохиол, туулийн зүйлийг үргэлжлэн тэмдэглэсээр одоо Монгол Ард Улсын дотор бас Халх ардын дунд баатарлагийн туульс бусад монголчуудаас дутуугүй өргөн хэмжээгээр дэлгэрч байсныг монгол ардын туульсын зүйлд бас халх ардын туульс буйг нэмэн зааж, урдын судалсан гурван төв дээр бас дөрөвдүгээр нэг том төв буйг бахархан оруулах баялаг баримттай боллоо» хэмээн тэмдэглэснээр монгол тууль судлалд шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

Доктор (Ph.D).  Т.БАЯСГАЛАН

Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэм” сониноос/