“Үгийн Утга Учир”-Ийн Үнэ Цэнэ


Доктор Т.Пүрэвсүрэн

Нэрт эрдэмтэн, академич Ринчен гуай 1950 онд бичсэн “Үгийн утга учир” хэмээх өгүүлэлдээ “Бид цөм, монгол үгээр хэлэлцдэг. Тэгэхдээ, бид хэлээ мэддэг гэж хэлэлцдэг, боддог шүү дээ. Гэтэл бид, өөрийнхөө хэлний чухам хэчнээн үг мэддэг бол? гэж өөртөө асуулт тавьж болно.” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээн бичсэн цаг үеэс хойш үе үеийн эрдэмтэд эх хэлнийхээ үгийн бүрэлдэхүүний талаар бодолхийлэн, багцаалдахыг оролддог хэдий ч эртнээс эдүгээх хүртэлх хэлний хэрэглэгдэхүүнийг нэг бүрчлэн бүртгэж, тоо гаргана гэдэг бас ч амаргүй ажил гэдэг нь тодорхой юм. Ялангуяа нэрт эрдэмтний зохиол бүтээлээ бичиж байсан тухайн цаг үед техник технологийн хөгжил өнөөгийн зэрэгт хүрээгүй байсны дээр компьютер ашиглан бүртгэл хийх арга хараахан нэвтрээгүй байсан билээ. Ийм л нөхцөл байдалд монгол хэлнийхээ үгийн санг тооцоолон хэлнэ гэдэг нь хэн хүний ам бардам дуугарч чадах зүйл биш байсан хэдий ч “…Оросын олон эрдэмтний зохиосон монгол орос толь бичгийн зэрэг зүйлээс Монголын утга зохиолын хэлний баялгийг мэдэж болохын дээр, монгол хуучин толь бичгийн зүйл, монгол дорнод хоёр хэлний толь бичгийн зэрэг зүйлд гардаг үгийн зүйлийг бүдүүвчилбэл нэгэн буман үг бардаагаар бий гэж болно” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээн тухайн үедээ тэмдэглэн үлдээжээ. Нэрт эрдэмтний маань XX зууны дунд үед хэлсэн үгийн үнэ цэнэ өнөө хэр буураагүй бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлд гарсан монгол хэлний томоохон толь бичиг болох “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” /ерөнхий редактор Л.Болд. Уб.,2008/ таван боть бүтээлд “80000 орчим толгой үг, 120000 орчим үг хэллэгийг багтаасан байна”. Эндээс үзвэл бид Ринчен гуайн хэлсэн буман үгийн хэмжээнд монгол хэлний үгийн сангаа бүртгэн гаргасан уу гэвэл бас л бодох асуудал?! Энэ асуултын хариулт болох амаргүй бөгөөд хар ажлыг механикаар бус автоматаар хийх боломжийг өнөөгийн нөхцөлд компьютер хэл шинжлэлийн нэгэн салбар болох хөмрөгийн хэл шинжлэл (Corpus Linguistics) олгож байна. Иймд бид Монголчуудын аман болоод бичгийн зохиол бүтээлүүдийг багтаасан “Монгол уран зохиолын дээжис” /МУЗД 108 боть/-ийн үгийн санг бүртгэлийн аргаар тооцооллоо. Бүртгэлээс үзэхэд МУЗД 108 ботийн үгийн сан нь нийт 7.800.000 (давхардсан) гаруй үг, үүнээс үгийн давтамжийг хасвал 250.000 (хэлбэржсэн үг) орчим үгээс үгийн хэлзүйн хэлбэрийг хасан үндсээрээ байгаа үгийг бүртгэн, монгол хэлний үгийн сангийн бодит тоог гаргах ажлыг хийж байгаа бөгөөд нэгэн баримтыг сонирхуулан дурдахад Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” (1970 он) роман нь нийт 170.000 орчим үгтэйгээс 19900 гаруй нь давтамжийг нь хассан хэлбэржсэн үг болно. 19900 орчим хэлбэржсэн үгийн хэлзүйн хэлбэржилтийг хасахад үндсээрээ байгаа үг нь 6200 гаруй. Эндээс “Ч.Лодойдамба зохиолч “Тунгалаг Тамир” романаа 6200 гаруй үгийн хүрээнд бичжээ” гэсэн дүгнэлт гарч байгаа ба энэ аргаараа найруулгын бусад төрлийн эхүүдэд суурилан монгол хэлнийхээ үгийн санг бүртгэн гаргах боломжтойн дээр зохиолч бүрийн, зохиол бүрийн үгийн санг ч тооцоолох боломжтой юм. Энэ нь нэг талаар монгол хэлний үгийн санг цуваа цагийн үүднээс судлахад гол хэрэглэгдэхүүн хангаж өгөхийн зэрэгцээ сав, шимийн ертөнц дэх элдэв бусын үзэгдэл юмстай харьцуулахад хэл нь харьцангуй тогтонги болоод харьцангуй хөдлөнги шинжтэй, эдгээр шинж нь хэлний түвшин бүрт харилцан адилгүй нөлөөлж, харилцан адилгүй үйлчилдгийг илэрхийлэх баталгаат баримт болно. Мөн түүнчлэн Б.Ринчен амбугайн “Энэ бол дэмий шалиг асуулт биш. Бид, өөрийнхөө хэлийг аль хир мэддэг вэ. Манай мэдлэг сонирхлын хүрээ аль хир өргөн байна, бидний уншсан мэдсэний дэлгэр хомс нь аль хир байна гэдгийг магадлаж мэдэхэд хэрэгтэй сонин асуулт гэж үзэлтэй” /Ринчен Б. 1950. х.29/ хэмээсний нэг талын ч гэсэн хариулт болох буй заа.

Монгол хэл маань үгийн сангийн хувьд нэг бүрчлэн тогтоохын аргагүй баялаг, хэл найруулгын хувьд дүрслэхийн аргагүй уран яруу, тансаг бөгөөд энэ нь монголын утга зохиолын хэлийг бүрдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг болох уран зохиолын хэлээр илрэн баталгаажихын зэрэгцээ амьдралын нөхцөл өөрчлөгдөж, нийгэм хувьсах тутам хэл аажмаар өөрчлөлтийг бататган илэрхийлэх шаардлагатай болдог. Энэхүү шаардлагыг хангахын тулд шинжлэх ухаан, техник, соёл түүхийн ухагдахууныг илэрхийлсэн шинэ үг бүтээх, эсвэл хуучин үгийг сэргээн хэрэглэх, бүр эсвэл харь хэлний үгийг зээлдэн авч хэрэглэх зэргээр хэлнийхээ үгийн санг нэмэн баяжуулж байдаг бөгөөд энэхүү процесс нь эхлэл болоод төгсгөл нь үл мэдэгдэх, үл тасрах цуваа адил тасралтгүй болоод төгсгөлгүйгээр үргэлжилдэг, мөн үгийн утга, утгын өөрчлөлт нь тухайн үндэстний сэтгэхүйн онцлогтой нягт уялдаатай байдаг талаар үгийн утгын онолын суурь асуудлуудыг ихэд энгийнээр бусад хэлний онцлогтой уялдуулан харьцуулан бичжээ. Иймээс эдүгээ хүртэл нэрт эрдэмтний маань жаран хэдэн жилийн өмнө бичсэн энэхүү өгүүлэл нь үеийн үеийн үгийн сан судлаачдын эн тэргүүнд барьж авч уншдаг судалгааны гол бүтээл, хэрэглэгдэхүүн болсоор байгаа нь “ҮГИЙН УТГА УЧИР” өгүүллийн үнэ цэнэ буюу.

/ Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэм” сониноос/