Алтай Хэл Судлаач Бямбын Ринчен


Доктор Д.Уртнасан

Алтай судлаач ба алтай хэл судлаач хэмээх хоёр ухагдахуун нь нэг нь нөгөөдөө багтах ч ойлгогдох хүрээ нь адилгүй. Их эрдэмтэн Бямбын Ринчен нь алтай судлаач, алтай хэл судлаачийн аль аль нь ч юм. Тэрбээр монгол хэл шинжлэлийн хилээс давж алтай бүлгийн олон хэлнүүдийн тухай судалсан гэхээс илүү монгол хэл шинжлэлийн хүрээнд алтай хэл судлалын эрэл хайгуулыг чамгүй сайн хийжээ.

Б.Ринчен Алтай хэлнүүд гарал үүслийн хувьд төрөл гэсэн зарчмыг баримталдаг байсныг нь “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлийнх нь нэгдүгээр дэвтэрт  “…Бас тухайн хэлийг уг гарлаараа ямар хэлтэй төрөл нэгтэй болохыг ажин судалж, гарал төрлөөр нь аймаглан ангилахад манай монгол хэл түрэг, хамниган хэлтэй төрөл болдог учир монгол, түрэг, хамниган гурван хэлийг түрэг, монголын түүх домогт үлэмж гардаг Алтай гэдэг уулын нэрээр Алтайн овогтон хэл буюу Алтай язгуур хэл гэж хэл шинжлэлд нэрлэдэг болжээ” гэж өгүүлснээс харж болно.

Б. Ринчен идэр залуу үеэсээ хамниганчуудын дунд ажиллаж, 1927 оноос эхлэн цуглуулсан эх хэрэглэгдэхүүндээ түшиглэж бичсэн “Монгол ард улсын хамниган аялгуу” (1969) гэдэг ганц сэдэвт бүтээл бол хамниганчуудын талаарх дорвитой анхны эрдэм шинжилгээний судалгаа юм. Энэхүү бүтээл нь олон улсын алтай судлалын чиглэлээр гарсан бүтээлүүд дотор тодорхой байр эзэлдэг билээ. Мөн “Монгол ард улсын түрэг хэлтэн” хэмээх ганц сэдэвт бүтээл туурвисан ч тэр нь хэвлэгдээгүй гэдэг. Ер нь Б. Ринчен бол алтай бүлгийн хэл болох монгол, түрэг, манж хэлний харилцаа буюу манж-түнгүс хэлний нэгэн салбар болох Монгол улс дахь хамниган аялгууны талаар дорвитой бүтээл үлдээсэн алтай хэл судлаач юм. Тэрбээр өнгөц нэгэн судлаач байсангүй хэл шинжлэлийн ухаанд мэргэшсэн, онолыг практиктай нь хослуулж ул суурьтай судалгаа хийдэг хэл шинжлэлч байжээ.

Б. Ринчен нь Олон Улсын Алтай Судлалын Байнгын Хурал (PIAC), Индиана Их Сургуулийн Алтай судлалын алтан медалиар аль тэртээ 1965 онд шагнуулжээ. Тэр үед уг нэр хүндтэй шагналаар шагнуулсан гурав дахь эрдэмтэн байсан юм. Энэ нь хагас зууны өмнө л дэлхий нийт түүнийг нэрт алтай судлаачаар хүлээн зөвшөөрсний гэрч. Одоогоор тус шагналыг 19 орны 51 эрдэмтэн хүртээд байгаа билээ.

/ Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэм” сониноос/