Академич Бямбын Ринчен


 

Доктор О.Шинэбаяр

 

Б.Ринчен бол монголын соёл, шинжлэх ухаан, утга зохиол урлагийн салбарт хэн нэгнийг аялдан дагалгүй, өөрийн гэсэн хэзээ ч үл балрам зам мөрөө гаргасан суут хүмүүн буюу нийгэм түүхийн цогц үзэгдэл юм. Учир нь тэрээр монголын уран зохиол, сэтгүүлзүй, хэлшинжлэл, нэр томьёо судлал, алтай судлал, монголын түүх судлал, угсаатны зүй, бөө судлал, соёл судлал мөн орчуулгын онол, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг хэлбичиг, хүмүүнлэгийн ухааны олон салбараар гарамгай мэргэшсэн эрдэмтэн билээ. Мөн үүний дээр монгол орны өнөөгийн нийгэм, шинжлэх ухааны хөгжилд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа шилдэг мэргэжилтнүүдийг төрүүлэн гаргасан суут багш, мэргэн зөвлөгч, гарамгай зохион байгуулагч байсныг дурдах ёстой.

 

Тэрээр Монгол судлалын олон салбарыг дэлхий дахинаа хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд  түүний зүтгэл санаачилгаар 1950 хэдэн оны сүүлээс “Монголын судлал”, “Хэл зохиол судлал”, “Аман зохиол судлал”, “Дурсгалт бичгийн чуулган” зэрэг цуврал бичиг тогтмол хэвлэгдэх болсны дээр германы “Азийн судлал” /Aziatische forschungen/ цувралд монгол ардын баатарлаг туульс, бөө мөргөлийн аман зохиолын дурсгалуудыг судалгааны дэлгэрэнгүй оршлын хамт /франц хэлээр/  хэвлүүлж байсан нь өрнөдийн судлаачдын анхаарлыг татсан юм.

 

Түүнчлэн Б.Ринчен монгол орны гадаад харилцаа харьцангуй хязгаарлагдмал байсан тэр үед /1959 он/ Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв нартай хамтран олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурлыг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ хурал нь дэлхийн олон орны монголч эрдэмтний үйл ажиллагаа болон хүчин зүтгэлийг нэгтгэн өгч, олон улсын монголын судлалд нэгэн шинэ үе шатыг нээснээрээ ач холбогдолтой болжээ.

 

Б.Ринчений эрдэм судлалын бүтээлийг олон улсын монгол судлаачид хүлээн зөвшөөрөн, бахархдгийн нэгэн адилаар түүний туурвисан уран зохиолыг ч манай дэлхийн олон уншигч амтархан уншиж, хэдийнээ танил болсон билээ.

 

УРАН ЗОХИОЛ 

 

Тэрээр Монголын орчин үеийн уран зохиолд түүхэн болон баримтат хэрэг явдлыг уран сайхнаар боловсруулах үнэтэй туршлагыг бий болгосны хувьд түүхэн тууж, роман бичсэний зэрэгцээ монгол өгүүллэгийн төрөл зүйлийн хөгжлийг “түүхэн туурь“, “найруулал” хэмээх өвөрмөц хэлбэрээр  баяжуулсан юм. Түүний уран бүтээл туурвих онцлог, ур чадварыг  орчин цаг үеийнхээ хөгжлийн ололтыг гярхай ажиглаж, нийгэм цаг үеийнхээ дүр төрхийг хурцаар дүрслэн өгүүлсэн дайчин найрууллаас, өрнийн утга зохиолын уламжлал бүхий соён гийгүүлэх чиглэлээр туурвисан туурь, өгүүллэг рүү хандуулан судалж үзэж болох юм. Эдгээр нь: Нэгдүгээрт цаг үеэ оновчтойгоор мэдэрч тусган харуулсан хоёрдугаарт: бодит баримтыг уран сайхнаар хэрхэн боловсруулах туршлагыг тухайн цагтаа бий болгож, гуравдугаарт: монгол түмний түүхэн явдал, түүхт хүмүүс болоод хувьсгалын үрээр шинэчлэгдэн хөгжиж буй монгол орны “шинэ хүн”-ий дүрийг яруу сайхнаар нээн харуулснаараа онцлог байлаа.

 

СУДЛАГДСАН БАЙДАЛ:

 

Ардчилал шинэчлэл хөгжсөн өнөөгийн өндөрлөгөөс эргэн ажиглахад Б.Ринчений  уран бүтээлийг судлах суртчилах гэхээсээ шүүмжлэх чиглэл нь давамгайлж, түүний бүтээлд хандсан байдал, өгсөн үнэлэлт нь ихээхэн зөрчилтэй, гажуудалтай явж ирсэн нь харагддаг юм. Тухайлбал: 1950-аад оны сүүл үеэс МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчооны захиа даалгавраар зарим уран зохиол судлаач, шүүмжлэгчдийг Ринчений эсрэг хандуулж, зохиол бүтээлийг нь зориуд  мушгин гуйвуулсан шүүмж  олныг бичүүлж байжээ.

 

Үүнд: Д.Сэнгээ ”Далан настанд даруулга хэрэгтэй” [Үнэн.1957.№90], “Доктор Ринчений сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” [Намын амьдрал.1959.№7], “Доктор Ринчений сүүлийн үеийн бүтээл дахь зарим харш үзэл санааны тухай” [МАХН-ын ТХУТТ-ны 1959.VII.3-ны тогтоол], “Бидний эгнээнд хөрөнгөтний үзэлтэнд байр байхгүй” [Үнэн.1959.№289], С.Дашдэндэв нар “Үндэсний явцуу илрэлтэй эрс тэмцье” [Үнэн.1959.№194], Г.Жамсранжав нар “Эх оронч үзэл үү? Аль эсвэл…” [Үнэн.1959.№197], “Эх оронч үзэл үү? Үндэсний явцуу үзэл үү? [Соёл утга зохиол.1959.№34], Ц.Хасбаатар “Буруугаа хүлээж байна” [Соёл утга зохиол.1959.№51] зэрэг шүүмжүүдээс үзэхэд түүний эсрэг ямархуу хүнд суртлын нүсэр аппарат ажиллаж, зохиол бүтээл бичих хэвлэн нийтлэх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байсан нь илт билээ.

 

Харин түүний бүтээлийг судлах, сурталчилах тухайд, монголын эрдэмтэн С.Лувсанвандан, Чой.Лувсанжав, Д.Цэнд, Ц.Шагдарсүрэн, О.Адьяа, Г.Ловор түүнчлэн орчуулагч Г.Аким, зохиолч Т.Галсан, Г.Дүйнхэржав . . . нар, гадаадын Г.Михайлов, Л.К.Герасимович, Хангин Гомбожав, В.Хайссиг, Л.Лигети, Ж.Кара, Ш.Б.Чимитдоржиев . . . зэрэг монгол судлаачид үнэлж дүгнэжээ.

 

Тухайлбал: Д.Цэнд “Ринчений түүхэн роман” /1989/, Ц.Шагдарсүрэн “Номун далай Йөншөөбүү Бямбын Ринчен” /1990/, Г.Аким “Орой руу орсон үг” /1990/, “Бэрх утгыг мэдэн чадагч” /1991/, С.Лувсанвандан “Зохиолч Б.Ринчен” /1991/, Д.Дашдорж “Б.Ринчен-Ардын билиг зүй судлаач нэрт эрдэмтэн мөн” /1989/, Ц.Хасбаатар “Ринчен гуайн тухай дуртгал” /1990/, Г.Ловор “Ри багшийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа” /1990/, Ц.Цэдэнжав “Алдарт эрдэмтэн зохиолч Б.Ринчен” /1990/, Д.Өлзийбаяр “Түүхэн өгүүллэгүүдийн онцлог” /1995/, Ц.Шагдарсүрэн “Багш юугаан дурсахын учир” /2003/, О.Адъяа “Их дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч Бямбын Ринчен” /2003/, Г.Галбаяр “Академич Б.Ринчений гар бичмэл шүлгүүдийн тухай” /2005/ гэх мэт  өгүүллүүд хэвлэгджээ.

 

Үүнээс гадна, түүний орчуулах эрдмийн талаар бичсэн өгүүллүүдийн эмхтгэл “Марк Твений минь махы нь идэж дээ” /1991/, “Егүүтгэгдсэн заяа”/2002/, зохиолч Г.Дүйнхэржав  Ринчений хилс хэрэгт хэлмэгдэж шоронд байх таван жилийн хугацаанд хэрхэн Дотоод яамны ажилтнуудад байцаалгаж мэдүүлэг өгч байсныг архивын материалд үндэслэн “Тамын тогоонд таван жил” /1991/, Д.Цэнд “Бямбын Ринчен” /2001/, Ц.Шагдарсүрэн, О.Адъяа “Бямбын Ринчен” /2003/, Г.Ловор “Монголын за андагаар буй за” /2000/, “Номч мэргэн гүүш Б.Ринченг дурсахуй” эмхтгэл /2005/, Ш.Б.Чимитдоржиев “Академик Бимбын Ринчен выдающийся учёный и писатель” /2005/ зэрэг бүтээлүүд гарсны дээр, 2005 онд Монгол Улсын ШУА “Шинжлэх ухааны академийн мэдээ” сэтгүүл /2005 №3/-ийг Б.Ринчений мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэвлэн гаргасныг тэмдэглэж байна.