“Монгол Угсаатан Бүрэлдсэн Болон Монголчуудын Гарал Үүслийн Цогц Судалгаа”


“МОНГОЛ УГСААТАН БҮРЭЛДСЭН БОЛОН МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦОГЦ СУДАЛГАА” ҮНДЭСНИЙ ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН “ХҮННҮ БА ЭРТНИЙ ТҮҮХИЙН СУДАЛГААНЫ САЛБАР”-ЫН БАГИЙН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ

Хугацаа: 2015. 20 /YII – 19 /YIII (30 хоног)

Зорилго: ШУА-ийн Түүх, Ахеологийн хүрээлэнгийн “Хүннү ба эртний түүх судлалын салбар”-ын хэрэгжүүлсэн “Монгол угсаатан бүрэлдсэн болон монголчуудын гарал үүслийн цогц судалгаа” Үндэсний төслийн Дорнод бүсийн экспедиц нь Монгол нутгийн зүүн нутгаар тархсан дөрвөлжин булшны соёлын эздийн он цагийг урьдчилсан байдлаар тогтоох болон генетикийн шинжилгээнд хамруулах судалгааны дээж хэрэглэгдэхүүн олж илрүүлэхэд чиглэгдсэн болно. Энэ хүрээнд зүүн бүсийн урьд өмнө судалгааны эргэлтэнд орсон хэд хэдэн газрын дурсгалаас малтан судлах захиалгыг төслийн удирдлагаас бидэнд тавьсан болно. Үүнд, Хэнтий аймгийн Норовлин сумын Баруун Буурал уул, Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ханан уулын дөрвөлжин булшнууд болно.

Бүрэлдэхүүн: С.Өлзийбаяр (Ph.D) – хээрийн судалгааны багийн ахлагч
Б.Батсүрэн (Ph.D), Б.Очир (MA) Г.Одмагнай (MA) – ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн ЭША, Э.Батхуяг (археологич), Ё.Дэлгэрхүү (археологич), Э.Ганхуяг (угсаатан судлаач), Х.Мөнхбаяр (жолооч) нарын нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

МАЛТЛАГА СУДАЛГАА

А. Буурал ууланд хийсэн малтлага

Норовлин сумын төвөөс зүүн хойш Улз голын хөндийд 40 орчим км алслагдсан Буурал хэмээх холбоо уул байх бөгөөд нутгийнхан ертөнцийн зүгээр баруун, зүүн хэмээн ялган нэрлэх аж. Бидний томилолтонд Баруун Буурал уулын дөрвөлжин булш гэж тэмдэглэгдсэн байх боловч тэнд ямар нэгэн дурсгал байсангүй. Харин Зүүн Буурал ууланд хүрэл, төмрийн түрүү үед холбогдох 20 орчим дөрвөлжин булш, тахилын байгууламж түүний дотор эртний түрэгийн үед хамаарч болох хөшөө бүхий 3 байгууламж (ухагдсан) зэргийг бүртгэж, үүнээс 4 дурсгалыг малтан шинжилсэн болно. Энэ газрын дурдсан дурсгалууд нь Буурал уулын боржин чулуун хадыг шууд газар дээр нь ашиглах замаар хийсэн байна.

Б. Сэрүүний хөндийд хийсэн малтлага судалгаа

Биндэр сумын нутаг Сэрүүний хөндийн Хөшөө чулуут хэмээх газарт хүрэл, төмрийн түрүү үед холбогдох 40 гаран дөрвөлжин булш, тахилын байгууламжийг бүртгэж, үүнээс 6 дурсгалыг малтан шинжилсэн болно. Энэ газрын дурдсан дурсгалуудыг үйлдэхдээ хавтгай билүү чулууг тээвэрлэн авчирч хийсэн бөгөөд Галттайн голын зүүн бие Баян хошуу уул буюу даруй 10 –аад км- ын цаанаас зөөвөрлөжээ. Дурсгалуудын нийтлэг онцлог нь нимгэн хавтгай чулууг хавиргалан босгохдоо аль нэгэн талын хашлагыг бусдаас өндөр хийх (бидний малтсан №5 булшны урд хана ийнхүү анх өндөр хийгдсэн бололтой байсан бөгөөд арагш унахдаа булшны таглаа мэт болсон байдалтай байв), бараг тал хувьд нь зүүн хашлагын ханаас 10-аад метр зайд чулуу босгож, хөшөө сэргэ маягийн зүйл гозойлгон босгосон онцлогтой байна. Эдгээр дурсгалуудын дундаж хэмжээ манаас чулууг оруулан тооцоход 3х6 м хэмжээтэй Монгол, Өвөрбайгалын нутагт тархсан мөн дурсгалын дундаж хэмжээтэй дүйцнэ. Энэ газрын дурсгалуудын зарим хэсгийг урьд өмнө ухаж төнхсөн ул мөр илт мэдэгдэх бөгөөд магадгүй өмнөх үеийн судалгаанд хамрагдсан байж болох талтайг үгүйсгэх аргагүй бөгөөд судалгааны тайлангуудыг нягтлан шүүж үзэх нь зүйтэй болно.

В. Ханан ууланд хийсэн малтлага судалгаа

Дэлгэрхаан сумын төвөөс баруун тийш 20 гаран км зайд Хэрлэн Баянулаан уулын урд үзүүр Ханан уулын энгэрт хүрэл, төмрийн түрүү үед холбогдох 50 гаран дөрвөлжин булш, тахилын байгууламж, эртний түрэгийн 1 хос тахилын онгон зэргийг бүртгэж, үүнээс 4 дурсгалыг малтан шинжилсэн болно. Энэ газрын дудсан дурсгалуудыг Ханан уулын хавтгай цуулбар хадыг шууд газар дээр нь ашиглах замаар хийсэн байна. Дурсгалууд төвлөрсөн амны дээд хэсэгт хавтгай чулуудыг ханаруулан өрж тусгай тавцан засаж томхон хашлага бүхий дурсгалуудыг хийсэн байна. Мөн жижиг хэмжээтэй хэд хэдэн дурсгалууд бий. Уулын шил болон зүүн суганд хэмжээгээр харьцангуй том 4 байгууламжийг ухаж, нүхийг булалгүй хаяжээ. Бид сүрлэг, бараа ихтэй төвлөрсөн байгууламжууд их төлөв тахилын зориулалттай, хоосон байх магадлал их байдгийг тооцож, төвлөрлийн доод захаар тусгайдуу байрлах дундаж хэмжээтэй 4 байгууламжийг сонгон малтсан болно

Товч мэдээ бичсэн: ………………………………… С.Өлзийбаяр (Доктор, Ph.D)