Хүннү Ба Эртний Түүхийн Судалгааны Салбарын Гүйцэтгэсэн “Онон-2015” Хээрийн Судалгааны Ажлын Товч Мэдээ


Хугацаа: 2015. 20/YIII – 19/IX (30 хоног)
Зорилго: ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн “Эртний Дотоод Азийн түүхэн орон зай дахь монгол хэлт аймгууд” сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн “Онон-2015” төслийн дагуу Онон голын сав газрын зарим нутгаар сяньби, жужан, кидан зэрэг монгол аймгуудад холбогдож болох дурсгалыг эрэн сурвалжлах, МНТ-нд тэмдэглэгдсэн “Ихэсийн газар”-ын байрлалыг тогтоох болон сүүлийн жилүүдэд зарим судлаачдын зүгээс эрчимтэй тавих болсон Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ламын ухаа орчмыг “Дэлүүн болдог” хэмээн үзэх болсныг шалгах оролдлого хийх зорилго тавьсан болно.

Бүрэлдэхүүн: С.Өлзийбаяр (доктор, Ph.D) – хээрийн судалгааны багийн ахлагч

Б.Батсүрэн (Ph.D), Б.Очир (MA) Г.Одмагнай (MA) – ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн ЭША, Э.Батхуяг (археологич), Ё.Дэлгэрхүү (археологич), Э.Ганхуяг (угсаатан судлаач), Х.Мөнхбаяр (жолооч) нарын нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.
А. Мэргэн хөтөлд хийгдсэн судалгаа

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Мэргэн хөтлийн давааны урд үзүүр болох Тахилтын үзүүрийн хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булшнуудыг анх Биндэр сумын харъат түүхийн багш Д.Мишүүлэн, багш Д.Үржинсүх нар 2014 онд “Дэлүүн болдогийн байршил тогтоох” төслийн хүрээнд илрүүлсэн байна. Энд 20 орчим дусгалууд тэмдэглэгдсэн бөгөөд орчны боржин чулуу ашиглан хийсэн бөгөөд чулууны хэлбэрээс хамааран хавиргалан босгох бололцоогүй тул дөрвөлжин хүрээ хийх маягаар өрлөг хийсэн онцлогтой байна. Дийлэнх дурсгалуудын анхны байдал эвдэрч, ихээхэн өөр харагдах болжээ. Энд хоёр дурсгал малтан судлав.

Булш № 1. Өнгөн хөрсний цэвэрлэгээний дараах байдлаар 4х4 м хэмжээтэй. малтлагын явцад хөндлөн төвгөр болон ташуу хээ гаргасан харьцангуй шатаалт сайн, нарийн ур хийц бүхий ваарны хагархай (гэрэл зураг-8,9) илэрсэн болно. Энд оршуулга үйлдээгүй байна.

Булш № 2. Өнгөн хөрсний цэвэрлэгээний дараах байдлаар 5 x 6 м хэмжээтэй. Цэвэрлэгээний явцад Булш №1-ийн адил хийцтэй хар ваарны хагархайнууд илэрсэн ба малтлагын гүн 90 см-т байгалийн хөрс гарав.

Б. Ламын ухаад хийгдсэн малтлага

Монголын олон судлаачдын сүүлийн жилүүдэд хүлээн зөвшөөрөх болсон их Чингис хааны мэндэлсэн “Дэлүүн болдог”-ийг Биндэр сумын төвийн урд талын Ламын ухааг мөн гэж үздэг хандлагыг нягтлан шалгах шаардлага зүй ёсоор гарч байгаа болно. 2014 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Дэлүүн болдог судлалын “Эрхин төв” ТББ хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд энд хайгуул судалгаа хийсэн болно. Хуучин Ламын хүрээг эртний ямар нэгэн соёлт ул хөрсөн дээр барьсан байх магадлалыг шалган үзэх зорилгоор харьцангуй эртний хэв шинжтэй байж болох үл мэдэгдэм харагдах болсон зарим байгууламжинд 1х1 м харьцаатай тигээр сорилтын малталт 6 хэсэг газарт хийж үзэв. Малтлагаар Ламын хүрээний дугануудын шороо хатууруулан хийсэн ханын суурь, чулуун шал, газарт нэг талыг үзүүрлэн зоож хийсэн модон шургааг бүхий хашааны үлдэц болон зарим хадаас, цүүц зэрэг төмөрлөг эдлэл илрэв. №1А сорилтын нүхнээс Ламын хүрээний давхаргын дороос эртний шинжтэй ваарны хагархай илэрсэн нь энэ хавь нутагт дундад эртний үед хүн нутаглаж байсны тодорхой илрэл болно. Мөн Ламын хүрээний туурийн төвлөрөлөөс хойш зайдуу орших хэд хэдэн гэрийн хэлбэрт дугуйвтар тусгайлан зассан бууриуд нь Ламын хүрээний байгууламжуудын үлдэцээс хэлбэрийн хувьд ихээхэн өөр байгаа нь анхаарал татаж байна. Энд хийсэн талбайн малталт нь маш бага хэсгийг хамарсан учраас тухайн газрын соёлт давхаргыг бүрэн илэрхийлэх бололцоо байхгүй нь тодорхой юм.

В. БАЯНГОЛЫН АДАГТ ХИЙСЭН МАЛТЛАГА

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Баянголын адаг, Улаанүзүүр уулын зүүн хөндийд орших дөрвөлжин хашлагатай 7 ш нэг эгнээ үүсгэсэн байгууламжийн голын 2 дурсгалыг малтан судлав. Бүлэг дурсгалын урд болон хойд этгээдээс зүүн зүгт босгосон тус бүртээ босоо үлдсэн нь 3-4 ш чулуу бүхий 2 эгнээ зэл (балбал) чулуу босгосон байна. 2002 онд археологич Д.Наваан Баянголын баруун этгээдэд ийм байгууламж малтсан бөгөөд тахилын зориулалттай болохыг тогтоосон бол 2003 онд археологич З.Батсайхан Улаанүзүүр уулын зүүн үзүүрт мөн ийм байгууламж малтан, түрэгийн морьт оршуулгын төлөөлөл гэж тус тус үзсэн байдаг. Бид энэ удаад Баянгол № 1а, 1б гэж тэмдэглэн 2 байгууламжийг малтсан болно. Баянголын орчимд хийсэн малтлагаар оршуулгын зан үйл илрээгүй бөгөөд тэдгээрийн гадна хэлбэр, зэл чулуу босгосон байдал болон түүний орчимд түрэг хүн чулуу байрлана. Мөн түрэгийн оршуулга урьд өмнө түүний хавь орчмоос илэрч байсантай холбогдуулан бид үүнийг монгол нутагт МЭ YI-YIII зууны эхээр оршиж байсан эртний түрэгүүдийн үлдээсэн тахилын онгон байж болно хэмээх дүгнэлт хийлээ.

Эрхийтолгой № 1. Чингисийн хэрмийн урд дэв, Эрхий толгойн арын шилд өнгөн хөрсөн дээр үлд мэдэгдэм хэдэн чулуу цухуйх төдий харагдана. Түүнийг тойруулан өнгөн хөрний хуулалт хийж цэвэрлэхэд дунджаар 6 х 5 м хэмжээтэй дугуйвтар хэлбэртэй, дан чулуун өрлөг тодров. Чингисийн хэрмээс мөн ийм дан өрлөг бүхий Бурхотуйн соёл гэгдэх дундад эртний үед холбогдох хэд хэдэн булш илрүүлж малтаж байсан бөгөөд мөн үүнийг дээр дурдсан булшны төлөөлөл хэмээн урьдчилан үзсэн болно. Чулуун дараасыг бүх талбайгаар хуулан авч булшны нүхний толбо илрүүлэх зорилгоор дунджаар 50 см орчим гүн малтахад дараасын төв хэсгээс адууны тоног бололтой төмөр хэл, хүрэл арал бүхий гархины хугархай, түүний дороос шатсан модны нүүрсний багавтар өөдөс зэрэг илрэв. Цэвэрлэгээний явцад чулуун дараас болон түүний дор эртний хөрсөн дээр олон хэсэг газраас адууны шүд, эрүүний хугархай таарч байв. Гэрэл зурган дээр адууны шүд илэрсэн газрыг жижиг улаан дарцаг хатгаж тэмдэглэсэн болно. Энэхүү байгууламж нь монгол орны нутагт хүрэл төмрийн түрүү эрин үеийн оршин суугчдын үлдээсэн хиргисүүр, дөрвөлжин булш зэргээс эхлэн дундад үеийн түрэгийн тахилын онгон хүртэл урт удаан хугацааны туршид нүүдэлчдийн дунд хадгалагдсаар ирсэн адуу шүтлэгт зан үйлийн илрэл болох тахилын байгууламж гэж үзлээ. Хүрэл, төмрийн холимог бүхий гархины хийцээс үзэхэд уг байгууламжийг МЭ YII-YIII зууны үеийн нүүдэлчдийн үлдээсэн тахилын байгууламж гэж урьдчилсан байдлаар үзлээ.

Товч мэдээ бичсэн : ………………………………… С.Өлзийбаяр (Доктор, Ph.D)