“Xvii Зууны Монголын Хотууд” Үндэсний Төсөл


САРЬДАГИЙН ХИЙДЭД ЯВУУЛСАН 2015 ОНЫ МАЛТЛАГА СУДАЛГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун анх санаачлан хэрэгжүүлж буй “XVII зууны Монголын хотууд” төслийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт 2013 оноос эхлэн малтлага судалгаа явуулж байна. 2015 оны судалгааг 6 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 26 хүртэл хийсэн байна. Судалгааны ангийн бүрэлдэхүүнд төслийн ахлагч С.Чулуун, төслийн зохицуулагч Б.Цогтбаатар, Талбайн ахлагч Э.Уртнасан болон тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний 15 ажилтан, туслах ажилтнаар МУИС, МУБИС, Улаанбаатарын их сургуулийн мэргэлжийн ангийн оюутанууд оролцон 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Бид хийдийн туурьт малтлага судалгаа явуулахаас гадна угсаатны зүйн судалгаа, малтлагаар илэрсэн болон ургаа модноос дээж авч МУИС-д судалгаа хийж байгаагаас гадна Япон улсын Нара Их сургуультай хамтран ажиллаж хийдийн цогчин дуганд 3D зураглал хийсэн байна.

2015 онд хийдийн төвд байрлах гадуураа хэрэм хашаа бүхий цогчин дуганд малтлага судалгаа хийсэн байна. Энэ удаагийн малтлагаар 2014 онд малтсан цогчин дуганы хоймор хэсгийг гүйцээж малтах, цогчин дуганы төв заал болон хэрмийн урд хаалга, хэрмэн дотор зарим газар сорьц малтлага хийхээс гадна хийдийн ойр орчмоор зарим зохион байгуулалт тодорхойгүй газар сорьц малтлага хийсэн болно.

2015 онд хийдийн орчмоор нарийвчилсан хайгуул хийж барилгын довжоо 2, барилгын туурь нэгийг илрүүлэн олсон байна. Мөн хэрмийн гадуур хуурай шургаагаар хашаа барьж хамгааллаа. Малтлагаар илэрсэн олдворуудыг газар дээр бэхжүүлэх, наах, бүртгэн баримтжуулах ажлыг хийсэн байна.

Сарьдагийн хийдийн хэрэм бүхий цогчин дуганд ажиллаж хойморт нь баруун, зүүн буланд суугаа байдалтай 4 орчим метр өндөр шавар бурхан, түүний урд талд баруун, зүүн хана дагуу тус бүр 5 ширхэг босоо бурхан байсныг тогтоон баримтжуулалт хийлээ. Мөн хоймор нь 10 ширхэг баганатай, түүнээс төв хэсэгт байгаа 2 багана нь боржин чулууг засаж янзалсан суурьтай байжээ. Харин дуганы төв заал нь модон шалтай, голдоо чулуугаар хийсэн шалтай байжээ. Заал нь хоорондоо 2.5-3 м зайтай, 40х40 см хэмжээтэй 56 баганатай байна. Төв заал нь баруун, зүүн болон урд талдаа хаалгатай, баруун, зүүн хаалга нь 1.5 м өргөн, урд хаалга нь 2.2 м өргөн байжээ. Мөн дуганы дотор орсон усыг зайлуулах усны сувагтай байжээ.

Хийдийн нуранги, барилгын материал зэргээс үзэхэд цогчин дуган нь 10 орчим метр өндөр, хоёр давхар дээвэртай байжээ хэмээн эхний байдлаар төсөөлж байна. Эхний дээвэр нь улбар шар өнгөтэй бол дээд талынх нь алтан шаргал өнгөтэй байна. Хэрэм болон цогчин дугана руу орохдоо хажуу талаас нь шатаар өгсөж төв хаалгаар ордог байсан нь малтлагаар илэрсэн болно. Мөн хийдийн бүх барилгын хана туурга, хэрмийн гадна дотор талыг нэлэнхүйд нь цагаан шохойгоор өнгөлсөн байжээ.

Малтлагаар илэрсэн олдворын зүйл.

Бурхан шашны зүйл
Энэ жилийн малтлагаар шавраар хийсэн олон тооны язгуурын таван бурхан, эрдэнэ тэвэрсэн шавар хээ, өлзийт найман тахил зэргийг шавраар уран нарийн хийсэн эдлэлүүд илэрснээс гадна зэсээр цутгаж хийсэн бурхан багш, хагас хэвэнд цутгасан шавар бурхад, шавраар хийсэн тахилын ширээн дээр тавьдаг үүлэн хээтэй чимэглэл зэрэг илэрсэн байна. Мөн дуганы баруун хойд буланд байсан том бурхны шүншигээс 8 хөлтэй тулга, түүний дээр байсан хүрэл тогоо, тогооны дотор талд шаазан цом, мөнгөн аяга, замбал бурхны эр, эм сахиусан хүрд, эрхины ширхэгүүд илэрсэн байна. Эдгээрийн хойд талд цэргийн дуулга, ялтсан болон хөө хуяг, төмөр илд, жадны шилбэр, цахиур гар буу зэрэг эд өлгийн зүйлийг тавьсан байжээ

Барилгын материал
Дуганы дээвэрт хийсэн ваарууд нь 2 төрлийн хийцтэй илэрсэн. 1. Улбар шар өнгийн том тосгуур болон нөмрөг, нүүр ваар байна. Энэ төрлийн ваар дуганы урд байх саравч болон дуганы дээвэрт ашиглаж байжээ. Нүүр ваар нь хүрдэн хээтэй. Нөгөөх нь жижиг хэлбэртэй алтан шаргал өнгөтэй, нүүр ваар нь бухын нүүрний дүрстэй. Дуганы дээврийн орой хэсэгт ашиглаж байжээ. Малтлагаар барилгын шавар эдлэлээс гадна төмөр эдлэл нэлээдгүй илэрсэн юм. Үүнд: хадаас олон төрлөөр, барилгын багана болон дам нурууг бүслүүрдэх, хэрэм болон дуганы босгоны дээр хадаастай байсан нимгэн төмөр, дуганы хаалган цүү, цуурга, хэрмийн хаалганы төмрөөр хийсэн булан нугас, хэрмийн хаалганы чимэглэл зэрэг болно. 2015 онд Сарьдагийн хийдэд малтлага судалгаа амжилттай хийгдэж дууслаа.

saridagiin_khiid_1???????????????????????????????DSC_4066DSC_0170???????????????????????????????DSC_5700DSC_1831