Монгол-Солонгосын Хамтарсан “Соёлын Өвийг Судалж, Хамгаалах” Төслийн 2015 Оны Археологийн Судалгааны Үр Дүн


Төслийн тухай:

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн БНСУ-ын Соёлын Өвийн Үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 2009 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2009-2011, 2013-2014 онд Говь-Алтай аймгийн бүх сумдын нутгаар археологийн хайгуул судалгааг явуулж тухайн бүс нутагт буй археологийн дурсгалуудыг илрүүлэн бүртгэж баримтжуулах ажил хийсэн. Археологийн хайгуул судалгааны явцад Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 4327 дурсгал олж илрүүлж улмаар “Монголын соёлын өв” 4 боть цуврал тайланг хэвлүүлсэн ба “Монголын соёлын өв” 5 дахь цуврал тайланг хэвлүүлэхээр ажиллаж байна.
2015 оны археологийн судалгаа:

Тус төслийн хээрийн шинжилгээний анги 2015 оны 06-р сарын 02-ноос 06-р сарын 22-ныг дуустал хугацаанд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур сумдын нутгийн зарим газруудад буй түрүү төмрийн үед холбогдох дурсгалуудыг археологийн хээрийн шинжилгээний энгийн, хялбаршуулсан хайгуул судалгааны арга зүйг ашиглан бүртгэн баримтжууллаа.

Судалгааны ажлын үндэслэл, зорилго:

Төмөр зэвсгийн түрүү үед Евразийн тал нутагт эртний нүүдэлчдийн бие биетэйгээ адил төстэй олон соёл оршин байсан билээ. Эдгээрийн нэг нь пазырыкийн соёл юм. Баян-Өлгий аймгийн нутаг дахь түрүү төмрийн үед холбогдох түүх соёлын дурсгалуудыг анх 2004 онд Монгол-Францын хамтарсан “Евразиат” төслийн археологийн хээрийн шинжилгээний анги илрүүлж улмаар нэлээд тооны булш малтан судалсны үр дүнд Баян-Өлгий аймгийн нутагт пазырыкийн соёлын дурсгалууд байгаа болохыг баттай нотолж, ингэснээрээ Монголын түүхийг нэгэн хуудсаар баяжуулж чадсан юм. Монгол, Орос, Казакстан, Хятадын Алтай нь эрт үеэс угсаа соёлын нэгдмэл бүс нутаг байсан нь тодорхой бөгөөд пазырыкийн соёлын тархалт, он цаг, соёлын ба угсаатны онцлог зэрэг асуудлуудыг тодруулан судлахад Монгол улсын нутаг дахь пазырыкийн булшны хэрэглэгдэхүүн зайлшгүй дутагдаж буй юм. Мөн түүнчлэн сүүлийн үеийн дэлхий нийтийг хамарсан их дулаарлаас болж Алтайн нурууны мөнх цэвдэг бүхий булшнууд тун удахгүй бүрэн үгүй болно гэдгийг Оросын судлаачид удаа дараа анхааруулж байгаа билээ. Иймээс Монгол Алтайд пазырыкийн үеийн дурсгалуудыг малтан судалж түрүү төмрийн үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох баримт хэрэглэгдэхүүн бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас Монгол-Солонгосын хамтарсан тус хээрийн шинжилгээний анги Баян-Өлгий аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны өндөрлөг бүсэд орших түрүү төмрийн үед холбогдох пазырык булштай оршуулгын газруудыг үзэж танилцах, улмаар дараа жил малтлага судалгаа хийх оршуулгын дурсгалт газрыг сонгох зорилготой ажилласан болно.

Судалгааны ажлын үр дүн:

Монгол-Солонгосын хамтарсан “Соёлын өвийг судалж, хамгаалах” төслийн хээрийн шинжилгээний анги дээр дурдсан үндэслэл, зорилгын хүрээнд ажиллаж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Харганатын гол – 1, Цагаан асгат – 42, Хар чулуутын гол – 6, Халагаш – 4, Улаанхус сумын Чулуут булаг – 11, Сүм дайрахын уул – 12, Шар булгийн ам – 4, Хар ус – 3, Цэнгэл сумын Сүм дайрахын гол – 9, Хулбайн арал – 7, Бага Түргэний гол – 20, Сыргал – 3, Билүүт – 2, Хүйтэний гол – 10, Цагаан ус – 7, Цагаан усны ам – 5, Арал толгой – 2, Хотон нуурын баруун эрэг – 17, Загастайн гол – 14, Шар дэвсэг – 7, Их хатуу – 6, Цагаан голын урд дэнж – 11, Шивээт хайрхан – 9, Цагаан голын эх – 24, Их Ойгорын голын хойд дэнж – 5, Есөн нуурын Үнхэлцэг – 3, Усай буюу Олон гүүрийн гол – 5, Цагаан салаагийн ам – 2, Бага ойгор гол – 1, нийт 252 пазырык булшны гэрэл зургийг авч газарзүйн солбицлыг тогтоон бүртгэн баримтжуулсан.

 

so02so01

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум,                          Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум,
Загастайн голын пазырык булш                         Шивээт хайрханы пазырык булш

 

Тус төслийн хээрийн шинжилгээний ангийнхан археологийн хайгуул судалгааны үр дүнг хэлэлцэн Шивээт хайрхан уулаас урагш Цагаан голын урд дэнжид байрлах 11 пазырык булш бүхий оршуулгын газрыг сонгож дараа жил буюу 2016 онд малтан шинжлэхээр тогтсон болно.

Танилцуулга бичсэн: Н.Батболд (Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ph)