Ц.энхчимэг: Ил Хант Улсын Хөгжил Европын Дахин Сэргэлтийн Үндэс Болсон


2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үеэрээ тус улсад хадгалагдаж байгаа Ил хант улсын үеийн түүх, дурсгалыг хоёр орны судлаачид хамтран судлах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг болох Ил хант улсын түүхээ монголчууд судлах боломж нээгдэж байна. Нүүдлийн болоод персийн соёлыг зэрэг тээж байсан Ил хант улсын үед анагаах ухаан, одон орон судлал зэрэг салбар өндөр хөгжсөн төдийгүй Европын дахин сэргэлтийн үндэс болсон ч гэж судлаачид үздэг байна. Тэр утгаараа өнөөдөр эхэлж буй “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үлдэх үр дүнгийнхээ хувьд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Монголын түүх эзэнт гүрний бүрэлдэхүүн улсынхаа түүхээр баяжих нь. Тэр хэрээрээ Монголын түүхийг дэлхий нийт сонирхон судалж, анхаарлын төвд орох нь. Сонирхуулахад, Ил хант, Цагаадайн зэрэг Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын түүх манайхаас гадна өдгөө есөн улсын түүхэнд хамаарч буй юм.
Ц.Энхчимэг: Цагаадайн улсын үед бичигдсэн хамгийн алдартай зохиол нь Ибн Харшийн бүтээл
Үүнтэй холбоотойгоор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Ц.Энхчимэгтэй ярилцлаа.
-Хурлаар хэлэлцэх нэг гол сэдэв нь гэрэгэгийн тухай байх юм байна. Гэрэгэгийн дурсгал хэр хадгалагдаж үлдсэн байдаг юм бол?
-XIII зуунаас ч өмнө Гэрэгэг хэрэглэж байсан. Тэгэхдээ хөгжлийн хамгийн оргил үе нь Монголын эзэнт гүрний үед тохиосон гэж үздэг. Энэ бол тухайн элчийн зэрэг зиндаа, халдашгүй дархан эрхийг нь баталгаажуулж байгаа баримт болж байв. Гэрэгэ Монголын эзэнт гүрний нутагт багтаж байсан улс орнуудаас олддог. Олон янзын гэрэгэ бий. Жишээ нь XIX зуунаас эхлээд Оросын нутгаас хэд хэдэн гэрэгэ олдсон байдаг. Газар нутгийн онцлогоос хамаарч хадгалалт нь янз бүр байна. Ихэнх гэрэгэ гадаадад байгаа. Манайд бол Монголын түүхийн музейд дөрвөн хэлний бичээстэй гэрэгэ хадгалагдаж байгаа.
-Таны хувьд “Цагаадайн улс ба Ил хант улсын харилцаа” сэдвээр илтгэл тавих юм байна. Энэ хоёр улсын харилцааны гол онцлог юу байв?
-Монголын эзэнт гүрэн бүрэлдэхүүний хувьд хэдэн улсаас бүрэлддэг. Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хүүдээ газар нутгаа хувааж өгсөн байдаг. Хамгийн ууган хүү Зүчийн нутаг хамгийн алслагдсан, Цагаадайн нутаг Дундад Азид, тодруулбал Сартуул улсыг хамардаг. Харин Ил хант улс хожим 1256 онд Хүлэгү хаан Ойрхи Дорнод, Багдадын Халифт улсыг эзлэн авч Хүлэгүгийн улс буюу Ил хант улсыг байгуулсан байдаг. Энэ үүднээс авч үзэхэд бусад бүрэлдэхүүний улсаас үүслийн хувьд харьцангуй хожуу, 30-аад жилийн дараа байгуулагдсан.
Цагаадайн улс, Ил хант улстай хил залгаа байсан. Цагаадайн улсын газарзүйн байршлыг авч үзэхэд Монголын эзэнт гүрний төв хэсэгт буюу бусад бүрэлдэхүүн улсаар хүрээлэгдсэн байдалтай байв. Тиймээс 1375 онд Европт бүтээсэн Каталоны газрын зурагт Цагаадайн улсыг Төвийн улс гэж тэмдэглэсэн байгаа нь санамсаргүй хэрэг биш. Тухайн үеийн бүрэлдэхүүн улсын хоорондын хил нарийн зааглагдаагүй байсан учраас газар нутгийн маргаан их гардаг байсан. Тиймээс Ил хант улс байгуулагдсаны дараа Цагаадайн улстай газар нутгийн маргаан гарч, зэвсэгт тулалдаан хэд хэдэн удаа болж байсан байдаг.
Чингис хаан газар нутаг хувааж өгөхдөө хөвгүүд тус бүртээ нөгөө хөвгүүдийн газар дээр эзэмших нутгийг зааж өгсөн. Үүний зорилго юу байсан талаар Арабын түүхч Муин ад-Дин Натанзи их оновчтой тодорхойлсон байдаг. “Эрт цагт Чингис хаан газар нутгаа дөрвөн хүүдээ хувааж өгөхдөө хувь улс тус бүрт нь өмчлөх газар өгсөн нь хөвгүүд хоорондоо байнга харилцаатай байж, элч төлөөлөгчид тогтмол солилцож байлаа” гэж тэрбээр бичсэн байдаг. Тэгэхээр Чингис хаан хөвгүүдээ эвтэй найртай байлгахын тулд газар нутаг тус бүрт нь эзэмших газар олгосон нь их ухаалаг бодлого байсан. Тиймээс Ил хант улсад Цагаадайнхны өмчилдөг газар байсан нь лавтай. Цагаадайн удмынханд яг энэ газрыг өгсөн гэсэн баримт олдоогүй ч Монголын эзэнт гүрний түүхийн гол сурвалжийн нэг болж явдаг Ил хан Газаны үед бүтээсэн “Судрын чуулган” гэж гурван боть түүхийн сурвалжид Ил хант улсын Абага хааны үед Масудбек хэмээх сайд Цагаадайн улсаас ирж, инжийн (өмчилж байсан газар) бүртгэлийг хийж, төлбөр тооцоогоо хийхээр ирлээ гэсэн мэдээ байгаа юм. Тэгэхээр Ил хант улсад Цагаадайнхны эзэмшдэг газар байсан, түүний алба татварыг сайд түшмэдүүд гүйцэтгэдэг байсан гэсэн үг юм. Энэ мэтээр өмчийн асуудлаар бас харилцдаг байсан байна. Түүнээс гадна “Судрын чуулган”-д маш олон миниатюр буюу номын гар зураг байдгийн нэг нь Цагаадай хааны оршуулга гэсэн зураг. Ер нь “Судрын чуулган” нь бүх Монголын эзэнт гүрний түүхийг багтаасан бүтээл гэдэг утгаараа Цагаадайн улс, Ил хант улсын түүх, соёлын харилцааны нэг жишээ гэж үзэж болно.
-Эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын ураг төрлийн харилцаа нь ямар байсан юм бол?
-Ураг төрлийн харилцааг илтгэх хэд хэдэн баримт байдаг л даа. Ер нь Чингис хааны орд өргөөнд хан хөвгүүдийн үр хүүхдийг хар багаас нь авч хүмүүжүүлж, боловсрол олгож байв. Нэг ёсондоо ийм уламжлал тогтсон байсан гэсэн үг. Үүний нэг илрэл нь 1259 онд Мөнх хааныг нас барахад Монголын эзэнт гүрэнд хоёр хаан гарч ирсэн. Хубилай, Аригбөх гэж ах дүү хоёр хаан гарч хоёулаа Цагаадайн улсыг мэдэлдээ авахын төлөө тэмцэлдэж байв. Улмаар Аригбөх хажуудаа байсан Цагаадайн ач хүү Алгуг, харин Хубилай хажуудаа байсан Цагаадайн ач хүү Абишкад гэрэгэ зарлигаа тус тус гардуулан Цагаадайн улсын эзнээр явуулж байв. Энэ юуг харуулж байна вэ гэхээр их хаадын ордонд бусад хан хөвгүүдийн ач гуч нар байсан гэдгийг нотолж байна.
-Соёл, боловсролын хувьд аль улс нь илүү байсан бэ?
-Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын аль нэг нь соёлоороо өндөр байсан гэж хэлэх нь зохимжгүй мэт санагдана. Түүхийн шинжлэх ухааны онцлог нь түүхийн эх сурвалж, эд материал дээр тулгуурлаж судалгаагаа явуулдаг. Тэр утгаараа Ил хант улсын талаарх судалгааны эх хэрэглэгдэхүүн, бичиг баримт сэлт өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран улсын архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдан үлдсэнээрээ асар их өв болж байна. Харамсалтай нь Цагаадайн улсын түүхэнд холбогдох баримт мэдээ, эх сурвалж үлдлээ гэсэн мэдээ бараг байдаггүй. Энэ нь Цагаадайн улсын түүхэн хөгжилтэй холбоотой. Цагаадайн улсад нүүдлийн суурин хоёр иргэншил анхнаасаа зэрэгцэн оршиж байсан. Цагаадайн угсааны хаад бүх улсаа захирах үүднээс суурин иргэншилтэй газраа очиж суурьшихад нүүдлийн соёлтой хэсэг нь өвөг дээдсийнхээ уламжлалт шашнаас урвалаа, Их засаг хуулиа дагасангүй гэх шалтгаанаар төрийн эргэлт гаргах тохиолдол олон гарч байсан учраас тухайн үеийн баримт сэлт үрэгдсэн гэж үзэхээс өөр аргагүй. Цагаадайн улсын нутагт бичигдсэн хамгийн алдартай түүхийн зохиол нь Ибн Харшийн бичсэн түүхийн зохиол хойч үед бүрэн үлдсэн байдаг.
-Ямар хэл дээр байдаг юм бэ?
-Цагаадайн улс өөрийн гэсэн албан ёсны хэлтэй. Түүнийг цагаадайн хэл гэдэг. Үүнийг хуучин Узбек хэл гэх мэт янз бүрээр нэрлэдэг боловч энэ бол түрэг хэл биш, түрэгжсэн монгол хэл гэж хэлэх нь зүйд нийцнэ. Цагаадайн хэлээр хуучин монгол бичгээр бичигдсэн түүхийн дурсгал нэлээд хэмжээгээр Турфаны цуглуулгад байдаг. Цагаадайн угсааны Кебек, Дуватөмөр хаан, Есөнмөнх зэрэг хааны захидал Турфаны цуглуулгаас олдсон байдаг.
-Турфан гэдэг нь?
-Хятадын баруун талд Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс XX зууны эхээр Германы эрдэмтэд судалгаа хийж олсон бичгийн дурсгалуудыг бүхэлд нь шинжлэх ухаандТурфаны цуглуулга гэж нэрлэдэг. Түүнийг Германы эрдэмтэд бүгдийг нь дижитал хэлбэрт оруулаад, судалгаанд ашиглахад нээлттэйгээр тавьсан байдаг. 1960-аад онд манай академич Д.Цэрэнсодном Германы эрдэмтэн Таубэ нар Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгалд судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл гаргаж байсан.
/”Үндэсний шуудан” сонин/