Сяньбийн Үеийн Эртний Нүүдэлчдийн Оршуулгын Газрыг Илрүүлэн Судлаж Байна


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Байгалийн түүхийн музейн хамтарсан “Монгол Алтайн түрүү түүхэн ба түүхэн үеийн оршин суугчдын цогц судалгаа” төслийн баг 2015 оны 6-7-р сард Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг Бургастын голд ажиллав. Төслийн зорилго нь хүрлийн үеэс дундад зууны үеийг хүртэлх нүүдэлчдийн археологи, антропологи, археозоологийн цогц судалгаа хийхэд оршино. Ингэснээр алслагдсан бүс нутгийн эртний түүхийг сэргээн судлах бололцоо бүрдэх юм.

Судалгааны баг эртний түрэгийн үеийн тахилгын онгонууд ба эртний нүүдэлчдийн булш оршуулгыг малтсан болно. Эртний түрэгийн жирийн иргэдийн тахилгын онгонуудаас төвд нь босгосон сургааган багануудын үлдэгдэл гарсан нь сонирхолтой үр дүн болжээ. Харин булш оршуулгууд нь Сяньбийн үе буюу НТ II-III зуунд холбогдож байгаа нь Монголын түүхийн нэгэн цагаан толбыг арилгах шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой ажил болжээ.
Бургасын голын цогцолборт бидний малтсан Сяньбийн үеийн булшнууд нь 7 булштай нэг цувраа ба ирэх жил малтан судлах бүлэг булшнаас бүрдэж байна. Булшнууд нь газрын гадарга дээр уртлаг “хонх” буюу “дөрөө” хэлбэртэй чулуун хүрээтэй, хүнээ чулуун юм уу модон авсанд өргөргийн дагуу зүүн юм уу баруун тийш харуулан ар нуруугаар нь тэнэгэр тавьж оршуулсан байна. Бидний малтсан олонхи булш нь хөндөгдөж эвдэрсэн байв. Гэвч цөөн зарим нь анхны төрх байдлаа хадгалсан гэж үзэж болно. Булшинд хүрэл цагирган ээмэг, торго бөс хувцасны үлдэгдэл, мөнгөн товруу, чулуун сувс зэрэг эд зүйлс дагалдуулан тавьсан байжээ.
Ц.Төрбат, Н.Баярхүү

Arkh1-300x225

Бургастын Сяньбийн үеийн булшнууд

Arkh2-300x200

Бургастын 1-р булш