Монгол-Францын Хамтарсан “Тамир” Төслийн 2015 Оны Хээрийн Судалгааны Ажлын Үр Дүнгээс


Монгол-Францын хамтарсан “Тамир” төсөл 2013 оноос хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн Францын талын хамтрагч нь Тулузийн их сургуулийн профессор Э.Крюбезын удирддаг Антропобиологийн төв болно. Монголын талаас доктор Ц.Төрбат удирдан ажиллаж байна. Төслийн зорилго нь хүннүчүүдийн угсаа гарлыг археологи, антропологи, палеогенетикийн үүднээс судлаж тодруулахад оршино.

Тус төслийн хүрээнд 2013-2015 оны хооронд Тамирын Улаан хошууны оршуулгын газарт 31 булш малтан судлаад байна. Үүнээс 10 булшийг 2015 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 26-ны хооронд малтжээ. Тус малтлагад Д.Батсүх, Б.Эрдэнэ, Г.Энхбаяр нар оролцон ажиллажээ.
Тамирын Улаан хошууны оршуулгын газар нь Хүннүгийн хамгийн том оршуулгын газруудын нэг бөгөөд нийгмийн дунд зиндааныхан, жижиг язгууртнуудын оршуулга булшнуудтай. 2015 онд малтсан 25-р булш нь 19 м голчтой чулуун дараасны доор 5,5 м гүнтэй, 25 м2 талбайтай булшны нүхтэй байжээ. Мөн 2014 онд малтсан 13-р булш 5,0 м гүнтэй, 20 м2 талбайг эзэлсэн булшны нүхтэй байжээ. Хэдийгээр эндэхийн булшнууд бүгд дугуй болон цагирган хэлбэрийн дараастай боловч зарим булшнуудад жижиг хэмжээний үүдэвч ажиглагддаг нь Хүннүгийн том язгууртны үүдэвчтэй булшнуудыг дуурайн дагасан зүйл бололтой.

2015 оны малтлагаас олон арван эд өлгийн зүйлс ба сайн хадгалалттай хүн, малын яс илэрчээ. Эд зүйлсийн дотор импортын гаралтай улаан шаргал өнгийн шавар сав, бүсний алтан арал, төмөр ба хүрэл эдлэлүүдийг онцлон дурдаж болно. Мөн холбоотой хос шавар ваар болон хоёр төрлийн ваар, хоёр төрлийн арцны төмөр бойпор нь урьд өмнө олдож байгаагүй ховор нандин олдворууд юм. Эцэст нь 24-р булшны малтлагын явцад тонуулчийн нүхнээс илэрсэн Эртний Ираны Сасанид улсын 1-р Кавад хааны (НТ 488-531 он) үеийн мөнгөн зоосыг дурдах нь зүйтэй. Хэдийгээр уг зоос тухайн булшийг анх байгуулах үед хамаарахгүй боловч Монголын Жужан буюу Нирун улсын үед холбогдохын хувьд анхаарал татаж байна.

tamiriin_gol1-298x300

28-р булшны дараас чулууны орто-зураг

tamiriin_gol2-300x198

28-р булшнаас илэрсэн импортын шавар сав ба хүннү ваарнууд

tamiriin_gol3-300x145

24-р булшнаас илэрсэн Сасанидын мөнгөн зоос (НТ 488-531 он)