“их Талын Нүүдэлчид Ба Торгоны Зам Үзэсгэлэн”


Хятад-Монголын хамтарсан археологийн төслийн 10 жилд зориулж “ИХ ТАЛЫН НҮҮДЭЛЧИД БА ТОРГОНЫ ЗАМ” үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй толилуулж байна.

Хятад-Монголын хамтарсан археологийн судалгааны төслийг 2004 оны 10-дугаар сард МУ-ын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өвийн товчоо, Соёлын өв, архелогийн судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн соёл иргэншлийн хайгуул, малтлага судалгаа” төслийн гэрээг байгуулж, 2005 оноос хамтарсан судалгааг эхлүүлснээр өдгөө 10 жилийг үджээ. Энэ төслийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, судлаачид доктор Л.Эрдэнэболд, Ц.Одбаатар, Б.Анхбаяр, магистр Х.Цэрэнбямба, Д.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар профессор Тала, профессор Чэн Енжи, судлаачаар доктор Сүн Гүөдүн, Саранбилэг нар ажилласан байна.

Төслийн хүрээнд МУ-ын нутагт явуулсан Хятад-Монголын хамтын ажиллагааны чухал хэсэг бол эртний Уйгурын хаант улсын язгууртнуудын бунхант булш болон тахилгын байгууламжийн судалгаа юм. Судлаачид өмнө нь судлагдаагүй “Дөрвөлжин” хэмэх археологийн дурсгалын бүтэц, зохион байгуулалт, түүний учир утгыг тайлж, Уйгурчуудын бүтээсэн дурсгал болохыг тогтоон Монголын төдийгүй Төв Азийн эртний судлалын ухаанд шинэ хэрэглэгдэхүүн, шинэ мэдлэгийг оруулж ирснээрээ шинжлэх ухаан, танин мэдхүйн ач холбогдолтой судалгаа хийсэн юм. Түүнчлэн хоёр улсын нутагт буй нэг цаг үед холбогдох археологийн дурсгалын харьцуулсан судалгааг хийж, түүний дотор Уйгурын язгууртаны бунхант оршуулгын дурсгалыг он цагийн хувьд зэрэгцэн оршиж байсан Хятадын Тан улсын хаад язгууртны оршуулга, тахилгын байгууламжтай харьцуулан судлах шинэ бололцоог нээж өгч байна.

Мөн уг судалгааны хүрээнд Уйгурын бунхант булшнаас гадна Хүннү, Сяньби, Жужан, Хятан зэрэг Монголчуудын өвөг дээдсийн байгуулсан төр улсуудын үед холбогдох зарим дурсгалыг малтан судалж, сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Ялунгуяа урьд нь МУ-ын нутгаас илэрч олдоогүй агсан Сяньби, Хятан нарын булшийг илрүүлж, тэдний оршуулгын зэн үйл, эдийн боловсрол, ертөнцийг үзэх үзэлтэй холбогдох шинэ эх хэрэглэгдхүүнүүдийг судалгааны эргэлтэнд оруулж, нийтэд толилуулж байна. Жужаны хаант улс 150 гаруй жил оршин тогтносон боловч тэдний үлдээсэн археологийн болон эд өлгийн ямар нэг дурсгал одоо болтол дэлхийн хаанаас ч илэрч олдоогүй юм. Гэтэл Хятад-Монголын хамтарсан судалгааны анги МУ-ын Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт малтсан булшнаас гарсан эд өлгийн зүйлсийн насыг лаборторид шинжлэхэд 335 – 535 он буюу дундажаар 435 он гэж гарсан нь Жужаны үетэй тохирсон юм. Тийнхүү Монгол нутагт Жужан нарын археологийн дурсгалыг анх удаа илрүүлж Хятад-Монголын хамтарсан судалгааны ангийн төдийгүй нүүдэлчдийн архелогийн цоо шинэ ололт боллоо. Хятад-Монголын хамтарсан судалгааны анги нь олон жилийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнээрээ Монголын Үндэсний музей, Хархорум музейн сан хөмрөгийг баяжуулсаар байгаа нь төслийн бас нэг үр дүн юм. Энэ удаа 10 жилийн хугацаанд илэрч олдсон олдворуудаас дээжлэн 200 орчим үзмрээс бүрдсэн ” ИХ ТАЛЫН НҮҮДЭЛЧИД БА ТОРГОНЫ ЗАМ” үзэсгэлэнг та бүхэнд толилуулж байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \