Төрөл Хэлний Жишсэн Судалгаа


Удирдагч: Л.Болд
Салбар: Нийгэм
Улсын дугаар: 201300050
Тайлангийн төрөл: Сэдэвт ажил
Хугацаа: 2011 – 2013
Түлхүүр үгс: Алтай хэл шинжлэл, монгол-түрэг хэлний харьцуулсан судалгаа, монгол-манж хэлний харьцуулсан судалгаа,
Дэлхийн олон хэлийг ангилах талаар хэл шинжээчид түүхэн үүднээс ангилах, хэлзүйн шинж дээр нь тулгуурлан ангилах гэсэн харилцан бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг хоёр онолын нэгийг нь баримтлан нөгөөг нь үгүйсгэсээр байна. Монгол хэлний тухайд түрэг, манж-түнгүс хийгээд япон, солонгос хэлний хамтаар нэг гаралтай хэмээн үздэг нэг хэсэг судлаач байхад дээрх хэлнүүд урт удаан хугацааны турш ойр зэргэлдээ оршин ирсэн тул бие биедээ харилцан нөлөөлсөн гэж үздэг өөр хэсэг судлаач бий. Харин үлдсэн хэсэг нь уг хэлнүүдийн гарлын асуудлыг шийдэхэд өнөөгийн судалгааны хүрсэн түвшин хангалтгүй гэж үзэх нь бий. Эдгээр хэлтнүүдийг одоогоор Алтай хэл гэж болзмолоор нэрлэж байгаа тэр нэгэн эх хэлнээс салбарлан гарсан гэдэг хүлээн зөвшөөрч болохуйц таамаглал байдаг ч уг хэлээр ярилцагсад нэг хэлнээс гарсан тэр цагаас хойш харилцан гүн бат холбоотой хөгжиж ирсэн нь тэдний хэл, аялгуунд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь уул бүлгийн хэлнүүд бүрэлдэн тогтоход багагүй үүрэгтэй байсан байна. Асуудалд ийм байр сууринаас хандвал дээрх эсрэг тэсрэг гээд байгаа зүйл маань хэрэг дээрээ тийм биш, алтай хэлнүүдийн хэлхээ холбоог тодруулах гэснийхээ хувьд адилхан, бие биеэ нөхсөн шинжтэй томьёолол болж байна. Бид арга судлалын ийм үндэслэлийг баримтлан, одоогоор баримт хэрэглэгдэхүүн нь шинжлэх ухааны эргэлтэд бүрэн гүйцэд орж чадаагүй байгаа, монгол дахь манж-түнгүс угсааны хэл болон түрэг хэл, аялгуу, мөн эртний түрэг бичгийн хэл болон алтайн бусад хэлний хэрэглэгдэхүүнийг ашиглан, мөн чиглэлээр хийж байсан урьдын судалгааг үргэлжлүүлэн, цаашид хийх судалгааны ажлын бэлтгэл болох зорилгоор “Төрөл хэлний жишсэн судалгаа” гэдэг шийдвэрлэх асуудлыг гүйцэтгэлээ.
Үр дүн
1.”Монгол-түрэг хэлний харьцуулсан үгзүй (30 х.х.) -
2. Монгол, манж хэлний нэр үгийн харьцуулсан судалгаа (20 х.х). -
3.”Орхон бичгийн дурсгал-1\/” (20 х.х.) -
4. Монгол хэл бусад хэлтэй хэрхэн холбогдох нь” цуврал (15 х.х.) -
5. “Алтай хэлний үйл үгийн холбох нөхцлийн харьцуулсан судалгаа” -
6. “Altaica” сэтгүүлийн III дугаар