Бөөгийн Шашин


Бөөгийн шашин бол умардын нүүдэлчин үндэстний язуур шүтлэг, манай Монголчууд эртнээс байгалийн түмэн бодисыг амьтай хэмээн сүжиглэн дээдлэж, байгальтайгаа хичээнгүйлэн харьцаж ирсэн уламжлалтай. Энэ нь мөн Бөөгийн шашны дээдэлдэг зориг санаа.

Монголын олон аймаг ястнууд эртнээс Бөөтэй байж, нутаг усны хур шим, мал сүргээ өсгөх, хүн ардаа өвчин тахлаас зайлуулах, аж амьдралаа өөд татах зэргээ Бөөгийн үйлээр даатган залбирч ирсэн түүхтэй. Өвөр Монголын Хөлөнбуйр, Хорчин нутгаар Бөөгийн шашин одоог хүртэл уламжлагдаж ирсэн юм. Үүнд Хөлөнбуйрын Хуучин Баргын зонд эртнээс эрдэм чадал төгс бөө олон байсан түүхтэй.

Ийнхүү Өвөр Монголын сэтгүүлчид “удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл” аян замын сурвалжилгаар Хуучин Барга хошуунд ажиллаж явахдаа Хуучин Баргын “далан долоон хонх, ерэн дөрвөн толь, арван хоёр салаатай” багш бөө Хүдэрчулуутай уулзаж, тус нутгийн бөөгийн уламжлал, ардын дундах бөөгийн зан үйлийн тухай хуучиж суусан юм.

Хүдэрчулуу бөөгийн хэлснээр: Дээр үед Хуучин Баргын нутагт далан хэдэн бөө байсан. Бараг нэг овог төрөл бүр өөрийн гэсэн бөөтэй байсан гэнэ. Хожим нь нийгмийн өөрчлөлт хөгжлийн дагуу Хуучин Баргын бөө улам цөөрсөн. Одоо Хуучин Баргад арваад бөө байна. Үүнд бөөгийн олон ёс үйлийг саадгүй хийж чаддаг нь гурав дөрөвхөн бий гэж ярьж байлаа. Зарим нутгаар бөө удган олноор гарч буй явдлыг Хүдэрчулуу бөө тааруухан үнэлгээ өгч байсан. Түүний бодлоор бөө удам залагдаг нь үнэн. Гэхдээ хэдэн үеийг өнгөрөөж байж аль үе дээр удам залгаж бөөгийн төрөл авахыг хэн ч төсөөлөхийн аргагүй. Ялангуяа үеийн үед удам залгаж бөө болно гэдэг бол болзошгүй хэрэг гэж яриж байлаа.